| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0119/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/142 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/142
2021 03 01 2021/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч А.Ариунаа,
Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Өт холбогдох эрүүгийн 2103000100028 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Чонод овгийн Б.Өг, 1972 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нийгмийн ажилтан, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, хадам эх, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 23 дугаар байр, 17 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сан хорооллын 104-208 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:......................................../.
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн баруун замд “Тоёота Акуа” маркийн 94-18 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Бурмааг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, зам тээврийн ослын улмаас явган зорчигч Д.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч Н.Бурмаагийн эмчилгээний зардалд 1.140.376 төгрөг, хохирогч Д.Уранчимэгийн эмчилгээний зардалд 170.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Жи Эс Би ББСБ”-д 145.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12:30 минутын орчимд охиныхоо эзэмшлийн “Тоёота Акуа” загварын машинтай “Цэцэг” төвийн уулзвар дээр ногоон гэрэл хүлээн зогсож байгаад гэрэл солигдмогц баруун тийш дөнгөж хөдлөөд явган хүний гарц хүрэх агшинд хүн ёолох чимээ гараад намжсан. Би машинаа зогсоогоод гараад очиход хохирогч Уранчимэг газарт сөхрөөд суучихсан байсан. Цаана нь дахиад 1 хүн газарт байсан бөгөөд би нөгөө хүн дээр очиж эмнэлгийн тусламж болон цагдаагийн газартай холбогдож дуудлага өгсөн. Намайг анхны хохирогчид анхны тусламж үзүүлж байхад эмнэлгийн түргэн тусламжийн машин ирсэн. Тухайн явдал маш хурдан болж өнгөрсөн бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхаарал болгоомжгүй байдлаасаа болж ийм хэргийг санаандгүй байдлаар үйлдчихсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Галбадрах мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-16х/ “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим над руу гэмтлийн эмнэлгээс яриад ээжийг машинд мөргүүлсэн гэмтлийн эмнэлгийн амилахуйн тасагт байна гэж хэлсэн ...эмч нь надад тархины суурь ясны хугаралтай учир эрчимт эмчилгээ рүү шилжүүлж байна гэж хэлсэн ...тэр өдрөөс хойш манай ээж 12 хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад энгийн тасаг руу шилжин хэд хоног хэвтээд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлгээс гарсан ...Ослын талаар мэдэхгүй байгаа. Яагаад миний толгой өвдөөд байна, миний бие яачихав, намайг хүн зодчихсон юм уу гээд байн байн яриад байгаа. Ослын талаар юу ч санахгүй байгаа ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-18-19х/ “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим би хамт ажилладаг Бурмаа эгчийн хамт Чингэлтэй дүүргийн нутаг Цэцэг төвийн уулзвараар зүүнээсээ баруун чиглэлд явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асахаар нь явган хүний зам руу ороод 2 алхтал урд талаас буюу миний талаас нэг машин ирээд Бурмаа эгч бид хоёрыг мөргөөд газарт унагаасан ...би унасан газраасаа босоод хартал Бурмаа эгч миний хажууд унасан байсан. Би Бурмаа эгч дээр очоод эргүүлсэн чинь хамраас нь цус гарсан ухаангүй байдалтай байсан ...” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ө.Лхагвадолгор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-29х/ “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ослын талаар мэдэхгүй бөгөөд тухайн үед намайг гадуур явж байхад манай аав залгаад аав нь хүн мөргөчихлөө Цэцэг төвийн уулзвар дээр байна хүрээд ир гэхээр нь би яваад очтол мөргүүлсэн 2 хүнийг эмнэлэг аваад явсан байсан ...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би Жи Эс Би ХХК-тай гэрээ хийгээд худалдан аваад түүнээс хойш өөрөө унаж байгаа ... ” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Батчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-164х/ “...Үнэлгээтэй танилцсан ослын улмаас учирсан 145.000 төгрөгийг, автомашины хамт нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №159 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-38-40х/ “Н.Бурмаагийн биед баруун чамархай яс, хөхлөг сэртэн дайрч суурь ясны их далавч, баруун суурийн хөндий рүү үргэлжилсэн, хугарлын нөгөө үзүүр чамархай яснаас доош лямбда заадас дайрч дагз яс, нугасны том нүхний баруун талаар дээш үргэлжилсэн clivus хүрсэн хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн цус харвалт, няцрал САК, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт,
СиДи-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл дэх “...зүүн талаас Тоёота Акуа маркийн цэнхэр өнгийн улсын дугаар нь харагдахгүй тээврийн хэрэгсэл нь уг уулзвараар баруун гар тийш эргээд явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гарч явсан бараан өнгийн хувцастай зэрэгцээд явж байгаа 2 явган зорчигчийг мөргөөд зогсож байв. Уг 2 явган зорчигч нь осол гаргасан тээврийн хэрэгсэлд мөргүүлээд хоёулаа газарт унасаны дараа буюу 11 цаг 39 минут 26 секундэд осол гаргасан жолооч тээврийн хэрэгсэлээсээ буугаад уг 2 явган зорчигч дээр очиж байгаа 30 секундын бичлэг байв ...” гэх тэмдэглэл /хх-138х/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Сүхбаатарын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай магадлагаа /хх-65-66х/ “1. Тоёота Акуа маркийн 94-18 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Батхүү овогтой Өлзийхутаг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа ,
Хохирогч Н.Бурмаагийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхний хуулбар /хх-74-92х/,
Хохирогч Н.Бурмаагийн хууль ёсны төлөөлөгч Б.Галбадрахаас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-111-116х/,
“Тоёота Акуа” маркийн 94-18 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-72-73х/,
“Тоёота Акуа” маркийн 94-18 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 145.000 төгрөгний хохирол учирсан гэх “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 939 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-47-48х/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13х/,
Шүүгдэгч Б.Өийн жолоодох эрхийн лавлагаа /хх-105х/,
Шүүгдэгч Б.Өийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-106х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-137х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн баруун замд “Тоёота Акуа” маркийн 94-18 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Бурмааг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, зам тээврийн ослын улмаас явган зорчигч Д.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч Н.Бурмаагийн эмчилгээний зардалд 1.140.376 төгрөг, хохирогч Д.Уранчимэгийн эмчилгээний зардалд 170.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Жи Эс Би ББСБ”-д 145.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулжээ.
Шүүгдэгч Б.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Бурмааг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, зам тээврийн ослын улмаас явган зорчигч Д.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, зам тээврийн ослын улмаас явган зорчигч Д.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч Н.Бурмаагийн эмчилгээний зардалд 1.140.376 төгрөг, хохирогч Д.Уранчимэгийн эмчилгээний зардалд 170.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Жи Эс Би ББСБ”-д 145.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, зам тээврийн ослын улмаас явган зорчигч Д.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч Н.Бурмаагийн эмчилгээний зардалд 1.140.376 төгрөг, хохирогч Д.Уранчимэгийн эмчилгээний зардалд 170.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Жи Эс Би ББСБ”-д 145.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.359.000 төгрөгийг хохирогч Н.Бурмаад, 145.000 төгрөгийг “Жи Эс Би ББСБ” ХХК-д, 1.185.600 төгрөгийг хохирогч Д.Уранчимэгт тус тус төлж барагдуулжээ.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Өаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, зам тээврийн ослын улмаас явган зорчигч Д.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч Н.Бурмаагийн эмчилгээний зардалд 1.140.376 төгрөг, хохирогч Д.Уранчимэгийн эмчилгээний зардалд 170.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Жи Эс Би ББСБ”-д 145.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг тус тус баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонод овгийн Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, зам тээврийн ослын улмаас явган зорчигч Д.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч Н.Бурмаагийн эмчилгээний зардалд 1.140.376 төгрөг, хохирогч Д.Уранчимэгийн эмчилгээний зардалд 170.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Жи Эс Би ББСБ”-д 145.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ө нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Өт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Өийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В”, “С”, “СЕ” ангиллын 521024 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлсүгэй.
7. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь 2.359.000 төгрөгийг хохирогч Н.Бурмаад, 145.000 төгрөгийг “Жи Эс Би ББСБ” ХХК-д, 1.185.600 төгрөгийг хохирогч Д.Уранчимэгт тус тус төлсөн болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН