| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
2021 01 27 2021/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч С.Солонго,
Шүүгдэгч Я.Ц, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Я.Цд холбогдох эрүүгийн 2011 01921 1152 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Я.Ц, 1987 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Өндөрхаан 5 дугаар гудамж 7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоогийн 31-27 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...........................................
Шүүгдэгч Я.Ц /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Сондор үнэт эдлэлийн дэлгүүрт худалдаа эрхэлж байсан иргэн Б.Оюунчимэгийн лангуун дээрээс 3.36 граммтай 585 сорьцтой монетон бөгж 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 436.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13:00-13:36 цагийн хооронд манай Сондор үнэт эдлэлийн лангуун дээр эхнэр, нөхөр бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд чигчий хуруунд бөгж авахаар үзэж байсан. Тэгээд утсаараа нэг хүнтэй холбогдон ярьж бөгжний зургийг маань үзүүлж байгаад 1.94 граммтай монетон бөгж 291.000 төгрөгөөр авахаар тохиролцоод үнийн дүнд нь өрөөсөн монетон ээмэг өгөөд зөрүү мөнгө болох 88.600 төгрөгийг миний Хаан банкны 5027888318 тоот данс руу хийсэн. Тэр бөгжөө авсаны дараа өөртөө бас бөгж үзэж байгаад 3.36 граммтай 585 сорьцтой 504.000 төгрөгний үнэ бүхий монетон бөгжийг зүүж үзэж байгаад намайг анхаарал сарних хооронд бөгжийг гартаа атгаад аваад явсан байсан. Тэр үед нөхөр болох хамт явсан эрэгтэй нь машинаа зам дагуу байрлуулсан байгаа машин ачаад явчихаж магадгүй гээд яараад байсан. Тэгээд эмэгтэйгээ үлдээгээд түрүүлээд гараад явсан. Тэгээд эмэгтэйгээ үлдээгээд түрүүлээд гараад явсан. Тэр үед эхнэр болох эмэгтэй нь эхлээд зүүж явсан ээмгээ өгөөд зөрүү мөнгийг өгөөд бөгж болгоно гээд баахан бөгж үзэж байгаад больсон. Тэгээд явахдаа миний лангуун дээр байсан бөгжийг аваад явсан байсан. Тэр үед манай лангуун дээр өөр хүн амьтан ч байхгүй байсан ...хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг залуу орж ирээд бөгж үзүүлэхээр бөгжөө хартал байхгүй байсан. Тэгээд бөгжөө алдсанаа мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-17-18х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15х/,
Я.Цаас эд зүйл түр хураан авч, Б.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-8-9х/,
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-22-23х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33х/,
Хохирогч Б.Оюунчимэгээс эд зүйлээ хүлээн авлаа гэсэн тайлбар /хх-10х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Я.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Сондор үнэт эдлэлийн дэлгүүрт худалдаа эрхэлж байсан иргэн Б.Оюунчимэгийн лангуун дээрээс 3.36 граммтай 585 сорьцтой монетон бөгж 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 436.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
шүүгдэгч Я.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нөхөр хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын банкны шилэн барилгаас жаахан зүүн тийш яваад “Сондор” нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрт өөрийн төрсөн дүүдээ чигчий хурууны бөгж худалдаж авахаар орсон юм. Мөн тэр үед өөртөө байсан ээмэг, бөгж зэргийг солиулахаар орсон. Тэгээд лангуу хэсэгт нь очоод бөгжөө гаргуулаад сонирхоод зогсож байсан тэр үед би өөртөө байсан монетон эдлэлүүдээ тэр дэлгүүрийн лангуун дээр гаргаад тавьчихсан байсан. Тэгээд дүүдээ чигчий хурууны бөгжийг сонгож авсан тэр бөгж 200 мянга гаруй төгрөг болж байсан санагдаж байна тэр мөнгөнөөс 80 мянга гаруйг нь мобайлдаж шилжүүлэн өгөөд өөрт байсан монетон ээмгийг өгсөн юм тэр үед нөхөр машинаа холдуулна гэж гарсан байсан гадаа гараад миний утас ру залгаад ажлаас залгаад байна хурдан гараад ир гэхээр нь яарсандаа болоод лангуун дээр үзүүлж байсан дэлгүүрийн бөгжийг өөрийнхөө үнэт эдлэлүүдтэй хамт аваад халаасандаа хийгээл гарсан байсан ...намайг бөгж авахад худалдагч миний өөдөөс хараад зогсож байсан анзаараагүй юм шиг байна лээ манай нөхөр машинаа холдуулахаар гадагш гараад явсан байсан. Би таарахгүй ч гэсэн өөрөө мэдэлгүй авч явсан бөгжөө худалдаад авчихсан тэр эгчээс уучлалт гуйсан байгаа. Бөгжийг мэдэлгүй аваад явсан нь миний буруу гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-29-30х/,
шүүгдэгч Я.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
хохирогч Б.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13:00-13:36 цагийн хооронд манай Сондор үнэт эдлэлийн лангуун дээр эхнэр, нөхөр бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд чигчий хуруунд бөгж авахаар үзэж байсан. Тэгээд утсаараа нэг хүнтэй холбогдон ярьж бөгжний зургийг маань үзүүлж байгаад 1.94 граммтай монетон бөгж 291.000 төгрөгөөр авахаар тохиролцоод үнийн дүнд нь өрөөсөн монетон ээмэг өгөөд зөрүү мөнгө болох 88.600 төгрөгийг миний Хаан банкны 5027888318 тоот данс руу хийсэн. Тэр бөгжөө авсаны дараа өөртөө бас бөгж үзэж байгаад 3.36 граммтай 585 сорьцтой 504.000 төгрөгний үнэ бүхий монетон бөгжийг зүүж үзэж байгаад намайг анхаарал сарних хооронд бөгжийг гартаа атгаад аваад явсан байсан. Тэр үед нөхөр болох хамт явсан эрэгтэй нь машинаа зам дагуу байрлуулсан байгаа машин ачаад явчихаж магадгүй гээд яараад байсан. Тэгээд эмэгтэйгээ үлдээгээд түрүүлээд гараад явсан. Тэгээд эмэгтэйгээ үлдээгээд түрүүлээд гараад явсан. Тэр үед эхнэр болох эмэгтэй нь эхлээд зүүж явсан ээмгээ өгөөд зөрүү мөнгийг өгөөд бөгж болгоно гээд баахан бөгж үзэж байгаад больсон. Тэгээд явахдаа миний лангуун дээр байсан бөгжийг аваад явсан байсан. Тэр үед манай лангуун дээр өөр хүн амьтан ч байхгүй байсан ...хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг залуу орж ирээд бөгж үзүүлэхээр бөгжөө хартал байхгүй байсан. Тэгээд бөгжөө алдсанаа мэдсэн ...” /хх-17-18х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15х/, Я.Цаас эд зүйл түр хураан авч, Б.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-8-9х/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-22-23х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33х/, Хохирогч Б.Оюунчимэгээс эд зүйлээ хүлээн авлаа гэсэн тайлбар /хх-10х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Я.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 436.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Я.Цыг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Оюунчимэгт 3.36 грамм 585 сорьцтой шаргал өнгийн монетон бөгж 1 ширхэг /хх-09х/-ийг хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Я.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 436.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Я.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Я.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН