Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА/2022/0670

 

 

 

 

 

 

 

 

                 Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа  

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ц

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга,

Хариуцагч Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н

Гуравдагч этгээд У.О

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах,

-Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/312 дугаар захирамж гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлэн тогтоох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, бичилт хийхийг даалгах,

-Баянгол дүүргийн Дотоод албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 31-01/09 дугаар акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 тоот “Албан шаардлага”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Т.Э,

Хариуцагч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0159/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ц-гээс Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н нарт тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах,

-Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/312 дугаар захирамж гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлэн тогтоох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, бичилт хийхийг даалгах,

-Баянгол дүүргийн Дотоод албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 31-01/09 дугаар акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 тоот “Албан шаардлага”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар шийдвэрээр: 

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.12, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/312 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 6 сар 9 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 8.373.941 /найман сая гурван зуун далан гурван мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсэг болох Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н-т холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Дотоод албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 31-01/09 дугаар акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 тоот “Албан шаардлага”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“Улсын байцаагчийн акт, ажлын хэсгийн дүгнэлт нь маргаан бүхий тушаалын үндэслэл болсон тул нэг зөрчилд хоёр хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийн тухайд:

Баянгол дүүргийн Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, удирдах ажилтны сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах тухай” А/127 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтыг явуулсан.

Ажлын хэсэг дүүргийн ** дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт явуулж, нийт 18.191.5 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, улсын ахлах байцаагч Н.Н-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зөрчил арилгуулах 31-01/09 дугаар акт, мөн өдрийн 31-01/34 дугаар албан шаардлагыг үйлдэж, төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдсэн.

Харин дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/132 дугаар захирамж нь ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц-д төрийн албан хаагчийнх хувьд төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэлийн ногдуулсан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байтал нэг зөрчилд хоёр хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй бөгөөд буруу дүгнэлт юм.

Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын нэг зөрчилд шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй талаар зохицуулагдсан, мөн Төрийн албаны тухай хуульд Захиргааны ерөнхий хуульд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан байдгийг дурдах нь зүйтэй байна.

3.2.“Баянгол дүүргийн Засаг дарга ** дүгээр цэцэрлэгийн 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулсан боловч эхний болон сүүлийн хагас жилээр үнэлээгүй” гэх дүгнэлтийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд энэхүү төлөвлөгөө нь Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд боловсруулагддаг, түүнчлэн уг төлөвлөгөөний гуравдугаар зүйлд төсөв, санхүүгийн сахилга бат, шилэн данс, ил тод байдал зэрэг холбогдох хууль тогтоомжоор олгосон чиг үүргийг нарийвчлан зааж, үүрэгжүүлсэн байдаг.

Мөн Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох тайлан гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3-т “Зохион байгуулалтын нэгж 6, 12 дугаар сард төлөвлөгөөний биелэлтийг төсвийн шууд захирагчид тайлагнана”, 4.5-д “Төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг дараах хугацаанд харьяалах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ” гэж тус тус заасан.

Гэтэл дээрх хууль болон журмын дагуу төлөвлөгөөний биелэлтээ ирүүлээгүй буюу үнэлэх боломж олгохгүй байгаа нэхэмжлэгчийн үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

3.3.“Ажлаас чөлөөлөхдөө хуульд зааснаар Нийслэлийн боловсролын газрын санал гаргасан үйл баримт тогтоогдохгүй” гэх дүгнэлтийн тухайд:

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан.

Энд дурдсан “болон” гэх холбоос үг нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг зааглах, тэгш эрхтэй болгох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтад дурдсан “үр дүнгийн хэрэгжилт”, “аймаг нийслэлийн боловсролын газрын санал” гэсэн 2 үндэслэл нь тэгш эрхтэйгээр буюу аль нэг үндэслэл бий болсон тохиолдолд сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж болохоор зохицуулалт юм. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа Нийслэлийн боловсролын газрын саналыг авах ёстой байсан гэдэг анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

3.4.Засаг дарга нь ажил олгогч тул цэцэрлэгийн эрхлэгчтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй байсан. Уг үүргээ биелүүлэлгүй, нийслэлийн Боловсролын газар буюу Б.Ц-д ажил олгогч биш субъекттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль, бус үндэслэлгүй гэх дүгнэлтийн талаар:

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад хаягласан тус зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/1265 дугаартай албан бичгийг нотлох баримтаар авч, хэрэгт хавсаргасан байдаг.

Дээрх албан бичигт Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Мэргэшсэн, тогтвортой байх”, 62.1.2-т “...төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэснийг баримтлан зохих хууль, журмын дагуу томилогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхгүй үргэлжлүүлэн ажиллуулах, сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй гэж Боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой чиглэл ирүүлсэн боловч шүүхээс уг баримтыг үнэлээгүйгээс гадна үндэслэл бүхий тайлбарыг хийгээгүй.

Мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/148 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Ц-г тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилж, уг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр байдаггүй, түүнчлэн дээрх чиглэлийн дагуу үргэлжлүүлэн ажиллуулж байсныг дурдах нь зүйтэй юм.

3.5.“Нэхэмжлэгч уг зөрчлийг дангаараа гаргасан гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй” гэх дүгнэлтийн тухайд:

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т төсвийн шууд захирагч нар тухайлан заасан байдаг, 16.4.18-д “Төсвийн бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн” гэж заасан байдаг.

Цэцэрлэгийн эрхлэгч нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн тогтвортой, үнэн, зөв, ил тод, хариуцлагатай байдлыг хангаж, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг мөрдлөг болгон батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүйтэй нь холбогдуулан тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” заасан арга хэмжээг авах нөхцөл бүрдэх хуулийн зохицуулалтай бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой баримт болон нэхэмжлэгчийн зүгээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн баримт зэрэг нь хэрэгт авагдсан байхад үүнд үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийлгээгүй болно.

Нөгөөтэйгүүр цэцэрлэгийн нягтлан бодогчийг цэцэрлэгийн эрхлэгч өөрийн тушаалаар томилж, чөлөөлөх, хуульд заасан сахилгын арга хэмжээ ногдуулах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Иймд маргаан бүхий акт болон уг акт гарах болсон хэрэгцээ шаардлага, маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 476 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

 Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхиж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/09 дугаар акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 дугаартай албан шаардлагыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба уг хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээс тухайн хэсэгт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно.

2.Б.Ц-гийн хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, тус дүүргийн ** дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:  

-Нийслэлийн Засаг даргын 2014 оны Б/148 дугаар захирамжаар Баянгол дүүргийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан Б.Ц-г Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/312 дугаар захирамжаар Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих болон холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлээгүйгээс 18.191.5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан байна.  

Анхан шатны шүүх “хариуцагч нь нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж, дүгнээгүй атлаа чөлөөлөх шийдвэр гаргасан, улсын байцаагчийн акт болон албан шаардлагад дурдсан бүх зөрчил нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй, ажлаас чөлөөлөхдөө нийслэлийн Боловсролын газраас санал аваагүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж тус тус зааснаар төсвийн шууд захирагч нь харьяалагдах дээд шатны төсвийн захирагчтай гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг харьяалах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээ дүгнэхээр зохицуулсан байна.  

Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус зааснаас үзвэл сум, дүүргийн Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэхээр хуульчилжээ.  

Хариуцагч нэхэмжлэгчийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг эхний болон сүүлийн хагас жилээр үнэлээгүй, нийслэлийн боловсролын газраас санал гаргаагүй байхад маргаан бүхий захирамжийг гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолдоо “... үр дүнгийн хэрэгжилт, нийслэлийн Боловсролын газрын санал гэсэн 2 үндэслэл тэгш эрхтэйгээр аль нэг үндэслэл бий болсон байхад сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж болохоор зохицуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа нийслэлийн Боловсролын газрын саналыг авах ёстой байсан гэдэг анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй” гэж дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй юм.  

3.Нийслэлийн Боловсролын газар Б.Ц-тэй 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ЦЭ2018/194 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх бөгөөд Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дүүргийн Засаг дарга нь ажил олгогч тул цэцэрлэгийн эрхлэгчтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй, уг үүргээ хариуцагч биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй атлаа дээрх нийслэлийн Боловсролын газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.  

4.Төрийн албаны зөвлөлөөс 2020  оны 6 дугаар сарын 30-ны өдөр “...зохих хууль, журмын дагуу томилогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхгүй, үргэлжлүүлэн ажиллуулах, сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй” гэх 01/1265 дугаар албан бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн нь төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй, зохих хууль, журмын дагуу томилогдсон цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхгүй, үргэлжлүүлэн ажиллуулах талаар мэдэгдсэн болохоос ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.  

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус зааснаас үзвэл төрийн үйлчилгээний албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна.  

Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 31-01/33 дугаар албан шаардлагыг үйлдсэн атлаа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 31-01/09 дугаар төлбөрийн актыг тавьсан, гаргасан гэх зарим зөрчлийн хувьд анхан шатны баримтын бүрдэл дутуу боловч холбогдох баримт болон гэрчийн мэдүүлгээр ажил, үйлчилгээг хийсэн болох нь нотлогдсон, албан шаардлагад дурдсан 1.785.0 мянган төгрөгийг төрийн санд тухайн өдөр нь төлсөн зэргээс үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж байдал, анх буюу давтан зэргийг харгалзан үзэлгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байх тул маргаж буй актыг зөвтгөх боломжгүй юм.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН