Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 288

 

  2021         03         09                                   2021/ШЦТ/288

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч Б.П /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0182 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Б.П, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын доторхи интерьер засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг Багануур дүүрэг, 05 дугаар хороо, Нарийн 26 дугаар гудамжны  18 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь Эх 39-1963 тоотод түр оршин суух, урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хүртэл хугацаагаар хойшлуулж байсан,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.П нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Чингис зочид буудлын орчим таксигаар үйлчилж байсан иргэн М.Ганбаатарыг төлбөрөө төл гэж хэлсний улмаас түүнийг цамцаар боож, цагдаа дуудлаа гэх шалтгааны улмаас түүний нүүрэнд гараараа  нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Ганбаатар мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед өөрийн тээврийн хэрэгсэлээр таксинд явж байхад Сансарын зүүн талын автобусны буудал дээр нэг залуу гар өргөхөд нь очоод зогстол нөгөө залуу өөрөө миний машины арын суудал дээр суусан...Ингээд нөгөө залуу буух гээд байхаар нь би дүү мөнгөө өг 3000 төгрөг гарсан байна гэж хэлсэн чинь миний хойноос суудлын араас гэнэт цамцтай хамт боосон. Би сандараад өөрийн машины хаалгыг онгойлгоод доош нь гулсаад цамцаа мулталж буугаад амь авраарай гэж орилход хоёр эргүүлийн цагдаа гүйгээд ирсэн...Ингээд нөгөө хоёр цагдаа нөгөө залууг машинаас гаргаад яагаад таксины мөнгөө өгөхгүй байгаа юм гэж хэлсэн чинь нөгөө залуу баруун гарынхаа ар хэсгээр миний нүүр лүү нэг удаа хүчтэй цохиод чи яасан их цагдаа дууддаг пизда вэ гэж орилсон.” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 656 дугаартай:

1. М.Ганбаатарын биед 1 шүдний сулрал, зүүн завьж, дээд уруулын дотор салстад язралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Пгийн өгсөн: "...би тэр М.Ганбаатар гэх хүнийг цохисон болоод л гэмтэл учруулсан...Би эрүүл мэндээрээ хохирч надад цохиулсан М.Ганбаатар ахын хохирлын мөнгийг яаралтай барагдуулан, хоорондоо эвлэрч уучлалт гуйх болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-н 36-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, хохирлын баримт /хх-н 11/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газраас шүүгдэгч Б.Пг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Чингис зочид буудлын орчим таксигаар үйлчилж байсан иргэн М.Ганбаатарыг төлбөрөө төл гэж хэлсний улмаас түүнийг цамцаар боож, цагдаа дуудлаа гэх шалтгааны улмаас түүний нүүрэнд гараараа  нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.П нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Чингис зочид буудлын орчим таксигаар үйлчлүүлээд буух үед нь таксины жолооч М.Ганбаатарыг төлбөрөө төл гэж хэлснийх нь  улмаас түүнийг цамцаар боож, цагдаа дуудлаа гэх шалтгааны улмаас түүний нүүрэнд гараараа  нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Ганбаатарын өгсөн ...нөгөө залуу буух гээд байхаар нь би дүү мөнгөө өг 3000 төгрөг гарсан байна гэж хэлсэн чинь миний хойноос суудлын араас гэнэт цамцтай хамт боосон. Би сандараад өөрийн машины хаалгыг онгойлгоод доош нь гулсаад цамцаа мулталж буугаад амь авраарай гэж орилход хоёр эргүүлийн цагдаа гүйгээд ирсэн...Ингээд нөгөө хоёр цагдаа нөгөө залууг машинаас гаргаад яагаад таксины мөнгөө өгөхгүй байгаа юм гэж хэлсэн чинь нөгөө залуу баруун гарынхаа ар хэсгээр миний нүүр лүү нэг удаа хүчтэй цохиод чи яасан их цагдаа дууддаг пизда вэ гэж орилсон.” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ганбаатарын биед 1 шүдний сулрал, зүүн завьж, дээд уруулын дотор салстад язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Пгийн өгсөн: "...би тэр М.Ганбаатар гэх хүнийг цохисон болоод л гэмтэл учруулсан...Би эрүүл мэндээрээ хохирч надад цохиулсан М.Ганбаатар ахын хохирлын мөнгийг яаралтай барагдуулан, хоорондоо эвлэрч уучлалт гуйх болно. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцэв.

Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Пд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.П  “...хохирогчид баримтаар 375.000 төгрөгийн хохирол учирснаас 580.000 төгрөгийг хохирогч М.Ганбаатарт төлсөн, үлдэгдэл хохирлын мөнгийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулна” /хх-н 49/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

            1. Б.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Пд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Пд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН