| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1957/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/403 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/403
2021 03 25 2021/ШЦТ/403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Б.Тулга,
Хохирогч Ч.Наранхүү, түүний өмгөөлөгч Д.Халзан /ҮД:1100/,
Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл /ҮД:2601/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Б.Хд холбогдох 2006 03173 2399 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймагт 1982 оны 06 сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Max импекс 16 дугаар байрны 08 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,
Төв аймгийн Шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Х овогт Б Х /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Х нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Наранхүүтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт барилгын ажилд ашигладаг алхаар цохиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хы өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Наранхүүгийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бид нар ажилдаа өглөө эрт ирсэн байхад манай машин ирээгүй байсан. Тэгэхээр нь бид нар суугаад хүлээсэн бөгөөд 7 цагийн үед машин ирсэн. Машин ирэхэд бид хувцсаа өмсөөд гарсан. Энэ үед шатны голд зодоон болж байхыг харсан. Манай дүү Насанхүү мужаан нарын туслахуудыг барьж аваад зодолдож байсан. Тэгэхээр нь би очин зодолдож байсан хүмүүсийг салгасан. Намайг очиход барилгын инженер Энхбаяр, хөдөлмөр хамгааллын инженер Цэвэлмаа нар байсан. Бетоны ажил эхлээгүй байхад зодоон болсон. Намайг Насанхүүг аваад доод давхар луу буух гэтэл Х төмөр авч, бүгдийг нь ална гээд намайг ирж алхаар цохисон. Тэгээд би эмнэлэг явахаар ажлаасаа чөлөө аваад явсан. Эмчилгээний зардалд баримтаар 397.500 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Наранхүүгийн өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өглөө ... тэгээд дүүгээ аваад доошоо буух гэж байтал мужааны бригадын дарга Х гэдэг хүн алх бариад хүрч ирээд “пизда нар ална, битгий давраад байгаарай” гээд ... би дүүгээ хамгаалах гээд байж байтал миний нүүр лүү алхаараа нэг удаа цохисон... өмнө нь бид хоёр ажлаас болоод 2 удаа маргалдаж байсан, гэхдээ зодоон болж байгаагүй. Өнөөдрийн хувьд Х өмнөх явдалдаа өсөрхөөд намайг алхаар цохисон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.10-13/,
“... шууд над дээр хүрч ирээд нүүрэн тус газар алхаар цохисон...” гэх мэдүүлэг /хх.154/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хы гэрчээр өгсөн: “... Хэрэг гардаг өдөр Наранхүүгийн дүү Насанхүүгийн гартаа барьсан бай арматурын төмрөөр хохирогч Ч.Наранхүүгийн нүүрэн тус газарт 1-2 удаа цохисон. Би уг нь санаатай Наранхүүг цохиогүй барьцалдаж аваад салгах гэж байгаад цохисон...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Насанхүүгийн өгсөн: “...Х гэх казак Наранхүү ахын нүүр хэсэгт барилгын алхаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.21/,
“... Б.Х гэх залуу мужааны алхаа бариад Ч.Наранхүү ах бид хоёрыг ална гээд орилоод гүйж ирээд манай ахын хамар луу гартаа барьж байсан мужааны алхаар цохичихсон...” гэх мэдүүлэг /хх.180-182/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаярын өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ байсан. Тухайн өдөр манай барилгын мужааны бригадын хүнтэй арматурын бригадын Насанхүү маргалдаад байх шиг байсан. Насанхүүгийн ах Наранхүү нь дүүгээ салган авч байсан. Тэр үед мужааны бригадын Х гэдэг эрэгтэй Наранхүүгийн нүүрэнд алхаар нэг удаа цохиход Наранхүү нүүрээ гараараа дараад шатны доошоо бууж явсан. Би өөр зүйл мэдэхгүй. Намайг харахад Х Наранхүүгийн нүүрэнд алхаар нэг удаа цохиж байсан. Өөр хүн Наранхүүг цохиж зодож байгааг хараагүй...” гэх мэдүүлэг /хх.22-23/,
“... Насанхүү, Батхүрэл нар хоорондоо маргалдаад барьцалдаж аваад байсан. Хүмүүс очоод салгасан. Насанхүү Хыг үгээр идэж төмөр аваад дохих үйлдэл хийсэн. Х ажил хийгээд явж байснаа алхаараа Насанхүүг цохих гэсэн, Наранхүү араас нь тэвэрсэн байж байгаад Хы цохисон төмөр алханд оногдсон. Наранхүүгийн хамраас цус гараад хамраа дараад доошоо буусан. Юу гэж хэлж байсныг нь санахгүй байна. Насанхүүтэй маргалдаад байсан. 50 см урттай, хадаас сугалдаг төмөр алх байсан. Цэвэлмаа ойр харж байсан. Мужааны бригадынхан байсан. Харж байхад Насанхүүтэй маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх.156/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Цэвэлмаагийн өгсөн: “... мужааны бригадын дарга Х, арматурын бригадын дарга Наранхүүгийн нүүрэнд нь алхаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.24-26/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8003 дугаартай:
“1.2. Ч.Наранхүүгийн биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн этмойд хөндий, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Түвшинсайханы “...Барилгын хашааны гадна Наранхүүтэй таарахад хамраас нь цус гарсан байсан. “Юу болсон юм” гэхэд Наранхүү “Х цохичихлоо” гэж хэлсэн. “Та нар юу булаацалдаад маргаад байдаг юм” гэж хэлсэн. Наранхүү эмнэлэг орж янзлуулсан. Тухайн өдөр хүмүүсийн цалинг тавиад явуулсан. Наадмын дараа Х хэлэхээр нь “хоорондоо учраа олж чадахгүй, ийм асуудал дээр” гэж хэлээд явсан. “Хоорондоо маргалдсан” гэж надад хэлж байсан. Сүүлд шүүхээр орсон гэж мэдсэн. Х, Наранхүү нар ажлаас болж өмнө нь маргалдаж байсан. Би хоёулыг нь дуудан авчирч байгаад “яагаад маргалдаад байдаг юм, хоорондоо эвтэй бай” гэж хэлээд гаргаж байсан. Наранхүү эрүүл байх шиг байсан. Ажлын хүмүүс Насанхүүг согтуу байсан гээд байсан. Цэвэлмаа, Насанхүү нар хувийн харилцаатай талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.158-159/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Батхүрэлийн “... Наранхүүгийн хамар орчмоос нь цус гарсан байсан. Доошоо буугаад явсан... Би сайн мэдэхгүй байна. Би хол зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.165/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваасүрэнгийн “... Маргаж эхлэхэд байгаагүй. Дууссан байхад нь очсон...” гэх мэдүүлэг /хх.167-168/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхболдын “... сүүлд нь очсон болохоор мэдэхгүй байна. Намайг сүүлд нь очиход бүгд босоо байсан...” гэх мэдүүлэг /хх.170/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хы яллагдагчаар өгсөн: “... Наранхүү миний араас ирж намайг барьж аваад надтай ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх.39-42/,
“... 2020 оны 04 дүгээр сард ажлын асуудлаас болж Наранхүүтэй маргалдаад хэл амаар доромжилж хасгийн шээс гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.174-175/,
Хохирлын баримтууд /хх.8/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Х нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Наранхүүтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт барилгын ажилд ашигладаг алхаар цохиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Наранхүүгийн өгсөн: “... би дүүгээ хамгаалах гээд байж байтал миний нүүр лүү алхаараа нэг удаа цохисон... Өнөөдрийн хувьд Х өмнөх явдалдаа өсөрхөөд намайг алхаар цохисон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.10-13/,
“... шууд над дээр хүрч ирээд нүүрэн тус газар алхаар цохисон...” гэх мэдүүлэг /хх.10-13, 154/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Насанхүүгийн өгсөн: “... Х гэх казак Наранхүү ахын нүүр хэсэгт барилгын алхаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.21/,
“... Б.Х гэх залуу мужааны алхаа бариад Ч.Наранхүү ах бид хоёрыг ална гээд орилоод гүйж ирээд манай ахын хамар луу гартаа барьж байсан мужааны алхаар цохичихсон...” гэх мэдүүлэг /хх.180-182/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаярын өгсөн: “... Насанхүүгийн ах Наранхүү нь дүүгээ салган авч байсан. Тэр үед мужааны бригадын Х гэдэг эрэгтэй Наранхүүгийн нүүрэнд алхаар нэг удаа цохиход Наранхүү нүүрээ гараараа дараад шатны доошоо бууж явсан. Би өөр зүйл мэдэхгүй. Намайг харахад Х Наранхүүгийн нүүрэнд алхаар нэг удаа цохиж байсан. Өөр хүн Наранхүүг цохиж зодож байгааг хараагүй...” гэх мэдүүлэг /хх.22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Цэвэлмаагийн өгсөн: “... мужааны бригадын дарга Х, арматурын бригадын дарга Наранхүүгийн нүүрэнд нь алхаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.24-26/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8003 дугаартай:
“1. Ч.Наранхүүгийн биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн этмойд хөндий, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Түвшинсайханы “... Барилгын хашааны гадна Наранхүүтэй таарахад хамраас нь цус гарсан байсан. “Юу болсон юм” гэхэд Наранхүү “Х цохичихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.158-159/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Батхүрэлийн “... Наранхүүгийн хамар орчмоос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.165/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Наранхүүгийн өгсөн: “... Намайг Насанхүүг аваад доод давхар луу буух гэтэл Х төмөр авч, бүгдийг нь ална гээд намайг ирж алхаар цохисон...” гэх мэдүүлэг, зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хы өгсөн: “... би хэнийг ч цохиж, гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг, мөн “мөрдөн байцаалтад цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэрэг нь дээрх нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэн няцаагдана.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаярын өгсөн: “... Х ажил хийгээд явж байснаа алхаараа Насанхүүг цохих гэсэн, Наранхүү араас нь тэвэрсэн байж байгаад Хы цохисон төмөр алханд оногдсон...” гэх мэдүүлэг /хх.156/-т дурдсан нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.Хы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Ч.Наранхүүгийн баримтаар нэхэмжилсэн 397.500 төгрөгийг шүүгдэгч Б.Хаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогч Ч.Наранхүү нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Хаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Хы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Хд оногдуулсан 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Х овогт Б Хыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Хд оногдуулсан 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Хд сануулсугай.
5. Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаас 397.500 төгрөг гаргуулж хохирогч Ч.Наранхүүд олгосугай.
7. Хохирогч Ч.Наранхүү нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Хаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР