Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 0096

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би,  Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 6/2, Од Плаза төв-406 тоот “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “*******” ТББ-ийн захирал *******д /МФ-/ холбогдох мини трактор, дүүжин агрегатны үнэ 10.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар  сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ний захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ТББ-ийн захирал ******* нь 2015 оны 05 сарын 29-ны өдөр 2015/Д/2 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан “*******” ХХК-наас 8.000.000 сая төгрөгийн үнэтэй Беларус мини тракторыг 7 ширхэг дүүжин агрегатын хамт зээлээр худалдан авсан юм. Худалдан авагч нь уг тракторыг зээлээр авахдаа ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөөгүй бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1-д зааснаар сар бүр үндсэн төлбөрийн үнийн дүнгийн 1 хувиар хүү тооцон нийт 9.200.000 төгрөгийг ажлын 470 хоногт багтаан 2016 оны 09 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээний 3.3-д зааснаар хэрэв төлбөрөө хугацаандаа нь төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх сүүлчийн өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээг байгуулсан билээ. Гэтэл ******* нь гэрээний зүйл болох мини трактор, агрегатуудыг гэрээний хугацаанд хүлээн авсан атлаа гэрээгээр хүлээсэн худалдан авагчийн үүргээ огт биелүүлээгүй учир үндсэн төлбөрт 8.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон 2015 оны 05 сарын 29-ны өдрөөс 2016 оны 09 сарын 30-ны өдөр хүртэлх 16 сарын хугацааны хүү төлбөрт 1.200.000 төгрөг, үндсэн төлбөр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн 150 хоног тутамд тооцох 0.1 хувийн алданги төлбөрт 1.200.000 төгрөг нийт 10.400.000 төгрөг гаргуулж “*******” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: “*******” ТББ-ийн захирал ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь “*******” ХХК-ний нэхэмжилж буй 10.400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХХК-нь “Эрчимт Номун” ТББ-ийн захирал *******гаас мини трактор, дүүжин агрегатны үнэ 10.400.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Эрчимт Номун” ТББ-ийн захирал ******* нь “*******” ХХК-ний нэхэмжилж буй мини трактор, дүүжин агрегатны үнэ 10.400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан  журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул “Эрчимт Номун” ТББ-ийн захирал *******гийн төлөх улсын тэмдэгтийн  хураамж 181.350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй “Эрчимт Номун” ТББ-ийн захирал *******д холбогдох мини трактор, дүүжин агрегатны үнэ 10.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, “Эрчимт Номун” ТББ-ийн захирал *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 90675 төгрөг, орон нутгийн орлогоос 90675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д  тус тус олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА