| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/0551/З |
| Дугаар | 551 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 551
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: “Б.А” ХХК, /РД: *******/
Хариуцагч: Г газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Г газрын 2018 оны 03 сарын 05 өдрийн 01-3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-т тус тус заасан үндэслэлээр “Б.А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б.А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. Б.Аэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...“Б.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-т тус тус заасан үндэслэлээр мөн хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5-д заасны дагуу 50.414,472 төгрөгөөс гаалийн татварыг нөхөн төлж, нөхөн төлсөн татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахаар байтал Гаалийн байгууллагаас барааны үнэ буюу 50,414,472 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа юм.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа нь Манай компанийн зүгээс 2018 оны 04 сарын 17 өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан маргааны үйл баримт, хууль зүйн үндэслэл тайлбарын хувьд өөрчлөлт оруулаагүй бөгөөд 2018 оны 04 сарын 17 өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тайлбар хэвээр байгаа болно. Иймд Г газрын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 01 -3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-т тус тус заасан үндэслэлээр "Б.А" ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг Г газарт даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Г газрын 2018 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 01/3 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэж өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгэр сарын 03-ны өдрийн 6/41тоот актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ гэж заасан байна. Үүнээс үзэхэд барааны үнийг гаргуулах тогтоол нь албадлагын арга хэмжээ гэж үзэж байна. Шийтгэл, албадлагын арга хэмжээний аль нь ч байсан албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гүйцэтгэх баримт бичгийг хүргүүлсэн байсан. Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гарган, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаартай захирамжаар тухайн гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон. Иймд уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11.21.2-т “Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн хариу ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11.21.1.3-т барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан гэсэн нөхцөлийг хангаж байна гэж үзэж байна. Г газрын хүчингүй болгуулахаар маргаж буй актад “...гаалийн хяналт шалгалтаас нууж” гэж бичсэн байна. Мөн 0614 дугаартай актад гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэж дурдсан нь дээрх нөхцөлийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Г газрын 3 сарын 05-ны өдрийн 01-3/1010 тоот шийдвэр нь захиргааны актын шинжийг хангахгүй байна. Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гадаад дотоодод төлөөлөх, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх, үүрэгтэй. Маргаан бүхий захиргааны актад Г газрын Хуулийн хэлтсийн дарга баталгаажуулсан нь эрх бүхий албан тушаалтан гэж үзэхгүй байна. Иймд тухайн захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэв.
Г газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“...”Б.А” ХХК-ийн 2018 7 дугаар сарын 01-ний өдрийн 4/8 тоотоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тухайд өгөх хариу тайлбар нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны гаргасан хариу тайлбараа дэмжиж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Зөрчлийн тухай хуульд хамруулах, эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэсэн хэсэгт тайлбар хэлэхэд зөрчилд тооцох хуулийн этгээдэд ногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийн заалтыг хэрэглэдэг. Нэхэмжлэгчийн хувьд актаар ногдуулсан нөхөн төлбөр нь албадлагын арга хэмжээ, захиргааны шийтгэл биш юм. Улсад төлөх ёстой татвар, төлбөр гэдгийг өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн 41тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 сарын 16-ний өдрийн 39 тоот тогтоолд тодорхой тусгасан байна. Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараах татвар улсын төсөвт хамаарна. Гаалийн татвар гэсэн зохицуулалтаас харахад “Б.А” ХХК-ийн санхүүгийн тайлан, блансад тусгагдсан боловч гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй. Энэ нь захиргааны шийтгэлд хамаарахгүй гэж дүгнэсэн байна. Мөн Өршөөлийн хуульд хамруулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг “Б.А” ХХК гаргаж байсан. Энэ нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 71 дугаартай шийдвэрт Татварын ерөнхий хуулийн заалтыг үндэслэн тайлбарлахдаа гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 актаар улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон 54.5 сая төгрөг нь хууль тогтоомжийн дагуу иргэн, хуулийн этгээдэд эдлүүлэх ёстой гаалийн албан татвар бөгөөд улс, орон нутгийн төсөвт тусгуулах ёстой мөнгөн хөрөнгө байх тул захиргааны хариуцлага гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэсэн байна.
Улсын Дээд шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор уг дүгнэлтийг баталгаажуулан мөн заажээ. Захиргааны шийтгэл биш татвар учраас Гаалийн тухай хуулийн 292.1-д заасныг үндэслэж торгууль оногдуулахаар шийдвэрлэсэн. Нөхөн төлөх барааны үнийг гаргуулах, 100.000-150.000 төгрөгийн торгууль оногдуулахаар заасан. “Б.А” ХХК-иас 54.5 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах нь улсын төсөвт орох ёстой татварын хувь хэмжээний асуудал юм. Захиргааны шийтгэл нь хуульд зааснаар 100.000-150.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байгаа байдал гэж ойлгох нь зүйтэй. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11.21.2-т Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна. Энэ заалтыг үндэслэл болговол нэхэмжлэгчид ногдуулах татварын дүн нөхөн төлөгдөх ёстой 54.5 сая төгрөгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж үзвэл 2.3 сая төгрөгийн торгууль ногдохоор байна. Иймд тухайн аж ахуйн нэгжийн эрх зүйн байдал дээрдэхгүй байна. Анх гаалийн байгууллага шалгалт хийсний дараа Г газрын даргад хүргүүлсэн албан тоотод актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн “...санаатайгаар нуун далдлах үйлдэл хийгээгүй” гэсэн тайлбарыг өгч байсан. Нуун далдлах гэдэг үйлдэл нь гаалийн хяналт шалгалтын явцад илэрдэг. “Б.А” ХХК-ийн хувьд санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх явцад тухайн барааг гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон” гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б.А” ХХК-ийн зүгээс анх шүүхэд хандан “Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6, 11.21 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасан үндэслэлээр “Б*******” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхгүй байгаа Г газрын эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгож, хуулийн үйлчлэлд хамруулахыг даалгах тухай” нэхэмжлэлийг гаргасан байдаг.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Г газрын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-т тус тус заасан үндэслэлээр “Б.А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг даалгах” хэмээн өөрчилснөөр энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Г газрын даргын баталсан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 132/13 дугаартай удирдамжийн дагуу тус газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А, Ө.Зо нар “Б*******” ХХК-ийн 2010-2012 онд гаалийн хилээр импортлосон бараа, материал, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг холбогдох нягтлан бодох бүртгэлийн баримтуудтай тулгалт хийж, бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийснээр шалгуулагч “Б*******” ХХК-ийг импортоор худалдан авсан зарим барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д зааснаар 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Төлбөр төлүүлэх тухай” 6/1 дүгээр актыг үйлдэж, гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн болох 54.542.772 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн үйл явдалд тус анхан шатны шүүх 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 41дугаартай шүүхийн шийдвэрээр дүгнэлт өгч, эрх бүхий улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийн үнийн дүнгээс 4.128.300 төгрөгийг хасч 50.414.472 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ажээ. Энэхүү шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, 444 дүгээр магадлалаараа анхан шатны шүүхийн 41дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 324 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 41дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 444 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, “Б*******” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэжээ.
Түүнчлэн “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлээр Г газарт холбогдуулан гаргасан, “Г газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актаар тогтоосон 54.542.772 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус анхан шатны шүүх шийдвэрлэж, 71 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 41дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 444 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 324 дүгээр тогтоолтой захиргааны хэргийг “Б*******” ХХК-ийн захирал Г.Б.А шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаар тогтоолоор хянаад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн зэрэг баримтууд хавтаст хэргийн материалд тус тус авагджээ.
Тэгвэл одоо нэхэмжлэгч “Б.А” ХХК нь маргаан бүхий захиргааны актаар Г газрын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 дугаартай “Б.А” ХХК-д хаягласан албан бичгийг тодорхойлж, шүүх хуралдаан дээр уг албан бичиг нь захиргааны актын шинжийг хангахгүй байхаас гадна Г газрын дарга бус уг газрын Хуулийн хэлтсийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан нь эрх бүхий албан тушаалтан биш байх тул хууль бус болно хэмээн маргаж, уг албан бичгийг хүчингүй болгуулахыг хүсч байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “Б.А” ХХК нь Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр “гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-т тус тус заасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж, “Б.А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн үйлчлэлд хамруулахыг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, барааны үнийг гаргуулах буюу гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актыг албадлагын арга хэмжээ гэж үзэж, шийтгэл, албадлагын арга хэмжээний аль нь ч байсан албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй тул Зөрчлийн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой хэмээн маргаж байна.
Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс гаалийн улсын байцаагчийн акт нь захиргааны шийтгэл торгууль биш бөгөөд захиргааны шийтгэл биш гэдгийг удаа дараагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн, захиргааны шийтгэл биш учир Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэх боломжгүй, хэрэв хэрэглэж шийдвэр гаргалаа гэхэд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэхгүй байна хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан үндэслэлээр хариуцагч Г газрын хариу өгсөн албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж буй хариуцагч Г газрын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01-3/1010 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгч “Б.А” ХХК-д чиглэсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т: “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “Б.А” ХХК нь Г газарт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаан бүхий асуудлаар хүсэлт болон тайлбар гарган хандахад, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “... Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх нь “Б.А” ХХК –ийн хувьд эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж буй уг 01-3/1010 албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан актын шинжийг агуулаагүй буюу эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй байна. Тус албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хориглосон, зөвшөөрсөн, журамласан шинжгүй, дангаараа шууд үр дагавар үүсгэхгүй юм. Энэ утгаараа нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Албан бичиг нь “захиргааны актын шинжийг хангахгүй байна” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр мөн тайлбарладаг.
Нөгөө талаас албан бичгийг хүчингүй болгох үндэслэл нь Г газрын дарга бус уг газрын Хуулийн хэлтсийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан нь гарын үсэг зурах эрх эрх бүхий албан тушаалтан биш гэж маргаж буйг хүлээн авах боломжгүй байна. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2 дугаар зүйлийн 2.4.4 дэх хэсгийн 2.4.4.7-д: “албан бичгийг байгууллагын нэрийн өмнөөс боловсруулж, явуулах бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дарга, зохион байгуулалтын нэгжийн дарга нар чиг үүргийнхээ хүрээнд гарын үсэг зурна” гэсэнтэй нийцэж байна.
Иймд Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.1-т: “гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах” гэж зааснаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчид хариу өгсөн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлээр Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацааны асуудлыг зохицуулсан ба уг зүйлийн 4-д: “зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 6-д: зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэж, мөн хуулийн 11.21 дүгээр зүйл: Гаалийн тухай хууль зөрчих, 1: гаалийн тухай хууль зөрчиж, 1.3: “барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан, ... бол”, 1.5: “гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг хэрэглэж, Зөрчлийн тухай хуулийн үйлчлэлд хамруулахыг хариуцагч Г газарт даалгуулахыг хүсч байна.
Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актаар захиргааны шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн асуудал биш байна. Харин гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн буюу гаалийн албан татварт төлөх мөнгөн дүнг тогтоож, үүгээрээ зайлшгүй шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ. Тодруулбал, энэ байдал нь “гаалийн байгууллагад мэдүүлээгүй, гаалийн хяналтаас гадуур хууль бусаар нэвтрүүлсэн барааны үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” -ээр зааж шийдвэрлэсэн, түүнчлэн “гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актаар улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон 54542772,0 төгрөг нь хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдээс төлөх ёстой гаалийн албан татвар бөгөөд хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө тул захиргааны хариуцлага гэж үзэхгүй” зэргээр урьд гарсан шүүхийн шийдвэрүүдээр нотлогдож, хуулийн үйлчлэлд хамруулахыг хүсч байгаа захиргааны актаар тогтоосон төлбөр нь захиргааны шийтгэл оногдуулсан, эсхүл албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэр биш болох талаар өгсөн дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүх дахин нотлох үндэслэлгүй байна.
Тэгэхээр Зөрчлийн хуулийн үйлчлэлд хамруулахыг хүсч буй гаалийн улсын байцаагчийн 6/1 дүгээр актын талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, мөн уг актаар тогтоосон төлбөрийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр байгаа нь маргааны зүйлд хамаарах асуудлаар одоо Зөрчлийн хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчмыг заасан ба мөн зүйлийн 4-д энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан нь маргааны зүйлд хамааралтай гэж шүүх дүгнэлээ. Ийм учраас эрх бүхий улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг барагдуулах тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа нь Зөрчлийн хуулийн холбогдох заалтыг төсөөтэйгээр буцаан хэрэглэх үндэслэл болохгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б.А” ХХК-ийн Г газарт холбогдуулан гаргасан “...Г газрын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01-3/1010 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Г газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6/1 дүгээр актыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-т тус тус заасан үндэслэлээр “Б.А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь заалтыг хэрэглэж хуулийн үйлчлэлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН