| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/05743/И |
| Дугаар | 1013 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 1013
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтай 7-791 тоотод оршин суух, Чулуун дүүрэгтэн овогт Тунгалагын Болор /РД:РЭ83121161/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, WW центерийн 9 давхарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрчний 452 гудамж 5 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Шинэ мянганы констракшн” ХХК-д холбогдох,
12,239,910 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Болор, хариуцагчийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Тунгалаг миний бие Монгол Улсын Барилга хот байгуулалтын яамны квотоор 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Шинэ Мянганы констракшн” ХХК-тай “Орон сууцны байр захиалгаар барих тухай” №01/98 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээг 2015 оны 01 сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу “Шинэ Мянганы Констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Ирээдүй хорооллын орон сууцны 2 дугаар байранд 65,7 м2 талбайтай орон сууцыг захиалгын гэрээний дагуу барьж, захиалагчид хүлээлгэн өгөх ёстой ба захиалагч хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Миний бие гэрээний 4.4-т заасан нөхцлийн дагуу 2015 оны 01 сарын 30-ны өдөр байрны нэгдүгээр үе шатны урьдчилгаа төлбөр болох 10,643,400 төгрөгийг өөрийн охин Т.Болорын данснаас тус компанийн 3635100271 дугаартай Голомт банкны дансанд шилжүүлсэн. “Шинэ Мянганы Констракшн” ХХК нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхгүй байсан тул миний бие тус компанийн үйл ажиллагаанд эргэлзээ төрж, холбогдох байгууллагад хандан мэдээлэл авахад тус компани нь дараах хууль тогтоомж болон норм дүрэм, журмыг зөрчиж иргэдтэй гэрээ хийсэн болох нь тодорхой болсон. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйл 22.1.1-д аж ахуйн нэгж байгууллага иргэн нь Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй, 22 дугаар зүйл 22.1.2 дахь заалтад эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэнэ гэснийг, Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйл 15.4-дэх заалтад газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно гэснийг, 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтад барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэснийг, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 8.1.1, 8.1.5, 8.1.8, 8.1.9, 8.1.12-т заасныг тус тус зөрчиж “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газар дээр ямар ч зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн болох нь холбогдох байгууллагуудаас авсан баримтуудаар нэгэнт тодорхой болсон. Тус компани нь анхнаасаа хууль бусаар барилга барихаар төлөвлөж, иргэдээс мөнгө төвлөрүүлсэн болох нь тэдний санаатай үйлдэл болохыг мэдсэн тул миний бие байгуулсан гэрээгээ цуцлахаар анх захиалга авсан Б.Сарангэрэлтэй уулзаж өргөдлөө өгсөн боловч ямар ч хариу аваагүй, шийдвэрлэж өгөхгүй байсан тул тус компанийн захирал Д.Энхбаяртай холбогдохоор 91004171 дугаарын утсанд залгасан боловч утсаа ч авахгүй зугтаж, ажлын байранд нь удаа дараа очсон боловч уулзалдаж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Энэ нөхцөл байдлын улмаас миний бие өдийг хүртэл худалдаж авсан байр ч байхгүй, мөнгө ч байхгүй, сэтгэл санаа болон эд материалаараа хохирч байгаа бөгөөд "Шинэ мянганы констракшн” ХХК-иас 10,643,400 төгрөг, хүү 1,596,510 төгрөг, нийт 12,239,910 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Т.Болор нь хариуцагч "Шинэ мянганы констракшн” ХХК-иас 12,239,910 төгрөг нэхэмжилснийг хариуцагч "Шинэ мянганы констракшн” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Болор нь хариуцагч "Шинэ мянганы констракшн” ХХК-д холбогдуулан 12,239,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Т.Болорын нэхэмжилсэн 12,239,910 төгрөгийг хариуцагч "Шинэ мянганы констракшн” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Болорын нэхэмжилсэн 12,239,910 төгрөгийг хариуцагч "Шинэ мянганы констракшн” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,790 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Шинэ мянганы констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 210,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Болорт олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА