Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 74

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01737/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 279 дүгээр шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Есүд овогтой Д-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд холбогдох,

          “Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б-ээс:

Би 13 жил дотуур байрны багшаар ажиллаж байхдаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж, арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  Б/83 тоот тушаал гаргаж намайг ажил үүрэгтэйгээ холбогдсон шаардлагыг цаг хугацаанд бүрэн хангаж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэсэн тухай мэдээ тайлан тухай бүрд нь гаргаж холбогдох ажилтанд хүргүүлээгүй гэсэн шалтгаанаар сануулах арга хэмжээ авсан. Мөн 10 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-нд Б/86 тоот тушаал гарган машины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгууллагад 3 сая төгрөгийн хохирол учруулсан гэж цалинг минь 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж арга хэмжээ авсныхаа дараа мөн 10 хоноод хөдөлмөрийн гэрээ ажлын байранд тавих шаардлага биелүүлээгүйгээс оюутны байранд замбараагүй байдал бий болсон байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан гэж 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Б/88 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Захирлын дээрх 3 тушаалд дурдагдсан зөрчлүүдийг би гаргаагүй зохих ёсоор ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Захирал Н.Баярсүх хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргаж арга хэмжээ авагдсан байдал харагдуулахын тулд 10 хоногийн зайтай тушаал гаргаж ямар хохирол учруулсныг шалгаж тогтоохгүйгээр удаа дараа арга хэмжээ авсан тушаал гаргасан. Энэ арга хэмжээнүүдийг би огт зөвшөөрөхгүй. Би ямар нэг буруутай үйлдэл хийгээгүй. Иймд Б/83, Б/86, Б/88 тушаалуудыг хүчингүй болгож ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс:

Д.Б-т хүлээлгэсэн ХААИС-ийн УГТХ-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний Б/83, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний Б/86 тоот сахилгын шийтгэл давхардан авагдаагүй сануулах арга хэмжээ ажлын байранд заасан үүргийн биелэлт муу, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, ажлаа хөсөрдүүлдэг гэсэн шалтгаанаар авагдсан бол цалингийн 20 хувь бууруулсан сахилгын шийтгэл нь harrier авто машинтай холбоотой байгууллагад 3.152.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон тул ногдуулсан арга хэмжээнүүд юм. Тухайн үед Д.Б- дээрх сахилгын шийтгэлүүдийг хүлээн зөвшөөрч холбогдох байгууллагад гомдол гаргаагүй гэдгийг анхаарч үзнэ үү.  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/88 тоот  тушаал   нь байрны багшийн орон тоон дээр ажиллаж аж ахуйн менежерийг хавсран гүйцэтгэж байсан Д.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан болно. Байрны багш Д.Б- нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангалтгүй биелүүлж, хариуцлагагүй ханддагаас байранд эмх замбараагүй байдал бий болж архидалт оны ялгаа бие биенээ дарамтлах үзэгдэл газар авахад ямар ч арга хэмжээ авч байгаагүй сургуулийн захиргаанаас мэдээллийг нуудаг байсан нь хэрэг гарахад хүргэсэн. Энэ тухай аймгийн Прокурорын албан бичиг болон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчийн мэдэгдэлд ч дурдсан. Мөн Д.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь дээрх хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд харуулж байна. Энэ мэтчилэн байрны багш Д.Б-ийн ажлын хариуцлага алдсанаас үүдэлтэй сургуулийн нэр хүнд байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөхүйц асуудлууд гаргасан гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Хөдөө аж ахуйн их сургууль Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/83 дугаартай тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/86 дугаартай “Арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгож,

             Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Б-ийн гаргасан Хөдөө аж ахуйн их сургууль Ургамал газар тариалангийн хүрээлэнд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б- тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч байна. Шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд холбогдуулан тус хүрээлэнгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/83, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/86 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч Д.Б-ийг ажлын хариуцлага алдсанаас үүдэлтэй сургуулийн нэр хүнд байгууллагын соёлд сөргөөр нөлөөлөхүйц асуудлууд гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл:

Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд холбогдуулан тус хүрээлэнгийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 25-ны  өдрийн Б/44 тоот тушаалаар Д.Б-ийг байрны багшаар томилсон. 

Нэхэмжлэгч Д.Б- нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн байрны багшаар ажиллаж байсан нь тус хүрээлэнгийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 25-ны  өдрийн Б/44 тоот тушаал, /хэргийн 46-47 дугаар хуудас/ мөн тус сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хэргийн 9-12 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  Б/83 тоот тушаал гаргаж сануулах арга хэмжээ, 2016 оны 11 дүгээр сарын 04-нд Б/86 тоот тушаал гарган 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулж арга хэмжээ авсныхаа дараа хөдөлмөрийн гэрээ ажлын байранд тавих шаардлага биелүүлээгүйгээс оюутны байранд замбараагүй байдал бий болсон байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан гэж 2016 оны 11 дүгээр сарын 15-ны  өдрийн Б/88 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 21,24,26, 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийг байрны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Д.Б-т 2 удаа арга хэмжээ авсан тушаалд өгсөн дүгнэлт, шийдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Хэргийн баримтыг бүхэлд хянахад нэхэмжлэгч Д.Б-т анх ажил үүрэгтэйгээ холбогдсон шаардлагыг цаг хугацаанд бүрэн хангаж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэсэн тухай мэдээ тайлан тухай бүрд нь гаргаж холбогдох ажилтанд хүргүүлээгүй гэж хариуцагч арга хэмжээ авсан бөгөөд энэхүү үүргийг хэрэгжүүлэх боломжит хугацааг олгохгүйгээр дахин арга хэмжээ авсан мөн ажлаас чөлөөлсөн нь арга хэмжээ авагдсаны дараа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх үр дүн гаргах цаг хугацааны бололцоог нэхэмжлэгчид олгохгүйгээр удаа дараа богино хугацаанд шат дараалсан арга хэмжээ авчээ.

Д.Б-ийг оюутны байрны багшийн ажлын байрны тодорхойлолтын 4.2-т “дотуур байранд дэг журам сахиулж, оюутнуудыг амьдрах хэвийн нөхцөлийг байнга ханган ажиллана” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.5-д “ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд” гэж тухайлан заасан хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан гэдэг нь зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатайг ойлгоно.

Хэргийн баримтаас үзэхэд Д.Б-ийг 2 буюу түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож нотлогдоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлиййн 6.2.5-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно.

           Нэхэмжлэгч Д.Б-ийн байгууллагын эзэмшлийн машинд эвдрэл гэмтэл учруулсан болох нь дээрх эрх байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй байна.

           Оюутны байранд шөнийн цагаар /22-23/ гарсан гэх эрүүгийн хэргийн төлөө нэхэмжлэгчийг шууд буруутгаж ажлаас халах үндэслэл тогтоогдохгүй байна.

           Өөрөөр хэлбэл байрны багш Д.Б-ийн ажлын хариуцлага алдсанаас үүдэлтэй сургуулийн нэр хүнд байгууллагын соёлд сөргөөр нөлөөлсөн болохыг хариуцагч тал хуульд заасан үүргийнхээ дагуу шүүхэд нотолсон баримтаа гаргаж өгөөгүй байна.

           Иймд нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Нэхэмжлэгч Д.Б- нь 2016 оны 8, 9, 10 дугаар саруудад нийт дүнгээр 2.588.089 төгрөгний цалин авсан нь тогтоогдсон ба /хэргийн 7 дугаар хуудас/ цалингийн дундаж бодох аргачлалаар бодоход нэг сарын дундаж нь 2.588.089:3 жил= 862.695 төгрөг, нэг өдрийн цалин нь 862.695:21.5 хоног=40.125 төгрөг бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 40.125 х 82 хоног ажиллаагүй ажлын өдөрт тооцоход 3.290.250 төгрөгийн тооцоо гарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“Хөдөлмөрийн тухай  хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Б-ийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн байрны багшаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 3.290.250 төгрөгийг хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал тариалангийн хүрээлэнгээс гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ 

                                           ШҮҮГЧИД                                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ