Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/МА/2022/0524

 

 

 

 

 

 

 

       Д.С-ын гомдолтой 

    захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч Д.С

Хариуцагч ***-ын ахлах байцаагч Х.Э

Гуравдагч этгээд “А” ХХК

Гомдлын шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Х.Э-гийн 0034810 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 452 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л,

Хариуцагч****-ын ахлах байцаагч Х.Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0435/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Д.С-оос *** хэлтсийн ахлах байцаагч Х.Э-д холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу *** хэлтсийн ахлах байцаагч Х.Э-гийн 0034810 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 452 дугаар шийдвэрээр: 

“...Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, Иргэний нисэхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 394 дүгээр зүйлийн 394.1-д заасныг тус тус баримтлан *** хэлтсийн ахлах байцаагч Х.Э-гийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0034810 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу *** хэлтсийн ахлах байцаагч Х.Э нь 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0034810 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...3.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүх хариуцагчийг зөрчлийн талаарх мэдээллийг хүлээж авсан, зөрчлийн хэрэг нээсэн хугацааны талаар дараах байдлаар алдаатай дүгнэсэн байна. Үүнд:

Зам, тээврийн хөгжлийн яамны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны тайлан нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тус албаны цахим хуудаст байршсан тул хариуцагч нь тухайн үед уг зөрчлийн талаар мэдсэн байна.

Анхан шатны шүүх “...“А” ХХК-ийн хуваарьт нислэгийн үед 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн 2 дугаар дугуйны резин задарч хагарсан, энэ үйл баримтын талаар мөн өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцлагатай жижүүрийн *** дугаар утсанд мэдээлсэн, улмаар яамны Нислэг-Техник осол, зөрчлийг шинжлэн шалгах алба руу шалгуулахаар шилжүүлсэн байна” гэх зэргээр болсон үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийсэн байна.

Харин бодит байдал дээр хариуцагчид тухайн зөрчлийн талаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дээрх *** дугаар утсанд мэдэгдэх үед мэдсэн байх боломжтой, учир нь уг дугаар нь хариуцагчийн ажилладаг хэлтсийн буюу *** албаны дугаар бөгөөд энэ тухай хариуцагчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдоно.  

Иймд хууль зүйн хувьд Зөрчлийн хэрэг нээх боломжгүй байхад хариуцагч хууль зөрчин зөрчлийн хэрэг нээж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчид торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 6.2 дугаар зүйлийн 3-т тус тус заасны дагуу харилцаа холбооны хэрэгслээр зөрчлийн талаар мэдээлэл, гомдол хүлээн авах тохиолдолд тухайн мэдээлэл, гомдлыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл үйлдэн тэмдэглэлд гомдол гаргагчийн эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаягийг тусгаж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зуран хүлээж авахаар зохицуулсан байдаг. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх” зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байдаг.

3.2.Хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах хугацаа хэтрүүлсэн тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах бөгөөд нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан. Харин эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн, мөн хугацаа сунгуулах тухай шийдвэр гаргуулахгүйгээр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуанлийн 28 хоног явуулсан.

Иймд эрх бүхий албан тушаалтан нь хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан боловч шийтгэл ногдуулсан.

3.3.Д.С-ын гэм бурууг тогтоохгүйгээр шийтгэл ногдуулсан тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд аливаа этгээдийн зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдохгүй бол мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Д.С-ын зөрчлийг нотлохгүйгээр түүнд шийтгэл ногдуулсан.

НТОЗШША-ны тайлангийн 1 дүгээр хуудаст “шинжлэн шалгах ажиллагаа нь ямар ч тохиолдолд хэн нэгнийг буруутгах, хариуцлага тооцоход чиглэгдэхгүй. Шинжлэн шалгах ажиллагаа нь хэн нэгний гэм бурууг тогтоох, хариуцлага тооцох хууль хяналт, захиргааны арга хэмжээнээс ангид бие даасан, хараат бус байна. Шинжлэн шалгах ажиллагааны тайлангийн гол зорилго нь осол, зөрчлийг давтагдахаас урьдчилан сэргийлэхэд оршино” гэдгээс үзвэл тус тайлан нь аливаа этгээдийг буруутгахад чиглэгдээгүй бөгөөд хэн нэгний гэм бурууг нотлохгүй, мөн тус тайлангаар Д.С-ын буруутай үйл ажиллагааны талаар огт дурдаагүй бөгөөд Д.С-ыг зөрчил үйлдсэн талаар тогтоогоогүй байна.

Эрх бүхий албан тушаалтан “зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй тул цаашид зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагатай” гэж үзэж зөрчлийн хэрэг нээсэн, зөрчлийн хэрэг нээснээс эхлэн Д.С-д шийтгэл ногдуулах хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа огт явуулаагүй, нэг ч нотлох баримт цуглуулаагүй хэрнээ Д.С-ыг зөрчил үйлдсэн нь нотлогдсон хэмээн үзэж шийтгэл ногдуулсан нь хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1 , 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн байна.

Харин шүүх дээрх үйл баримтын талаар “хариуцагч нь нэхэмжлэгчийн гэм буруутайг тогтоохгүйгээр шийтгэл ногдуулсан байна” гэж зөв дүгнэсэн атлаа дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

3.4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн тухайд:

Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн 9 дэх заалтаар, Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Иргэний нисэхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “Агаарын хөлгөөр нислэг үйлдэхэд дараах шаардлагыг хангасан байна: агаарын хөлөг болон агаарын хөлгийн баг нь Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу нислэгт бэлтгэгдэж...”, 394 дүгээр зүйлийн 394.1-д “Агаарын тээвэрлэгч нь нислэгийн үйл ажиллагааны болон агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын шаардлагад нийцсэн заавар, журам боловсруулж мөрдөх, холбогдох дүрэм, журмын дагуу нийтийн ашиг сонирхолд нийцсэн, найдвартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ” гэж дүгнэсэн байна.

Харин талууд дээрх асуудлаар огт маргалдаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх хуулийн заалтыг зөрчсөн талаар огт дурдаагүй байна. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд дурдсаны дагуу Иргэний нисэхийн дүрмийн 119 дүгээр зүйлийн 119.79-т заасныг зөрчсөн хэмээн үзэж зөрчлийн хэрэг нээж, шийтгэл ногдуулсан.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх дүрмийн 119.79-т заасныг зөрчсөн хэмээн үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан тухай шүүх хуралдаан дээр тайлбарласан. Харин дээрх дүрмийн зохицуулалт нь иргэний нисэхийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аюулгүй байдлын удирдлагын тогтолцоотой байх талаар тусгасан байна.

Дээр дурдсаны дагуу анхан шатны шүүх захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх хангалттай үндэслэл бүрдсэн байсан бөгөөд шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлацгааж байна.

5.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ж.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1.Шүүхийн шийдвэрт “...***хэлтсийн ахлах байцаагч Х.Э нь гомдол гаргагч “А” ХХК-ийн Нислэг, үйлдвэрлэл, аюулгүй ажиллагаа эрхэлсэн захирал Д.С-ыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар-Доной-Улаанбаатар чиглэлийн нислэгийг үйлдэхдээ *** маягийн онгоц хөөрөлтөд үндсэн дугуй хагарч, онгоцны эд ангийг эвдсэн ноцтой зөрчил гаргасан нь Зам, тээврийн хөгжлийн яамны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны тайлангаар тогтоогдсон гэж үзэж, уг тайлан нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тус албаны цахим хуудаст байршуулсны дагуу дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж, 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0034810 дугаар шийтгэлийн хуудсаар 3.000 нэгжтэй тэнцэх буюу 3.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна” хэмээн дурдсан нь энэ талаарх үйл баримтыг судалж, зөрчлийг шалган тогтоож захиргааны акт гаргасан байтал энэхүү актыг дахин гаргасан нь шүүх нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлыг шийдвэрлэсэн байна.

5.2.Зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад гарсан алдааны тухайд:

5.2.1.Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдээгүй, зөрчлийн хэрэг нээх хугацааг хэтрүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 6.2 дугаар зүйлийн 3-т тус тус заасны дагуу харилцаа холбооны хэрэгслээр зөрчлийн талаар мэдээлэл, гомдол хүлээн авах тохиолдолд тухайн мэдээлэл, гомдлыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл үйлдэн тэмдэглэлд гомдол гаргагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаягийг тусгаж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зуран хүлээж авахаар зохицуулсан байдаг.

Харин *** албаны ахлах байцаагч зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд “...Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцлагатай жижүүрийн *** дугаар утаснаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн нислэгийн зөрчлийн тухай мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээсэн” гэх боловч зөрчлийн хэрэгт тухайн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай ямар нэгэн баримт авагдаагүй.

Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх” зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байдаг.

Харин эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн мэдээллийг хүлээн авсан талаар баримтжуулаагүй, мөн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гомдол, мэдээллийг хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр буюу тухайн мэдээллийг хүлээн авснаас 74 өдрийн дараа зөрчлийн хэрэг үүсгэсэн нь дээрх хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.2 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна.

5.2.2.Зөрчлийн хэргийн холбогдогчийг тогтоогоогүй тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу холбогдогчийг тодорхой тогтоож шийтгэл ногдуулах нь эрх бүхий албан тушаалтан хариуцагчийн үүрэг юм. Энэхүү үүргийн дагуу эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн холбогдогчийг тогтоогоогүй тул хэрэг нээсэн талаар холбогдогчид мэдэгдэх, мөн хуулийн 4.8 дугаар зүйлийн 3-т “холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах”, 6.9 дүгээр зүйлд “зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулах”, 7.2 дугаар зүйлийн 6-д “шийтгэлийн хуудсыг холбогдогчид танилцуулах, түүнд гардуулах” зэрэг ажиллагаа хийгдээгүй байна.

Энэ талаар мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 11-д “Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны тайлангаар зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдлууд тогтоогдсоныг хариуцагчийн зүгээс нягтлан шалгаж холбогдогчийг тогтоох шаардлагатай байх бөгөөд үүнийг шүүх тодорхойлох боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна” гэж үзсэн.

Мөн хэсгийн 10-т “Хариуцагчийн зүгээс “...“А” ХХК нь зөрчил гаргасан тул шийтгэл ногдуулсан...” гэж тайлбарлах хэдий ч хэрэгт авагдсан баримтууд болох “А” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс дүгнэхэд Д.С нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш байна” гэх дүгнэлтүүдээс харахад энэхүү хэргийн эзэн холбогдогч тодорхойгүй байна.

Иймд хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус зөрчсөн байна.

5.2.3.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах бөгөөд нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан. Харин эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн, мөн хугацаа сунгуулах тухай шийдвэр гаргуулахгүйгээр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуанлийн 28 хоног явуулсан.

Иймд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан боловч шийтгэл оногдуулсан нь дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болсон байна.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг тал бүрээс бодитой дүгнэж чадаагүй, мөн хангалттай судлаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 452 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт “гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар-Доной чиглэлийн *** дугаартай нислэг хөөрөх үед *** маягийн агаарийн хөлгийн 02 дугаартай үндсэн дугуй хагарсан, Доной нисэх буудалд газардах явцад хагарсан дугуйны хэлтэрхий салж онгоцны далавчны бүрэлдэхүүн хэсгийг гэмтээсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээсэн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоос үзэхэд уг зөрчилд холбогдогчоор “А” ХХК-ийг татсан, түүнчлэн мөн оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд “…холбогдогч А ХХК-ийг төлөөлж Нислэг, үйлдвэрлэл аюулгүй ажиллагаа эрхэлсэн захирал Д.С-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг тайлбарласан болох нь /гэхдээ уг тэмдэглэлд Д.С гарын үсэг зураагүй/ тогтоогддог.

Мөн шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-т тухайн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг “…хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заасан, энэ тохиолдолд 3.0 сая төгрөг ногдуулсанаас үзэхэд Д.С-д бус хуулийн этгээд “А” ХХК-д хариуцлага хүлээлгэсэн гэж үзнэ.

Гэтэл Д.С нь албаны чиг үүргийн хувьд тухайн зөрчилд компанийг төлөөлөн холбогдогчоор татагдах эрх бүхий албан тушаалтан байхад шүүхийн шийдвэрт түүнийг “…компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш, Зам тээвэр, хөгжлийн яамны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны тайлангаар зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдлууд тогтоогдсоныг хариуцагчийн зүгээс нягтлан шалгаж холбогдогчийг тогтоох /компани, нисэх буудал, нисгэгч/ шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна…” гэж дүгнэн, дахин шинээр акт гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн I.2022.03.01.P дугаар бүхий дээрх тайлангийн дүгнэлтийн 3.1-д илэрсэн нөхцлийг:

-“А” ХХК-ийн EMB-145LP, *** агаарын хөлөг хуваарьт нислэгийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингис хаан Улаанбаатар олон улсын нисэх буудлаас UTC 07:36:26 цагт хөөрөх үед зүүн талын үндсэн 2-р дугуйны резин задарч хагарсан,

-Дугуйны хийн даралтны хэмжилтийг өдөр тутам /24 цагт/ хийх дугуй үйлдвэрлэгчийн зааврыг нарийвчлан судлаагүй,

-Компанид ашиглагдаж байгаа дугуйны хийн даралт хэмжигчийн заалт тогтвортой бус ба бусад хэмжигч төхөөрөмжөөс зөрүүтэй заасан,

-дугуйны хийн даралтын хэмжилтүүд бодит нөхцөл агаарын температурын өөрчлөлтийн байдалтай нийцэхгүй,

-EMB-145LP, *** агаарын хөлгийн 1 ба 2 дугаар дугуйны тормозны шингэний даралтын хэмжигдэхүүнүүд хоорондоо зөрүүтэй,

-EMB-145LP, *** агаарын хөлгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Чингис хаан Улаанбаатар олон улсын нисэх буудалд бууж хөөрсөн нислэгийн циклд 4 удаагийн эргэлтийн явгалалтын хурд хэтэрсэн тохиолдол гарсан,

-Чингис хаан Улаанбаатан олон улсын нисэх буудлын 23 дугаар зогсоолын орчимд хучилтын дороос гарсан гадны биет ил гарсан 5 см орчмын урт нарийн төмөр илэрсэн, нисэх буудал өдөр тутмын болон бусад үзлэгээр 23 дугаар зогсоол буюу ЕМB-145LP агаарын хөлгийн зогсоолын орчим гадны биетийг нисэх буудал ашиглалтад орсоноос хойших хугацаанд илрүүлээгүй…” гэж, 

3.2-т боломжит шалтгааныг: 

-“EMB-145LP, *** агаарын хөлөг 2021.11.16-ны өдөр UTC 07:30:29 цагт зогсоолоос хөдөлж, UTC 07:35:46 цагт хөөрөхөөр гүйж эхэлсэн ба 29-р ХБЗ-ны эхнээс 1560 метрт, UT07:36:20, хурд V=136Kts-д 2 дугаар дугуй задарч /Burst/ хагарсан ба зурвасны эхнээс 1960 метр орчимд UTC 07:36:26 цагт VR=158Kts хурданд /late rotation/ дугуй газраас хөндийрсэн байна. 

EMB-145LP, JU-1800 агаарын хөлгийн 2-р дугуйны хийн даралт хэвийн хэмжээнээс бага байсан нь явгалалтыг 5 минут 17 секудэд хийх үед нислэгт нөлөөлөх хязгаарлалтуудыг хэд хэдэн удаа хэтрүүлсэн, хөөрөлтийн гүйлтийг үргэлжүүлэн хийхэд дугуйнд хэт халалт үүсч хөөрөлтийн их ачааллын үед /during the take-off rotation/ дугуйн элэгдэлт, ядаргаа /due to overstress/ нь ачаалал даалгүй задарч /Burst/ хагарсан байна” гэж, 

3.3-т Нөлөөлсөн байж болзошгүй хүчин зүйлүүдийг:

-Агаарийн хөлгийн дугуйнуудын хийн даралтын жигт бус тохиргоо, тохиргоог бодитоор тогтоогоогүй, тогтоох боломжгүй байдал,

-Нислэгийн явгалалтын болон хөөрөлтийн үеийн нислэгийн ашиглалтын зөрчлүүд байнга давтагддаг нь резин дугуйны элэгдэлт, ядаргааг үүсгэдэг байдал” гэж тус тус тодорхойжээ. 

Иргэний нисэхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Нислэг-техникийн осол, зөрчил болон нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба гүйцэтгэнэ”, 43 дугаар зүйлийн 43.2.3-т Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах улсын байцаагч нь өөрийн гаргасан шийдвэр, дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах бүрэн эрхтэй” гэж тус тус заасан.

Иймд үүссэн зөрчлийг шинжлэн шалгасан Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны энэхүү тайлан хүчинтэй байгаа энэ тохиолдолд давж заалдах гомдолд дурдсанчилан тухайн зөрчлийг хариуцагч хэзээ мэдсэн эсэх нь зөрчлийг үйгүйсгэх, цаашлаад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тэр тусмаа “А” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтаар Нислэг, үйлдвэрлэл, аюулгүй ажиллагаа эрхэлсэн захирал Д.С-ыг нислэг зохицуулалтын алба, нийслэгийн алба, техник үйлчилгээний байгууллага, газрын үйлчилгээний байгууллага, Сургалтын хэлстийг тус тус хариуцсан захирлын хувьд дээрх зөрчлийн хэрэгт холбогдогчоор татсаныг буруутгах, нэгэнт гарсан зөрчилд холбогдогчийг дахин тогтоох шаардлагагүй.

3.2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 09.23 цагт Д.С хариуцагч ахлах байцаагч Х.Э-гийн цахим хаяг руу бичсэн email-дээ “Миний бие А ХХК-ийн нэрийн өмнөөс бичиж байна…” гэснээс үзэхэд ч тэрбээр тухайн зөрчилд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд төдийгүй зөрчлийн хэрэгт ТУЗ, эсхүл гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгосон эсэхээс үл хамааран албан тушаалын хувьд компанийг төлөөлж холбогдогчоор татагдсан гэж үзнэ.

“А” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 22/01 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирал Н.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн 22/02 дугаар тогтоолоор Э.А-ыг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн гүйцэтгэх захирлаар томилсон, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22/04 дүгээр тогтоолоор Э.А-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.М-ыг гүйцэтгэх захирлаар томилсон байх боловч эдгээрээс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд одоогийн гүйцэтгэх захирал Г.М-ыг томилогдсоныг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлснээс бус Э.А-ыг захирлаар томилсоныг бүртгүүлээгүй, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд ч гомдол гаргагч Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…тухайн үед гүйцэтгэх захирал томилогдоогүй байсан…” гэсэн нь тусгагдсан байна.

4.Хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *** дугаарын утсанд дугуй хагарсан талаарх мэдээлэл ирэх үед зөрчлийг анх мэдсэн байсан ч хуульд заасны дагуу тухайн зөрчлийг шинжлэн шалгах эрх бүхий албанаас мөн оны 12 дугаар сарын 3-ны өдрийн зөрчлийн хэргийг шинжлэн шалгасан урьдчилсан тайлан, 2022 оны 3 дугаар сарын 1-ний зөрчлийг шинжлэн шалгасан тайланг тус тус гаргасны дараа уг тайлангаар илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгасан боловч цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр 7-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, прокуророос дугаар олгосон байх тул хугацааны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, …шийдвэрийн аль нэгийг гаргана” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин дээрх хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулалгүйгээр, өөрөөр хэлбэл зөрчлийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр нээснээс хойш хуульд заасан хугацааг 14 хоногоор хэтрүүлэн, 4 дүгээр сарын 5-ны өдөр шийтгэлийн хуудсаа гаргасан нь процессийн зөрчил боловч энэ нь тогтоогдсон зөрчилд хариуцлага хүлээлгэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 452 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3, Иргэний нисэхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 394 дүгээр зүйлийн 394.1-д заасныг баримтлан Д.С-ын гаргасан “*** хэлтсийн ахлах байцаагч Х.Э-гийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0034810 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН