Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Х.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч Х.Н-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Х.Н-т холбогдох 201626011905 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х.Н, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хх, хх дүүргийн хх дүгээр хороо хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Х.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн О.Н-гийн цээж, хэвлийн тус газарт хутгалж, түүнийг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Х.Н-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Х.Н-ыг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х.Н-ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х.Н-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Н-ын цагдан хоригдсон 375 хоногийг түүний ялын хугацаанд оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал хуванцар бариултай 1 ширхэг хутга, хөндлөн судалтай ягаан өнгийн футболк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж,

Х.Н-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Н-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “…Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хөнгөрүүлж зүйлчлэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.

Шүүгдэгч Х.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн О.Н-гийн цээж, хэвлийн тус газарт хутгалж түүнийг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...” гэж тодорхойлжээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Н-гийн мэдүүлэгт “...Н- нь миний цээж, нуруу руу болон зүүн суганд 4 удаа мөн цээжин дээр 2 удаа хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд би цусаа хараад шоконд ороод гэртээ ороод ирсэн...” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдаанд үзэж судалсан камерын бичлэгт шүүгдэгч Х.Н- нь хохирогч О.Н-г хутгалах үйлдэл хийх явцад болон хийсний дараагаар түүнээс хутгыг салгаж авах, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах гэсэн үйлдлийг орцоор орж, гарч байгаа хүмүүс хийхгүй байгаа байдал харагдах /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийн үйлдэл түүний өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон гэх үзэх үндэслэлгүй, эсрэгээрээ шүүгдэгч үйлдлээ өөрөө төгсгөсөн гэж үзэх үндэстэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Н- нь хохирогч О.Н-г алах гэсэн субъектив санаа зорилготой байсан эсэх, түүний үйлдэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас таслан зогсоогдсон эсэх нь тогтоогдоогүй, нотлогдоогүй, энэ тухай ямар нэгэн баримтгүй тул таамаглалд үндэслэж шүүгдэгч Х.Н-ыг “хүнийг онц харгис хэрцгийгээр санаатай алахыг завдсан” гэж эрх зүйн байдлыг дордуулан ял халдаах боломжгүй байна гэжээ.

Шүүх Х.Н-т холбогдох хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж улсын яллагчийн хувьд үзэж байна. Шүүгдэгч Х.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн О.Н-гийн цээж, хэвлийн тус газарт хутгалж түүнийг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан болох нь:

хохирогч О.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н- надад хандан хоёулаа архинд гаръяа гэхээр нь би хамт гэрээс гартал орцны нэгдүгээр давхарт цахилгаан шатны хажууд хутга гаргаж ирээд үгийн зөрөөгүй л миний цээж рүү хутгаараа хатгасан. Ингэхээр нь зугтаагаад гэр лүүгээ ортол Тэлмэн цагдаа болон түргэн тусламж дуудсан юм”,

яллагдагч Х.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н- бид хоёр маргалдсан ба Н- миний толгой руу болон нүүр ам руу цохисон. Тэгээд би уурлаж гэрт байсан жижиг шар иштэй хутгыг аваад тэдний байрны орцонд Н-г хутгаараа 4 удаа хатгасан. Н- намайг цохьчихоод гэрээс түрүүлээд гарахад нь би араас нь хутга барьж гараад орцонд хутгалсан”,

гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 137 дугаар байрны 1 дүгээр орцны 2 дугаар давхарт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа жолооч дэд ахлагч Б-ын хамт уг дуудлага дээр явж очиход орцны гадаа буланд нэг намхавтар нуруутай залуу баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Б- бид хоёр уг залуу руу дөхөж очоод хутгаа хая гэхэд хаяхгүй болохоор би резенин бороохойгоор гарыг нь цохиж хутгыг нь хаяулаад тусгай хэрэгсэл гав хэрэглэж аюулгүй болгож машинд суулгаад Б- харгалзан үлдээд би уг орцны жижүүрээр заалган очиж хаалгыг нь тогшоод ороход 40 орчим насны залуу цээж болон суганд 4 удаа хутгалуулсан шархтай, цус алдсан байдалтай зогсож байсан ба би түргэн дуудаад уг залууг өгч явуулсан” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт бүхий 10094 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “О.Н-гийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт /600мл/, цээж, бүсэлхий, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”,

сэжигтэн Х.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...би явлаа гээд хувцсаа өмсөөд гарах гэхэд Н- араас ирээд намайг битгий яв яагаад явах гээд байгаа юм бэ гээд уурлахаар нь би явлаа гээд гарах гэхэд миний араас татаад би эргээд харсан чинь миний зүүн нүд рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би буцааж зөрүүлж цохиогүй би явахаа болиод гэрт нь Н-тай юм ярьж сууж байгаад гаръя гээд бид гэрээс нь гарсан. Тэгээд надтай олон жил найзалсан надаар бүх зүйлээ авахуулдаг байж намайг зодохоор нь би уурлаж гомдоод гал тогооны текен дээр ил байсан шар ясан бариултай жижиг хутга аваад гарсан. Тэгээд бид 2 гэрээс нь гараад нэг давхар руу бууж байгаад зодуулсандаа уур хүрээд маш их уурласан тэгээд миний толгой шал өөр юм бодогдоод байсан. Тэгээд би яг юу болсныг санахгүй ямар ч байсан хүн хутгалаад байснаа санаж байна. Тэгээд цагдаагийн газар ирээд жоохон тайвшраад бодоход би Н-г хутгалсан гэдгээ ойлгосон...” гэх мэдүүлэг,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...дуудлагын дагуу очиход орцны гадаа нэг намхавтар нуруутай бор царайтай залуу баруун гартаа хутга барьчихсан залуу орцны буланд нуугдаад зогсож байсан” гэх мэдүүлэг,

гэрч Ө.Г-мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...намайг ороход гэрт нь Батчимэг, Тэлмэн, Н- нар байсан, Тэлмэн, Н- 2 согтуу маргалдаад байсан. Тэгэхдээ Н- Тэлмэн рүү юм яриад Монгол улс сөнөлөө хятадууд газар нутгаа зараад дууслаа гэх зэргээр яриад байхаар нь би Тэлмэнд энэ Н-ын тархи толгой нь зүгээр үү түргэн дуудаж үзүүл гэхэд Н- бас над руу чи бас хужаа гээд байсан… тэгэхэд Н- Н-г 2-улаа гаръя гээд цугтаа гараад явсан. Удалгүй 5 орчим минутын дараа Н- хувцас нь цус болчихсон хаалгаа онгойлгоод ороод ирэхээр нь би “яав юу болов” гэж асуухад Н- намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би шууд гараад цагдаа түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Гэтэл дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэмт хэргийн талаарх дээр дурдсан үйл баримтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж гэмт хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлж, ялтанд ял завших боломжийг бий болгосон байна гэж улсын яллагчийн хувьд үзэж байна. Иймд Х.Н-т холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Н-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Н-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эсэргүүцэлд анхан шатны шүүх таамаглалд үндэслэж, алахыг завдсан байхад хүнд хохирол санаатай учруулсан гэсэн дүгнэлт хийсэн гэж дурдаад байна. Гэтэл эсрэгээрээ бусдыг алахыг завдсан гэх асуудал нь өөрөө таамаглалд үндэслэсэн гэж ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Х.Н-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн гэмт этгээдийн үйлдсэн үйлдлийг нотлох баримтаар нотлох ажиллагаа. Нотлох баримтаар камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлтээр хүнд хохирол учруулсан нотлогдож тогтоогдоод шүүх дүгнэлтээ хийсэн. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гээд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу санаа сэдэлт тогтоох ёстой хуулийн шаардлага нь энэ хэрэгт прокурорын үүргээр нотлогдсон нотлох баримт байхгүй. Тухайн үед өмгөөлөгчийн зүгээс яллах тал алахыг завдаж байгаа үйлдэл, алах санаа зорилгоо нотолсон баримтаа танилцуулаач гэсэн. Тухайн үед ийм баримт байхгүй, цаашид ч байх боломжгүй. Яагаад гэвэл тухайн хүний толгойд юу бодогдож, яаж энэ гэмт хэргийг үйлдэж байгаа байдлыг ямар ч баримтаар нотлох боломжгүй. Камерийн бичлэг нь энэ хэргийн гол нотлох баримт болж байгаа. Хэрвээ алах зорилго, хүсэл сонирхолтой байсан гэж үзвэл хоёулаа үйлдсэн үед хэд хэд байгаа. Хэрвээ алах зорилготой байсан бол энэ хооронд хэд хэдэн удаа хутгалах боломж байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр гарсан шарх, гэмтлийн байдал нь ил хэсэгт хүмүүсийг орж ирэхээс өмнө хийгдсэн 3-4 удаагийн үйлдэл нь яг тэр хэвээр гарсан. Алах субъектив санаа зорилго гадны хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон гэх үйл баримтаар нотлогддог шаардлагыг тавьсан. Анхан шатны шүүх гадны үйлчлэлээс таслан зогсоогдсон эсэх нь тогтоогдоогүй, нотлогдоогүй. Энэ тухай ямар нэгэн баримтгүй тул таамаглалд үндэслэж, шийдвэр гаргах боломжгүй гэж дүгнэсэн...” гэв.

 

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд завдсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүдээр тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч нь тухайн үед хутгалуулчихаад “үгийн зөрүүгүй хутгалуулсан. Хутгалуулаад цусаа хараад гэр лүүгээ зугтаад орсон” гэдэг. Зугтаад орсон үйлдлээрээ дээрх гэмт хэрэг таслан зогсоогдсон болохоос биш шүүгдэгчийн өөрийнх нь үйлдлээр таслан зогсоогдсон шинж хэргийн нөхцөл байдлаас харагддаггүй. Тухайн гэрт хохирогч, шүүгдэгч, түүний найз, эхнэр нь хамт байсан. Тэдгээр хүмүүсийн хажууд тухайн үйлдлийг хийхгүйгээр “дэлгүүр явъя” гэж орцонд дуудаж гаргаад дээрх үйлдлийг хийсэн. Үүний дараа хохирогч гэр лүүгээ зугтааж орсон байдлаар энэ гэмт хэрэг төгссөн. Түүнээс биш шүүгдэгчийн хүсэл зоригоос шалтгаалаад дээрх гэмт хэрэг төгсөөгүй гэж үзэж байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Х.Н-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Х.Н- нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхарт хамт амьдардаг иргэн О.Н-гийн цээж, хэвлийн тус газарт хутгалж, онц харгис хэрцгийгээр түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч О.Н-гийн “...2016 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 08-09 цагийн үед босоод Тэлмэн, Н- бид 3 үлдсэн 1 шил архиа хувааж уугаад байж байхад Н- архи ууж дуусаад “Тэлмэн та 2 нийлээд намайг бөөрөлхөөд байгаа юм уу” гэх зэргээр хэрүүл өдөж байснаа “та нар бүгд хужаагийн эрлийз тагнуулууд” гэх зэргээр орилоод байснаа гэнэт “явлаа” гээд гарах гэхээр нь би үүдээ хааж зогсоод “явуулахгүй” гэхэд гарах гээд намайг түлхэхээр нь би Н-ыг нүүр лүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл Н- цохиулангуутаа юм хэлэхгүй тайван болоод сандал дээр суучихсан. Тэгээд сууж байснаа “намайг гаръя, дэлгүүр оръё” гэсэн. Тэгээд гэрээсээ гараад би хаалгаа цоожлоод зогсож байхад Н- шатаар бууж байхдаа хүнтэй юм ярьж байгаа юм шиг ганцаараа яриад яваад байсан. Тэгээд би араас нь шатаар буугаад “чи юу яриад яваад байгаа юм бэ” гэхэд эргэж хараад суганы орчим хутгалчихсан. Тэгээд Н- юу ч ярихгүйгээр дахин миний цээж болон нуруу, зүүн суга руу хутгалчихсан. Тэгээд би цусаа хараад шоконд ороод гэртээ ороод ирсэн. ...Тухайн үед миний цээж, нуруу болон зүүн суганд 4 ширхэг хутганы шарх үүссэн, мөн цээжин дээр 2 удаа хутгаар зүсчихсэн байсан. Н- хужаагийн эрлийз тагнуул гээд доромжлоод байснаас болж би уурлаад Н-ыг нэг удаа нүүр лүү нь цохисон...” /1-р хх-ийн 22-24, 126 тал/,

гэрч Н.А-ийн “...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ...дэд ахлагч Б-ын хамт уг дуудлага дээр явж очиход орцны гадаа буланд нэг намхавтар нуруутай залуу баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Б- бид 2 уг залуу руу дөхөж очоод “хутгаа хая” гэхэд хаяхгүй болохоор нь би резинэн бороохойгоор гарыг нь цохиж хутгыг нь хаяулаад, тусгай хэрэгсэл гав хэрэглэж аюулгүй болгож, машинд суулгаад, Б- харгалзан үлдээд, би уг орцны 2 дугаар давхарт тоотыг нь санахгүй байна уг залуугийн амьдардаг гэх хаалгыг орцны жижүүрээр заалган очиж хаалгыг нь тогшиход 40 орчим насны залуу цээж болон сугандаа 4 удаа хутгалуулсан шархтай, цус алдсан байдалтай зогсож байсан ба би түргэн дуудаад уг залууг өгч явуулсан...” /1-р хх-ийн 27-29 тал/,

гэрч Ц.Б-ын “...2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ...Эргүүлийн офицер ахмад Амарсанаагийн хамт дуудлагын дагуу очиход орцны гадаа нэг намхавтар нуруутай, бор царайтай залуу баруун гартаа хутга барьчихсан орцны буланд нуугдаад зогсож байсан. Тэгээд Амарсанаа ахмад бид 2 уг залуу руу дөхөж очоод “хутгаа хая” гэхэд хаяхгүй болохоор нь Амарсанаа ахмад резенин бороохойгоор уг залуугийн гарыг нь цохиж хутгыг нь хаяулаад тусгай хэрэгсэл гав хэрэглэж, гарыг нь ард нь гавлаад 2 давхар луу гарсан. 2 давхар луу гараад зүүн гар тал руугаа эргээд эхний хаалгыг тогшиж үзэхэд цус болсон ягаан футболктой залуу хаалга онгойлгож өгсөн ба ороход гэрийн шал цусаар бохирлогдсон байсан...” /1-р хх-ийн 105-107 тал/,

гэрч Ө.Г-ын “...2016 оны 7 дугаар сарын 17-ны өглөө би 09 цагийн орчим Н-гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 137-11 тоотод очоод хаалгыг нь цохиход хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь би хүнгүй байна гэж бодоод гараад явж байтал тагтны цонхоор Тэлмэн “Ганбаа ахаа бид нар гэртээ байна энд бөөн юм болоод байна, та ороод ир” гэж дуудахаар нь Н-гийн гэрт яваад орсон. Ороход Тэлмэн, Н- нар согтуу маргалдаад байсан. Тэгэхдээ Н- нь Тэлмэн рүү юм яриад Монгол улс сөнөлөө, хятадууд газар нутгаа зараад дууслаа гэх зэргээр яриад байхаар нь би Тэлмэнд энэ Н-ын тархи, толгой нь зүгээр үү түргэн дуудаж үзүүл гэхэд Н- бас над руу чи бас хужаа газар нутаг зарлаа хужаагийн эрлийзүүд гээд байсан. ...Тэгэхэд Н- Н-г хоёулаа гаръя гээд цугтаа гараад явсан. Тэгээд удалгүй 5 орчим минутын дараа Н- хувцас нь цус болчихсон хаалгаа онгойлгоод ороод ирэхээр нь би яав юу болов гэж асуухад Н- намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд түргэн, цагдаа дуудсан...” /1-р хх-ийн 153-154 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10094 дугаар “...О.Н-гийн цээжний зүүн хажуу дунд хэсэгт 2см, 1.6 см урттай, баруун урд дунд хэсэгт 1,8 см урт, бүсэлхийн ар дунд хэсэгт 2 см урт мэс заслын оёдол бүхий шархтай, цээжний баруун урд дунд хэсэгт 2х0.1см, 2.5х0.1 см, хэвлийн зүүн урд дунд хэсэгт 1,6х1см өнгөц зүсэгдсэн шархтай. БХХСАХНЭ-гийн 005679 дугаартай өвчний түүхэнд: ...цээжний зүүн талд 3 газар шархтай, бүсэлхийн баруун талд 1 газар шархтай.

...Н-гийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт /600мл/, цээж, бүсэлхий, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 858 дугаар “...Х.Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Бухимдах хэлбэрийн хэв шинжит бус согтолт”-ын байдалтай байсан байна. Х.Н- нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ “Бухимдах хэлбэрийн шинжит бус согтолт”-ын байдалтай байсан байна. Х.Н- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 42-47 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 285 дугаар “Х.Н-ын сэтгэцэд үзлэг хийж гаргасан 858 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Х.Н- нь сэтгэцийн өвчингүй байна. Х.Н- нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. Х.Н- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Х.Н- нь өгсөн мэдүүлгээ хариуцах чадвартай байна. Х.Н- нь согтууруулах ундаа хэрэглэсэн, уурласан үедээ өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна. “Бухимдах хэлбэрийн хэв шинжит бус согтолт”-ын байдалтай байхдаа Х.Н- нь өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 134-139 тал/,

“...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 1 дүгээр орцны 1 дүгээр давхарыг харуулах ба ...09 цаг 41 минут 01 секундэд бичлэг эхлэх үед О.Н- нь орцны жижүүрийн өрөөний хаалгыг хагас онгойлгосон байдалтай ягаан өнгийн футболк, цэнхэр джинсэн өмд хар пүүзтэй зогсож байх ба ард нь Х.Н- нь дөхөж очоод 09 цаг 41 минут 03 секундэнд О.Н-г Х.Н- нь зүүн гараараа хүзүү орчмоос нь барьж аван хойш татан шалан дээр унагаж баруун гартаа барьсан хутгаараа О.Н-гийн цээж хэвлий хэсэгт 4 удаа хутгалаад, цааш очиж жижүүрийн өрөөний хаалгыг татаж үзээд эргэж О.Н- дээр ирж нэг удаа хэвлий орчим нь хутгалах үйлдэл хийв. Энэ үед О.Н- Х.Н-ыг өөрөөсөө холдуулахаар гар хөлөөрөө түлхэж байгаад босохыг оролдоход Х.Н- буцаан түлхэж унагаад эргэж хараад орцны шат руу зүглэн жижүүрийн өрөөний хаалгыг дахин онгойлгож үзсэн. Энэ үед О.Н- босож араас нь дөхөж очиход Х.Н- эргэж харан дахин О.Н-г хутгалах оролдлого хийх үед О.Н- гарнаас нь барин Х.Н-тай ноцолдож эхлэх ба ноцолдож байх үед Х.Н- дахин хэд хэдэн удаа хутгалах оролдлого хийж байв. 09 цаг 42 минут 21 секундэд гаднаас гартаа хайрцаг барьсан саарал малгайтай майктай, хар шорттой 20-25 орчим насны  эрэгтэй, ...45-50 орчим насны эмэгтэйн хамт уг орцонд орж ирэх үед Х.Н- цахилгаан шатны ойролцоо гартаа хутгаа барьсан чигээрээ зогсож байсан ба гаднаас орж ирсэн эмэгтэй Н-ыг гараараа холд гэсэн утатай үйл хөдлөл үзүүлэхэд Х.Н- бага зэрэг баруун гар тал руу холдож өгөхөд уг эмэгтэй цахилгаан шатны товчыг дарав. ...Х.Н- нь цахилгаан шатны хажууд зогсож залуугийн хажууд очих зогсох ба энэ үед хутгаа ардаа барьсан зогсож байгаад орцны гарах орцны гарах хаалгыг чиглэн доош буух үед Х.Н- шатны төгсгөлд очих үед О.Н- нь тэнд зогсож байгаад Х.Н-, О.Н- нар нь ноцолдож байгаад камерын бичлэгт харагдахаа болив...” гэх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-93 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Х.Н-ын согтуурсан үедээ иргэн О.Н-гийн цээж, хэвлийн тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Энэ гэмт хэргийг ...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  (10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...онц харгис хэрцгийгээр...”) үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүхийн хэргийн нөхцөл байдлын талаар хийсэн “...хохирогч О.Н-гийн “...Н- нь миний цээж, нуруу болон зүүн суганд 4 удаа, мөн цээжин дээр 2 удаа хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд би цусаа хараад шоконд ороод гэртээ ороод ирсэн...” /хх-ийн 22-24 тал/ гэх мэдүүлэг, хэргийн үйл явдал хэрхэн болсон байдлыг бичсэн дүрс бичлэгийн “...Х.Н- нь хохирогч О.Н-г хутгалах үйлдэл хийх явцад болон хийсний дараа хутгыг салган авах, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах үйлдлийг орцоор орж гарч байгаа хүмүүс хийхгүй байгаа байдал...” зэргээс шүүгдэгч Х.Н-ын хохирогч О.Н-г алах гэсэн субъектив санаа зорилго, гадны хүчин зүйлийн улмаас энэ үйлдэл нь таслан зогсоогдсон  гэж үзэх үндэслэлгүй, эсрэгээрээ шүүгдэгч өөрөө үйлдлээ төгсгөсөн гэж үзэх үндэстэй байна. ...таамаглалд үндэслэж, шүүгдэгч Х.Н-ыг “хүнийг онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан гэж түүний эрх зүйн байдлыг дордуулан ял халдаах боломжгүй...” гэсэн дүгнэлт /шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг: хх-ийн 138 тал/ үндэслэлтэй болох нь хэрэгт бэхжүүлэгдсэн камерийн бичлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын бичсэн “...гэмт хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлж, ялтанд ял завших боломжийг бий болгосон...” талаарх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх Х.Н-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10094 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн хэргийн хэр хэмжээ /1-р хх-ийн 50 тал/, хохирогч О.Н-гийн “...гомдол саналгүй” /1-р хх-ийн 24 тал/, “...нэхэмжлэх зүйлгүй...” /1-р хх-ийн 158, 2-р хх-ийн 24 тал/ гэсэн зэргийг харгалзан Х.Н-т зохих ял шийтгэл оногдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ