| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0085/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/123 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/123
2021 02 09 2021/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч С.Солонго,
Шүүгдэгч Д.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Нт холбогдох эрүүгийн 2011 00748 1127 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Д.Н, Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замчин мэргэжилтэй, Христийн сүмд орон тооны бус ажилтан, ам бүл 2, охины хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-26 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .........................
/холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны зоорийн давхарт хохирогч Т.Пүрэвжавын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 12-нд би айлд согтууруулах ундааны зүйл уугаад сууж байхад Цэцэгмаа намайг дуудаж согтууруулах ундаа авч өгсөн бөгөөд түүнийг ууж согтоод шалихгүй асуудлаас болж маргалдан улмаар зодолдсон. Миний хийсэн буруу үйлдлээс болж улмаас нүд нь хохирсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Т.Пүрэвжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагийн үед манай 62 дугаар байрны жижүүр эгч Цэцэгмаа дуудаад угаалгын машин үзээд өгөөч эгч нь хувцсаа угаах гэсэн юм гээд 61 дүгээр байрны подволд ороод угаалгын машин янзалж байтал удалгүй гаднаас Нүржиг согтуу орж ирээд бид хоёр юм яриад сууж байгаад намайг хэл амаар доромжлоод байсан. Миний ээж тухайн байрны СӨХ-ийн дарга хийдэг, хоосон юмнууд дарга хийдэг намайг Америкт хэдэн жил ажилласан юм бэ, одоо хүртэл байргүй юм уу. Би Солонгос хэдэн жил ажиллаад 2 өрөө байртай болсон гэж хэлээд миний цээж хэсэг рүү 1 удаа цохихоор нь би буцаад түлхсэн чинь босч ирээд миний зүүн нүд рүү нэг зүйлээр нэг удаа цохисон. Юугаар цохисоныг би хараагүй. Цохиулчихаад ухаан балартаад байж байтал намайг заамдаж чирээд харанхуй хэсэгт аваачихаад миний цээж хэсэг рүү 2-3 удаа дэвсэж өшиглөөд байхаар нь би хөгшөөн болъёо, би чамайг ингээд зүгээр өнгөрөөе гэж хэлэхэд намайг зодохоо больсон. Намайг зодож байх үед Цэцэгмаа эгч орж ирээд буцаж цагдаад дуудлага өгсөн байхаа. Тэгээд би зодуулчихаад үүд рүү гартал Цэцэгмаа эгч үүдэнд сандарчихсан байдалтай эгч нь цагдаа дуудчихсан байгаа чи зүгээр үү гэж байсан. Тэгээд би Нүржигийг гарч ирсэн үү гээд асуутал гарч ирээгүй гэхээр нь тухайн подволд хайсан чинь надтай зөрөөд Нүржиг гараад гүйсэн ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Гэрч Б.Цэцэгмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14:00 цагийн 61 дүгээр байрны подволд хувцас угааж байтал угаалгын машины сэгсрэгч ажиллахгүй байсан болохоор СӨХ-ийн даргын хүү Пүрэвжавыг дуудаад засуулж байтал гаднаас 61 дүгээр байрны жижүүр Мөнхбаярын найз Нүржиг нилээн согтуу орж ирсэн. Орж ирээд Пүрэвжавтай танилцъя. Чи Америкт удсан гэсэн үү. Одоо юу байна байр, хаус байна уу? танай ээж Нарантуяа СӨХ-ийн дарга хийдэг бил үү? ядуу хүмүүс СӨХ-ийн даргын ажил хийдэг гээд хэлж байсан. Энэ үед би гарч тамхи татах гээд гадаа гарчихаад ороод иртэл Нүржиг нь Пүрэвжавыг газарт унагаачихсан дээр нь гарчихсан цагаан өнгөтэй паарны хуванцар шланк маягийн зүйлээр Пүрэвжавыг цохиж байсан. Тэгэхээр нь би шууд гараад цагдаад дуудчихсан. Удалгүй цагдаа иртэл Нүржиг гараад зугтчихсан ...” гэх мэдүүлэг /хх-35х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3571 тоот дүгнэлтэд: “1. Т.Пүрэвжавын биед хамар ясны баруун зүүн хажуу хананы зөрөөтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү, зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү зүүн нүдний ухархайн доод хана зүүн хоншоорын хөндий рүү гүн цөмөрсөн хугарал, хамар, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх-39-40х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, Хохирлын баримтууд /хх-77-84х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны зоорийн давхарт хохирогч Т.Пүрэвжавын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 12-нд би айлд согтууруулах ундааны зүйл уугаад сууж байхад Цэцэгмаа намайг дуудаж согтууруулах ундаа авч өгсөн бөгөөд түүнийг ууж согтоод шалихгүй асуудлаас болж маргалдан улмаар зодолдсон. Миний хийсэн буруу үйлдлээс болж улмаас нүд нь хохирсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг
хохирогч Т.Пүрэвжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагийн үед манай 62 дугаар байрны жижүүр эгч Цэцэгмаа дуудаад угаалгын машин үзээд өгөөч эгч нь хувцсаа угаах гэсэн юм гээд 61 дүгээр байрны подволд ороод угаалгын машин янзалж байтал удалгүй гаднаас Нүржиг согтуу орж ирээд бид хоёр юм яриад сууж байгаад намайг хэл амаар доромжлоод байсан. Миний ээж тухайн байрны СӨХ-ийн дарга хийдэг, хоосон юмнууд дарга хийдэг намайг Америкт хэдэн жил ажилласан юм бэ, одоо хүртэл байргүй юм уу. Би Солонгос хэдэн жил ажиллаад 2 өрөө байртай болсон гэж хэлээд миний цээж хэсэг рүү 1 удаа цохихоор нь би буцаад түлхсэн чинь босч ирээд миний зүүн нүд рүү нэг зүйлээр нэг удаа цохисон. Юугаар цохисоныг би хараагүй. Цохиулчихаад ухаан балартаад байж байтал намайг заамдаж чирээд харанхуй хэсэгт аваачихаад миний цээж хэсэг рүү 2-3 удаа дэвсэж өшиглөөд байхаар нь би хөгшөөн болъёо, би чамайг ингээд зүгээр өнгөрөөе гэж хэлэхэд намайг зодохоо больсон. Намайг зодож байх үед Цэцэгмаа эгч орж ирээд буцаж цагдаад дуудлага өгсөн байхаа. Тэгээд би зодуулчихаад үүд рүү гартал Цэцэгмаа эгч үүдэнд сандарчихсан байдалтай эгч нь цагдаа дуудчихсан байгаа чи зүгээр үү гэж байсан. Тэгээд би Нүржигийг гарч ирсэн үү гээд асуутал гарч ирээгүй гэхээр нь тухайн подволд хайсан чинь надтай зөрөөд Нүржиг гараад гүйсэн ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
гэрч Б.Цэцэгмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14:00 цагийн 61 дүгээр байрны подволд хувцас угааж байтал угаалгын машины сэгсрэгч ажиллахгүй байсан болохоор СӨХ-ийн даргын хүү Пүрэвжавыг дуудаад засуулж байтал гаднаас 61 дүгээр байрны жижүүр Мөнхбаярын найз Нүржиг нилээн согтуу орж ирсэн. Орж ирээд Пүрэвжавтай танилцъя. Чи Америкт удсан гэсэн үү. Одоо юу байна байр, хаус байна уу? танай ээж Нарантуяа СӨХ-ийн дарга хийдэг бил үү? ядуу хүмүүс СӨХ-ийн даргын ажил хийдэг гээд хэлж байсан. Энэ үед би гарч тамхи татах гээд гадаа гарчихаад ороод иртэл Нүржиг нь Пүрэвжавыг газарт унагаачихсан дээр нь гарчихсан цагаан өнгөтэй паарны хуванцар шланк маягийн зүйлээр Пүрэвжавыг цохиж байсан. Тэгэхээр нь би шууд гараад цагдаад дуудчихсан. Удалгүй цагдаа иртэл Нүржиг гараад зугтчихсан ...” /хх-35х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3571 тоот дүгнэлт /хх-39-40х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, Хохирлын баримтууд /хх-77-84х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь хохирлын 242.800 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг мөнгийг гаргуулан хохирогч Т.Пүрэвжавд олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Д.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Н нь хохирлын 242.800 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг мөнгийг гаргуулан хохирогч Т.Пүрэвжавд олгосугай.
6. Хохирогч Т.Пүрэвжав нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН