| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0148/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 184
2021 02 03 2021/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0056 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Г.Э-т , 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Хайрхан 1-18 тоотод оршин суух хаягтай,
Урьд: Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Э нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 3 дугаар орцны подвалийн 1 тоотощ өрөөнд иргэн Д.Уламбаяртай “гутлаа тайлаад өгчих хөл даараад байна өмсөөд явчихъя” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж “тархины доргилт,зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын дунд хурууны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Уламбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10, 11-12, 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Одгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-21/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Түмэнцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Даваажаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаар дүгнэлт /хх-н 29-30/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.Эоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, хохирлын баримт /хх-н 25-26/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 36-40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 3 дугаар орцны подвалын 1 тоотод өрөөнд иргэн Д.Уламбаяртай “гутлаа тайлаад өгчих хөл даараад байна өмсөөд явчихъя” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж “тархины доргилт,зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын дунд хурууны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Г.Э нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 3 дугаар орцны подвалын 1 тоотод өрөөнд иргэн Д.Уламбаяртай “гутлаа тайлаад өгчих хөл даараад байна өмсөөд явчихъя” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж “тархины доргилт,зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын дунд хурууны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны үед П.Уламбаярын хохирогчоор өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 3 дугаар орцны подвалын 1 тоотод гэртээ эхнэр Одгэрэлийн хамт байж байсан чинь өдөр 17 цагийн үед гаднаас 3 залуу болох Эрдэнэцогт, Батзаяа хоёр нь надтай хамт чулууны ажил хийж дуусгаж байсан юм. Тэр хоёртой хамт ирсэн нэг залууг би танихгүй ээ...”, “... Тэр өдөр Эрдэнэцогт, Батзаяа нар надтай уулзаж мөнгө авах зорилгоор уулзах гэж ирсэн юм. Тэгээд би эхнэрээс 10.000 төгрөг аваад 1 лааз пиво аваад подвалийн хоосон нэг өрөөндөө тэр гуравтай хамт суусан.”, “... Тэгээд уугаад сууж байгаад нөгөө хэдийг яв гэж хэлтэл Эрдэнэцогт нь шууд өөрийнхөө өмсөж байсан гутлыг тайлангуутаа миний гутал руу заагаад наад гутлаа тайлаад өгчих, дүү нь хөл даараад байна, наад гутлыг чинь өмсөөд явчихья гэсэн. Тэгэхээр нь би дүү яах гээд байна аа зүгээр наадахаа өмсөөд гэртээ харь гэж хэлсэн. Тэгсэн чинь Эрдэнэцогт нь пивоны шилээр миний толгойн зүүн хэсэгт цохиод авсан. Цохисон шил нь ч хагарсан. Тэгээд миний толгой юу юугүй л хавдчихсан. Би тухайн үед толгой руугаа шилээр цохиулаад унасан чинь Эрдэнэцогт, Батзаяа нар юу юугүй л дээрээс орилолдоод байсан, Эрдэнэцогт нь гартаа хагархай шилээ барьчихсан орилж байсан. Тэр үед манай эхнэр Гэрэлээ орж ирсэн. Гэрлээг орж ирсэн байхад ч хоёулаа нийлээд над руу дайраад орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Одгэрэлын өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 64 дүгээр байрны 3дугаар орцонд байрлах гэртэй байж байхад манай нөхөр П.Уламбаярын найз гэх 3 эрэгтэй хүн ирсэн. Тэгээд хүннүй хоосон өрөөндөө манай нөхөр 3 найзын хамт орсон. 17 цаг өнгөрч байхад тухайн хүмүүс ирээд манай нөхөртэй хамт пиво уусан. 22 цагийн орчим намайг гэртээ байхад манай подвальд хүмүүс хашгираад байхаар нь нөхрийнхөө байсан 1 номерийн өрөө рүү ороход манай нөхөр шалан дээр гараараа толгойгоо дараад хэвтчихсэн, толгой хэсэгт нь Цогоо гэх улаан малгайтай нэхий өмссөн, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн , махлаг биетэй, шар царайтай залуу хөлөөрөө манай нөхрийн толгой хэсэг рүү өшиглөж харагдсан. Хамт байсан өндөр туранхай, монхор хамартай, Заяа гэж дууддаг, шар царайтай залуу хөл орчмын хэсэгт нь өшиглөж байгаа харагдсан. Тэр үед манай нөхрийн толгой нь хавдчихсан байна гэсэн чинь мөнгөндөө тааруулж зодно, энийг зодох гэдэггүй юм гэж хэлээд дахиад пивоны шил аваад хананд цохиж хагалаад толгойноос нь цус гаргана гээд хоёулаа хамт дайраад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай гийнээчийн дүгнэлтэд П.Уламбаярын биед тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын дунд хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр , зүүн гарын дунд хурууны шарх нь ир ирмэг бүхий зүйлийн үйчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Эын өгсөн.... бид нар Уламбаярын гэрт очиж цалин мөнгөний асуудлаар уулзсан. Тэгээд Уламбаяр нь мөнгөө аваагүй гээд улаан цайн худлаа яриад байсан. Тэгээд Уламбаяр өөрөө пиво аваад подвалийнхаа 1 хоосон өрөөнд орж бид гуравтай хамт пиво уусан. Тэр пивоо уучихаад мөнгө төгрөгнийхөө асуудлыг ярьж байгаад маргаан үүссэн. Тухайн үед Уламбаяр бид хоёр мөнгө төгрөгний асуудлаасаа болж маргалдаж байгаад хоёулаа барилцаж аваад газар унасан. Газар унах үед Уламбаярын толгой нь хагарсан байх аа. Тэр үед хажууд Батзаяа байж байсан. Эрхээ харин ОО-н өрөө орох гээд гарсан байсан. Тэгээд л Уламбаяр бид хоёр хэрэлдээд маргалдаад байж байхад Эрхээ, Уламбаярын эхнэртэй хамт орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 56-57/,мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Эод ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН