Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 26-34 тоотод оршин суух, Дархан овогт Үржинсүрэнгийн Мөнх-Учрал /РД:ЖЯ84102616/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 86/А-7 тоотод оршин суух, Хатигин овогт Барсболдын Билгүүдэй /РД:УХ90051211/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,086,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнх-Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Мөнх-Учрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Мөнх-Учрал би 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Б.Билгүүдэйд 7,200,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хэрэв зээлдэгч Б.Билгүүдэй нь зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон. Гэвч зээлийн гэрээгээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлдэгч нь үндсэн төлбөр, хүүгийн хамт буцаан төлөх ёстой байсан боловч төлөлгүй гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгасан. Ийнхүү гэрээг сунгах хугацаанд нэг сарын 3 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 15 удаагийн үйлдлээр нийт 470,000 төгрөгийг өгсөн. Гэтэл хариуцагч Б.Билгүүдэй нь зээлийн гэрээний дагуу хүү болон үндсэн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд хариуцагч Б.Билгүүдэйгээс зээлийн гэрээний үндсэн төлбөр 6,770,000 төгрөг, 2,931,000 төгрөгийн хүү, алданги 3,385,000 төгрөг, нийт 13,086,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Мөнх-Учрал нь хариуцагч Б.Билгүүдэйд холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 13,086,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс хариуцагч Б.Билгүүдэйд шүүх хуралдааны товыг нэхэмжлэлд дурдсан болон нэхэмжлэл гардан авахдаа тэмдэглүүлсэн “Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 86/А-7 тоот” хаягаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, 7,200,000 төгрөгийг, 2 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, зээлдэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаж, энэ хугацаанд 1 сарын хүүг 3 хувь байхаар өөрчилжээ.  

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.Мөнх-Учрал нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, алданги төлөхийг  хариуцагч Б.Билгүүдэйгээс шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан  ба энэ хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Билгүүдэй нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт 15 удаагийн үйлдлээр 470,000 төгрөгийг төлсөн тул үүнийг хасч тооцвол үндсэн зээлд 6,770,000 төгрөг, зээлийн хүүнд 2,931,000, төгрөг, алдангид 7,219,500 төгрөг болж байх боловч үндсэн зээлийн дүнгийн 50 хувиар бодож 3,385,000 төгрөг, нийт 13,086,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг тооцож үзвэл: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 7,200,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Энэ гэрээний хувьд 1 сарын хүү 720,000 төгрөгийг 2 сараар тооцвол 1,440,000 төгрөг болж байна.

Талууд зээлийн гэрээний хугацааг 7 сарын хугацаагаар буюу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаж, 1 сарын хүүг 3 хувь болгон өөрчилсөн. Энэ хугацааны хүүг тооцвол 1 сарын хүү болох 216,000 төгрөгийг 7 сараар тооцвол 1,512,000 болж, нийт хүүгийн хэмжээ 2,952,000 төгрөг байна.

Ингээд үндсэн зээл 7,200,000 төгрөг дээр нийт хүү болох 2,952,000 төгрөгийг нэмж тооцвол 10,152,000 төгрөгийг хариуцагч Б.Билгүүдэйн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Билгүүдэйг 15 удаагийн үйлдлээр 470,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ү.Мөнх-Учралын 5037183916 тоот Хаан банкны дансны хуулгаас харахад 12 удаагийн гүйлгээгээр 550,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул нийт гүйцэтгэвэл зохих үүрэг болох 10,152,000 төгрөгнөөс 550,000 төгрөгийг хасч тооцвол 9,602,000 төгрөг байх тул зээлийн гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг буюу нийт төлөх төлбөр 9,602,000 төгрөг гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж, түүний нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар хуульчилсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7 дахь хэсэгт зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байх тул зээлийн гэрээний хугацаа болох 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийт гүйцэтгээгүй үүрэг болох 9,602,000 төгрөгөөс алданги тооцох эрх нэхэмжлэгчид үүснэ.

Үүний дагуу 9,602,000 төгрөгний 1 хоногийн алданги нь 48,010 төгрөг ба үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 226 хоногоор тооцвол 10,850,260 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцвол 4,801,000 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ү.Мөнх-Учрал нь хариуцагч Б.Билгүүдэйгээс зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд нийт  9,602,000 төгрөг, алдангид 4,801,000 төгрөг, нийт 14,403,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 13,086,000 төгрөгөөр тодорхойлсон тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гардуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбараа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлэх үүрэгтэй байсан боловч ирүүлээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Билгүүдэйгээс зээлийн гэрээний үүрэгт нийт  13,086,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Мөнх-Учралд олгохоор шийдвэрлэв.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Билгүүдэйгээс зээлийн гэрээний үүрэгт 13,086,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Мөнх-Учралд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.Мөнх-Учралаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Билгүүдэйгээс улсын тэмдэгтийн хураамжид 223,360  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Мөнх-Учралд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА