Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

  2021         02        09                                   2021/ШЦТ/125

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч С.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Аад холбогдох эрүүгийн 2011 01068 0026 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Тайж овгийн С.А, 1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Хүчит шонхор зах дээр тэрэг түрдэг ажилтай, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Завхан аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг, Баян-Ухаад оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 884 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:............................../.

 

Шүүгдэгч Тайж овогт С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дээд салхитын задгай тоотод хохирогч Г.Ариунзултай хардалтын улмаас маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найзындаа очиж архи уусан. Тухайн үед би согтсон байсан бөгөөд хардалтын улмаас болж эхнэртэйгээ зодоон хийсэн. Манай эхнэр цэнгээний газар орох дуртай бөгөөд тухайн өдөр гарч цэнгээний газарт орох гэхэд би болиулсан. Тухайн өдөр гэрт нь ирсэн залуутай би эхнэрээ хардаж зодолдсон” гэв.

 

 Хохирогч Г.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-24х/ “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Салхитад байх найзынхаа гэрт очсон юм. Тэнд Золжаргал, түүний нөхөр Чинзориг, Алтанбат бид 4 архи уусан. Тэгээд би гэр рүүгээ явна гэхэд Алтанбат явуулахгүй гээд Алтанбат бид 2 маргалдсан юм. Тухайн үед Алтанбаттай хамтран амьдардаг байсан юм. Би явах гэтэл Алтанбат согтуурхаад намайг бариад авсан. Миний нүүр рүү 2 удаа цохиод хоолой боогоод дээрээс босохгүй байсан. Тэгтэл Чинзориг цагдаа дуудсан. Тухайн үед хамт амьдардаг байсан боловч одоо надад хамаарал байхгүй. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Чинзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-25-26х/ “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би эхнэр Золзаяа 2 хүүхдийнхээ хамт өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгай тоотод байх гэртээ байсан. Орой болж байхад манай эхнэрийн найз охин болох Хонгорзул /Ариунзулыг тэгж дууддаг/ найз залуу юм уу эсвэл нөхөр болох залуу Алтанбатынхаа хамт ирсэн юм. Тэгээд бид нийлээд 1 шил архи хувааж уусан юм. Тэгтэл Хонгороо, Алтанбат хоёр хоорондоо хэрэлдээд манай хүүхдүүдийг айлгаад уйлуулаад байсан юм. Тэгээд би бие засчихаад ороод ирэхэд Алтанбат нь эхнэрийнхээ нүдийг цохиод улайлгаад хацар хэсэг нь хавдчихсан байсан. Тэгээд би боль гээд хорьтол дахиад зодох гээд байхаар нь би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Золжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-27-28х/ “...бид нар архиа уучихаад байж байтал Хонгороо, Алтанбат хоёр муудалцаад байсан бөгөөд Хонгороог манай нөхөр Чинзоригтой хардаад байсан юм. Тэгснээ Хонгороогийн нүд рүү цохиод авахад нь нүд нь улайгаад хавдсан юм. Энэ үед манай нөхөр Чинзориг гаднаас орж ирээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №5819 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-31х/ “Г.Ариунзулын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч С.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68х/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Тайж овогт С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дээд салхитын задгай тоотод хохирогч Г.Ариунзултай хардалтын улмаас маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ааас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Ариунзул нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч С.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                  

1. Шүүгдэгч Тайж овгийн С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН