| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0343/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/386 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/386
2021 03 23 2021/ШЦТ/386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч К.Чимгээ /томилолтоор/,
Хохирогч Э.Баасанхүү,
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гд холбогдох 2006 04526 0203 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 7 дугаар гудамжны 165 тоотод оршин суух, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 585 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.00 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, М овогт Тын Г /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Т.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 7 дугаар гудамжны 165 тоотод иргэн Э.Баасанхүүгийн зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн тохой, баруун зүүн алганд зулгаралт гэмтлүүдийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гантулгын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Баасанхүүгийн өгсөн: “... 11 дүгээр сарын 11-ний өдөр Гантулгын гэрт очоод 3 хоногийн дараа 11 дүгээр сарын 14-ний орой зодуулаад гэрээс нь гарсан. Тэр үед хар экс, Эдэн гэх нэртэй архи уусан. Өдөр нь тоглож, хоол унд хийж идээд хэрүүл шуугиангүй байж байгаад орой нь хэрэлдсэн. Миний нүүрний хажуу тал руу гараараа цохиод одоо болтол хавдартай байна. Цохиулсан талын нүд цохиогүй талаасаа ялгаатай харагддаг болсон. Тухайн үед шүүх эмнэлгийн эмч намайг томографын зураг авхуул гэж хэлсэн боловч мөнгөгүй байсан учраас зураг авхуулж чадаагүй. Шүүгдэгч өчигдөр орой л надтай хүн шиг ярьсан. Чи аавыг минь мэднэ биз дээ гомдолгүй гээд хэлчих гэж гуйхаасаа өмнө өөрийн Алдар, Тамир нэртэй найзуудаа залгуулж дарамталдаг байсан. Тэр хүмүүс хэрэг болох үед байгаагүй хэр нь өргөдлөө татаж ав гэж хэд хэдэн удаа шахаж дарамталсан. Би боломжтой бол нүдээ үзүүлэх хүсэлтэй байна. Би эмнэлэгт үзүүлээгүй... Хараанд өөрчлөлт орсон зүйл байхгүй... Би аль алиас нь болсон гэж бодож байна. Надад буруу байгаа гэж бодож байна. Хэдий намайг цохисон боловч тэр үед айлд очоогүй бол ийм зүйл болохгүй байсан... Намайг цохисны дараа би алгадсан. Намайг нэлээн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баасанхүүгийн өгсөн: “... Би Тын Гтай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр анх танилцсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Гантулгын гэр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Хуучин эцэс Дарь-Эх захын хойд талд байх гэрт очсон. Гэрт нь очиж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 0.75 литрийн савлагаатай архи хар өнгийн Архи нэртэй архинаас 5-6 шилийг, 0,75 литрийн савлагаатай Эден архи 2 шилийг уусан. Тухайн үед Гантулгын гэрт найз Дүүрээ, Ариука нар ирсэн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим Т.Г баруун гараараа миний зүүн нүд рүү 2 удаа цохиж, зүүн гараараа миний баруун хацар луу 5-6 удаа алгадаж, баруун хэсэг рүү 2 удаа цохисон. Хөлөөрөө нуруу луу 3-4 удаа өшиглөсөн... Тухайн үед Т.Г намайг зодож байхад Ариука салгасан ба Дүүрээ нь хараад хэвтэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ариунжаргалын өгсөн “... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 7-165 тоотод Гантулгын гэрт Дүүрэнжаргалын хамт очсон. Тэгээд Гантулгын гэрт үл таних эмэгтэй хүн байсан ба өөрийгөө Баасанхүү гэж байсан. Тэгээд Гантулгын гэрт бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 3 хонож байхад буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний орой бид нарыг байж байхад Баасанхүү аль гараараа гэдгийг санахгүй байна, Гантулгын нүүр лүү нь 1 удаа алгадсан. Тэгтэл Г нэг гараараа Баасанхүүгийн нүүр лүү 1 удаа алгадаад нөгөө гараараа Баасанхүүгийн цээж рүү түлхээд Баасанхүү ор луу унасан. Баасанхүү унахдаа биеийн аль хэсгээрээ унасныг би анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Наранбямбын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13164 дугаартай:
“Э.Баасанхүүгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн тохой, баруун, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Гантулгын яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 12-ы өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг 27-р хороо, Сэлбийн 7-165 тоотод найз Ариунжаргал Дүүрэнжаргал, зүс таних Баасанхүү нартай хамт архи ууцгаасан. Олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хэр их архи ууснаа сайн мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн орчим Баасанхүү над руу ойртоод, надтай унтах гээд байхаар нь би өөрөөсөө холдуулах гэтэл, над руу улам ойртоод байсан юм. Тэгтэл Баасанхүү баруун гараараа миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зүүн гараараа Баасанхүүгийн нүүр лүү нь 1 удаа алгадаад, баруун гараараа Баасанхүүг түлхэхэд Баасанхүү ор луу уначихсан. Тэгээд Баасанхүүтэй хэрэлдэж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 04 цагийн орчим би Баасанхүүд 20.000 төгрөг өгөөд Баасанхүүг гэр лүүгээ харь гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх.33/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 7 дугаар гудамжны 165 тоотод иргэн Э.Баасанхүүгийн зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуя баруун өвдөгт цус хуралт, зүүн тохой, баруун, зүүн алганд зулгаралт гэмтлүүдийг учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баасанхүүгийн өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим Т.Г баруун гараараа миний зүүн нүд рүү 2 удаа цохиж, зүүн гараараа миний баруун хацар луу 5-6 удаа алгадаж, баруун хэсэг рүү 2 удаа цохисон. Хөлөөрөө нуруу луу 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ариунжаргалын өгсөн “... 2020 оны 11 дүгээр сарын 14-ний орой бид нарыг байж байхад Баасанхүү аль гараараа гэдгийг санахгүй байна, Гантулгын нүүр лүү нь 1 удаа алгадсан. Тэгтэл Г нэг гараараа Баасанхүүгийн нүүр лүү 1 удаа алгадаад нөгөө гараараа Баасанхүүгийн цээж рүү түлхээд Баасанхүү ор луу унасан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Наранбямбын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13164 дугаартай:
“Э.Баасанхүүгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн тохой, баруун, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Гантулгын яллагдагчаар өгсөн: “... Баасанхүү баруун гараараа миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зүүн гараараа Баасанхүүгийн нүүр лүү нь 1 удаа алгадаад, баруун гараараа Баасанхүүг түлхэхэд Баасанхүү ор луу уначихсан...” гэх мэдүүлэг /хх.33/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Баасанхүүгийн өгсөн: “... Миний нүүрний хажуу тал руу гараараа цохиод одоо болтол хавдартай байна. Цохиулсан талын нүд цохиогүй талаасаа ялгаатай харагддаг болсон... Намайг нэлээн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Баярсайханы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Т.Гантулгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Гантулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Э.Баасанхүү нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Гас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Т.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Гд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. М овогт Тын Гантулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Гд сануулсугай.
4. Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Э.Баасанхүү нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Гас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР