Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

 

                                                           

           

 

 

 

 

  2021          01       06                                   2021/ШЦТ/39                  

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Н.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Ад холбогдох эрүүгийн 2011 00000 1032 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигон овогт Н.А, Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 17ы өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, дүү нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энэрэл хотхоны 4 дүгээр байрны 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд: 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................................

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Н.А нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны замын уулзварын зүүн талд иргэн Б.Эрдэнэбаярын толгойн тус газар чулуугаар шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэд нь духанд зулгаралт, шарх, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон юугаар гэдгээ бол санахгүй байна. Тэгээд л маргааш нь эрүүлжүүлэх байранд сэрсэн ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

         Шүүгдэгч Н.Аээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр үед архи уусан байсан. Тэгээд цэнгээний газар орсон. Тэндээсээ гараад хүнтэй муудалцсанаа мэдэхгүй байгаа юм” гэв.

Хохирогч Б.Эрдэнэбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Доргио бааранд Амараа гээд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад уг баарыг хаахаар нь гараад Амарааг гэр лүү нь хүргэж өгөх гээд Урт цагааны уулзвараас Улсын их дэлгүүр тал руу зам хөндлөн гартал урдаас нэг эрэгтэй хүн ирээд шууд гартаа байсан зүйлээрээ цохиод авсан. Тэгэхээр нь бариад авах гэтэл тэр хүн зугтсан юм. Тэгээд манай хоёр найз болох Энхмандах, Амараа хоёр тэр хүнийг хөөж очиж барьж авсан. Харин миний духнаас цус гарч байгааг хажууд байсан Батзаяа хараад их цус гараад байна, цагдаа дуудсан нь дээр гээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл намайг цохисон залуу би дөнгөж шоронгоос суллагдсан хүн та нарыг бүгдийг чинь ална шүү гээд байсан ...Энэ хүнийг огт харж байгаагүй өр авлага, өш хонзонгийн зүйл болон хэрүүл маргаан хийж байсан зүйл байхгүй. Зүгээр л зам хөндлөн гарахад л ямар ч үгийн зөрүүгүй шууд өөдөөс чиглэж ирснээ гартаа барьсан байсан чулуу мэт зүйлээр нэг удаагийн үйлдлээр миний нүүрэн тус газар зүгээр л цохисон. Надтай хамт Энхмандах, Батзаяа, Амараа нар хамт байсан харсан хүмүүс ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,

Гэрч Р.Батзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өглөөний 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн Доргио баарнаас Энхмандах, Эрдэнэбаяр, Амараа бид 4 гарсан. Манай найз Амараагийн гэр нь Улсын Их дэлгүүрийн ойролцоо байдаг болохоор найзыгаа гэрт нь хүргэж өгөх гээд Урт цагааны авто замын гэрлэн дохио гарах гээд Энхмандах бид хоёрын урд Амараа, Эрдэнэбаяр 2 явж байтал гэнэт Эрдэнэбаяр нь цохиулчихлаа гээд орилоход цохисон хүн нь Энхмандах бид хоёрын хажуу талаар гараад гүйсэн. Тэгтэл манай найз Энхмандах хойноос нь гүйцэж очоод барьж авсан юм. Би тэр үед Эрдэнэбаяр дээр очиход нүүрээ гараараа дарчихсан замын хажуу талын боржуур дээр сууж байсан. Гараараа дарсан хэсгээс нь цус гоожиж байсан. Тэгээд бас зодоон болж байх бий гэж санаа зовоод буцаад Энхмандах дээр очиход тэр зугтаасан хүний дээр нь дарчихсан сууж байсан ...Ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч үгийн зөрүүгүй шууд цохисон гэсэн би яг Эрдэнэбаярын ард байсан болохоор тэр үед юугаар цохисоныг нь бол хараагүй. Харин дараа нь Эрдэнэбаярыг нүүрээ дараад сууж байхад хажууд нь явган хүний зам хийхэд ашигладаг саарал өнгийн тоосго шиг зүйл байсан. Нэг л удаа цохих шиг болсон ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,

Гэрч Ц.Амараагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний 03 цагийн үед Доргио баарнаас гартал манай найз болох Эрдэнэбаяр, Энхмандах, Батзаяа нар манай гэр ойрхон юм чинь найзыгаа дөхүүлж өгнө гээд манайх руу хамт алхаад ...зам хөндлөн гарч явтал гэнэт нэг хүн үгийн зөрүүгүй Эрдэнэбаярын толгой руу чулуугаар цохиод унагаасан. Тэгээд тэр хүн шууд хойшоо зугтаахад нь би болон Энхмандах нар нь хөөж очиж барьж авсан. Тэгээд барьж авчихаад та яаж байгаа юм бэ бид нар таныг яасан юм гэтэд би өчигдөрхөн шоронгоос гарсан та нар шиг бацаануудыг ална шүү” гээд орилоод хэрэлдээд байхаар нь 102 дугаарын утсанд дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11225 тоот дүгнэлтэд:

“1.Б.Эрдэнэбаярын биед духанд зулгаралт, шарх, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой”  гэжээ /хх-18-19х/,  

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-48х/,

Хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-55х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Н.А нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны замын уулзварын зүүн талд иргэн Б.Эрдэнэбаярын толгойн тус газар чулуугаар шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэд нь духанд зулгаралт, шарх, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Н.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон юугаар гэдгээ бол санахгүй байна. Тэгээд л маргааш нь эрүүлжүүлэх байранд сэрсэн ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

шүүгдэгч Н.Аээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр үед архи уусан байсан. Тэгээд цэнгээний газар орсон. Тэндээсээ гараад хүнтэй муудалцсанаа мэдэхгүй байгаа юм” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Эрдэнэбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Доргио бааранд Амараа гээд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад уг баарыг хаахаар нь гараад Амарааг гэр лүү нь хүргэж өгөх гээд Урт цагааны уулзвараас Улсын их дэлгүүр тал руу зам хөндлөн гартал урдаас нэг эрэгтэй хүн ирээд шууд гартаа байсан зүйлээрээ цохиод авсан. Тэгэхээр нь бариад авах гэтэл тэр хүн зугтсан юм. Тэгээд манай хоёр найз болох Энхмандах, Амараа хоёр тэр хүнийг хөөж очиж барьж авсан. Харин миний духнаас цус гарч байгааг хажууд байсан Батзаяа хараад их цус гараад байна, цагдаа дуудсан нь дээр гээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл намайг цохисон залуу би дөнгөж шоронгоос суллагдсан хүн та нарыг бүгдийг чинь ална шүү гээд байсан ...Энэ хүнийг огт харж байгаагүй өр авлага, өш хонзонгийн зүйл болон хэрүүл маргаан хийж байсан зүйл байхгүй. Зүгээр л зам хөндлөн гарахад л ямар ч үгийн зөрүүгүй шууд өөдөөс чиглэж ирснээ гартаа барьсан байсан чулуу мэт зүйлээр нэг удаагийн үйлдлээр миний нүүрэн тус газар зүгээр л цохисон. Надтай хамт Энхмандах, Батзаяа, Амараа нар хамт байсан харсан хүмүүс ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,

гэрч Р.Батзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өглөөний 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн Доргио баарнаас Энхмандах, Эрдэнэбаяр, Амараа бид 4 гарсан. Манай найз Амараагийн гэр нь Улсын Их дэлгүүрийн ойролцоо байдаг болохоор найзыгаа гэрт нь хүргэж өгөх гээд Урт цагааны авто замын гэрлэн дохио гарах гээд Энхмандах бид хоёрын урд Амараа, Эрдэнэбаяр 2 явж байтал гэнэт Эрдэнэбаяр нь цохиулчихлаа гээд орилоход цохисон хүн нь Энхмандах бид хоёрын хажуу талаар гараад гүйсэн. Тэгтэл манай найз Энхмандах хойноос нь гүйцэж очоод барьж авсан юм. Би тэр үед Эрдэнэбаяр дээр очиход нүүрээ гараараа дарчихсан замын хажуу талын боржуур дээр сууж байсан. Гараараа дарсан хэсгээс нь цус гоожиж байсан. Тэгээд бас зодоон болж байх бий гэж санаа зовоод буцаад Энхмандах дээр очиход тэр зугтаасан хүний дээр нь дарчихсан сууж байсан ...Ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч үгийн зөрүүгүй шууд цохисон гэсэн би яг Эрдэнэбаярын ард байсан болохоор тэр үед юугаар цохисоныг нь бол хараагүй. Харин дараа нь Эрдэнэбаярыг нүүрээ дараад сууж байхад хажууд нь явган хүний зам хийхэд ашигладаг саарал өнгийн тоосго шиг зүйл байсан. Нэг л удаа цохих шиг болсон ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,

гэрч Ц.Амараагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний 03 цагийн үед Доргио баарнаас гартал манай найз болох Эрдэнэбаяр, Энхмандах, Батзаяа нар манай гэр ойрхон юм чинь найзыгаа дөхүүлж өгнө гээд манайх руу хамт алхаад ...зам хөндлөн гарч явтал гэнэт нэг хүн үгийн зөрүүгүй Эрдэнэбаярын толгой руу чулуугаар цохиод унагаасан. Тэгээд тэр хүн шууд хойшоо зугтаахад нь би болон Энхмандах нар нь хөөж очиж барьж авсан. Тэгээд барьж авчихаад та яаж байгаа юм бэ бид нар таныг яасан юм гэтэд би өчигдөрхөн шоронгоос гарсан та нар шиг бацаануудыг ална шүү” гээд орилоод хэрэлдээд байхаар нь 102 дугаарын утсанд дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,   

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11225 тоот дүгнэлт /хх-18-19х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-48х/, Хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-55х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Эрдэнэбаяраас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 241.790 төгрөг /хх-55х/-ийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч нь 600.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 600.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 600.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН