Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 631

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О , гэрч Г.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК 

Хариуцагч: БОАЖС .         

Нэхэмжлэлийн шаардлага: ”БОАЖС ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/6дугаар тушаалын хавсралтанд дурдсан “Г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...“Г” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/1 дугаар тушаалаар Улаанбаатар хот Х******* дүүргийн нутагт орших Б******* уулын д******* газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н*******ийн задгайд 2.5 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглахаар болсон.

Гэвч БОАЖЯ ны Б******* уулын д******* газрын захиргаанаас энэхүү газрыг цуцлахаар болж байгааг бидэнд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр утсаар мэдэгдэн тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт очиж уулзаарай гэсэн. Үүний дагуу БОАЖЯ ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандахад 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Р К ” үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газраас тухайн газрыг худалдан борлуулахаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зар тавьж, хууль болон холбогдох дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах гэж байгааг мэдэгдсэн.

Манай компанийн зүгээс өөрт олгогдсон газрыг худалдан борлуулахаар ямар ч зуучийн байгууллагад хандаагүй бөгөөд тухайн зарыг “Р К ” зуучлалын төв нь хэний захиалгаар, ямар үндэслэлээр худалдан борлуулах зар тавьсан нь тодорхойгүй, захиалагч нь хэн болохыг нь тодруулаагүй байж манай эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа тухайгаа 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/2018 тоот БОАЖС ад гаргасан гомдлоор илэрхийлсэн.

Улмаар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/2018 тоот “Р К ” үл хөдлөх зуучлалын байгууллагад дээрхи зарыг хэн гэрээ байгуулан худалдан борлуулахаар болсон талаарх лавлагааг авахад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №13 тоот албан бичгээр ... “А Х Ү” ХХК-ийн “РЕ/МАХ Сарital  Брокер оффис нь “Г” ХХК (РД: *******)-тай өмчлөх болон бусад зориулалт бүхий газрыг бусдад шилжүүлэх, худалдах талаар ямар нэгэн гэрээ хэлцлийг аман болон бичгэн хэлбэрээр байгуулаагүй болно ... гэсэн албан хариуг өгсөн.

Энэ асуудлаар манай компанийн зүгээс удаа дараа тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй, танай газар ашиглах эрхийг цуцалсан, дахин сэргээх асуудлыг нягтлан судалж байна гэхээс өөр тайлбар албан ёсоор өгөөгүй байна.

Улмаар манай компанийн зүгээс Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр БОАЖС ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/6тоот тушаалын хуулбар болон тус захиргааны 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 403 тоот “Г” ХХК-нд хаягласан албан бичгийн хуулбарын хамт тус тус олж танилцлаа.

БОАЖС ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/6тоот тушаал нь нотлох баримт үндэслэлгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож хуулиар хамгаалагдсан эрхийг хөндсөн байх тул энэхүү тушаалын хавсралтанд дурдсан “Г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож манай компанийн эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-А  шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

 “... “Г” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10/2018 дугаар албан бичгээр энэ маргааныг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд тус хүсэлтдээ, “Р К ” үл хөдлөх хөрөнгийн зуучлах газраас ирүүлсэн хариу албан бичгийг хавсаргасан. Хүсэлтийн хариу ирэхгүй байсан тул манай компани дахин Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандахад танай газар ашиглах эрхийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/6дугаар тушаалаар цуцалсан, энэ мэдэгдлийг Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанаас ав гэж амаар хэлсэн.  Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр очиж уулзахад БОАЖС ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/6дугаар тушаалын хуулбар болон тус захиргааны 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 403 тоот “Г” ХХК-д хаяглагдсан албан бичгийн  хуулбарыг гардан авсан. Иймд БОАЖС ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/6дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч БОАЖС ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

БОАЖС ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/6тоот тушаалын “Г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болох РССцахим хуудсын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ХУД-ийн 4-хороо, Н*******ийн аманд 2.5 га газрыг 600.000.000 сая / зургаан зуун сая/ төгрөгөөр худалдан борлуулахаар зарлал тавьсан ба тухайн “Г” ХХК худалдан борлуулах зар тавиагүй бол RE/MAX компани зарлал мэдээлэл тавих боломжгүй байсныг анхаарна уу.

Иймд “Төрийн захиргааны төв байгууллага нь д******* газрын хягаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргааны даргын саналыг үндэслэн гаргана” гэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан байдаг тул БОАЖС ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/6тоот тушаалын “Г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагч БОАЖС ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О  шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:  

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед “Г” ХХК нь Н*******ийн задгайд байрлах 2.5 га газрыг ашиглах эрхтэй байсан. “Р К ” үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газраас олон нийтэд зар түгээх мэдээллийн хэрэгслээр Н*******ийн задгайд байрлах 2.5 га газрыг худалдах тухай зар нийтлэгдсэн байсан. Үүний дагуу шалгаад үзэхэд худалдаалахаар нийтлэгдсэн газар нь “Г” ХХК-ийн ашиглах эрхтэй газар байсан. “Г” ХХК-ийн газрыг худалдахаар зар нийтлүүлсэн үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг явуулахыг хориглоно” гэж заасныг зөрсөн. “Г” ХХК нь “Р К ” үл хөдлөх хөрөнгийн зуучлах газарт зарыг З.С гаар дамжуулан нийтлүүлсэн гэсэн албан бичиг байгаа. Зар нийтлүүлсэн З.С  нь “Э*******” ХХК болон “Г” ХХК-ийн алинд ажилладаг болохыг тодруулах шаардлагатай байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/1 дүгээр тушаал ёсоор Улаанбаатар хот Х******* дүүргийн нутаг дэвсгэрт орших Б******* уулын д******* газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н*******ийн задгай нэртэй газарт 2,5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахаар болж, таван жилийн хугацаатайгаар 2016/32 дугаартай газар ашиглах гэрчилгээг  эрх бүхий байгууллагаас авчээ.

Хариуцагч захиргааны байгууллага болох БОАЖС ын 2018 оны 03 сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/6дугаар тушаалын хавсралтаар “Г” ХХК-ийн нэр бүхий тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлсэнийг нэхэмжлэгч “Г” ХХК-ийн зүгээс уг тушаалын өөрт холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар  тодорхойлж, хүчингүй болгуулахыг шүүхээс хүсч байна. Ингэхдээ маргаан бүхий тушаал нь нотлох баримт, үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож, компаний хувьд хуулиар хамгаалагдсан эрхийг нь хөндсөн хэмээн үзжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Г” ХХК-ийн газар ашиглах эрхтэй уг газрыг худалдахаар нийтэд чиглэн зар нийтлүүлсэн үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-ийг зөрчсөн үйлдэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулан зориулалтын дагуу зохих төлбөрөө төлж, үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй хариуцагч нь маргаангүй байна. Харин “Н*******эд 2,5 га газар худалдана, үнэ 600.000.000 /зургаан зуу/ сая төгрөг, худалдах боломжтой өдөр 2017-08-14” гэх зар “unegui.mn” цахим хуудсанд тавигдсанаар хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулж, холбогдох хууль болон хууль тогтоомжийн актад үндэслэн маргаан бүхий тушаалыг гаргасан үйл баримт хэрэгт цугларсан байна.

Шүүх, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд,  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүхээс тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль, хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж,  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, мөн зүйлийн 9-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам ... тогтоох” гэхчлэн хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрх хуульчилагдсан. Түүнчлэн захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн” Журам батлах тухай” 32 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-аар холбогдох харилцааг зохицуулж, хариуцагч захиргааны байгууллагын эрх, үүргийг журамлаж өгчээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин тусгай хамаалалттай газрыг цахим сайтаар худалдах, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан гэж нэхэмжлэгчийг буруутган, хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40.1.1, 40.1.4 дэх заалт, Байгаль орчны сайдын 2001 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан маргаан бүхий захиргааны актыг бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцлийг хангаж гараагүй гэж шүүх дүгнэж байна. 

Учир нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Бэсүд овгийн Готовдоржийн С  мэдүүлэхдээ: “2016 онд О ан насны найз Л.Б******* Н*******ийн аманд байрлах газрыг эзэмшдэг, тухайн газарт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тухайгаа хэлж, хэрэв хашаа барих бага хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл өөрийн компанийн хувьцаанаас өгч хувьцаа эзэмшигч болгоё гэсэн саналыг надад тавьж, газрын зургийг үзүүлсэн тул түүнд итгэж 40 сая төгрөгийг өгсөн. Амласан ёсоор намайг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгээгүй,  мөн хашаа бариагүй байсан учраас Л.Б*******тай уулзаж, 2017 оны 02 дугаар сар гэхэд компанийнхаа хувьцаа эзэмшигчээр бүртгэх эсхүл хөрөнгө оруулалт хийсэн 40 сая төгрөгийг буцааж өгөхгүй бол тус газрыг худалдаалахаар зар нийтэлнэ шүү гэж анхааруулсан. Мөн дахин түүний утас уруу энэ асуудлыг шийдэхгүй бол зар тавина шүү гэж захидал илгээн сануулахад ямар нэгэн хариу ирээгүй. Зайсанд байрлах “Р К ” үл хөдлөх хөрөнгийн зуучлах газарт орж тухайн газрыг худалдахаар зар нийтлүүлэх хүсэлт гаргахад надаас тухайн газрыг эзэмшдэг компанийн итгэмжлэл шаардлагатай тухай хэлсэн. Л.Б*******аас итгэмжлэл хийж өгөхийг шаардахад итгэмжлэл олгохгүй гэж маргаан үүссэн. Би маш их стресстэй байсан тул “Р К ” үл хөдлөх хөрөнгийн зуучлах газарт очиж итгэмжлэлийг дараа нь нөхөн авчирч өгөхөөр тохиролцон Н*******ийн аманд байрлах 2.5 га газрыг худалдахаар зар нийтлүүлсэн” гэжээ. 

Түүнчлэн “А Х Ү” ХХК-ийн РСС  үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагын Брокер оффис хариуцсан захирал Тольтон бургууд овгийн Машлайгийн Цолмонгийн гэрчийн мэдүүлэгт : “өөрийн компанийн нэрээр 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Н*******эд 2,5 га газар худалдана гэсэн зарыг нийтэлсэн ба “Г” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, уг компаний нэрээр зар байршуулъя гэсэн хүсэлт ирээгүй” гэжээ.

Мөн хэрэгт авагдсан “РСС ”-ийн байгуулсан энгийн листингийн гэрээ  /худалдах/, гэрээнд буй ПЮ******* регистртэй Г.С  хэмээх гарын үсэг минийх мөн байна гэх гэрч Г.С гийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэгт дүгнэлт хийхэд, хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх талаарх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчиж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1: “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглах талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилаж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 болон мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.9, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС ын 2018 оны 03 сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/6дугаар тушаалын хавсралтын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /БОАЖЯ-ны санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН