| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00903/И |
| Дугаар | 855 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34-43 тоотод оршин суух, Бага дулаан овогт Долгоржавын Цэнд-Аюуш /РД:ЕД90092509/-ийн хүсэлттэй,
Г.Ариунбилэгийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэнд-Аюуш нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Г.Ариунбилэгийн хүсэлтээр 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд мөнгийг Г.Ариунбилэгийн Худалдаа хөгжлийн банкны 452549321 тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлсэн 3,000,000 төгрөгөө өгөхгүй байсан учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Г.Ариунбилэг нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 8-22 тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ариунбилэг /РД: УП89091525/-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодорхойлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цэнд-Аюуш нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ариунбилэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Цэнд-Аюуш нь “Г.Ариунбилэгийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Г.Ариунбилэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Голомт банкны /мемориалын баримт/ банк хоорондын гүйлгээний баримт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Г.Ариунбилэг нь албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8-22 тоот хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2017/02222 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ариунбилэгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Д.Цэнд-Аюушийн гаргасан “Г.Ариунбилэгийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь Г.Ариунбилэгийн гар утасны дугаар 88029260, 98169260 гэснийг тэмдэглэв.
Хүсэлт гаргагч Д.Цэнд-Аюушийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг өөрийнх нь эзгүйд хийлгүүлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.Цэнд-Аюушийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ариунбилэг /РД:УП89091525/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Г.Ариунбилэг /РД:УП89091525/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА