Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

2021        01        27                                   2021/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

            улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Г.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000008 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сартуул овогт Г.А, 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг, Өлзийт залгамжлагч хэсэг 1 дүгээр гудамж 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12-837 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .........................................

/яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжны 554 тоотод оршин суудаг иргэн Э.Жаргалсайханыг “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар гэрт нь очиж түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарсан өдөр миний найз болох Доржлхагвын гэрт 0.5 литрийн “Хараа” гэх нэртэй цагаан архийг хувааж уугаад хохирогч Жаргалсайхантай утсаар ярьж авлагаа нэхэхэд хохирогч Жаргалсайхан өгөхгүй гэсэн. Тиймээс Доржлхагва бид хоёр оройн 22 цагийн үед хохирогчийн гэрт нь очиж муудалцаад зодолдсон” гэв.

Хохирогч Э.Жаргалсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Аз-Эрдэнэ, Доржлхагва хаалга онгойлгоод орж ирээд тэгээд хэн бэ гэсэн Жагаа ах уу гэсэн тэгсэн намайг шууд цохисон ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,

Хохирогч Э.Жаргалсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найзынхаа Приус засварын газарт машинаа жаахан янзалж байгаад өөрийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 дүгээр гудамж, 554 тоотод байх гэртээ ирээд өөртөө аяга хоол хийж идчихээд 1 литр шимийн архи уучихаад унтсан. Тэгээд 22 цагийн орчимд манай гэрийн хаалгыг надтай хамт ажиллаж байсан “Азаа” гэдэг залуу тогшоод нэг хүнтэй хамт орж ирэхээр нь би “хэн бэ” гэж хэлсэн чинь “Жагаа юу” гэсэн. Тэгэхээр нь би “тиймээ” гэж хэлсэн чинь тэр хоёр ирээд намайг зодож эхэлсэн. Би тэгээд намайг аллаа гээд орилоод тэр хоёроос зугтаад урд айлын эгчийн гэр рүү орсон. Тэр эгч цагдаа дуудсан. Тэгээд би гарах гэсэн чинь манай гэрээс тэр хоёр залуу гарч ирээд урд айлын эгчийн гэрт Азаа гэдэг залуу орж ирээд намайг зодсон. Тэгээд байж байсан чинь манай хашааны үүдэнд Цагдаагийн алаг тэрэг ирсэн. Тэгээд нэг нэгээрээ гарч явах гэсэн чинь цагдаа нар ирээд тэр хоёр залууг аваад явсан. Намайг зодсон 2 залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би гэртээ ганцаараа байсан. Манай гэрийнхэн Дундговь аймаг руу явсан байгаа. Би уг 2 залууд зодуулчихаад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэсэн. Тэгээд тархины зураг авахуул гэсэн. Тэгээд намайг маргааш 1-р эмнэлэгт үзүүл гээд бичиг хийж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-13-15х/,

  Гэрч М.Доржлхагваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 12 сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд найз Аз-Эрдэнэ манай гэрт ирж манай гэрийн компьютер дээр сууж байгаад 19 цагийн үед “Хараа” нэртэй 0.5 литрийн савлагаатай архи ууж байгаад архиа дуусгаад Аз-Эрдэнийн хамт яваад хүнээс Хаан банкны виза карт авна гээд бид 2 хамт гараад би гэрийнх нь гадаа очоод тамхи татаж үлдээд Азаа гэр лүү нь орсон. Тэгээд тамхиа татаж дуусгаад ороход гэр нь харанхуй байсан. Тэгээд утасны гэрлээ асаахад Азаа Жаргалсайхан хоёр хоорондоо барьцалдсан байсан. Би тэгээд салгаж байхад миний куртик урагдаж түлхүүр гэр дотор унаад харанхуй болохоор олдохгүй байсан. Азаа Жаргалсайхан 2 гадаа гараад орилоод байсан. Араас нь гартал Азаа дээр нь гарчихсан байсан. Би тэгээд Азааг болиулаад явах гэтэл цагдаа ирсэн. Азаа бид хоёр 19 цагийн үед 0,5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи уусан. Дотор гэрэлгүй байсан болохоор хэн нь хэнийгээ цохиод байгааг хараагүй. Тэр 2 барьцалдаад орилоод байсан. Жаргалсайхан үзүүртэй юмаар Аз-Эрдэнэ гарыг миний куртикийг зүссэн. Манай найз Аз-Эрдэнэ Жаргалсайханы нүүр лүү нэг удаа баруун гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-17-18х/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №08 тоот дүгнэлтэнд:

         “1. Э.Жаргалсайханы биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөмсөгний голд, баруун хацар, баруун нүдний гадна талд, зүүн чихний дэлбээнд цус хуралт, нуруу, баруун бугалга, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-27-28х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжны 554 тоотод оршин суудаг иргэн Э.Жаргалсайханыг “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар гэрт нь очиж түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Аз-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Жаргалсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Г.Аэс нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй /хх-58х/ гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сартуул овогт Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аз-Эрдэнийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН