Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/356

 

 

 

 

 

 

2021         03          17                                      2021/ШЦТ/356

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Цо.Батболд,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Нид холбогдох 2106 00000 0335 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймагт 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Акалико Монголиа” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1 дүгээр байрны 10 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, И аовогт Бын Н /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Н нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар хотхоны 1 дүгээр гудамжны 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Сувд-Эрдэнэтэй “зээ хүүхдээ гэрээс авч явсангүй” хэмээн маргалдаж, улмаар түүний нүүр, толгойн хэсэг газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Сувд-Эрдэнийн өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар хотхоны 1-10 тоотод гэртээ байхад өөрийн охин Саруултуяагийн нөхөр Нтой өөрийн зээ хүүгээс болж маргалдсан. Ад үзэж, золбин шээс гэх мэтээр харааж зүхээд байхаар нь өмөөрөхөд, дуугүй бай, миний гэр орон гэх мэтээр хэрэлдсэн. Тэгээд миний нүүр болон толгой руу цохисон. Орон дээр унагаагаад миний толгой нүүргүй цохиж хутга барьж авах гээд байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, архи уугаагүй байсан ч их догшин ширүүн, хэрүүл зодоон хийдэг хүн байгаа юм...Надад гомдол, санал зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10-11, 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Саруултуяагийн өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орой манай нөхөр Б.Н нь гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд манай гэрт нөхөр, хоёр хүүхэд, манай дүү Б.Гэрэлтуяагийн хүүхэд Балжинням /3 настай/ бид нар байсан ба охин Нарансолонго, Балжинням нь тоглоод сууж байсан юм. Ээж Х.Сувд-Эрдэнэ нь Балжиннямыг авахаар орж ирсэн. Тэр үед манай нөхөр Б.Н нь ээж Х.Сувд-Эрдэнэд “Балжиннямыг аваад ор” гэж хэлсэн чинь ээж Х.Сувд-Эрдэнэ нь Б.Нид “чи адилхан хүүхэдтэй байж яагаад хүүхэд загнаад байгаа юм” гэж хэлээд л тэр хоёр хэрүүл, маргаан хийж эхэлсэн. Х.Сувд-Эрдэнэ нь Б.Нийн цээж, хүзүү хэсгийг нь маажсан ба Б.Н нь ээжийн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон юм. Би Б.Нтой 2015 онд анх танилцаж, 2017 онд гэрлэлтээ батлуулж хуримаа хийсэн. Дундаасаа 2 хүүхэдтэй, Б.Н нь хааяа баяр ёслолоор, найз нөхөдтэйгөө л ганц нэг удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд байнга тогтмол хэрэглэдэггүй юм. Б.Н нь ааш, авир гаргаад байдаггүй, даруухан дөлгөөн ааш зантай...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нийн яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 1-10 тоотод эхнэр Б.Саруултуяа, хүүхэд Нандинсолонго 1 сартай, Гэрэлтуяагийн хүүхэд Балжинням 3 настай, эрэгтэй нарын хамт байсан. Тэгээд гаднаас хадам Х.Сувд-Эрдэнэ орж ирэхээр нь Балжиннямыг гэр рүүгээ авч орох талаар хэлсэн чинь Х.Сувд-Эрдэнэ хүүхэд дандаа хөөж байх юм гэж хэлээд л маргасан юм. Тэгээд над руу дайраад байхаар нь би гэрээс гарах талаар хэлсэн чинь чи гэрээсээ хөөдөг хэн бэ гэж хэрэлдэж маргалдаад улмаар миний хүзүү хумсаараа маажихаар нь нүүрэн тус газар руу 1 удаа ор луу түлхэнгээ цохисон. Тэгээд л Цагдаагийн алба хаагч нар орж ирсэн юм...”гэх мэдүүлэг /хх-37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1649 дугаартай:

  1. Х.Сувд-Эрдэнийн биед баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-24/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Н нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар хотхоны 1 дүгээр гудамжны 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Сувд- Эрдэнэтэй “зээ хүүхдээ гэрээс авч явсангүй” хэмээн маргалдаж, улмаар түүний нүүр, толгойн хэсэг газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Сувд-Эрдэнийн өгсөн: “... Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар хотхоны 1-10 тоотод гэртээ байхад өөрийн охин Саруултуяагийн нөхөр Нтой өөрийн зээ хүүгээс болж маргалдсан. Ад үзэж, золбин шээс гэх мэтээр харааж зүхээд байхаар нь өмөөрөхөд, дуугүй бай, миний гэр орон гэх мэтээр хэрэлдсэн. Тэгээд миний нүүр болон толгой руу цохисон. Орон дээр унагаагаад миний толгой нүүргүй цохиж, хутга барьж авах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11, 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Саруултуяагийн өгсөн: “... Б.Н нь ээжийн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нийн яллагдагчаар өгсөн: “... Х.Сувд-Эрдэнэ хүүхэд дандаа хөөж байх юм гэж хэлээд л маргасан юм. Тэгээд над руу дайраад байхаар нь би гэрээс гарах талаар хэлсэн чинь чи гэрээсээ хөөдөг хэн бэ гэж хэрэлдэж маргалдаад улмаар миний хүзүү хумсаараа маажихаар нь нүүрэн тус газар руу 1 удаа ор луу түлхэнгээ цохисон...”гэх мэдүүлэг /хх-37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1649 дугаартай:

  1. Х.Сувд-Эрдэнийн биед баруун доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Нийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Нийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Х.Сувд-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Х.Сувд-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Нийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Нид эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Нид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. И аовогт Бын Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Нид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Нид сануулсугай.

          5. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Сувд-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР