Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА/2022/0714

 

 

 

 

 

 

 

 

       Б.Э, Ж.О нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д.О, Б.Ч

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э, Ж.О

Хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Д.О, улсын байцаагч, дотоод аудитор Б.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 8 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э, Ж.О,

Хариуцагч Б.Ч, Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 122/2022/0002/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Э, Ж.О нараас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Д.О, улсын байцаагч, дотоод аудитор Б.Ч нарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр: 

2.1.“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2.2.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.9.12-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгож” тус тус шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Д.О, Б.Ч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Санхүүгийн баримтад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Н” ХХК-руу шилжүүлсэн 2.000.000 төгрөг, мөн сарын 25-ны өдрийн “ТӨ” ХХК-руу шилжүүлсэн 640.000 төгрөгийн төлбөрийн хүсэлт болон дээрх компаниудаас ирүүлсэн нэхэмжлэх болон Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 347 дугаар тушаалаар баталсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг хөтөлнө.

Өөрөөр хэлбэл “Н” ХХК, “ТӨ” ХХК-д шилжүүлсэн нийт 2.640.000 төгрөгөөр худалдан авсан бараа материалыг дээрх тушаалаар батлагдсан маягт болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.5-д “бүх орлогыг заавал бүртгэнэ”, 14.4.6-д “бүх зардлыг заавал бүртгэнэ” гэж тус тус зааснаар бараа материалаа орлогын бүртгэлд бүртгэж, энэ авсан бараа материалаа зарцуулсан бол зардал бүрээр тухай бүр зардлын бүртгэлд тайлагнах ёстой.

Гэтэл дарга, нягтлан бодогч нар нь дээрх хууль болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас орлого, зардлаар тус тус бүртгээгүй 1.565.900 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоолгосон.  

3.2.Шатахууны зарцуулсан зардлыг Сангийн сайдын баталсан дээрх журмын дагуу НХМаягт Т-4 “Жолоочийн тооцооны хуудсаар” жолооч нь тайлагнаж, үүнийг үнэн, зөв хөтөлснийг нягтлан бодогч нь хянан баталгаажуулж, дарга нь хянадаг.  Гэтэл 2019 он, 2020 оны 1 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд гарсан 4.115.300 төгрөгийн шатахууны зарцуулалтыг жолооч нь тооцооны хуудсанд бичээгүй, мөн дарга, нягтлан бодогч нар нь хянан баталгаажуулах үүргээ биелүүлээгүйн улмаас төсвийн хөрөнгө, төрийн үйл ажиллагаанд үр ашигтай зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй байсан.

3.3.Жолооч нь тооцооны хуудсанд “дарга Б.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 403.4 мянган төгрөгийн, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 530.8 мянган төгрөгийн, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 493.1 мянган төгрөгийн шатахууныг албан томилолтоор Улаанбаатар хотод ажиллахад зарцуулсан” гэж бичигдсэн. Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолын хавсралтад зааснаар “...албан томилолтоор явж байгаа тохиолдолд томилолтын удирдамж, хуудас, илтгэх хуудас, тайлан, төсөв байх ёстой” атал дээрх баримтууд нь байгаагүй болно.

3.4.Шалгалтын явцад дээрх санхүүгийн зөрчлүүд илэрсэн бөгөөд энэ зөрчлүүдтэй холбоотой санхүүгийн баримт, жолоочийн тооцооны хуудас, шатахууны тайлан, томилолтын бүртгэл зэргийг нягтлан бодогч Ж.О-тай нэг бүрчлэн тулгахад холбогдох анхан шатны баримт байхгүй байсныг хүлээн зөвшөөрч, юунд зарцуулсан эсэхээ тайлбарлаж чадаагүй тул бичгээр тайлбар гаргасан.

Миний хувьд жолооч Ч.Ч, Ө.Н, нярав Ж.О нарыг ажлын өрөөндөө дуудаж дээрх санхүүгийн зөрчлийн талаар асууж тодруулахад жолооч нар нь бичгээр тайлбар өгөх боломжгүй гэсэн тул аман байдлаар тайлбар өгсөн, харин нярав бичгээр тайлбар өгсөн.  

3.5.Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13-2/169 дугаар албан бичигт улсын байцаагч нарын тогтоосон 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг бүхэлд нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд тухайн актуудад дурдагдсан үнийн дүнг техникийн алдаа гаргаж бичсэн байхад шүүх дээрх 2 актыг зөрүүтэй гэж үзэн эргэлзэж байгаа нь ойлгомжгүй байна.

3.6.Шүүх албан томилолтын бүртгэл, санхүүгийн улсын байцаагчийн гаргасан шатахууны тооцоолол, нягтлан бодогч Ж.О, нярав Ж.О нарын санхүүгийн улсын байцаагчид бичгээр гаргаж өгсөн тайлбар, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, санхүүгийн баримтад үндэслэж тухайн үед гаргасан улсын байцаагч нарын танилцуулга, албан шаардлага зэргийг үнэлээгүй.

3.7.Санхүүгийн хяналт шалгалтыг хийхдээ Сангийн яамны нэгдсэн системээс мөнгөн хөрөнгөтэй холбоотой бүх хуулга, тайлан зэргийг татан авч санхүүгийн архивлагдсан баримттай тулган шалгах, шалгалтын хугацаанд илэрсэн зөрчлүүдийн талаар нягтлан бодогч, нярав нартай хамт бүх баримтуудаа дахин тулган үзэх зэргээр холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.19.11, 10.12.2-т заасан заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

3.8.Шүүх бүрэлдэхүүн нь шүүх хуралдаан завсарлаж орж ирээд шүүхийн шийдвэрээ танилцуулахдаа түүнийхээ үндэслэлийг тайлбарлаагүй.

Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгч нар гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхиж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ж.О, Б.Э нарын Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Д.О, улсын байцаагч, дотоод аудитор Б.Ч нарт холбогдуулан гаргасан “2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дугаартай дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх “Сангийн сайд 31-01/08, 31-01/09 дугаар актуудыг хянаад хүчингүй болгож шийдвэрлэснээр тухайн актын үйлчлэл зогсож, эрх зүйн үр дагаваргүй болсон тул шүүхээс дахин хүчингүй болгох боломжгүй” гэх дүгнэлтийг хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Үүнийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээс тухайн хэсэгт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно. 

2.“Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд: 

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46 дугаар актаар томилолтын удирдамж, хуудасгүй, албан ажлаар явсан эсэх нь тодорхойгүй, анхан шатны баримтгүйгээр 1427.3 мянган төгрөгийн шатахууны зардлыг, 31-01/47 дугаар актаар “Н” ХХК руу 2000.0 мянган төгрөг, “ТӨ” ХХК руу 640.0 мянган төгрөг тус тус шилжүүлсэн ба НӨАТ-ын баримтаар баталгаажаагүй, анхан шатны баримтгүйгээр зарцуулсан 5.681.2 төгрөгийн зардлыг тус тус Эрүүл мэндийн газрын дарга Б.Э, нягтлан бодогч Ж.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д улсын байцаагч нь хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах бөгөөд аж ахуй нэгж байгууллага, иргэн хууль бусаар орлого олсон, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхдээ мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т зохицуулсан байна. 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгохоор хуульчилсан бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдсан Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 347 дугаар тушаалаар батлагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг хууль бусаар орлого олсон гэж үзэн хохирол болох 7.108.5 төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, зарлагын баримт, томилолтын бүртгэл, буудлын төлбөр төлсөн баримт, вакцин хүлээн авсан тухай мэдээлэх хуудас, ХӨСҮТ-ын вакцины хуудас, зарлагын хуудас, шатахуунтай холбоотой анхан шатны баримтууд, тайлан зэргээс үзвэл маргаж буй актад дурдсан барааг худалдан аваагүй, шатахууныг баримтгүй зарцуулсан гэх үндэслэл үгүйсгэгдэх бөгөөд нэхэмжлэгч нарыг хууль бусаар орлого, эд хөрөнгийг олж авсан гэж үзэхээргүй байна. 

Хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан анхан шатны баримтын бүрдэл дутуу гэх үндэслэлийг үгүйсгэхгүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан баримтын бүрдлийг хангаж, удирдах албан тушаалтан хяналт тавих үүрэгтэй бөгөөд анхан шатны баримтын бүрдэл дутуу гэдэг нь тухайн ажил, гүйлгээг гарсан гэдгийг бүрэн үгүйсгэхгүй, бусад баримтуудаар нотлогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч улсын байцаагч, дотоод аудитор Д.О, Б.Ч нарын давж заалдах гомдлыг ханахгүй орхисугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН