| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0373/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/422 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/422
2021 03 30 2021/ШЦТ/422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох 2106 00109 0147 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 1 дүгээр байрны 11 тоотод оршин суух, ам бүл 2, эхийн хамт амьдардаг,
Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь заалтад тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хорих ялаас 1 жил 3 сар 26 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Т овогт Нын А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Н.А нь 2020 оны 12 сарын 14-ний оройн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 1 дүгээр байрны 11 тоот хашаанд байрлах байшинд иргэн Б.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хутгаар түүний биед зүүн бугалгад шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Агийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ унтаж байхад Нарангэрэл, Баттулга 2 залгаад “хаана байгаа юм бэ” гэж асуусан. Би “гэртээ байна” гэхэд “бид нар яваад очих уу” гэж хэлсэн. Би “өөрсдөө мэд” гэхэд хэлэхэд 3 пиво бариад нэг танихгүй залуутай орж ирсэн. Бид нар пиво уугаад дуусахын алдад Нарангэрэл “хоол унд хийхгүй яасан юм” гэж хэлсэн. Би “будаатай хуурга хийсэн байгаа идээч” гэхэд Нарангэрэл “би мах шарж идмээр байна” гэж хэлээд уурласан. Би “мах шараад өгье” гэж хэлээд адуу мах хөшиглөөд зогсож байтал “хоол хийгээд байж бай гэж хэлж байхад яагаад хоол хийдэггүй юм. Хүн зовж зовж ирж байхад” гэж хэлж хэлээд Нарангэрэл агсан тавиад байсан. Миний гарт мах хөшиглөж байсан хутга байсан. Би цаашаа болж байлдаа гээд түлхэх шиг болтол Нарангэрэлийн гараас цус гараад унасан. Би ээж рүү залгаад “би хүн гэмтээчихлээ цагдаа түргэн дуудаад өгөөч” гэж хэлэхэд ээж цагдаа, түргэн дуудаж өгсөн.Түргэн ирээд Нарангэрэлийг, цагдаа ирээд намайг аваад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.6-9/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.79/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нарангэрэлийн өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүү Отгонбаярыг утсаар дуудаад хамт 3 ширхэг Сэнгүр нэртэй том пиво Сансарт байдаг Н.А гэх ахын гэрт авч очсон. Гэрт ороод шууд пивоо ууж эхэлсэн... ахад хандан “та намайг пиво аваад ирэхэд чинь хоол хийчихсэн байна гэж хэлсэн” гэхэд Н.А ах “мах гаргаад тавьчихсан, өөрөө хөшиглөөд хоолоо хийгээд ид” гэж хэлсэн, миний дургүй хүрээд “явж явж ирж байхад ямар сонин юм бэ пизда” гэж хэлсэн. Тэгтэл А ах “алив цааш суу” гээд түлхэх шиг болсон. Тэгтэл хажуу талаас Баттулга ах “наад гараас чинь цус гараад байна” гэж хэлсэн. Ингээд би согтуу байсан болохоор гар луугаа хутгалуулснаас хойш сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь гэмтэл дээр ирчихсэн байсан... Тухайн үйл явдал болох үед би хоол хийсэнгүй гэж уурласнаас болж Н.А ах намайг хутгалсан гэж бодохгүй байна... санаандгүй хутгаараа хатгачихлаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Долгормаагийн өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хулан над руу залгаад “тэд зодоон нүдээн болоод байх шиг байна, би нөхөр Оргоотой холбоо барилаа, маргаан болоод зодолдоод байх шиг байна, би охиноо дагуулаад очлоо” гэж хэлсэн... хүү А над руу залгаад “ээжээ энд нэг хүн цус алдаад байх шиг байна, юман дээр уначихлаа, түргэн дуудаад өгөөч ээ, дараа нь цагдаа дуудаад өгөөч ээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баттулгын өгсөн “... хоолноос болж Н.А, Б.Нарангэрэл хоёр хоорондоо маргалдаад түс тас гээд юм унахаар нь сэрсэн. Би “та хоёр болиоч дуракуудаа” гэж хэлээд буцаад унтаад өгсөн..” гэх мэдүүлэг /хх-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонбаатарын өгсөн “... Гал тогооны өрөөнд Н.А гэх хүн мах татаад сууж байсан. Харин хажууд нь Б.Нарангэрэл ах бид хоёр юм ярингаа пиво оо уугаад сууж байсан. Энэ үед тэр хоёр архи уугаад согтсон юм уу бүү мэд чанга чанга яриад маргалдаад байсан... Гэнэт л Нарангэрэл ахын гараас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 253 дугаартай:
“1. Б.Нарангэрэлийн биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Агийн яллагдагчаар өгсөн: ... Би ширээний хажууд сууж байхад хохирогч Б.Нарангэрэл миний хажууд суусан “явж явж ирэхэд хоол хийчихсэн байхгүй яасан юм” гээд уурлаад байсан ба энэ үед би биеийн зүүн гарын бугалгын ар хэсэгт өөрийн мах хөшиглөж байсан цэнхэр өнгийн иштэй гал тогооны хутгаар нэг удаа хатгаж гэмтэл учруулсан байна. Яг яаж байгаад гэмтэл учруулснаа сайн санахгүй байна. Гэхдээ тухайн гэмтлийг миний бие учруулсан болохоор өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.А нь 2020 оны 12 сарын 14-ний оройн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 1 дүгээр байрны 11 тоот хашаанд орших байшинд иргэн Б.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хутгаар түүний биед зүүн бугалгад шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх.6-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нарангэрэлийн өгсөн: “... Н.А ах “мах гаргаад тавьчихсан өөрөө хөшиглөөд хоолоо хийгээд ид” гэж хэлсэн, миний дургүй хүрээд “явж явж ирж байхад ямар сонин юм бэ пизда” гэж хэлсэн. Тэгтэл А ах “алив цааш суу” гээд түлхэх шиг болсон. Тэгтэл хажуу талаас Баттулга ах “наад гараас чинь цус гараад байна” гэж хэлсэн. Ингээд би согтуу байсан болохоор гар луугаа хутгалуулснаас хойш сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Долгормаагийн өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хулан чад руу залгаад “тэд зодоон нүдээн болоод байх шиг байна, би нөхөр Оргоотой холбоо барилаа, маргаан болоод зодолдоод байх шиг байна, би охиноо дагуулаад очлоо” гэж хэлсэн... хүү А над руу залгаад “ээжээ энд нэг хүн цус алдаад байх шиг байна, юман дээр уначихлаа, түргэн дуудаад өгөөч ээ, дараа нь цагдаа дуудаад өгөөч ээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баттулгын өгсөн “... хоолноос болж Н.А, Б.Нарангэрэл хоёр хоорондоо маргалдаад түс тас гээд юм унахаар нь сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Отгонбаатарын өгсөн “... Гал тогооны өрөөнд Н.А гэх хүн мах татаад сууж байсан. Харин хажууд нь Б.Нарангэрэл ах бид хоёр юм ярингаа пивоо уугаад сууж байсан. Энэ үед тэр хоёр архи уугаад согтсон юм уу бүү мэд чанга чанга яриад маргалдаад байсан... Гэнэт л Нарангэрэл ахын гараас цус гарсан..” гэх мэдүүлэг /хх-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 253 дугаартай:
“1. Б.Нарангэрэлийн биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Агийн яллагдагчаар өгсөн: “... Би ширээний хажууд сууж байхад хохирогч Б.Нарангэрэл миний хажууд суусан “явж явж ирэхэд хоол хийчихсэн байхгүй яасан юм” гээд уурлаад байсан ба энэ үед би биеийн зүүн гарын бугалгын ар хэсэгт өөрийн мах хөшиглөж байсан цэнхэр өнгийн иштэй гал тогооны хутгаар нэг утаа хатгаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.67/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Н.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Нарангэрэл нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч Н.А нь хохиролд баримтаар 250.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Н.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Ад оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Т овогт Нын Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Ад сануулсугай.
4. Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 250.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Нарангэрэл нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хөх өнгийн иштэй ажлын хэсэг нь 13 см урт, нийт урт нь 27.5 см урттай хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР