Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 899

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11-73 тоотод оршин суух, Сутайн зүйл овогт Бавуугийн Ариунжаргал /РД:ШГ81022865/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, К-105-58 тоотод оршин суух, Жалбаа овогт Гантөмөрийн Жамъянтавхай /РД:ЖМ79031579/-д  холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бавуу, хариуцагч Г.Жамъянтавхай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар  оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ариунжаргал нь Г.Жамъянтавхайтай 2006 онд гэр бүл болж, бидний дундаас 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Ж.Мичидмаа төрсөн. Миний бие нь 2010 онд Япон улсад суралцахаар яваад өдий хүртэл амьдарч байгаа болно. Энэ хооронд охин Ж.Мичидмаа нь 2014 онд цусны хорт хавдар тусч эх орондоо эмчлүүлж байгаад өвчин нь дахиснаар 2015 онд Япон улс руу явж эмчлүүлэн одоо хүртэл эмнэлгийн хяналтанд байдаг. 2010 оноос эхлэн Г.Жамъянтавхайтай тус тусдаа амьдарч байгаа тул хүүхдээ өөрийн асрамжинд байлгах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

             Хариуцагч Г.Жамъянтавхай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Г.Жамъянтавхай миний бие охин Ж.Мичидмаад өөрийн боломжоороо тусалж дэмждэг. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, охиноо эхийнх нь асрамжид үлдээнэ гэв.

          Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь хариуцагч Г.Жамъянтавхайд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Б.Ариунжаргал, Г.Жамъянтавхай нар нь 2005 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Ж.Мичидмаа төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 5 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

           Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрхээс татгалзсан байх тул  талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, 2010 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

         Охин Ж.Мичидмаа одоо 9 настай  ба эх Б.Ариунжаргалын хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Мичидмааг эх Б.Ариунжаргалын асрамжид үлдээж шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                     ТОГТООХ нь:  

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сутайн зүйл овогт Бавуугийн Ариунжаргал /РД:ШГ81022865/, Жалбаа овогт Гантөмөрийн Жамъянтавхай /РД:ЖМ79031579/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Мичидмааг эх Б.Ариунжаргалын асрамжид үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жамъянтавхайгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгосугай. 

4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА