Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 560

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Н нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Л.Т

Хариуцагч: ХЗТТЗ,              

Нэхэмжлэлийн шаардлага: “... ХЗТТЗ-ын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг нөхөн хийхийг даалгах, 2017 оны 12 дугаар сарын ажлын есөн хоногийн цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгийг нөхөн олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэний дагуу төрийн байгууллага болох Хууль зүйн туслалцааны төв үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Лу Т би 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс тус төвийн бүс хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан.

Ажиллах хугацаандаа ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтонд заасан ажил үүргийг хангалттай биелүүлэн ажиллаж байсныг тухайн жилийн үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн удирдлагаас өгсөн үнэлгээнээс харж болно.

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06 тоот тогтоолоор Хууль зүйн туслалцааны төвийн Ажлын албанд ажиллаж байсан бүс хариуцсан мэргэжилтэн Л.Тийн гомдлын дагуу тус төвийн захирал Т.У, ахлах нягтлан бодогч Б.Х нарт холбогдох гомдлыг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд Хууль зүйн туслалцааны төвийн Ажлын албанд 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ирж ажилласан.

Ингэхэд Л.Т миний 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж албажуулаагүй байсан болохыг тус ажлын хэсгийн гишүүд болон төвийн зарим албан хаагчид мэдсэн. Гэтэл тус төвийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн намайг ажлаас халсан Б/11 тоот тушаалд Л.Т 2017 оны үр дүнгийн гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэсэн нь нотлогдохгүй байна.

Мөн энэ үед дээр дурдсан ажлын хэсгийн гишүүд Л.Тийг ажлаас халахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгдсэн эсэх талаар тодруулахад хариуцагч Т.У сонсох ажиллагааг хийсэн баримт нотолгоо байхгүй, одоо гаргаад гарын үсэг зуруулаад нөхөөд өгч болно гэсэн бөгөөд тухайн өдөр сонсох ажиллагааг хийсэн талаарх нотлох баримтыг нөхөн гаргасан болохыг ажлын хэсгийн гишүүд болон Ажлын албаны тухайн өдөр гарын үсэг зурсан зарим албан хаагчид нотолно. 

Тус төвийн ахлах нягтлан бодогч Б.Х намайг ажлаас халагдахад миний ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг олгоогүй. Үүндээ ямар нэгэн тайлбар хийхгүй өдийг хүрсэн. Үүнийг Улаанбаатар хотын банкны миний цалингийн дансны хуулгаар нотолж болно.

Нийслэлийн дүүрэг дэх салбарт хяналт шалгалт хийхийг захирал Т.У болон Захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /цаашид ЗУХДҮТОГ-гэх/ Ж.Б нар үүрэг болгосны дагуу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б******* дүүргийн салбарын ажил байдалтай танилцаж, хэргийн материалын бүрдүүлбэр болон бусад холбогдох бичиг баримтыг шалгаад ажил дээрээ 16 цагийн орчим буцаж иртэл ЗУХДҮТОГүйцэтгэгч Ж.Б санхүүгийн өрөө буюу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 404 тоот өрөөнд ганцаарчлан уулзаж “Чи өнөөдөр ажил тасалсан хаагуур яваад ирэв гээд захирал Т.У чамайг хал гэсэн энэ тушаалын чинь төсөл зурагдсан, өнөөдөр албажина эсхүл чи өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өг, чамд өөрт чинь л хэрэгтэй” гэж дарамталсан.

Би ямар учраас, мөн ямар үндэслэлээр энэ ажлаас халагдах болсноо ойлгохгүй байна, халагдах үндэслэл байхгүй учраас би өргөдлөө өгөхгүй гэхэд ЗУХДҮТОГүйцэтгэгч Ж.Б өнөөдөр тушаал чинь албажина маргааш хүний нөөцөөс тушаалаа аваарай гэсэн бөгөөд уг тушаалын төслийг ЗУХДҮТОГ-ч Ж.Б боловсруулан Төвийн захирал Т.У гарын үсэг зурж баталгаажуулсан байсантай танилцуулсан.

Тэгээд санхүүгийн өрөөнд ЗУХДҮТОГ-ч Ж.Бгийн танилцуулсан тушаалын төсөл болон хэлсэн, ярилцсан асуудлыг 302 тоот өрөөнд орж байгууллагын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Л.Ш*******т мэдэгдсэн. 

Гэтэл намайг ажлаас халсан тушаалд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны хооронд ажил тасалсан гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь ЗУХДҮТОГ-ч Ж.Б намайг ажлаас халах тушаалын төслийг боловсруулан өөрийн болон захирал Т.Уын гарын үсэг зурсан тушаалын төслийг танилцуулж, өргөдлөө өг, өгөхгүй байсан ч одоо үүнийг албажуулна гэчихээд тухайн өдрөө тушаалаа гаргалгүйгээр үл барам үүнийгээ ажил тасалснаар тушаалд тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Миний бие нь ХЗТТ-ийн бүс хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласнаас хойш ажлын алдаа дутагдал, ажлын цаг хоцролт гаргаж байгаагүй. Гэтэл ажлын цаг ашиглалтыг хангалтгүй хэрэгжүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсныг able програмын цагийн бүртгэлийг үндэслэн халсан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Учир нь ХЗТТ-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.3, 7.5-д хурууны хээний аппаратаар ажилд ирэх, ажлаас явах цагийг бүртгэнэ гэсэн байдаг. Able програмаар бүртгэнэ гэж заагаагүй тул үүнийг ажлаас халах баримт болж чадахгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг зөрчсөн гэж үзэж болохоор байна.

Тус төвийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалд тухайн өдөр миний ажлыг хүлээн авахыг ЗУХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Бд даалгасан байхад уг тушаал нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гарсан талаар Бүс хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Х мэдэгдсэн. Мөн тус тушаалд ахлах нягтлан бодогч Б.Хд надтай холбогдох санхүүгийн тооцоог хийж дуусгахыг зөвшөөрсөн боловч 2017 оны 12 дугаар сарын ажлын 9 хоногийн цалин болон 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хоорондох цалинг өнөөдрийг хүртэл олгоогүй байна.

ХЗТТ-ийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг нөхөн хийхийг даалгаж өгөхийг хүссэн өргөдлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Л.Т нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Хууль зүйн туслалцааны төвд мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал болон сахилгын арга хэмжээ огт авагдаж байгаагүй. ХЗТТЗ Т.У болсноос хойш намайг гадуурхаж, ажил хийх нөхцөлгүй болгосон. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 404 тоотод Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Б 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуудаж ХЗТТЗ Т.У чамайг ажлаас халах тухай үүрэг өгсөн гэж хэлээд, Т.Уын гарын үсгээр баталгаажсан ажлаас халах тухай тушаалын төслийг гардуулснаар тус өдөр би ажлаас халагдсан“ гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Хууль зүйн туслалцааны төвийн  захирлын “ажлаас халах тухай” Б/11 дүгээр тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Л.Тийг удаа дараа ажил тасалдаг гэх программын нотлох баримт нь Ж.Б гэрчийн мэдүүлгээс харахад уг программ нь өөрчлөгдөх бүрэн боломжтой байдаг. Мөн нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн цагийн бүртгэл болон Хууль зүйн туслалцааны төвөөс шүүхэд гаргаж өгсөн цагийн бүртгэлтэй бусад хүмүүсийн ажлын цаг зөрүүтэй бөгөөд үүнд ямар арга хэмжээ авагдаж байсан эсэх нь мэдэгдэхгүй байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолыг хэрэгжүүлээгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв. 

Хариуцагч ХЗТТЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна. 

Л.Тийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар төвийн Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 11-р сарын 23-24, 12 дугаар сарын 01, 11, 20-22, 26-27, 2018 оны 01 дүгээр сарын 02-18 өдрүүдэд ажил тасалсан, 2017 оны үр дүнгийн гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр төрийн албанаас халсан. 

Хууль зүйн туслалцааны төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ж.Б/-ээс Л.Тд ажил тасалсан шалтгааны талаар тайлбар ирүүлэхийг 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр шаардсан мэдэгдэл хүргүүлсэн байдаг ч Л.Тээс хариу тайлбар ирүүлээгүй. Төвийн захирлын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.1 дэх заалт: “Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1 дэх заалтад албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна, ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг ... байна”, 7.4 дэх заалт: “Нэг сард хүндэтгэх шалтгаангүйгээр хожимдсон нийт хугацаа 3 цагаас дээш гарсан, 1-ээс дээш өдрөөр ажил тасалсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авна”, мөн журмын 11 дүгээр хэсгийн 11.1 дэх заалт: “Төрийн албаны хууль тогтоомж энэ журам хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль тогтоомжоор хориглосон зүйлийг зөрчсөн ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд ...Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна” гэж журамласан байдаг бөгөөд дээрх зохицуулалтыг төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байсан Л.Т 2014 оны 5 дугаар сараас мэддэг байсан. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт: “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт: “Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна”, 70.2: “Ердийн ажлын өдрийн үргэлжпэл 8 хүртэл цаг байх”-аар ажлын цагийг хуульчилсан.

Иймд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Л.Тийн санаатай гаргасан сахилгын ноцтой зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцож ажилласан гэж үзэж байна. Хууль зүйн туслалцааны төвийн ажлын албаны нийт албан хаагчдыг ажилдаа ирэх, явах цагийг эйбл программаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн албан хаагчийн ажлын суурин компьютерт тус программд бүртгэлтэй нэр, нууц кодоор нэвтэрч бүртгүүлж хэвшсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан Л.Т нь мөн энэ журмын дагуу ажлын цагийг бүртгүүлж хэвшсэн бөгөөд цагийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол, санал, хүсэлт гаргалгүй ажиллаж ирсэн. Иймд Л.Тийн ажпын цагийн бүртгэлийг эйбл программд бүртгэж баталгаажуулсныг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Л.Тд Хууль зүйн туслалцааны төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ж.Б/-ээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн дагуу биечлэн уулзаж захиргааны санаачлагаар ажлаас халж байгаа талаар мэдээлэл өгсөн байдаг бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр захиргааны актыг хүлээн авалгүй ажлын байрыг шууд /хаяж/ орхиж явсан байдаг. 

Үүнийг тухайн үед хамтран ажиллаж байсан албан хаагчид гэрчилнэ. Л.Т нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл захиргааны акт /ХЗТТЗ-ын тушаал/ гараагүй байхад ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хаяж явсан байдаг. Төрийн захиргааны албан хаагчийн хувьд ажлын байрыг үндэслэлгүйгээр орхин явах ажил хаяхыг хориглосон байдаг тул тухайн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 15.1.2-т заасан ажил хаялт болон ...арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захирлын тушаал гараагүй байх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн тайлбар хэсэгт тодорхой харагдаж байна. 

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалд дурдсан төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг Л.Т нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын холбогдох хавсралтын дагуу тайлагнаагүй тул гэрээг дүгнээгүй. 2018 оны 1 дүгээр сарын 02-18-ны өдрүүдэд Л.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байсан тул “Л.Тийг “төрийн албанаас халах тухай” 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаал гарсан. Ажилтан, албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд тухайн албан хаагчтай Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, дүрэм журмын дагуу санхүүгийн тооцоог хийж дуусгадаг зохицуулалттай. Иймд Л.Т нь анх 2014 оны 5 дугаар сарын 05-нд ажилд орж 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх ээлжийн амралтаа 2017 оны 01 дүгээр сард эдэлсэн учраас 7 хоногийн цалин ээлжийн амралтын мөнгө дээр илүү бодогдож олгогдсон байсан. Иймд Л.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-О шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“...Нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан товч дурдахад, 2018 оны  1 дүгээр сарын 18-ны өдрийн Л.Тийг төрийн албанаас халах тухай Б/11 дүгээр тушаалд заагдсан 2017 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдөр болон тус оны 12 дугаар сарын 1, 11, 20, 22, 26, 27-ны өдрүүд мөн 2018 оны 1 дүгээр сарын 02, 18-ны өдрүүдэд ажил тасалсан, ажлын үр дүнгийн гэрээний үүрэг хангалтгүй буюу гэрээнд заасан хугацаанд үр дүнгийн гэрээг тайлагнаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан байдаг. Дээрх захиргааны актад дурдсан зөрчлүүдийг нотлох баримт болгон шүүх хуралдаан болохоос өмнө хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Иймд хариуцагч тал өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна.” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“... ЦэеН-О йдов овогтой Б******* миний бие Хууль зүйн туслалцааны төвд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Захирлын туслах, архив, бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн ба 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Бүс хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Л.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн гаргасан тайлбарыг зөв гэж үзэж байгаа бөгөөд Хууль зүйн туслалцааны төвд бүс хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Л.Т нь өөрийн буруутай үйлдлээс болж ажлаасаа халагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Ц.Б******* миний бие Хууль зүйн туслалцааны төвд хууль, журмын дагуу Бүс хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл идэвхи зүтгэлтэй үнэнчээр ажиллаж байгаа тул миний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй гэдэгт итгэж байна.” 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Тээс:

- ХЗТТЗ-ын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг нөхөн хийхийг даалгах тухай;

- 2017 оны 12 дугаар сарын ажлын есөн хоногийн цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгийг нөхөн олгуулах тухай.

Гэх хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, тэрээр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлж, бичгээр хандсан нь хуулийн хүрээнд байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус зааж зохицуулсан ба нэхэмжлэгч Л.Т нь нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсан нь дээрх хуулийн хүрээнд байна гэж үзлээ. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгч “2017 оны 12 дугаар сарын ажлын есөн хоногийн цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгийг нөхөн олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тул татгалзсан хэсгийг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар.

Л.Тийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Хууль зүйн сайдын 2014 оны А/32 дугаар тушаалаар батлагдсан “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн 5 дахь хэсгийн 5.2.7-г тус тус үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах тухай шийдвэрийг хариуцагч ХЗТТЗ гаргажээ. Нэхэмжлэгч дээрх тушаалыг  маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, тэрээр ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хууль болон дүрэмд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр төрийн албанаас халсан хэмээн маргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалтыг хангалтгүй хэрэгжүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 11 сарын 23-24-ний өдрийн, 12 сарын 01, 11, 20-22, 26-27-ны өдрийн, 2018 оны 1 сарын 02-18-ны өдрийн ажлыг тасалсан гэж үзэж, байгууллагад мөрдөгдөж байгаа ажлын цагийн бүртгэлийг холбогдох программаас гаргаснаа нотлох баримтаар ирүүлжээ. 

Гэтэл мэргэжилтэн Л.Тийн 11 болон 12 сарын цалинг бүрэн бодож олгосон байх ба энэ нь түүний цалингийн картаар  нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “эх орны хувь хишиг” нэртэй нэг удаагийн тэтгэмж олгохын тулд цалинг нь бүрэн олгосон гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Хэрэв нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол энэ байдал нь байгууллагад илүү хохиролтой ба тухай бүр холбогдох арга хэмжээ авах бүрэн эрхийг ХЗТТЗд хуулиар олгосон байхад хэрэгжүүлээгүй, зарим үйл баримтын хувьд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчилд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж буй талаарх төслийг танилцуулж, түүнд тодорхой бус байдал бий болгож ажилдаа ирэхгүй байх нөхцөл бүрдүүлсэн гэж шүүхээс хариуцагчийг буруутгаж байгаа ба энэ тохиолдолд мөн зөрчлийг таслан зогсоож, арга хэмжээ авах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа бас нэг үндэслэл нь 2017 оны үр дүнгийн гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэжээ. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэдэг байх бөгөөд уг үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулах, цалин хөлсийг өөрчлөх, албан тушаал бууруулах зэргээр асуудлыг шийдвэрлэдэг байхаар хуульчилсан ба Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д: “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэснээр Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах” үлгэрчилсэн загварыг, хоёрдугаар хавсралтаар “Үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх” үлгэрчилсэн загварыг, гуравдугаар хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг тус тус батлан мөрдүүлсэн нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. 

Нэхэмжлэгч Л.Т нэгжийн менежертэй буюу ХЗТТЗтай 2017 оны үр дүнгийн гэрээг  2017 оын 1 сарын 02-ны өдөр байгуулжээ. Нэхэмжлэгч Л.Тээс 2017 оын 12 сарын 26-ны өдөр 2017 онд хийсэн ажлын тайлан , 2017 оны төлөвлөгөөний биелэлт -ийг гаргаж өгсөн байх ба танилцсан, хянасан хэсэгт холбогдох албан тушаалтнууд болох захирал, захиргаа удирдлагын хэлтсийн даргын зүгээс гарын үсэг зураагүй байна. 

Тэгэхээр захиргааны байгууллага /Хууль зүйн туслалцааны төв/ төрийн жинхэнэ албан хаагчтай /нэхэмжлэгчтэй/ үр дүнгийн гэрээ байгуулснаар өөрийн байгууллагын үйл ажиллагааныхаа зорилтыг хэрэгжүүлэх, байгуулсан үр дүнгийн гэрээгээ үнэлж дүгнэн биелэлтийг нь харгалзан үзсэний үндсэн дээр албан хаагч нарыг сургах, цалин хөлсөнд нь өөрчлөлт оруулах, албан тушаал дэвшүүлэх, албан тушаал бууруулах эсхүл сахилгын арга хэмжээ авах гэхчлэн холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх эрх шууд урган гарахаар байна. Гэтэл захиргааны байгууллага төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэх үүргээ биелүүлээгүй мөртлөө ажилтан /нэхэмжлэгч/-д арга хэмжээ авч төрийн албанаас халж байгаа нь хэтэрхий өрөөсгөл, өөрөөр хэлбэл, холбогдох журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасан гэрээнд заасан хугацаанд тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнах үүргээ биелүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах менежерийн эрх, мөн зүйлийн 2.3, 2.4-д заасан гэрээнд заасан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэх менежерийн үүрэг, хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй байгаа менежерт шаардлага тавих төрийн жинхэнэ албан хаагчийн эрх аль аль нь бүрэн хэрэгжээгүй, хэрэгжүүлээгүй байхад зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг нэхэмжлэгч дангаараа хүлээх нь шударга бус байх бөгөөд энэ байдал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүй буруутай, захиргааны акт нь хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны байгууллага буюу ХЗТТЗ нь төрийн албанаас халах тухай буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах,  мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тухай захиргааны үйл ажиллагааны зарчим тус тус зөрчигджээ.

Тэрчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчим зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэрийг захиргааны байгууллага гаргасныг шүүхээс буруутгаж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Цалин гаргуулах болон бусад шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Л.Тийн эрхэлж байсан албан тушаал болох Хууль зүйн туслалцааны төвийн бүс хариуцсан мэргэжилтэн нь Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т: “Төвийн ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан хаагч байна” гэж зааснаар мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-д зааснаар төрийн захиргааны албан тушаал бөгөөд нэхэмжлэгч нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаас гадна мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д: “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг хамтад нь хэрэглэж шийдвэрлэв.

Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2018 оны 1 сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 сарын 12-ны өдөр хүртэл, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдэл, урамшууллын хэмжээг түүний цалингийн тодорхойлолт , карт , нийгмийн даатгалын дэвтэр ёсоор 628344 /зургаан зуун хорин найман мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгөөр тооцож, /628344₮:21,2=29638₮*7сар15хоног/ нийт 4.899.824 төгрөгийн цалин болон олговроос холбогдох суутгал хийх нь зүйтэй болно. 

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласан ба уг журмын 4 дүгээр зүйлд ажилтанд олгож байгаа хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зохицуулсан байх тул Хууль зүйн туслалцааны төвөөс өөрийн ажилтнуудад хоолны хөнгөлөлтөнд сар бүр олгодог мөнгөн дүнг, түүнчлэн илүү цагийн хөлсийг нэхэмжлэгчийн цалингийн нэмэгдэлд оруулахгүй болохыг тэмдэглэж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 46.2-д ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг тус тус хуульчилж өгсөн байна. Хариуцагч байгууллагад хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг тус тус харгалзан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох энэ хэсгийг мөн ханган даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилаж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Т “2017 оны 12 дугаар сарын ажлын есөн хоногийн цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХЗТТЗ-ын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Л.Тийг төрийн албанаас халах тухай” Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 1 дүгээр сарын 18-аас 2018 оны 9 дүгээр сарын 12 хүртэлх хугацааны цалинд 4899824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагч ХЗТТЗд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Хууль зүйн туслалцааны төв/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН