Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 223

 

 

 

 

2021         02        23                              2021/ШЦТ/223

   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн би,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Ч.Батбаатар,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

          иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс,

          шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Тасран лам овогт Цэцэгмаагийн Цэрэнбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00000 0015 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Ц, 1998 оны 02 дугаар сарын 14 өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 16 дугаар гудамж, 586 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын замд “Тоёота рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухай ангилалын тээврийн хэрэгсэл ... согтууруулах ундаа.. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.Эрдэнэчулууны жолоодож явсан “Тоёота приус-20” маркийн 38-80 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Эрдэнэчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Т.Ариунзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төмөрбаатар  мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 16-ны өглөө гэмтлээс над руу утасдсан. Танай хүүхэд аваарт ороод ухаангүй байна гэсэн. Би тэр өдөр ажлаасаа чөлөө авч, гэртээ очоод хувцсаа солиод эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход хүүхдийг тань энд байлгаж байгаад эмчилнэ гэсэн. Ээж нь дээшээ гараад шинжилгээ өгс асран хамгаалагчаар нь дээшээ гарсан. Одоо 1.628.000 төгрөг нэхэмжилж байгаа. Манай хүүхэд насанд хүрээгүй, ерөнхий боловсролын сургуульд сурдаг ба 5 дугаар сарын 1-нд 18 нас хүрнэ. Эмч манай хүүхдийг 2 сар босож явж болохгүй гэсэн. Дахиад эмнэлэгт үзүүлэх гэтэл онцгой байдал зарласан учир дахин зураг авхуулаагүй боломжгүй болсон. Энэ хүн осолд болсноос хойш нэг ч удаа ирээгүй, биеийн байдлыг нь нэг ч удаа асууж байгаагүй. Би өмнө нь энэ хүнийг таньж байгаагүй. Манай хүүхдийн ангийнх нь хүүхэд нь энэ хүнийг таньдаг гэсэн. Тэгээд манай хүүхэдтэй танилцуулсан гэсэн. Цаашид гарах зардлыг нэхэмжилнэ.гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн 6:40 цагийн үед ажил руугаа явж байхад эсрэг урсгалаас машин маш хурдтай орж ирж түүний улмаас осол болсон. Би Прусс-20 маркийн машинтай явж байсан. Миний машин буруу талтай үрүүлтэй машин гэтэл нөгөө талаас гэнэт хурдтай машин шууд ороод ирсэн. Нүдээ аних хооронд л осол болсон. Тэгээд хартал замын хажуу талд хөндлөн зогсож байсан. Өөрийгөө тэмтрэхэд зүгээр байх шиг байсан. Тэгээд ойр байсан гар утсаа аваад хамгийн түрүүнд эхнэр рүүгээ залгаж хэлээд цагдаа дуудсан, тэгээд удалгүй түргэний машин ирсэн. Эмнэлэг үзүүлэхэд зүүн талын мөр гэмтсэн. Би 5-20 хоногийн хугацаанд гэртээ эмчлүүлсэн. Хүнд юм өргөж чадахгүй, толгой их өвдөж байгаа тул эм ууж байна. Дүүргийн эмнэлэгт үзүүлсэн, дахин үзүүлэх хэрэгтэй ба гимра нь зураг авхуулж, эмчдээ үзүүлмээр байна. Би эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа бага цалин авсан. Хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмж гээд 300.000 төгрөг авсан. 12 дугаар сарын цалингийн зөрүү буюу 820.000 төгрөгийг нэхэмжилж байна. Машин их эвдрэлтэй, засуулах боломжгүй болсон. Машинаа задалж зарахаас өөр боломжгүй болсон. Би өчигдөр хохирол төлбөрт 6.622.000 төгрөг авсан. Эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байгаа гэв.”

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-5/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 08-16/, хохиролын баримтууд /хх-н 21-36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төмөрбаатар мэдүүлэхдээ: “... Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр над руу Гэмтлийн эмнэлгийн цагдаагаас залгаад “танай охин зам тээврийн осолд орсон байна” гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр очиход хүлээн авах хэсэгт хэвтүүлсэн байсан. Тэгээд нарийн шинжилгээ өгч харуулахад баруун талын  төвөнхийн яс мултарсан  гээд 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Ариунзаяа мэдүүлэхдээ: “...би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 30 минут өнгөрч байхад найз Жагаанаатай уулзахаар гараад Бичил хорооллын тэнд найзтайгаа уулзаад Номин-Эрдэнэ гэдэг найзынхаа гэрт нь хоночхоод тэгээд маргааш оройн гэртээ хорих гээд байж байхад Цэрэнбатын найз Ихэрбаяр Жагаанаа руу мессеж бичээд уулзъя гэсэн. Тэр үед Жагаанаа байгаа хаягаа хэлэхэд ирээд бид хоёр гарч уулзаад замаараа найз Цэрэнбатыг аваад мөн махлаг биетэй залууг аваад хүүхдийн зуугийн тэнд албан газар очиж 4 давхарт өрөөнд орсон. Тэр хүн замаараа 2.5 литрийн савлагаатай нийслэл пиво 3 билүү 4-г авсан, мөн хоёр шил 0.5 литрийн савлагаатай хараа архи авсан байсныг ууцгаасан. Би тэр үед пивоноос хувааж уугаад шөнө гарч явах гэсэн боловч хаалга цоожтой болохоор нь явж чадахгүй байж байгаад шөнө гараад Ихэрбаяр нь архи уучихсан байж машинаа жолоодож явсаар замаараа махлаг биетэй залууг буулгаж цаашаа явж нэг байрны доод талын гаражаас Цэрэнбат машинаа унаж гарч ирээд цаашаа явсаар хотоос зайдуу хээр гарч зогссон. Тэгээд Цэрэнбатын машинд сууж юм ярья гээд Ихбаяр яваад орсон. Жагаанааг дагуулж орох гэхэд байж бай гээд суудал дээрээ унтаад байхаар нь би бууж Цэрэнбатын машинд орж суухад Ихбаяр буугаад машиндаа суухдаа өөр газар очиж зогсоё гээд хөдлөөд араас нь Цэрэнбат машинтайгаа хөдлөөд засмал руу ороод хурдлаад явахаар нь хурдаа багасга гэж хэлэхэд тоохгүй Ихбаярын машиныг гүйцээд явж байгаа харагдсан тэгээд тас түс гээд хүчтэй чимээ гарч осол болсон.” /хх-н 42-43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг үед ажилдаа явахаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайгаас Тоёота приус 20 маркийн 38-80 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон Дүнжингаравын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд замын 1 дүгээр эгнээнд явж байхад өөдөөс нэг машин эсрэг талын 2 дугаар эгнээнд явж байгаад гэнэт өөдөөс чиглэж ирээд эгц урдаас мөргөсөн. Осол болох үед хэсэг шокт орж машин хажуу тийшээ шарваад замын хажуу руу гарч хөндлөн зогсохоор нь утсаараа цагдаа болон түргэн тусламжийн байгууллагад мэдэгдсэнээс хойш 20 минут орчмын дараа түргэн эмч ирж намайг машинаас буулгаад шууд эмнэлэг рүү авч явсан.  Тухайн үед осол гаргасан машинаас 20 орчим насны эмэгтэйг хамт авч явсан. Би нэгдсэн 2 дугаар эмнэлгийн хүлээн авахад очиж үзүүлэхэд зүүн мөрний товгор яс цуурсан байна гээд гипс тавьж өгөөд дүүргийн мэс заслын эмнэлэгт хяналтад орж эмчлүүлж гаргасан. Осол гаргасан жолоочоос автомашины эвдрэлтэй холбоотой зардал, эмчилгээ, эм тариатай холбоотой зардал, ажил хийгээгүй хугацааны цалингийн зардал гэх мэтчилэн зардлуудыг баримтаар гаргаж өгч нэхэмжилнэ.”  гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Г.Шижирболд мэдүүлэхдээ:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тоёота рав-4 маркийн 57-15 УАН  улсын дугаартай автомашиныг заруулахаар өөрийн танил Ц.Цтай ярилцаад машины түлхүүрийг өгөөд манай байрны дулаан гражид байгаа  очоод авчих гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй байтал Замын цагдаагаас над руу залгаж яриад осол гаргасан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 54-56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвжаргал мэдүүлэхдээ: “...Тэгээд хүүхдийн 100-н тэнд албан газарт ороход 2.5 литрийн савлагаатай 3-4 пиво болон нэг шил 0.5 граммын  архи гаргаж хувааж уугаад шөнө гараад Цэрэнбат замаараа нэг байрны гражаас машинаа унаж гарч хээр очиж зогсоод хэсэг байж байгаад Ариунзаяа гэртээ харихаар болж Цэрэнбатын машинд  суугаад үлдэгдэл пиво уугаад салцгаасан. Тэгээд маргааш нь Ариунзаяа руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба дараа нь холбогдож ярихад  аваарт орсон гэдгээ хэлээд би наад залуугаас чинь юм салгахдаа л салгана гэж хэлэхээр нь гайхаад л утсаа тасалсан.” гэх мэдүүлэг /хх-н 56-57/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 233 дугаартай:

1.Т.Ариунзаяагийн биед баруун түнхний үений мултрал, духны шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй  гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 84-85/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай:

1.Б.Эрдэнэчулууны биед тархи доргилт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 89-90/,

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн магадалгаанд:

1.Тоёота рав 4 маркийн 57-15 УАН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

2.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Ц мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танил ах Шижирболд надад тоёота рав-4 маркийн автомашины түлхүүрийг өгөөд дугуйг нь солиулаад зараад өгөөрэй гэж хэлсэн. Би тэр өдөр найз нартайгаа уулзаж пиво ууж байгаад үүрээр 05 цагийн үед танил Ариунзаяатай хамт Маршал Таун хотхоны гарааш дээр очиж машиныг авч Ариунзаяаг хүргэж өгөхөөр Дүнжингаравын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд замын 2 дугаар эгнээнд 50-55 км цаг орчим хурдтай явж байхад Ариунзаяа жолоочийн хажууд талын урд суудалд сууж явж байснаа гэнэт руль хажуу тийш нь дарж эсрэг урсгалд оруулсан. Би жолоогоо буцаж дарсан боловч өөдөөс ирж байсан автомашинтай мөргөлдөөд зогссон. Тухайн үед мөргүүлсэн машины жолооч цагдаа, түргэний эмч ирж үзүүлчхээд мөргүүлсэн автомашины жолооч болон Ариунзаяаг авч явсан.” гэх мэдүүлэг /хх-н 64-65/,

Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “ Тоёота приус-20” маркийн 38-80 УББ улсын дугаартай автомашинд 6.402.000 төгрөгийн шууд, 6.622.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан /хх-н 69-70/,

 эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 123/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 113/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Ц.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын замд “Тоёота рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухай ангилалын тээврийн хэрэгсэл ... согтууруулах ундаа.. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.Эрдэнэчулууны жолоодож явсан “Тоёота приус-20” маркийн 38-80 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Эрдэнэчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Т.Ариунзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 08-16/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төмөрбаатарын өгсөн ...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр над руу Гэмтлийн эмнэлэгийн цагдаагаас залгаад “танай охин зам тээврийн осолд орсон байна” гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр очиход хүлээн авах хэсэгт хэвтүүлсэн байсан..” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч Т.Ариунзаяагийн өгсөн ... Цэрэнбатын машинд сууж юм ярья гээд Ихбаяр яваад орсон. Жагаанааг дагуулж орох гэхэд байж бай гээд суудал дээрээ унтаад байхаар нь би бууж Цэрэнбатын машинд орж суухад Ихбаяр буугаад машиндаа суухдаа өөр газар очиж зогсооё гээд хөдлөхөд араас нь Цэрэнбат машинтайгаа хөдлөөд засмал руу ороод хурдлаад явахаар нь хурдаа багасга гэж хэлэхэд тоохгүй Ихбаярын машиныг гүйцээд явж байгаа харагдсан тэгээд тас түс гээд хүчтэй чимээ гарч осол болсон.” /хх-н 42-43/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчулууны өгсөн ... Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайгаас Тоёота приус 20 маркийн 38-80 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон Дүнжингаравын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд замын 1 дүгээр эгнээнд явж байхад өөдөөс нэг машин эсрэг талын 2 дугаар эгнээнд явж байгаад гэнэт өөдөөс чиглэж ирээд эгц урдаас мөргөсөн. Осол болох үед хэсэг шоконд орж машин хажуу тийшээ шарваад замын хажуу руу гарч хөндлөн зогсохоор нь утсаараа цагдаа болон түргэн тусламжийн байгууллагад мэдэгдсэнээс хойш 20 минут орчмын дараа түргэн эмч ирж намайг машинаас буулгаад шууд эмнэлэг рүү авч явсан.”  гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний хариуцагч Г.Шижирболдын өгсөн... Би 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тоёота рав-4 маркийн 57-15 УАН  улсын дугаартай автомашиныг заруулахаар өөрийн танил Ц.Цтай ярилцаад машины түлхүүрийг өгөөд манай байрны дулаан гражид байгаа  очоод авчих гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй байтал Замын цагдаагаас над руу залгаж яриад осол гаргасан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 54-56/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Пүрэвжаргалын өгсөн... маргааш нь Ариунзаяа руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба дараа нь холбогдож ярихад  аваарт орсон гэдгээ хэлээд би наад залуугаас чинь юм салгахдаа л салгана гэж хэлэхээр нь гайхаад л утсаа тасалсан.” гэх мэдүүлэг /хх-н 56-57/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Т.Ариунзаяагийн биед баруун түнхний үений мултрал, духны шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. /хх-н 84-85/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Эрдэнэчулууны биед тархи доргилт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогджээ /хх-н 89-90/,

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд: Тоёота рав 4 маркийн 57-15 УАН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Ц.Цын өгсөн ... Би тэр өдөр найз нартайгаа уулзаж пиво ууж байгаад үүрээр 05 цагийн үед танил Ариунзаяатай хамт Маршил Таун хотхоны граж дээр очиж машиныг авч Ариунзаяаг хүргэж өгөхөөр Дүнжингаравын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд замын 2 дугаар эгнээнд 50-55 км цаг орчим хурдтай явж байхад Ариунзаяа жолоочийн хажууд талын урд суудалд сууж явж байснаа гэнэт руль хажуу тийш нь дарж эсрэг урсгалд оруулсан. Би жолоогоо буцаж дарсан боловч өөдөөс ирж байсан автомашинтай мөргөлдөөд зогссон. Тухайн үед мөргүүлсэн машины жолооч цагдаа, түргэний эмч ирж үзүүлчхээд мөргүүлсэн автомашины жолооч болон Ариунзаяаг авч явсан.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Иймд шүүгдэгч Ц.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын замд “Тоёота рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухай ангилалын тээврийн хэрэгсэл ... согтууруулах ундаа.. хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Б.Эрдэнэчулууны жолоодож явсан “Тоёота приус-20” маркийн 38-80 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Эрдэнэчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота рав-4” маркийн 57-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Т.Ариунзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах 2.1-д заасан авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайг тогтоож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Цын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “миний бие шүүгдэгчээс эрүүл мэндийн зардал, ажилгүй байсан үеийн цалин болох 820.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ зардлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “ энэ гэмт хэргийн улмаас өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан тул өмгөөлөгчийн зардал болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү “ гэх хүсэлтийг гарсныг шүүх хулээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилжээ.

Өмгөөлөгчийн зардал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш учраас өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрсдийн гэрээний хугацаа дууссаны дараа уг гэрээгээ дүгнээд, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Төмөрбаатарт баримтаар учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалд 630.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчулуунд автомашины эвдрэлийн хохиролд 6.622.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар цаашид гарах гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Цад үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдав.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

          1. Ц.Ц-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайг  тогтоосугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Цад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүх эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

            5. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

            6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, болохыг дурьдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар цаашид гарах гэм хорын хохирлын болон нотлох баримтаар нотлогдож ирүүлээгүй зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Ц.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ПҮРЭВСҮРЭН