Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/393

 

 

 

 

 

 

    2021        03         24                                     2021/ШЦТ/393

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Хохирогч А.Чинзориг,

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Бд холбогдох 2106 00039 015 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 5 дугаар гудамжны 57 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Өийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.Б нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг өмөөрч хохирогч А.Чинзоригийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Чинзоригийн өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр гэртээ найзуудтай засвар хийж байсан. Би өмнө нь шүүгдэгчийг таньдаггүй байсан. Надтай хамт засвар хийж байсан найзын минь найз гэж хүн ирсэн. Намайг нойлд сууж байх хойгуур нутгийн минь залуу гээд найз минь дуудсан байсан. Нутгийн залуу гэх хүн нь хоёроос гурван хүн дагуулж орж ирсэн. Тэр хүмүүс архитай манай гэрт орж ирсэн. Тэр хүмүүс хоорондоо морь ярьж байгаад маргалдсан. Би морь мэдэхгүй учраас маргаанд оролцоогүй. Би амьдралдаа зодоон хийж үзээгүй. Би зодооныг нь салгахаар оролцсон. Би шүүгдэгчийг огт танихгүй, өмнө нь уулзаж үзээгүй байхад гэрийн минь эд хогшлыг эвдэн барин намайг зодсон. Айлын гэрт орж ирчхээд ширээ хугалаад, тогоо шанага эвдээд, үүдний хаалга цөмлөж маш танхай балмад авирласан. Шүүгдэгч надаас зургаагаас долоо дүү залуу хүн байж маш танхай балмад. Миний хоёр нүд, толгой тархи руу цохисон.  Би цохиулсан даруйдаа нокаут, шокт орсон. Би өрх толгойлсон 2 хүүхдийн эцэг хүн маш их гомдолтой байна. Би хэргээс болж 1 сар ажилдаа явж чадаагүй. Би эмнэлгээр явж хагалгаа оношилгоо хийлгэх гэсэн боловч шүүгдэгч надтай холбоо бариагүй. Эмнэлгээс нүдний хагалгаанд яаралтай 6 сарын хугацаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Миний хамар хугарсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Чинзоригийн өгсөн: “... тухайн үед бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг зодсон өндөр биетэй болон Цогоогийн дүү гэх эрэгтэй нь нэг хүн буюу одоо бол Б, би өмнө өгсөн мэдүүлэг дээр хоёр хүн болгож мэдүүлэг өгсөн нь сайн санахгүй байсан болохоор тэгсэн байх...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Лэгдэгийн өгсөн: “... Чинзоригийн гэрт очиход тэнд архи уугаад сууж байсан тэр үед Бат хохирогч Чинзоригийн найз гэх залуутай маргалдсан чинь Чинзориг найзыгаа өмөөрч Батыг цохисон чинь Б Батыг өмөөрч Чинзоригийн нүүр хэсэгт нь цохисон, тэгэхдээ би хэдэн удаа цохисныг бол хараагүй. Харин 3 хоногийн дараа Б өөрөө бас Чинзоригийг зодсон гэж цагдаад мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13347 дугаартай:

“1. А.Чинзоригийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хоёр зовхи хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шзрх духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Бы яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Чинзоригийн гэрт хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хоорондоо маргалдан би хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Би өөрийн хийсэн хэргээ бол бүрэн дүүрэн хүлээж байна миний буруу... Хэрэг гарах үед бол хажууд хүмүүс байсан тэгэхдээ бол тэр хүмүүс хохирогчийг цохиж зодсон зүйл байхгүй би л ганцаараа хохирогчийг зодож шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарган хөнгөн зэргийг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ө.Б нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг өмөөрч иргэн А.Чинзоригийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Чинзоригийн өгсөн: “... Намайг зодсон өндөр биетэй болон Цогоогийн дүү гэх эрэгтэй нь нэг хүн буюу одоо бол Б...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Лэгдэгийн өгсөн: “... Чинзориг найзыгаа өмөөрч Батыг цохисон чинь Б Батыг өмөөрч Чинзоригийн нүүр хэсэгт нь цохисон, тэгэхдээ би хэдэн удаа цохисныг бол хараагүй. Харин 3 хоногийн дараа Б өөрөө бас Чинзоригийг зодсон гэж цагдаад мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13347 дугаартай:

“1. А.Чинзоригийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хоёр зовхи хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шзрх духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Бы яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Чинзоригийн гэрт хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хоорондоо маргалдан би хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.37/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Чинзоригийн өгсөн: “... Миний хоёр нүд, толгой тархи руу цохисон.  Би цохиулсан даруйдаа нокаут, шокт орсон... Миний хамар хугарсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ө.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Хохирогч А.Чинзориг нь эмчилгээний зардлын 135.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн, шүүгдэгч Ө.Б 300.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ө.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдэв.

Ө.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Х овогт Өийн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ө.Бд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Бд сануулсугай.

4. Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Хохирогч А.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР