Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 337

 

2021         03         15                                   2021/ШЦТ/337

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          хохирогч Ц.Болор-Эрдэнэ,

         шүүгдэгч Ц.Б/өмгөөлөгчгүйгээр оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00235 0195 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Ц.Б , 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбааатар дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Вакум цонхны үйлдвэрт туслах ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Баянбулаг 5 дугаар гудамжны 52а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг.

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Баярсайханы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Баярсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар дүгнэлт /хх-н 22-23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, хохирлын баримт /хх-н 19-20/, хохирогчийн хүсэлт /хх-н 50/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 29-30 нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Баярсайханы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Баярсайханы хохирогчоор өгсөн: “...гадаа хашаанд гарах үед Бат-Оргил жоохон ууртай байхаар нь яасан юу болсон юм бэ гэж асуухад би найз охинтойгоо маргалдсан байна гэж надад хэлсэн. Тухайн үед тайвшруулах гээд ийм юм байдаг ш дээ гэж хэлсэн чинь Бат-Оргил чи юу мэддэг юм бэ гээд миний урд талаас хоёр гараараа заамдаж аваад модон жорлон мөргүүлсэн Тэгэхээр нь би яагаад байгаа бэ гэж асуухад баруун гараараа зүүн шанаа руу цохьсон. Би нүүрээ дараад доошоо болтол хөлөөрөө миний нүүр лүү 4 удаа өшиглөсөн. Би тухайн үед болиоч ээ гэж хэлж байхад найз Д.Билгүүн гарч ирээд юу болоод байгаа гээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-н 12-14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаартай:

1. Э.Баярсайханы биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Бын өгсөн: "...Э.Баярсайхан дахин надад хандан тайвшруулах гэж оролдоход миний уур хүрээд Э.Баярсайханыг заамдаж аваад жорлон руу түлхээд дараа нь нүүр лүү нь 4-5 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Э.Баярсайхан доошоо болоход нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-н 31-34/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай  нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан шийдвэрлэв.

Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс Ц.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг нөхөн төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоэ байгааг харгалзан үзэж тжхайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “...хохирлыг дансаар шилжүүлсэн, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” /хх-н 50/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН