Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 914

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 9-477 тоотод оршин суух, Дэй овогт Рина Сагановагийн Марина /РД:ЧГ74011363/-ийн хүсэлттэй,

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Марина, гуравдагч этгээд Г.Пагмадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Марина шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү Б.Ариунбаатар нь 2005 оны 02 дугаар сард нас барсан бөгөөд хүүхдүүдийг ээж нь болох Г.Пагмадулам нь 2004 оны 10 сард орхиод явсан байсан тул манай ээж өөр харах хүн алга, би өсгөхөөс өөр арга байхгүй гэж хэлж байсан. Гэтэл миний бие ээж нас барсны дараа 2 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоолгохыг хүсч гэрээ байгуулсан. Энэ үед үрчилж авсан болохыг мэдсэн. Би гадаадад амьдардаг байсан бөгөөд ээж надад үрчлэлтийн тухай огт хэлж байгаагүй. Гэтэл уг захирамж нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар ...ганц бие хүнд хүүхэд үрчлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин Пагамдуламын Ариунжаргал, Пагамдуламын Ариунсүлд нарыг үрчлүүлсэн байна. Хүүхэд үрчилж авахдаа манай ээж тэтгэврийн насны ганц бие байсан бөгөөд миний эцэг Д.Баатаржав нь 1993 онд нас барж түүнээс хойш ээж ганц бие амьдарч байгаад 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаартай захирамжаас Ринад Ариунжаргал, Ариунсүлд нарыг үрчлүүлсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Г.Пагмадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж байна. Үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Пагамдуламын Ариунжаргал, Пагамдуламын Ариунсүлд нарыг миний асрамжид үлдээнэ үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч С.Марина нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Б.Ариунбаатар, Г.Пагмадулам нарын дундаас 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Ариунсүлд, 2003 оны 3 дугаар сарын 09-ний өдөр охин Ариунжаргал нар төрсөн байх ба түүний эцэг Б.Ариунбаатар нь 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэлийн 6823, 6829 дугаартай лавлагаа, 0012809 дугаартай нас барсны гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Б.Ариунбаатар, Г.Пагмадулам нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тул охин Ариунсүлд, Ариунжаргал нар нь эх Г.Пагмадуламаар овоглодог байсан ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 155 дугаартай хүүхэд үрчлүүлэх тухай  захирамжаар охин Ариунсүлд, Ариунжаргал нарын эмэг эх Должингийн Ринад үрчлүүлсэн  байна.

Охин Ариунсүлд, Ариунжаргал нарын үрчлэгч эх Д.Рина нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өвчний улмаас нас барж, насанд хүрээгүй охин Ариунсүлд, Ариунжаргал нарын асран хамгаалагчаар Р.Маринаг томилжээ.

Иймд хүсэлт гаргагч Р.Марина нь гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байх ба тэрээр хүсэлтийн үндэслэлээ ...Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасан ганц бие хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж үрчлүүлсэн, ... охин Ариунсүлд, Ариунжаргал нар нь одоо төрүүлсэн эх Пагмадуламтай хамт Баянгол дүүргийн нутаг давсгэр амьдарч байгаа гэж ... тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар хуульчилжээ.

 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр  төрсөн охин Ариунсүлд, 2003 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Ариунжаргал нарын асран хамгаалагч Р.Марина нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 гудамж, 477 тоотод оршин суудаг боловч охин Ариунсүлд, Ариунжаргал нар нь өөрийн төрсөн эх Г.Пагмадуламын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 28-32 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг харъяалан шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасан ганц бие хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно ... гэжээ.

Үрчлэгч эх Д.Рина нь 1952 онд төрсөн бөгөөд охин Ариунсүлд, Ариунжаргал нарыг үрчлэн авах үедээ ганц бие байсан болох нь Д.Баатаржав, Д.Рина нарын гэрлэлтийн гэрчилгээ, Д.Баатаржавын нас баралтын бүртгэлийн лавлагаа болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлт нь үндэслэлтэй байна.

Мөн гуравдагч этгээд Г.Пагмадулам нь охин Ариунсүлд, Ариунжаргал нарыг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн Р.Маринагийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч, дэмжсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч С.Маринагийн “Б.Ариунбаатар, Г.Пагмадулам нарын дундаас 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Ариунсүлд, 2003 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Ариунжаргал нарыг Д.Ринад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлт нь охин Ариунсүлд, Ариунжаргал нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй гэж дүгнэн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан насанд хүрээгүй охин Ариунсүлд, Ариунжаргал нарыг төрүүлсэн эх Г.Пагмадуламын асрамжид үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Ариунсүлд, 2003 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Ариунжаргал нарыг 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Д.Ринад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Ариунсүлд, 2003 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Ариунжаргал нарыг асран хүмүүжүүлэх эрхийг эх Г.Пагмадуламд шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА