| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0134/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 174
2021 02 02 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
хохирогч Г.Цэвээндолгор,
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Уургач овогт Энхтөгсийн Оюунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.О –д холбогдох эрүүгийн 2006 04510 3017 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.О, 1993 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэрагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, Цагдаагийн Ерөнхий газрын Хүч спорт хорооны дасгажуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 503а тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 119 дүгээр байрны 119 дүгээр байрны 91 тоотод түр амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Э.О нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 01-02 ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 119 дүгээр байрны 91 тоот бүхий орон сууцанд хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Г.Цэвээндолгорыг зодсон буюу үснээс нь зулгааж, баруун хөхийг хазаж, толгой, цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, гар руу нь гараараа цохиж, өгзөг, хөл, гуя хэсэг рүү өшиглөх болон гараараа базах зэрэг үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Г.Цэвээндолгорын биед уруулд няцарсан шарх, эрүү, баруун хөхөнд хазагдсан шарх, дагзны хуйханд зулгаралт, үс уналт, дух, баруун хацар, цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, хоёр мөр, бугалга, баруун суга, зүүн шуу, сарвуу, 1-5 дугаар хуруунд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт, хоёр гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цэвээндолгор мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 07/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 20-29/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 30-31/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 32/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Цэвээндолгороос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-44/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнгөнзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнгөнзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-54/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хүрэлсүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55-57/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Жарденбекээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 59-60/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 61-62/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12674 дүгээр дүгнэлт /хх-н 65-66/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Уужимаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 102/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Э.Ооос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 111-114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 119/, хохирогчийн хүсэлт /хх-н 144-145/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.О нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 01-02 ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 119 дүгээр байрны 91 тоот бүхий орон сууцанд хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Г.Цэвээндолгорыг зодож, үснээс нь зулгааж, баруун хөхийг хазаж, толгой, цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, гар руу нь гараараа цохиж, өгзөг, хөл, гуя хэсэг рүү өшиглөх болон гараараа базах зэрэг үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Г.Цэвээндолгорын биед уруулд няцарсан шарх, эрүү, баруун хөхөнд хазагдсан шарх, дагзны хуйханд зулгаралт, үс уналт, дух, баруун хацар, цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, хоёр мөр, бугалга, баруун суга, зүүн шуу, сарвуу, 1-5 дугаар хуруунд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Цэвээндолгорын өгсөн ...манай нөхөр Э.О өчигдөр гэртээ ирээд ганцаараа архи ууж эхэлсэн. Найз нь болох Уужим нь хамт байхад найзынхаа хажууд намайг зодоод байсан. Ингэхдээ миний баруун, зүүн хөлийн гадна хэсэг буюу хоёр гуя руу, баруун зүүн гарын бугалган гадна тал руу гараараа олон удаа цохиод улайж хөхөрсөн байгаа...”,”... намайг архи уу гэж архиар шахаад эхэлсэн ба намайг архи уухгүй болохоор аав ээжийнх рүү чинь орж агсам тавьж самарна гээд байхаар нь 1 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архийг дунд хүртэл нь хамт хувааж уусан. Тэгээд надтай хамт архи ууж байгаад гараараа миний нүүр рүү цохиод байсан. Э.О нь найз нөхөдтэйгээ уулзахдаа намайг авч явдаггүй гэсэн зүйл ярьж бид 2 маргалдах үедээ хажууд нь сууж байсан чинь 2 гуянаас базаж, нударч хөхрүүлсэн мөн зүүн талын бугалга руу цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-44/,
мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Э.Мөнгөнзаяагийн өгсөн ... Манай ах Оюунболд нь 2 хоногийн өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн. Эхний өдөр гайгүй байсан, дараагийн өдөр нь догшин авирлаж эхэлсэн. Би энэ хугацаанд эгч Цэвээндолгорын аав ээжийнд хүүхдийг нь авч байсан. Өчигдөр над руу утсаар согтуу залгаад хурдан ир гэж яриад байхаар нь би гар утсыг нь блоклосон. Би гэрийн гадаа 19 цагийн үед ирэхэд эгч над руу нууцаар залгаад цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 52-54/,
мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Н.Хүрэлсүхийн өгсөн ... найз Э.О намайг утсаар дуудсаны дагуу 21 цагийн үед гэрт нь очиход Уужим болон эхнэр нь байсан. Уужим тэр хоёр нэг шил архи уугаад дуусч байсан тул бид хоёр нэг шил архи уугаад дуусч байсан тул бид хоёр нэг шил архитай очсон чинь Э.О ганц татаад тасраад унтаад өгсөн. Үлдсэн архийг Уужим, би, Чинзориг, Э.Оын эхнэрийн хамт дөрвүүлээ хувааж уучихаад 23 цагийн үед бүгдээрээ гарсан, эхнэр нь үлдсэн. Тэгээд орой 22 цагийн үед Э.О ариун цэврийн өрөөн дотроос “чатаар залгаад цагдаа авч явах гээд байна, яахав гэж ярихаар нь тоглож байна гэж бодсон, түүнээс хойш холбогдоогүй байна.” /хх-н 55-57/,
мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ш.Жарденбекийн өгсөн ... Эхнэрийг нь үүдний хэсэгт авч очоод уулзаж ярилцахад Оюунболд намайг хамт архи уусангүй гээд зодчихсон, тэгээд гэрээс гаргахгүй байна. Энэ асуудал удаа дараа давтагдаж байгаа, би өмнө нь энэ хүний нэр хүндийг бодоод цагдаад хэлдэггүй байсан юм, харин одоо бол энэ хүнээс маш айж байна, тиймээс та 2 явж болохгүй шүү, явах юм бол энэ хүн намайг дахиад зодож, алж ч мэднэ гэж байсан. Оюунболдоос холдох үед иймэрхүү мэдээлэл өгч, хажууд нь байгаа үед ямар нэг юм ярихгүй, айдастай байгаа бололтой байсан.”, “... Намайг Саруул хотхоны 119-91 тоотод ороход үүдний хэсгийн болон 00-н өрөөний шалан дээр цус болсон, жижиг өрөөнийх нь хаалга цөмөрсөн, гал тогооны тек нь сууринаасаа хөдөлж суурь нь хагарсан, аяга, тавагнууд хагарсан байдалтай байсан. Тэгээд тэдний гэрт 1 цаг 30 минут орчим болоход эхнэр нь гэрээ бага багаар цэвэрлэсэн. “гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/,
мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Эрдэнэбатын өгсөн...бид хоёрыг дуудлагад очсоноос хойш 1 цаг 30 минутын турш бид хоёрыг 2 пацаан минь манайхаас зайл, маргааш та хоёрыг ажилгүй болгоно, чаддаг юм бол намайг аваад яваарай, би гэртээ байна, гэрээсээ явахгүй гэх зэргээр тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан. Мөн бид хоёрыг зайл гээд бие рүү түлхээд, гэрээсээ гаргах гээд байсан, бид хоёрын биед бол хүрсэн. Оюунболд нь бөх барилддаг, том биетэй учраас Жарденбек бид хоёр хүч хэрэглэх гэж оролдвол дийлэхгүй байж магадгүй гэж бодоод аль болох эвээр яриад, аясаар нь байлгаад шаардлагыг хэлж ярьж тавьж байсан. Ингээд нэмэлтээр алба хаагч нар ирсний дараа хүч хэрэглэж гарыг нь ард нь гавлаад авч явсан.” /хх-н 61-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12674 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Цэвээндолгорын биед уруулд няцарсан шарх, эрүү, баруун хөхөнд хазагдсан шарх, дагзны хуйханд зулгаралт үс уналт, дух, баруун хацар, цээж, хэвлий, нуруу, бүсэлхий, хоёр мөр, бугалга, баруун суга, зүүн шуу, сарвуу, 1.5 дугаар хуруунд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн боломжтой. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна./хх-н 65-66/,
мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Уужимийн өгсөн ...Манай найз Э.О нь хүүхэд шиг цайлган зантай, найз нөхөддөө тусч, миний мэдэхээр маш сайн залуу байгаа юм. Э.О нь 2 хүүхдэдээ анхаарал халамж сайн тавьдаг, маш сайн аав, гэр амьтай залуу шиг санагддаг. Мөн сайн хөдөлмөрч, хүнтэй нэг харилцсан зангаараа харилцаж чаддаг, Э.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, миний мэдэхээр бол жилдээ ганц 2 удаа л уудаг байх. Тамхи татахаас өөр муу зуршилгүй, зохисгүй хэрэглээ байхгүй /хх-н 102/,
мөрдөн шалгах ажиллагааны үед Э.Оын өгсөн ...манай эхнэр найз нартайгаа уулзаж архи уусан гэхээр нь хэнтэй уулзсаныг нь асуухад хэлэхгүй байсан. Тэгээд би эхнэрийгээ үнэнээ хэлсэнгүй гэж бага зэрэг бухимдаад маргалдаад унтаж амарсан. Тэгээд би 11 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ганцаараа архи ууж байгаад найз Уужим, Хүрэлсүх нарыг дуудсан юм. Тэгээд хэсэг архи ууж байгаад би тасраад унтаад өгсөн юм. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өглөө босоод байж байтал миний допинг хэрэглэсэнтэй холбоотой захиргааны хэргийн шүүх хурал болж миний эсрэг шийдвэр гарсан. Тэгээд би сэтгэлээр унаад дахиад архи уусан. Хэсэг ганцаараа архи ууж байгаад тасарчихсан байсан. Нэг мэдэхэд би эрүүлжүүлэхэд ирчихсэн сэрсэн. Тухайн өдөр согтоод тасарчихсан байсан болохоор яг юу болж өнгөрснийг сайн санахгүй байна.” /хх-н 111-114/, гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг нөхцөл байдлуудыг хянаад Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Оод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оод Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан үндэслэлээр ялаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 144-145/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Оод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Оод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН