Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/156

 

 

                                                           

           

 

 

 

 

2021          03        09                                   2021/ШЦТ/156

                                                                                     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М.Ад холбогдох эрүүгийн 1908 06410 0415 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Боржигон овогт М.А, Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 20ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 2-20-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:........................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдснаар/;

         Шүүгдэгч М.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Я.Жаргалсайхангийн Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа үл таних хүний гуйлтаар Монгол Улсын Хаан банкны 5175084394 дугаартай данс руу 243.980 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж, шилжүүлэгдсэн эд хөрөнгө болох 24.694.020 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 24.694.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Аоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:Мөрдорж гэх хүний гуйлтаар таксинд явж байх үед “мөнгө шилжүүлээд өгөөч, чиний машины түлшний банкийг чинь дүүргээд өгье” гэхээр нь зөвшөөрч найзынхаа картаар дамжуулан Мөрдорж гэх хүний хэлснээр АТМ-ээр тухайн хүний мөнгийг шилжүүлсэн. Хувьдаа завшсан зүйлгүй” гэв.

Хохирогч Я.Жаргалсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Солонгос улс руу комиссын бараа болох бүх төрлийн хүүхдийн бэлэн хувцас авчрахаар явсан. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тэнд 16 цагийн орчим Солонгосын Инчон хотын Ёнсү дүүргийн залуусын гудамжинд нэг хоолны газарт өөрийн найз Өлзийбаттай хоол идээд архи дарс уугаад байж байхад тухайн үед нэг танихгүй 40 гаран насны ах орж ирээд чи интернет банктай юу гэж асуугаад байгаа бол 108.000 воныг Монгол мөнгөөр бодоод Монгол руу явуулаад өгөөч би 108.000 воныг бэлнээр өгье гээд байхаар нь би тусалчихъя гэж бодоод өөрийн гар утасны интернет банк руугаа ороод мөнгөн дүнгээ 249.380 төгрөг гэж бичих шиг болсон. Ингээд дансны дугаар хийх хэсгийг гаргаад нөгөө танихгүй ахад гаргаж өгсөн тэр ах дансны дугаар бичээд надад өгөхөөр нь харсан чинь Хаан банкны данс байсан. Тэгээд л би Солонгосын цагаар 16 цаг 48 минут, Монголын цагаар 17 цаг 48 минутанд гар утасныхаа илгээх гэснийг дарж нөгөө данс руу мөнгө явуулаад нөгөө танихгүй хүнээс 108.000 вон бэлнээр авсан, нөгөө ах гараад яваад өгсөн. Тэгээд тэр өдөр найзтайгаа архи уугаад хоол идээд гар утсаа анзаарч үзээгүй, ингээд тэндээсээ шууд гараад гэртээ харьж амраад маргааш өглөө нь өөрийн дансны үлдэгдлийг үзсэн чинь миний данснаас 24.938.000 төгрөгийг нөгөө танихгүй хүний Монгол руу шилжүүлсэн Хаан банкны данс руу шилжүүлчихсэн байсан. Тэгээд өмнөх өдрийн нөгөө танихгүй ахыг хайгаад олоогүй, Солонгосын цагдаагийн газар нь очсон чинь Монгол банк хоорондоо гүйлгээ учраас Монгол улсын цагдаагийн газар шалгана манайх шалгахгүй гэж хэлсэн юмаа ...” гэх мэдүүлэг /хх-52-56х/,

Гэрч Г.Баярт-Одоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Намайг ямар учраас дуудсаныг мэдсэн. Миний 5175084394 дугаартай Хаан банкны дансанд 2019 онд нэг данснаас 24.938.000 төгрөг андуурагдаж орсон гэсэн. Тэгээд би энэ мөнгийг яасныг мэдэхгүй. Би хэрэглээгүй. Би өөрийн Хаан банкны виза картыг 2019 оны 11 дүгээр сарын 14, 15-ны хавьцаа өөрийн найз Ариунболдод өгсөн юмаа. Одоог болтол Ариунболдоос картаа аваагүй байгаа. Миний Хаан банкны виза картыг Ариунболд хүнээс мөнгө шилжүүлж авмаар байна миний өөрийн карт гэмтсэн байна, гэхээр нь би өөрийн картаа ханын материалын тэнд Дүүхээ төвийн тэнд байр түрээслээд байж байхдаа би өөрийн найз Ариунболдод өөрийн Хаан банкны ногоон картыг өгсөн юмаа ...” гэх мэдүүлэг /хх-59-60х/,

Гэрч Э.Бямбасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай нөхөр Хаан банкны нэг л данстай тэр Хаан банкны картыг нь тухайн үед Ариунболд гуйгаад аваад явсан яасныг нь мэдэхгүй байна, нөхөр бид хоёр ажилгүй учраас нөхрийн дансыг ерөөсөө ашигладаггүй юмаа ...” гэх мэдүүлэг /хх-64х/,

Гэрч О.Өлзийбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай найз гар утсаараа тэр ахын мөнгийг шилжүүлээд мөнгө төгрөг өгч авалцаад байх шиг байсан нөгөө ах ч яваад өгсөн. Бид хоёр ч ууж идээд харьж амарцгаасан юм аа. Бид хоёр Солонгост нэг байранд хамт амьдардаг юм. Тэгтэл маргааш өглөө нь манай найз би өчигдөр нөгөө ахын Монгол руу шилжүүлсэн данс руу андуураад илүү 24.000.000 орчим төгрөг шилжүүлсэн байна би уг 108.000 вон монгол мөнгөөр шилжүүлэх гэж байгаад 24.938.000 төгрөг шилжүүлсэн байна гээд бөөн юм болсон, би маргааш нь ажилтай байсан болохоор харьж яваад өгсөн. Манай найз цагдаад нь хандсан чинь Монгол банк хооронд шилжүүлсэн мөнгө учраас Солонгосын цагдаа шалгахгүй Монголын цагдаагаар шалгуул гээд амаараа тайлбарлаж хэлээд явуулсан ...” гэх мэдүүлэг /хх-71х/,

Гэрч Н.Цэнд-Аюушаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...талийгаач маань 91006650 гэсэн дугаартай байсан ба тэрнээс өөр ямар нэгэн дугаар байхгүй. Дандаа тэр дугаараас холбогддог байсан ...” гэх мэдүүлэг /хх-78-79х/,

Гэрч А.Ган-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...талийгаач нас барахаас ямар ч байсан сүүлийн 6 сар машингүй байсан. Мөн ямар нэгэн хүнд машин тэрэг зарсан асуудал ерөөсөө байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-81х/,

Гэрч Э.Баяраагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...19.900.000 төгрөг манай үйл ажиллагааны эргэлтэнд ороод явсан байх би сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-65х/,

Гэрч Д.Оюунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Баярт-Одын 5175084394 дугаартай Хаан банкны виза картны нууц дугаарыг би мэднэ, 0328 гэсэн код байдаг юмаа ...” гэх мэдүүлэг /хх-62х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9-11х/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-17х/,

Гар утасны билл-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-44х/,

Ц.Мөрдоржийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-46-49х/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-45-49х/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-89-117х/,

Г.Баярт-Одын Хаан банкны депозит дансны хуулга /хх-133-134х/,

Хаан банкны 29/157 дугаартай албан бичиг /хх-138х/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-142-162х/,

Шүүгдэгч М.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-126х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-130х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Я.Жаргалсайхангийн Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа үл таних хүний гуйлтаар Монгол Улсын Хаан банкны 5175084394 дугаартай данс руу 243.980 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж, шилжүүлэгдсэн эд хөрөнгө болох 24.694.020 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 24.694.020 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэргийн үйл баримтыг үзэхэд хэдийгээр М.А нь гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа боловч уг мөнгийг найз Г.Баярт-Одын дансаар авсан нь хяналтын камерын бичлэг, гэрч О.Өлзийбатын мэдүүлэг, дансны хуулгаар нотлогдож байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай  гүйлгээний улмаас 24.694.020 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч М.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж, шилжүүлэгдсэн эд хөрөнгө болох 24.694.020 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 24.694.020 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН