Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1159

 

 

Б.Наранцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2017/00955 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Наранцогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Б.Сутай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               С.Самъяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Наранцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн 2009 оны 451 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Наранцогтоос 32 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. 2009 оны шүүхийн шийдвэрт Б.Наранцогтын өмчлөлийн орон сууцнаас ажиллагаа явуулахыг шийдвэрт дурьдаагүй тус орон сууцыг үнэлж, битүүмжилж хураан авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь хууль бус гэж үзэж байгаа тул 451 дүгээр шийдвэрийн дагуу хийгдсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгч Ц.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа, С.Самъя нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 оны 7 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Б.Наранцогтоос 36 000 000 төгрөг гаргуулж Монгол шуудан банкинд олгохоор шийдвэрлэсэн ба барьцаа хөрөнгөд Б.Наранцогтын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг барьцаалсан ба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгөд ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгө эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад Б.Наранцогтод арилжааны банкны данс байдаггүй. Мөн Б.Наранцогтын нэр дээр барьцаа хөрөнгөөс өөр хөрөнгө бүртгэлтэй гарч ирдэггүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Монгол шуудан банкнаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, өөрийн шаардах эрхээ эдлэх үүднээс хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Б.Наранцогт нь үнэлгээ, санал болгох хурал бүхий л ажиллагаанд гомдол санал гаргасан байдаг. Б.Наранцогт нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, төлбөр авагчид төлбөр төлөх үүрэгтэй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг уяж гомдол санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Наранцогтын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан шинжээч томилон үнэлгээ хийлгэн, анхан болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулан, төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа хийснийг шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгож байсан болно. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 451 дугаар шийдвэрт Б.Наранцогтын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, МУИС 20 дугаар байр 12 тоот орон сууцыг худалдан борлуулж, төлбөрийг барагдуулахаар заагаагүй байхад миний өмчлөлийн орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг буюу шүүхийн шийдвэрээр худалдан борлуулахаар заасан хөрөнгө гэж ажиллагаа хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 -т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учир өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 451 дугаар шийдвэрт хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Тус 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт тавихад хүсэлтийг шүүхээс хангалгүйгээр нэхэмжлэгчийн эрхээ хамгаалуулах боломжийг олголгүй иргэний хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаагүй мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.3-т заасныг баримталж, нэхэмжлэлийг хангах байтал хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Наранцогт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрт дурьдаагүй орон сууцыг үнэлж, битүүмжилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь хууль бус гэж үзэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба төлбөр төлөгчийн хөрөнгөд явуулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

 

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 451 дугаар захирамжаар Монгол шуудан банкны нэхэмжлэлтэй Б.Наранцогтод холбогдох 38 714 543 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Б.Наранцогт нь 36 714 543 төгрөгийг 2009 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг шүүх баталж, хэргийг хүчингүй болгосон байна. /хх 21/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь төлбөр төлөгч Б.Наранцогтын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, МУИС 20 дугаар байр 12 тоот орон сууцыг 2010 оны 1 дүгээр сарын         25-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх 138/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 138/02 тоот тогтоолоор хураан авсан үйл баримт тогтоогдсон, уг ажиллагаанд төлбөр төлөгч Б.Наранцогт байлцсан байна. /хх 42, 44, 52/

 

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгө болох түүний банк, банк бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгө, хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг хийсэн байгаа боловч төлбөр төлөгчийг мөнгөн хөрөнгө, үнэт цаас, хөдлөх хөрөнгөгүй болох нь тогтоогджээ.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 544 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо МУИС-ийн 20 айлын орон сууцны 12 тоот 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдааны 41 200 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. /хх 86-87, 94-99/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 451 дугаар захирамжийг гүйцэтгэхээр явуулсан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн эд хөрөнгөд явуулсан ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн дагуу явагджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...барьцаалсан орон сууцыг шүүхийн шийдвэрээр албадан борлуулахаар заасан нь хууль зөрчсөн, өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэсэн үндэслэл заажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцаалсан эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй байдаг ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчөөгүй байна

.

Анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШЗ2017/05025 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2017/00955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Б.Сутайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                    ШҮҮГЧИД                                   Г. ДАВААДОРЖ                                                                                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО