Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/145

 

 

                                                           

           

 

 

 

2021          03          02                                   2020/ШЦТ/145

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Чимгээ,

Шүүгдэгч Р.Н, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Хохирогч Д.Бархас, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Р.Нд холбогдох эрүүгийн 2011 00000 1002 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч Боржигин овогт Р.Н, Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 15ы өдөр Улаанбаатар хотод төрсөн,  21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 20 дугаар гудамжны 1в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:........................................................../.

  /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Р.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутагт 57-55 УАВ дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа 82-05 УБУ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.Бархастай маргаан үүсгэн гэрлэн дохион дээр шахаж зогсон түүнийг бууж ирэх үед жийж унагаах, зүүн хөлөнд дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Баянбүрдийн тойрог дээр намайг гүйцэд түрүүлж орж ирээд шахаад урд гараад тэгээд чигээрээ явсан, би араас нь явж байгаад гүйцэж түрүүлэх үедээ цөмж байсан самарны ясаа цонх луу нь шидсэн, тэгээд би урд нь ороод явсан ба Тасганы овооны уулзварын гэрлэн дохион дээр би урд нь нөгөө машин миний ард зогсож байсан. Тэгээд толиндоо хартал нөгөө жолооч машинаасаа бууж ирж байхаар нь би бас машинаасаа буугаад яаж яваад байгаа юм гэхэд тэр намайг түрүүлж заамдсан. Тэгэхээр нь би зүүн хөл рүү нь хавирч унагаагаад нүүр лүү нь өшиглөх үед шүргээд өнгөрсөн. Тэгээд надтай хамт явж байсан Цэнгүүнбаатар голоор орж ирээд салгасан ...би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Би Бархасыг өөрөөр цохиж зодоогүй. Бархас ч гэсэн намайг заамдсан болохоос зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-28х/,

Шүүгдэгч Р.Нгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Бархасаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 2 ихэр хүүтэй бөгөөд нэг нь бүдүүн гэдэсний нарийсалтай төрсөн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 17-нд Сансараас Эх нялхас руу хагалгааны өмнөх шинжилгээг өгөх гээд Дөлгөөн нуураас Баянбүрд рүү ордог уулзварын 4-н эгнээ замын 3 дахь эгнээгээр зорчиж байтал зүүн тийш эргэдэг эгнээнээс шүүгдэгч миний машин руу дараад ороод ирсэн. Би сигнал дартал шүүгдэгч цонхоороо “сүртэй пизда вэ гэж орилхоор нь миний уур хүрээд араас нь хөөж очоод Баянбүрдийн тойрог дээр шүүгдэгчийг шахтал араас гүйцэж ирээд урдуур шахаж зогссон. Би машинаасаа буугаад тулаад очтол урдаас жийж унагаад зүүн хөлөн дээр дэвсэж нүүр лүү өшиглөсөн. Найз нь гэх бүдүүн залуу тэр үед машинаасаа бууж ирээд “Наадуул чинь угаасаа ингэж мөнгө олдог юм, наадах чинь угаасаа эр янхан байнагэх зэргээр намайг доромжилсон. Удалгүй цагдаа ирээд шүүгдэгч болон найзуудыг нь аваад явсан. Шүүгдэгч нь өөрөөсөө гадна 3 хүнтэй цуг явж байсан бөгөөд хамт явсан 2 эмэгтэй нь жолоочийн хаалган талыг онголзуулж миний эхнэртэй хэрэлдээд байсан. Үүнээс болж миний өвчтэй хүүхэд ханиад хүрч хагалгаагаа 14 хоногоор хойшлуулсан. Би 23-нд хагалгаанд орчихоод 7 хоног эмнэлэгт хэвтсэн. 1.094.000 төгрөгийн хохирол төлбөр тооцоологдсон бөгөөд үүнийг надад төлсөн. Шүүгдэгч надаас ерөөсөө уучлалт гуйгаагүй, дахиж надтай холбогдоогүй. Үүнд би маш их гомдолтой байна. Би удахгүй дахин хагалгаанд орж хадаасаа авахуулах ёстой. Тус эмчилгээг Мөнгөн Гүүр эмнэлэгт 1783000 төгрөгөөр эмчилнэ гэсэн бөгөөд үүнийг нэхэмжилж байна. Шүүх хурал, эмнэлэг зэрэгт зорчсон 90.000 төгрөгийн шатахууны зардал нэхэмжилж байна. Миний цалин сард 1.000.000 төгрөг байсан ба 4-н сарын хугацаанд ажил хийж чадахгүй гэртээ хэвтэж байсан учир цалингаа авч чадаагүй. Тухайн дөрвөн сарын цалин мөнгөө мөн нэхэмжилж байна” гэв.

Гэрч Ц.Нямзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гандангийн гэрлэн дохионы уулзварт улаан гэрэл асаад зогсох үед тэр залуу манай урд ирж зогсоод буугаад ирсэн ба манай нөхөр бас уусан. Тэр залуу шууд манай нөхрийн нүүр лүү цохиод дараа нь хавирч унагаасан. Манай нөхрийг унах үед нөгөө залуу хөл дээр нь дэвссэн, толгой руу нь 2 удаа өшиглөсөн. Тэгж байх үед тэр машинаас бас нэг залуу бууж ирээд нөгөө залууд наад пиздагаа хаялдаа гээд салгах үедээ манай нөхрийг бас өшиглөсөн. Дараа нь машинаас 2 охин бууж ирээд надтай хэрэлдээд байсан. Тэгээд манай машины хаалгыг савсан. Тэгээд би цагдаа дуудчихлаа гэж хэлэхэд тэд нар намдсан ба хамт явж байсан залуу нь манай нөхөр болон намайг өргөдлийн гол, эр янхан наадуулаа хая гэж доромжилсонд гомдолтой байна. Харин Цэнгүүнбаатар манай нөхрийг цохиж зодоогүй. Нөхрийг маань машины хаалганы ард газар унасан байхад Цэнгүүнбаатарыг өшиглөсөн гэж буруу харсан юм билээ. Цэнгүүнбаатар өшиглөж зодоогүй юм билээ” гэсэн мэдүүлэг /хх-13-14х/,

Гэрч Б.Цэнгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Дөлгөөн нуурын уулзварт нэг Prius 20 маркийн машин шахаад сигналдаад яваад байсан. Тэгээд Гандан өгсөөд Тасганы овооны уулзварын гэрлэн дохио хүрэлгүй тэр хавьд зогссон ба Намчин болон нөгөө машины жолооч залуу бууж ирээд тэр хоёр заамдалцсан. Тэгээд Намчин тэр залууг хавирч унагаасан. Тэгээд би бууж ирээд тэр хоёрыг салгасан. Намчин тухайн хүнийг цохиж зодсоныг би хараагүй, би бас тэр хүнийг цохиж зодсон асуудал байхгүй ба миний биед ямар нэгэн гэмтэл хохирол учирсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-15х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28ы өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10816 тоот дүгнэлтэд:

“1. Д.Бархасын биед зүүн шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-20-21х/,

Шүүгдэгч Р.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38х/, Хохирлын баримтууд /хх-69х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Р.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутагт 57-55 УАВ дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа 82-05 УБУ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.Бархастай маргаан үүсгэн гэрлэн дохион дээр шахаж зогсон түүнийг бууж ирэх үед жийж унагаах, зүүн хөлөнд дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Р.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Р.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Д.Бархаст шүүгдэгч Р.Н нь эмчилгээний зардалтай холбоотой 1.094.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Д.Бархас нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Р.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           5. Хохирогч Д.Бархас нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.094.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Р.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Р.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН