| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/68 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/68
2021 01 19 2021/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ж.Жавзандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Сд холбогдох эрүүгийн 1911 01745 1005 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт С.С, Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 6, охин, зээ, хүргэн нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 13 дугаар байр, 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 22-29 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдснаар/;
Шүүгдэгч С.С /.................................../ нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “шинээр баригдаж буй хөшигтийн хөндийн нисэх буудалд ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч П.Алтантуяагийн 2.430.000 төгрөг, Ж.Ням-Очирын 1.000.000 төгрөг, Г.Нямдоржийн 1.000.000 төгрөг, П.Эрдэнэбатын 1.000.000 төгрөг, Н.Ганбатын 1.000.000 төгрөг, нийт 6.430.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Сгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Манай нөхөр өмнө нь хилийн цэрэгт ажиллаж байсан. Одоо нас бараад 2 жил болж байна. Ажиллаж байсан газар нь нөхрийн маань шавь нар ажиллаж байсан болохоор 2-3 хүүхэд ажилд оруулна гэж ярьж байсан. Нөхөр маань карт ашигладаггүй байсан учраас миний данс руу мөнгө хийлгэж ашигладаг байсан. Нэгэнт гол 2 хүн нас барчихсан мөн би өөрийн данс руу орсон мөнгийг хэрэглэсэн нь үнэн учраас би өөрөө хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугийн талаар маргаан байхгүй байгаа” гэв.
Хохирогч П.Алтантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би анх Э.Цэцэгпүрэвтэй Тяньши гэдэг нэртэй нэмэлт тэжээлийн сүлжээний компанид 2004 онд ажиллаж байхдаа танилцсан ба улмаар огт уулзалдаагүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр Баруун 4 замын ойролцоо дайралдсан. Тухайн үед Э.Цэцэгпүрэв нь шинээр баригдаж байгаа нисэх онгоцны буудалд хүмүүсийг ажилд оруулах боломжтой байгаа урьдчилгаа төлбөр нь 1.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд би өөрийн охин болох Төмөрбаатарын Амарзаяаг ажилд оруулахаар тохиролцож Э.Цэцэгпүрэвийн Хаан банкны 5034538668 дугаарын данс руу 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 830.000 төгрөг гээд нийт 2.430.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5007009385 дугаарын данснаасаа шилжүүлсэн. Одоо Э.Цэцэгпүрэвээс дээрх мөнгийг олж авмаар байна. Үүнээс гадна манай хамаатан найз нөхөд болох Эрдэнэбат 1.000.000 төгрөг, Ням-Очир 1.000.000 төгрөг, Нямдорж 1.000.000 төгрөг, Түвшинбат 1.000.000 төгрөгийг тус тус Э.Цэцэгпүрэвт өгч залилуулсан. Дээрх хүмүүсээс болон манай охин хүртэл ямар нэгэн ажилд орж чадаагүй. Э.Цэцэгпүрэв нь 2018 оноос хойш алга болоод одоо болтол хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-28х/, хохирогч П.Алтантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “Сарантуяа гэх хүнээс 435.000, 95.000 төгрөгөөр нийт 530.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 1.900.000 төгрөг авах ёстой байгаа” гэх мэдүүлэг /хх-29х/,
Хохирогч Ж.Ням-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Өмнө нь хамт ажиллаж байсан П.Алтантуяа эгчийн танил нэг найз болох Э.Цэцэгпүрэв гэх эмэгтэй нь П.Алтантуяа эгчийн охиныг “шинээр баригдаж байгаа Нисэх онгоцны буудалд ажилд оруулж өгнө” гэж хэлж байсан. Улмаар Э.Цэцэгпүрэв нь намайг дээрх шинээр баригдаж буй Нисэх онгоцны буудалд хамгаалагчийн ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг залилж авсан. Би дээрх 1.000.000 төгрөгийг Голомт банкнаас хадгаламж барьцаалсан зээл 1.101.000 төгрөгийн зээл аваад улмаар дээрх 1.000.000 төгрөгийг Баруун 4 замын Голомт хотхоны ойролцоо байрлах одоо санаж байгаагаар Хаан банкны АТМ дээрээс өөрийн Хаан банкны 5517146288 дугаарын данснаасаа Э.Цэцэгпүрэвийн Хаан банкны 5034538668 дугаарын данс руу шилжүүлж залилуулсан. Э.Цэцэгпүрэв нь дээрх мөнгийг цаашаагаа хэн гэдэг ямар албан тушаалтай хүнд өгсөн талаараа огт хэлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаандаа ажилд оруулж өгөөгүй. Э.Цэцэгпүрэв нь тухайн үедээ төрийн албан хаагчийн анкет бөглүүлэн авч, худлаа намайг ажилд оруулж өгөх нэрийдлээр залилсан байна лээ. Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө мөнгөө бэлнээр өгсөн гэж андуурсан байна лээ, учир нь хэрэг явдал болоод бараг 2 жилийн хугацаа өнгөрсөн тул мартсан байна. Тэгтэл би өөрийн Хаан банкны дансаараа дамжуулж Э.Цэцэгпүрэвт 1.000.000 төгрөгийг өгсөн байна лээ” гэх мэдүүлэг /хх-31х/,
Хохирогч Ж.Ням-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “надад одоо гомдол, санал байхгүй. Миний 1.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн” гэх мэдүүлэг /хх-32х/,
Хохирогч Г.Нямдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “П.Алтантуяа нь надад манай нэг найз Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд хүмүүсийг ажилд оруулж өгч чадна гэнээ тэгэхээр нь өөрийн хүү болох Эрхэмбаярыг тухайн газрын хамгаалалтын албанд ажилд оруулахаар болсон. Ингээд би өөрийн Хаан банкны 5034349966 дугаарын данснаас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1 сая төгрөгийг П.Алтантуяагийн хэлснээр Цэцэгпүрэв гэх эмэгтэйгийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Би П.Алтантуяагаас мөнгөө нэхсэн чинь Э.Цэцэгпүрэв цаашаагаа мөнгө хүнд өгсөн гэж хэлээд өгөхгүй байна гэсэн. Одоо үнэхээрийн гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-34х/,
Хохирогч Г.Нямдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “Хохирол болох 1 сая төгрөгөө нөхөн төлүүлж авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-35х/,
Хохирогч П.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний найз П.Алтанцацрал нь П.Алтантуяаг таних ба тэр хоёр надад шинээр байгуулагдаж байгаа Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд манай нэг найз ажилд оруулж өгнө гэж хэлж улмаар надад Э.Цэцэгпүрэвийг танилцуулсан. Ингээд Э.Цэцэгпүрэв нь намайг нисэх онгоцны буудлын хамгаалалтын ажилд оруулж өгнө гэж хэлж улмаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн Хаан банкны 5089038468 дугаарын данснаа Э.Цэцэгпүрэвийн Хаан банкны 5034538668 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Баруун 4 замд байрлах Макс моллын 1 дүгээр давхарт байхдаа мобайл банкаар шилжүүлсэн. Энэ өдрөөс Э.Цэцэгпүрэвийн хаана байгаа нь олдохгүй алга болсон. Дээрх 1.000.000 төгрөгийг Э.Цэцэгпүрэв нь нисэх онгоцны буудалд ажилд ороход хэрэгтэй гэж хэлж авсан. Одоо 1.000.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-37х/,
Хохирогч Н.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “манай бага хүү Түвшинбат нь 2017 оны 11 дүгээр сарын үед байх над руу утсаар холбогдож намайг Алтантуяа гэж эгч “Хөшигтийн хөндийд Нисэх буудалд ажилд оруулж өгнө гэлээ. Шовгорт нь 1 сая төгрөг гэж байна” гэхээр дүү нартайгаа ярьж байгаад тэр мөнгийг нь хүүгийнхээ данс руу шилжүүлсэн юм. Манай хүү Цэцэгпүрэв гэж хүний данс руу 1 сая төгрөгөө шилжүүлсэн гэсэн. Тэр Алтантуяа, Цэцэгпүрэв нар нь манай хүүг ажилд оруулж өгөөгүй. Алтантуяа гэж хүн нь бас тэр Цэцэгпүрэв гэж хүнд хулхидуулж хохирсон гэж ярьж байсан. Манай хүүг ажилд оруулж өгнө гэсэн болохоор итгэж бэлэн 1 сая төгрөг өгсөн одоо тэр мөнгөө Цэцэгпүрэв гэж хүнээс авч хохиролгүй болмоор байна. Манай хүү Түвшинбат одоо Япон улсад ажиллаж амьдарч байгаа. 2019 оны 08 сард явсан” гэх мэдүүлэг /хх-41х/,
Хаан, Голомт банкны дансны хуулгууд /хх-20-22х/, 26х, 195-208х, 209-210х/,
Шүүгдэгч С.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-138х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-119х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Санжмятав овогтой Сарантуяа /РД:ЧП61031902/ нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “шинээр баригдаж буй хөшигтийн хөндийн нисэх буудалд ажилд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч П.Алтантуяагийн 2.430.000 төгрөг, Ж.Ням-Очирын 1.000.000 төгрөг, Г.Нямдоржийн 1.000.000 төгрөг, П.Эрдэнэбатын 1.000.000 төгрөг, Н.Ганбатын 1.000.000 төгрөг, нийт 6.430.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдаас нийт 6.430.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч С.С нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын 1.000.000 төгрөгийг хохирогч Ж.Ням-Очирт, 1.000.000 төгрөгийг Г.Нямдоржид, 1.000.000 төгрөгийг П.Эрдэнэбатад, 1.000.000 төгрөгийг Н.Ганбатад төлж барагдуулсан, харин хохирогч П.Алтантуяад 2.430.000 төгрөгнөөс 530.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба үлдэх 1.900.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болно.
Иймд шүүгдэгч С.Сг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч С.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдаас нийт 6.430.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН