Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/424

 

                                             

 

 

 

 

 

 2021        03          30                                      2021/ШЦТ/424

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Ариунболд,

Шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Шд холбогдох 2106 00000 0264 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1995 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Skytel” ХХК-д харилцагч хариуцсан менежер ажилтай, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Аргалант 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат өргөө хотхоны 14 дүгээр байрны 18 тоотод түр оршин суух, ам бүл 4, хүргэн ах, эгч, зээ дүүгийн хамт амьдардаг, Б овогт Дийн Ш /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны замд Хонда Инсигхт /Honda Insight/ маркийн 40-91 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ш нь албан үүргээ гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуягийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн,

Мөн албан үүргээ гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуягийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүч хэрэглэн улмаар машинаар чирч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шгийн өгсөн: “... Би өөрийгөө зөвтгөх ямар нэгэн шалтгаан байхгүй. Бүх зүйл миний буруу. Хэрэг болохын өмнөх орой нь зурагтаар нэг өрхөөс нэг шинжилгээгээр явж болно гэснийг хараад эгчийнхээ шинжилгээгээр ажил руугаа явсан. Үүнээс болж цагдаагийн албан хаагч бид хоёрын дунд үл ойлголцол болсон. Өөрийгөө зөвтгөх ямар нэгэн зүйл байхгүй. Би өөрөө шинжилгээндээ хамрагдаад явах ёстой байсан. Би залуу хүн байж ийм үйлдэл гаргасандаа ичиж байна. Манай улс тусгаар тогтносон Бүгд Найрамдах Үндсэн хуультай улс. Би гэм буруугаа хүлээж эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би залуу хүн учраас их зүйл хийж бүтээх учраас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганхуягийн өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 08 цагийн орчимд Офицеруудын ордны урд талын зам дээр үүрэг гүйцэтгэж байх үед Хонда Инсигхт /Honda Insight/ маркийн 40-91 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоос “хөл хориотой байгаа, ямар шалтгаанаар хаашаа явах гэж байгаа” талаар асуухад “ажилдаа явж байна” гээд ажлын үнэмлэхээ надад үзүүлсэн. Би тэр жолоочоос ажлын газрын тодорхойлолт, PCR шинжилгээний хариуг шаардахад “байхгүй, би ажилдаа явмаар байна, та нарын ам, ажил хоёр зөрөөд байна” гээд уурласан. Би дахин жолоочоос бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад “надад байхгүй” гээд автомашинаа хөдөлгөхөөр нь би тухайн автомашины түлхүүрийг авах гээд цонхоор нь баруун гараа оруулахад тухайн автомашины жолооч зогсолгүй хурдтай 40 гаран метр газар намайг автомашинаараа чирч явсан. Эмчилгээний төлбөр мөнгийг буруутай жолоочоос гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болдын өгсөн: “... Би тухайн үед зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлж байсан чинь гэнэт “түр тар” гэх чимээ гарахаар нь харсан чинь надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Д.Ганхуягийг нэг тээврийн хэрэгсэл чирээд явж байхаар нь араас нь хараад гүйгээд очсон чинь тухайн тээврийн хэрэгсэл буцаж эргээд зогссон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1580 дугаартай:

          “1. Д.Ганхуягын биед баруун мөр, тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.         

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.57-58/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Шгийн яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Ганхуягт учирсан эрүүл мэндийг хохирлыг барагдуулахад татгалзах зүйл байхгүй ээ. Би хийсэн хэргээ ойлгон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.52-53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Ш нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны замд Хонда Инсайт /Honda Insight/ маркийн 40-91 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа албан үүргээ гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний тээврийн хяналтын албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуягийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар түүнийг автомашинаар чирч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганхуягийн өгсөн: “... Би дахин жолоочоос бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад “надад байхгүй” гээд автомашинаа хөдөлгөхөөр нь би тухайн автомашины түлхүүрийг авах гээд цонхоор нь баруун гараа оруулахад тухайн автомашины жолооч зогсолгүй хурдтай 40 гаран метр газар намайг автомашинаараа чирч явсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болдын өгсөн: “... Би тухайн үед зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлж байсан чинь гэнэт “түр тар” гэх чимээ гарахаар нь харсан чинь надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Д.Ганхуягийг нэг тээврийн хэрэгсэл чирээд явж байхаар нь араас нь хараад гүйгээд очсон чинь тухайн тээврийн хэрэгсэл буцаж эргээд зогссон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1580 дугаартай:

          “1. Д.Ганхуягын биед баруун мөр, тохой, бугалганы зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.         

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.57-58/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Шгийн яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Ганхуягт учирсан эрүүл мэндийг хохирлыг барагдуулахад татгалзах зүйл байхгүй ээ. Би хийсэн хэргээ ойлгон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.52-53/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Д.Шгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Гантөмөрийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг, мөн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Ганхуяг нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн учир шүүгдэгч Д.Шг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Д.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Шгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Д.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 3.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Шд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Д.Шд оногдуулсан нийт 3.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Дийн Шг “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Д.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 3.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Шд оногдуулсан нийт 3.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Шд сануулсугай.

6. Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР