Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

А.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч А.Х-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Х гаргасан давж заалдах гомдлоор А.Х-д холбогдох 1710004380174 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А.Х, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ам бүл хх, эхийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр суллагдсан,

 

А.Х- нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 4-53 тоотод оршин суух иргэн Э.Б-ны гэрт нэвтэрч, 192,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: А.Х-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Х-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.Х-ийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Х-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Х-эс 150,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч хх дүүргийн хх дүгээр хороо, хх дугаар байрны ххх тоотод оршин суух П.С-т олгож, Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, А.Х иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б нь гомдол саналгүй гэснийг болон иргэний нэхэмжлэгч Д.З нь 37,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 9 дүгээр сарын эхэн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гар утасны дээрэм, нэг гар утас залилсан хэргээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хоёр гар утас хууль бусаар авч бусдад хохирол учруулж байгаагаа ухамсарлаж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтад ямар нэгэн шалтгаанаар саад учруулахгүй байгаа. Би буруу зүйл хийж болохгүй гэдгээ ойлгосон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд дээрх хэргүүдийг нэгтгэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч А.Х өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх А.Х-д 1 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. А.Х- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Хэргийг нэгтгэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх хүсэлт гаргаж байна...” гэв.

 

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэм буруутай гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хэрэгт А.Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл байхгүй. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа хэрэг. Хэрэв тогтоогдсон гэж үзвэл хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүний хэргийг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь ял эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх А.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч А.Х- нь давж заалдах гомдол гаргах үндэслэл болсон “...Миний бие 2017 оны 9 дүгээр сарын эхэн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гар утасны дээрэм, нэг гар утас залилсан хэргээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хоёр гар утас хууль бусаар авч бусдад хохирол учруулж байгаагаа ухамсарлаж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтад ямар нэгэн шалтгаанаар саад учруулахгүй байгаа...” гэх нөхцөл байдлынхаа талаар энэхүү шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа 1710004380174 дугаартай эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт Б гэж манай найз охинтойгоо хамт найзуудтай нь караокед байж байгаад найзынх нь гар утсаар яриад өгнө гэж хэлээд “iphone5”, “SamsungJ7” гэсэн хоёр гар утсыг залилсан. Тэгээд өчигдөр баригдсан...” /хх-ийн 38 тал/ гэж, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт Б гээд найз охинтойгоо хамт найзуудтай нь караокед байж байгаад найзынх нь гар утсаар яриад өгье гээд “iphone5”, “SamsungJ7” загварын гар утсыг залилсан хэргээр шалгагдаж байгаа болно...” /хх-ийн 62 тал/ гэж мэдүүлж байсан байна.

А.Х үйлдсэн гэх гэмт үйлдлүүдийн талаар өгсөн мэдүүлгүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ын 1 дэх хэсгийн 1.4-д заасан “...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал...”, 1.5-д заасан”...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” зэргийг тогтоогоогүй гэж шүүх үзэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч А.Х холбогдсон Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа гэх эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж зааснаар нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь, энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 4-53 тоотод оршин суух иргэн Э.Б-ны гэрт нэвтэрч, 192,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэргээс өмнө үйлдсэн гэмт хэргүүдийнхээ талаар А.Х- мэдүүлсэн байх ба эдгээр гэмт хэргүүдийг мухарлан шалгаж, шийдвэрлэлгүйгээр энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлгүй. Одоо дагаж мөрдөж буй 2015 оны Эрүүгийн хуулиар шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд нэмж нэгтгэх журмыг хуульчлаагүй тул А.Х холбогдсон гэмт хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр, нэг шүүх хуралдаанаар, нэг тогтоолоор шийдвэрлэх шаардлагыг үүсгэж байгаа болно.

 

Өөрөөр хэлбэл, тухайн этгээдийн ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэмт хэргийг хэрхэн нэмж нэгтгэх журмыг 2015 оны Эрүүгийн хуулинд хуульчлаагүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялыг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Х-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Х-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч А.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ