Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА/2022/0737

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагч Б.Д

Гомдлын шаардлага: “Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 124/2021/0042/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Б.Д нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-д холбогдуулан “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 590 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингэхдээ “...зардлын дансыг бүртгүүлж чадаагүй тухайн үеийн нөхцөл байдал Б.Д-аас хэрхэн хамааралтай байсныг мөрдөн шалгах зарчмын хүрээнд тогтоосноор түүнийг зөрчилд тооцох эсэх, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэж үндэслэсэн. Анхан шатны шүүх уг хэргийг дахин хянан хэлэлцэхдээ магадлалд дурдсан дээрх дүгнэлтийг анхааралтай судалж, эрх зүй практик ажлын хүрээнд нягт нямбай хандах ёстой байсан болов уу.

3.2.Гэтэл уг хэргийг дахин хэлэлцэхдээ үйл явдал, нөхцөл байдал, ажил хариуцсан хүмүүсийн ааш араншин, практик үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж чадаагүй, харин өөрийгөө зөвтгөж хариуцлагаас мултрах гэсэн хүмүүсийн мэдүүлэг тайлбарыг гол болгон хэт нэг талыг барьсан буруу дүгнэлт хийсэн байна. Ийнхүү буруу дүгнэлт хийснээрээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

3.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Хуулийн энэхүү заалтад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж бичсэний агуулгыг татварын улсын байцаагч хэрхэн ойлгож хэрэглэснийг анхаарч үзнэ үү. Чин үнэндээ 20-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэг нь нэр дэвшүүлэгч болон дэвшигч этгээдэд байх бөгөөд ийнхүү мэдэгдсэний дагуу бүртгэх үүргээ аудитын байгууллага хариуцах тухай асуудал юм. Үүнийг практик үйл ажиллагаанд буулгаж аяндаа л батлагдаж нотлогдох ажил хэрэг юм. Нэр дэвшигч би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, улмаар бүртгүүлэхээр чармайсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, мэдэгдсэн боловч бүртгэж аваагүй л хэрэг юм.

Тэр тусмаа нэг байгууллагаас нөгөө байгууллагадаа албан ёсоор мэдэгдсэн 66 тоот бичиг нь байгаа бөгөөд аудитын газрын бичиг хэргийн ажилтан З.Э мэдүүлэгтээ “Би өдрийг нь сайн мэдэхгүй байна ... би авдаггүй юм аа, ... М.Б гэдэг хүнтэй уулзаарай гэж хэлсэн” гэжээ. МАХН-ын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 66 тоот бичгийг аудитын газрын бичиг хэргийн ажилтан нь хүлээгээд авчих л ёстой, бас үүрэгтэй боловч авалгүй М.Б гэдэг хүн рүү зааж явуулсан хэрэг юм. Ийнхүү М.Б, З.Э гэх 2-3 давхарт суудаг хоёр хүн хоорондоо явуулж хүлээлгэсээр, эцэст нь М.Б-г олж уулзсан боловч тэр ажлын цаг дууссан гэх ундууцаж ширвэсэн хариу өгсөн хэрэг шүү дээ.

3.4.Монгол Улсын Засгийн газрын 246 дугаар тогтоолоор баталсан “албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 2.2.5-д “Бичиг хэргийн ажилтан дараах үүрэг хэрэгжүүлнэ” гэж, 2.2.5.1-д “Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, бүртгэл-хяналтын карт хөтлөх, холбогдох ажилтанд шилжүүлэх” 5.2.1, 5.2.1.1-д “Байгууллагад ирсэн баримт бичгийг ..., бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авах” 5.4.6-д “Баримт бичгийг ирсэн өдөрт нь багтаан бүртгэж шилжүүлнэ гэж тус тус заасан байдаг.

Энэ бүхнийг эргэцүүлэн шинжилж үзвэл, албан хэргээ хууль журмын дагуу явуулдаггүй, ажлын цагаа хийдүүлдэг, ааш араншин-за харилцааны дутагдалтай албан хаагчдын алдаанаас болж өвгөн болсон намайг буруутгаж, 10 сая төгрөгөөр торгож, ахуй амьдралын зовлонд унагаах үндэслэл байна уу.

3.5.Б.Д би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад албан ёсоор мэдэгдэж, улмаар бүртгүүлэхийг чармайсан боловч бүртгүүлж чадаагүй. Үүнээс бол улс эх оронд минь болоод хэн нэгэн иргэн хүнд ямар ч хохирол учраагүй шүү дээ. Өвгөн надад хэнийг ч буруутгах санаа зорилго байхгүй, гагцхүү хууль ёсны энэрэнгүй байгаасай гэж л хүсэж байна.

3.6.Татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудсыг хуулийн дагуу, эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан гэж хуулийн олон олон заалтыг дурдаж өөрийнхөө хийсэн ажлыг зөвтгөн хамгаалах нь мэдээж. Түүний өгсөн тайлбар, мэдүүлгээс үзэхэд мэдэгдэж, бүртгүүлэх гэж хуульд заасныг ойлгоогүй юм болов уу. Сайн ухаж ойлговол дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэхээр аудитын байгууллагад хандаж албан ёсоор мэдэгдсэн нь нэр дэвшигчийн зүгээс үүргээ биелүүлж буй эхний асуудал, улмаар бүртгүүлэхээр чармайсан боловч бүртгүүлж чадаагүй явдал нь аудитын газрын бичиг хэргийн ажлын алдаатай холбоотой дараагийн асуудал гэдгийг ялгаж салгаж үзээгүй л хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, нэг талаас бүртгүүлэхийг хүсэж мэдэгдэх, нөлөө талаас бүртгэн авах гэсэн хоёр талын оролцоотойгоор бүртгүүлэх үйл ажиллагаа явагдана шүү дээ. Үүнийг практик үйл ажиллагаанд буулгаад үзээрэй. Дансны дугаар, банкны нэрийг мэдэгдсэн, 66 тоот албан бичгийг тэр өдрийн 16:30 цагийн үед аудитын газрын бичиг хэргийн ажилтан З.Э уншиж мэдсэн хэдий ч би авахгүй гээд байсан. Уг мэдэгдэл бичгийг ажлын цаг дуусах үед М.Б ч бас уншиж танилцсан билээ.

3.7.Гэрчээр мэдүүлэг өгсөн аудитор Т.Н, Ч.М нар хамт ажилладаг М.Б илт хаацайлсан бүрхэг зүйл ярьсан байх бөгөөд ажлын цаг дуусахын өмнөхөн тэр мөчид тэдний өрөө түгжээтэй байсан юм. Ийм учраас би тэднийг байхгүй юм байна гэж ойлгосон. Тэд намайг ч хараагүй, би тэднийг ч хараагүй нь харин үнэн. Тэд хаалгаа түгжсэн байсан. Үүнээс гадна бичиг хэргийн ажилтан З.Э М.Б-тай уулзаарай гэсэн учраас зөвхөн М.Б-г л хайж хүлээж байсан билээ.

 Ажлын цаг дуусах мөчид М.Б өрөөндөө ирж, бид уулзах үед тэр мэдэгдэхүйц бүлэмцүү байсан бөгөөд яасан их хүлээлгэв ээ гэх миний үгэнд ундууцаж, уг бичгийг уншиж мэдсэн боловч ажлын цаг өнгөрсөн, би авахгүй гэж ширвэж байсныг дурдах нь зүйтэй санагдлаа. Тэр түгжээтэй хаалганаас гарч ирсэн байх. Зөвөөр ойлгоно уу.

3.8.Гэрч бичиг хэргийн ажилтан З.Э мэдүүлэгтээ “...материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлын цаг дууссан ч илүү цагаар ажиллаж байсан. Б.Д гэх хүн надтай уулзаагүй. Харин аудитын баг ажлаа дуусгаад амралтаа авсны дараа ирж уулзсан. Би өдрийг сайн санахгүй байна ямар ч байсан 20202 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр биш байсан., ... би авахгүй М.Б гэдэг хүнтэй уулзаарай гэж хэлсэн” гэх зэргээр мэдүүлжээ.

Үүнээс үзэхэд З.Э нь зарим юмаа сайн санахгүй, зарим өдрийг тодорхой мэддэг, бүр аудитын баг ажлаа дуусгаад ээлжийн амралтаа аваад явсны хойно Б.Д намайг М.Б-тай уулзаарай гээд явуулсан болж таарлаа. Энэ хүний яриа мэдүүлэгт ер нь ямар уялдаа авцалдаа байна вэ, хэрвээ үнэн гэж үзвэл илүү цагаар ажиллаж байсан юм чинь, уг бичгийг өөрөө хүлээгээд авчих ёстой, үүрэгтэй атлаа ээлжийн амралтаа аваад явчихсан хүний хойноос намайг уулзаарай гэж явуулах ямар хэрэг байна вэ.

Энэ хүн албан бичиг хүлээж аваагүй өөрийнхөө бурууг ухаарахгүй, харин М.Б-аа өмөөрч байгаа дүрээр илт худлаа зүйл ярьжээ. Ийм аргаа барсан худлаа мэдүүлэгт үнэмших үндэслэл байна уу. М.Б-ийн хүсэл юм болов уу.

3.9.Гэрч аудитын менежер М.Б мэдүүлэгтээ “.. нийт 544 хүний банкны нэр, дансны дугаарыг хүлээж авсан. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бид ажлын цагтаа бүрэн ажилласан гээд ажлын цагийн бүртгэлийг баримт болгон өгсөн байдаг” гэжээ, үүнээс үзэхэд нийт 544 хүний чухам хэдэн хүний мэдэгдлийг ... өдөр бүртгэн авсан нь тодорхойгүй.

Түүнчлэн тэр өдөр аудитын ажилтнуудыг ажиллаагүй гэж хэн ч хэлээгүй бөгөөд ажлын цагийн төгсгөлийн 20-30 минутын хугацаанд л М.Б-тай уулзаж чадалгүй ажлын цаг өндөрлөсөн тухай асуудал билээ. Цаг хугацааны энэхүү богинохон моментыг тэр өдрийн ажлын цагийн бүртгэлээр нотлох боломжгүй юм.

Бичиг хэргийн ажилтан З.Э-ын мэдүүлснээр уртасгасан цагаар ажиллаж байсан бол М.Б ундууцаж ширвэлгүйгээр бүртгээд авчихгүй яасан юм бэ.

3.10.Хэргийн оролцогч эдгээр хүмүүсийн өгсөн тайлбар, мэдүүлгийг нягтлан үзвэл Б.Д миний идэвхи чармайлтыг буруутган Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн шинжийг агуулсан хэмээн, миний гомдлын шаардлагыг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг би зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Б.Д би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуулийн хугацаанд нь албан ёсоор мэдэгдэж бичгээр өгсөн билээ.

Харин аудитын байгууллагын бичиг хэргийн ажлын алдаа, зарим ажилтны ажлын цагийн хийдэл, ааш араншингаас шалтгаалан тэд бүртгэж аваагүй учраас бүртгэл явагдаагүй л хэрэг юм. Мэдэгдсэн хэдий ч бүртгээгүй хэрэг.

Иймд, давж заалдах шатны шүүхийн 590 дугаартай магадлалын хянавал гэсэх хэсгийн төгсгөлд “... өөрөөр хэлбэл, зардлын дансыг бүртгүүлж чадаагүй тухайн үеийн нөхцөл байдал Б.Д-аас хэрхэн хамааралтай байсныг мөрдөн шалгах зарчмын хүрээнд тогтоосноор түүнийг зөрчилд тооцох эсэх, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэж тэмдэглэснийг дахин анхааран үзэж миний гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.

3.11.Б.Д би дансаа албан ёсоор мэдэгдэхээс өөр яах байсан юм бэ, мэдэгдсэн дансаа бүртгүүлэх гэж хүсэж, чармайхаас өөр яах байсан юм бэ, санаатайгаар бүртгүүлээгүй хэрэг биш шүү дээ.

3.12.Энэ дашрамд дурдахад огт данс нээлгээгүй атлаа сонгуульд өрсөлдөж, бэлэн мөнгө тарааж явсан, санхүүгийн тайлан ч гаргаагүй олон арван хүнд хэрэг үүсгэж шийтгэл ногдуулалгүй орхиж байгаа билээ. Үүнтэй харьцуулахад өвгөн би илүү гэм буруутай мэт, бараг 2 жил шахам байцаагдаж, зарга маргаан үүсгэж, төрийн албаны олон хүний оюун ухаан, ажлын цаг, бичиг цаасыг үргүй зарцуулж, өөрөө ч шар махтайгаа хатаж явна.

Энэ бүх нөхцөл байдал, учир шалтгааныг дахин нягтлан хянаж өвгөн надад энэрэнгүй хандаж, шүүхийн шийдвэр болон шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Өвгөн би Улс эх орондоо болон хэн нэг хүнд хор хохирол учруулаагүй шүү дээ. Өвгөн надад асар хүндэдсэн энэхүү торгууль шийтгэлээс Төрийн хуулийн энэрэнгүй зарчим, шүүхийн шүүгчийн оновчтой шийдвэрээр аварна гэж найдаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Гомдол гаргагч Б.Д-аас “Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-д холбогдуулан гаргажээ.

3.Маргаан бүхий 0176472 дугаар шийтгэлийн хуудсаар[1] “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Баруунтуруун сумын 1 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна.”, 48.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно.”,

Уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.”,

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, мөн зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэжээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ...хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, мөн зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

5.Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч нь 1.сонгуулийн зардлын дансыг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нээлгэх, 2.уг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх, 3.зардлын тайландаа аудитын дүгнэлт гаргуулан, аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байхаар тус тусад нь зааж, “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх”, “сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх” үүргээ биелүүлээгүй тохиолдлыг тус бүрт нь сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчилд тооцохоор зохицуулжээ.

6.Маргааны тохиолдлын хувьд, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Баруунтуруун сумын 1 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч Б.Д нь сонгуулийн санал хураах өдрөөс 20 хоногийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны дотор сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаас[2] тогтоогджээ.

7.Гомдол гаргагчаас “сонгуульд зориулж нээлгэсэн дансаа бүртгүүлж амжаагүй ч гэсэн уг дансаараа зохих гүйлгээгээ хийж, тайлангаа хугацаанд нь гаргаж өгч байгаа нь бүртгүүлж амжаагүй гэх зөрчлөө арилгасан хэрэг. Дансаа мэдүүлэх сүүлийн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай албан бичгээр данс бүртгүүлэхээр 16 цагийн үед очсон боловч бичиг хэргийн ажилтан З.Э би бүртгэж авахгүй, М.Б аудитор өөрөө бүртгэж авна гэж хэлсэн. Тэр үед М.Б байгаагүй бөгөөд би хүлээсэн ажлын цаг дууссан” гэж маргасан.

Хариуцагчаас “М.Б-аас гэрчийн мэдүүлэг авахад 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ахлах аудитор Т.Н, аудитор Ч.М нар ажилдаа орчихсон байсан. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дарга удирдлага бүх ажилчид ажил дээрээ байсан. Ажил дээрээ төрийн албан хаагчид байсан талаарх ажлын цагийн бүртгэлийг шүүхэд гаргаж өгсөн” гэж тайлбарласан.

8.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч  Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Т.Н “... 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.Д-ыг манай байгууллага дээр ирсэн байсныг хараагүй[3] гэж,

Гэрч аудитор Ч.М “... Бүртгэлийн сүүлийн өдөр байсан тул бид нар бүгд ажлын цаг дуустал ажилласан. Аудитын менежер М.Б мөн тэр өдөр ажиллаж байсан, ... нэр дэвшигчдийн зардлын дансны дугаар бүртгүүлэх баримтыг бид 2 хүлээж авч байсан[4] гэж,

Мөн гэрч аудитын менежер М.Б “... 9 дүгээр сарын 25-ны өдөр миний хувьд ажлын цагтаа бүрэн ажилласан, ... Сүүлийн өдөр байсан тул бид хариуцлагатайгаар ажлын цагтаа ажилласан. Аудитын багийн гишүүд ажиллаж байсан тул би ямар нэгэн баримт хүлээж аваагүй. Ялангуяа хуулийн хугацаа дуусаж байгаа өдөр бол бид хэн нэгнийг буцаах ёсгүй. Би Б.Д-ыг огт танихгүй бүртгэхгүй, авахгүй гэх ямар ч шалтаг шалтгаан байхгүй. Тэр өдөр би Б.Д-ай уулзаагүй болно[5] гэж,

Гэрч нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан З.Э “материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аудитын баг ажлын цаг дууссан ч илүү цагаар ажиллаж холбогдох материалуудыг хүлээж авсан, ... 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б.Д гэх хүн надтай уулзаагүй. Харин аудитын баг ажлаа дуусгаад амралтаа авсны дараа Б.Д гэдэг хүн надтай уулзсан ... би өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр биш байсан[6] гэж тус тус мэдүүлжээ.

9.Гомдол гаргагч Б.Д нь “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрээ аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй үйлдэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасан журмыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр нэр дэвшигч Б.Д-д торгуулийн шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдлийг шүүхээс буруутгах, хуульд нийцээгүй үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10.Иймд анхан шатны шүүхийн “...төрийн аудитын байгууллагын ажилтны хариуцлагагүй байдлаас болж нэр дэвшигч Б.Д сонгуулийн зардлын дансаа бүртгүүлж чадаагүйгэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин түүний сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн шинжийг агуулсан” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

11.Харин гомдол гаргагч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн 20-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэг нь нэр дэвшүүлэгч болон дэвшигч этгээдэд байх бөгөөд ийнхүү мэдэгдсэний дагуу бүртгэх үүргээ аудитын байгууллага хариуцах тухай асуудал юм,... Нэр дэвшигч би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, улмаар бүртгүүлэхээр чармайсан, ... мэдэгдсэн боловч бүртгэж аваагүй, ...би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуулийн хугацаанд нь албан ёсоор мэдэгдэж бичгээр өгсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

12.Гомдол гаргагч Б.Д-ын “... сонгуульд зориулж нээлгэсэн дансаа бүртгүүлж амжаагүй ч гэсэн уг дансаараа зохих гүйлгээгээ хийж, тайлангаа хугацаанд нь гаргаж өгч байгаа нь бүртгүүлж амжаагүй гэх зөрчлөө арилгасан, санаатайгаар бүртгүүлээгүй хэрэг биш” гэх тайлбарыг түүний гаргасан зөрчлийг зөвтгөх, цаашлаад гомдол гаргагчийг “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд бүртгүүлэх”  хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарна гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Б.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ