Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01318

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00607 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 957 дугаар магадлалтай,

“Ж”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

61.771.680 төгрөг гаргуулах тухай үндсэн,

113.766.295 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюун, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Г.Оюун, өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,  нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2015 оны 5 дугаар сард Ж ХХК-ийн захирал Т.Мяндагмаа болон Б ХХК-ийн захирал н.Оюуна нар аман хэлцэл байгуулан пиво бүхий ачааг 3 вагоноор БНХАУ-ны Шандун мужийн үйлдвэрээс Улаанбаатар хот төмөр замын АБТЭМ ангийн гаалийн хяналт бүхий талбайгаар хүлээн авахаар болсон. Тус ачаа нь манай компанийн зуучлалаар 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд төмөр замын АБТЭМА-ийн салбар замаар 52630469, 703694, 52503554 дугаартай вагонууд нь ачаа хүлээн авагч “Б” ХХК-ийн нэр дээр ирсэн. Манай компани Б ХХК-тай тохирсон тээвэр зуучлалын үйлчилгээнд БНХАУ-ны Шандун мужын Үйлдвэрээс Эрээн-Замын Үүд хилийн боомтоор төмөр замаар дамжуулан Улаанбаатар дахь АБТЭМ ангийн гаалийн хяналтын талбай хүртэл хүргэх 1 вагоны тээврийн хөлс 4.400 ам.доллараар, жийрэг материалын үнэ вагон тутамд 525 ам.доллар буюу 1 вагон 4925 ам.доллаар нэхэмжлэгдэж өнөөг хүртэл 3 вагоны төлбөр болох 14.775 ам.долларыг төлөөгүй байна. Мөн төмөр замын ачаа хадгаламж 3 вагонд 10.128.000 төгрөг, тээврийн хөлс олгосон өдрөөр таслагдах тээврийн хөлсний алданги 2 вагонд 862.000, ачааг гар болон механик аргаар ачсан төлбөр 1.530.900 төгрөг, нийт 12.520.900 төгрөг нэхэмжилснээс 5.335.900 төгрөгийг 4 удаа төлж, 7.185.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Вагоны ачаа хадгаламжийг бодитоор тооцоолоход 06 дугаар сарын 25-ны өдөр эхний вагоноо хүлээн авсан. 2, 3 дахь вагоныг 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ачааг хүлээн авахад сүүлийн 2 вагонд 72 цагаас илүүгээр вагон тус бүр 52-53 хонож ачааны хадгаламж 3 нугарсан тариф руу орсон, энэ тухай АБТЭМ ангийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 18.100.000 төгрөгийн нэхэмжлэл, 1 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 28-ны өдөр 18.280.800 төгрөгийн нэхэмжилж байна. Манай компаниас ачаа хадгаламжийг энгийн тарифаар тооцоолон шийдвэрлүүлэх талаар УБТЗамын Тээврийн Үйлчилгээний Төв, АБТЭМ ангийн удирдлага зэрэгт албан бичиг өгч хөөцөлдсөний эцэст энгийн тарифаар тооцуулах зөвшөөрлийг авсан. Ачааг хүлээн авах үед хүлээн авагч мөнгөгүй байна гэсэн. Иймд устгал хийх комисс дахин томилогдоход хүндрэлтэй, цаашид сунжрах хандлагатай байгаа зэргийг харгалзан үзэж манай компани бүх төлбөрийг хариуцан төлж ачааг олгуулсан. Иймд хариуцагч “Б” ХХК-иас 14.775 ам.доллар, алданги 7387,5 ам.доллар нийт 22.162,5 ам долларыг 2463,02 төгрөгт шилжүүлэхэд 54.586.680,75 төгрөг, үлдэгдэл 7.185.000 төгрөгийг нэмж бүгд 61.771.680,75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж" ХХК-иар 3 вагон ачааг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулаагүй. 2015 оны 06 дугаар сарын 07-ноос 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд замын АБТЭМ ангийн салбар замаар 52630469, 703694, 52503554 дугаартай вагонууд ачаа хүлээн авагч Б ХХК-ийн нэр дээр ирээгүй, бид дээрх 3 вагон ачааг хүлээн авахаар очиход бид нарт өгөөгүй. УБТЗ-ын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 33/197 тоот албан бичиг нь манайд биш, харин Ж" ХХК-ийн нэр дээр хаяглаж ирсэн. Бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй тул манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Б ХХК нь БНХАУ-ын Шандун мужийн Хүнсний үйлдвэртэй 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Гранд маркийн 175.719,6 жинтэй 68.400 шил /11.400 хайрцаг*6 ширхэг/ пиво худалдах худалдан авах гэрээ байгуулж /эдгээр пивонууд 3 вагонд ачигдаж ирсэн/, үнэнд 253.080 юань /294,72 ханш/ монгол мөнгөөр 74.587.737 төгрөг төлсөн, үүнтэй уялдуулан гэрээний харилцаа үүсээгүй байж Ж ХХК-д 5.335.900 төгрөгийг хууль бусаар төлсөн, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн менежер Б.Доржид устгал хийх төлбөрт дансаар шилжүүлсэн 500.000 төгрөг, Стандартын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн хяналтын байцаагчаас дүгнэлт гарсан 52630464 дугаартай вагоны гаалийн, онцгой, НӨАТ-ын татварууд, татварын нэхэмжлэхээр нийт 30.361.558 төгрөг, мөн 703694, 52503554 дугаартай вагонуудын гаалийн, онцгой, НӨАТ-ын татварууд, татварын нэхэмжлэхээр 25.000 төгрөг, 3 вагоны гаалийн бүрдүүлэлтэд төлсөн 180.000 төгрөг, АБТЭМ ангийн агуулах, саравчинд ачаа хадгалалтад төлсөн 236.100 төгрөг, АБТЭМА нэвтрэх үнэмлэхэд төлсөн 20.000 төгрөг, хөлсний ачааны машинуудын тээврийн хөлс, пивонуудыг устгахад хөлсөлсөн түрээсийн унаануудын төлбөр, компаниас гарсан түлшний зардал, ачигч нарын хөлс зэрэгт зарцуулсан нийт 2.520.000 төгрөгийг тус тус төлсөн байна. Иймд гэм хор учруулагч Ж ХХК-ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас учруулсан хохиролд 113.766.295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Үйлдвэрийн савлагаатай холбоотой асгарсан гэсэн байдаг. Уг дүгнэлтийг хариуцагч тухайн үед аваад тээвэрлэлтээс болсон гэж тухайн үедээ Төмөр замд холбогдуулан гомдол гаргаж болох байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр байгаа. Нягтлан нь гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан бол өнөөдрийг хүртэл хүчингүйд тооцуулаагүй. Гэрээний бусаар гэм хор учруулсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын акт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00607 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч Б ХХК-иас 32,585,120.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 29,185,560.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ж ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 113,766,295.79 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 466,808.41 төгрөг, хариуцагчийн 726,785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 320,875.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 957 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэснийг 393 дугаар зүйлийн 393.4 гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726.785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюун, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр, өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00607 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18- ны өдрийн 957 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Хариуцагчийн хувьд үнэнийг яривал, “Б” ХХК болон "Ж” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 380 /тээвэрлэлтийн гэрээ/, 381 /гэрээ байгуулах/, 384, 393 /тээвэрлэгчийн хүлээх хариуцлага/, 386 /ачаа тээвэрлэлтийн гэрээ/, 390 /хүлээн авагчид ачааг хүлээлгэн өгөх, дагалдах бичгийн хувийг өгөх ёстой атал өгөөгүй; 410, 411 /зуучлалын гэрээ, зуучлах онцгой эрх/ дүгээр зүйлүүдэд зааснаар гэрээг байгуулаагүй буюу өөрөөр хэлбэл гэрээний харилцаа үүсээгүй, “Ж” ХХК нь “Б” ХХК-ийн худалдах худалдан авах гэрээгээр худалдаж авсан пиво бүхий 3 вагон ачааг Улаанбаатар хотын Төмөр замын АБТЭМА ангийн гаалийн хяналт бүхий талбайд дур мэдэн авчирсан байсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч талаас өөрсдийн гаргасан үйлдлээ Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасан “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх”-ээр зүйлчлэгдэх ёстой гэж хэлж байсан. Ингэвэл, Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.7-д зааснаар “Үүргийн гүйцэтгэл ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэхгүй бол үйлдэл хийсэн этгээд зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй бөгөөд хэрэв үйлдэл хийсэн этгээд үүнийг мэдэж байсан бол ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зүйлчлэгдэх ёстой. Давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн болох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа, тухайлбал Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх боломжтой. Түүнчлэн ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заажээ. Хариуцагчийн хувьд энэ тухай бодит байдлыг дурдвал, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын шинжээч Оюунбилэгийн гаргасан 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 0021430 тоот хяналт шалгалтын гэрчилгээг хариуцагч “Б” ХХК-ийн хүсэлтээр гаргасан. Харин “Ж” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 07-ноос 2015 оны 06 дугаар сарын 08-ны хооронд ирсэн 703694, 52503554 дугаартай вагон бүхий ачааг дулааны аагим халуун улиралд зориулалтын биш газар хадгалж, манайд өгөлгүй, барьцаалж, удаан хугацаагаар өөрийн мэдэлдээ байлгаж, пивонууд эвдэрч хэмхэрч муудаж, үнэр танартай болж, хорхой шавьж үүрлэж, хэрэглэх аргагүй болоход хүргэсэн учраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 02-09-01-161/58 тоот дүгнэлтийг гаргуулсан. Хариуцагч “Б” ХХК нь 2015 оны 03 дугаар сард БНХАУ-ын Шандун мужийн Дөжоу хотын хүнсний үйлдвэртэй 253.080 00 юанийн, монгол мөнгөөр 74 587 737 төгрөгийн пиво худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Дээрх ачааг тээвэрлэн Улаанбаатар хотод авчрах үйл ажиллагааг манай компани нь 2014-1-2-ны өдөр олон улсын тээвэр зуучлалын “Илинкс Экспресс" ХХК-тай “Ачаа тээвэр зуучлалын гэрээ”-г бичгээр байгуулан, энэ компаниар гүйцэтгүүлэхээр тохиролцсон байсан. Гэвч вагон бүхий ачаа ирсэн тухай “Ж ХХК манай компанид огт мэдэгдээгүй. 2015 оны 06 дугаар сарын дундуур 52630464 дугаартай вагонд ачигдаж ирсэн пивонуудын вагоны хаалгыг онгойлгож үзэхэд, “зөндөө их пиво асгарч гоожсон” байхаар мэргэжлийн хяналтын газар руу хэлэхэд, байцаагч Ү.Энхжаргал ирж үзээд, “стандартын шаардлага хангахгүй болсон тул устгах нь зүйтэй”, гэхдээ нөгөө хоёр вагон дахь пивонуудыг үзээд, муудсан бол хамт устгах шаардлагатай гэсэн. Ингээд зохих зардлыг төлөөд, эдгээр пивонуудыг ачиж өөрийнхөө компани руу аваачиж байгаад нөгөө хоёр вагон дахь пивонуудыг үзээд муудсан тул хамт устгасан. “Ж ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 07-ноос 2015 оны 06 дугаар сарын 08-ны хооронд ирсэн 703694, 52503554 дугаартай вагон бүхий ачааг авчирсан даруйдаа манайд өгөлгүй, түргэн гэмтэж муудах хүнсний эд зүйлсийг барьцаалж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 3 сар гаруй өөрийн мэдэлдээ байлгаж, гэмтээж муутган устгалд оруулах аргагүй байдалд хүргэсэн. Ажил гүйцэтгэгч “Ж” ХХК-ийн санаатай үйлдлээс болж манай компани асар их хохирлоо. Талуудын хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн учраас тээвэрлэгчийн хариуцлагыг зохицуулсан зохицуулалтаар маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг залруулах нь зүйтэй. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэг нь зургаан заалттай. Эдгээрээс алийг баримталсан нь тодорхой биш байна. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.5 дахь хэсэгт " ... Гэм хор учирсан шалтгаан нь ... өөр бол гэм хорыг тээвэрлэгч хариуцна” гэснээр дагуу зүйлчилж асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийн, нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч “Ж” ХХК-ийн буруутай үйлдлээс болж манай “Баптика Монголия” ХХК-д нийт 113.766.295 төгрөг 79 мөнгөний хохирол учирсан тул энэ үндэслэлээр гаргасан манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ж” ХХК-иас хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий  дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Б” ХХК-с 61.771.680 төгрөг нэхэмжлэхдээ тээврийн хөлс, алданги, зардал гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээ байгуулаагүй, ачааг стандартад нийцүүлэлгүй дур мэдэн тээвэрлэсэн...” гэсэн тайлбар гаргаж, улмаар 113.766.295 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

“Ж” ХХК нь “Б” ХХК-д хаяглан илгээсэн 52630469, 703694, 52503554 дугаартай 3 вагон шар айргийг /пиво/ БНХАУ-ын Шандун мужийн үйлдвэрээс  Эрээн-замын үүд боомтоор төмөр замаар тээвэрлэн 2015 оны 06 дугаар сарын 6-7-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь АБТЭМА гаалийн агуулахад буулгажээ /хэргийн 1 дүгээр хавтас 29-36, 128-136 дугаар тал/.

Хариуцагч нь эхний вагон ачааг 2015 оны 6 дугаар сарын 25-нд, үлдэх 2 вагон ачааг 9 дүгээр сарын 5-ний өдөр авсан, энэ үед пиво чанарын шаардлага хангахгүй болсноос устгасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан, талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-т зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах ба энэ нь ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэдгийг, мөн тээвэрлэгчээс өөрийн үүргээ хэрхэн биелүүлснийг нотлох баримт болно.

Нэхэмжлэгч ачааг тээвэрлэхдээ дагалдах бичиг үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан, хариуцагч уг баримтыг үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгч тээврийн хөлсийг шаардах эрхтэй.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч 3 чингэлэг бүхий ачаа тээвэрлэсэн, хариуцагч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авсан нь тогтоогдсон тул хөлс төлөх үүрэгтэй.  

Ачааг тогтоосон хугацаанд хүлээн аваагүй талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй бөгөөд ачааны баглаа боодол стандартын шаардлага хангаагүйгээс шар айраг муудаж устгасан нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын хяналт шалгалтын гэрчилгээгээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндсэн нэхэмжлэлээс  32.585.120 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 957 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Оюун, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр, өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 726.785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ