Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

2021          03        09                                   2021/ШЦТ/161                 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,

Шүүгдэгч Ё.О, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

Хохирогч “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.Отгонзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонтэнгэр овогт С.Г, Боржигон овогт Ё.О нарт холбогдох эрүүгийн 1911015050935 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Отгонтэнгэр овогт С.Г, Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 27ы өдөр Булган аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ой судлаач мэргэжилтэй, Чиволи уул уурхайн компанид кемп менежир ажилтай, ам бүл 4, 3 охины хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол 8-379 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47-81 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .......................................,

2. Шүүгдэгч Боржигон овогт Ё.О, Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Мобайл смарт софт ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр гудамж 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 18 дугаар хороо, 14-90 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .........................

Шүүгдэгч Сэрдамбын Ганцэцэг /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Э.Чулуунчимэгийн Хаан банкны 5006937872 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн 5728051102 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А.Ган-Одын 5728057841 дугаартай дансаар 1.500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Чулуунчимэгийн 5006967872 дугаартай дансаар 2.500.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Ёндонжамцын Оюунхүү 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Пилмаагийн Хаан банкны 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 09 дүгээр сарын 28-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 15-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 06-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 16-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 4.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 07-ны өдөр Ч.Оюунхүүгийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 13-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг нийт 21.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 3.500.000 төгрөгийг, 01 дүгээр сарын 24-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 3.500.000 төгрөгийг, 01 дүгээр сарын 31-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 1.000.000 төгрөгийг, 02 дугаар сарын 02-ны өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 600.000 төгрөгийг, 02 дугаар сарын 16-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 03 дугаар сарын 04-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 02-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 4.000.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Ёндонжамцын 5024106640 дугаар дансаар 3.500.000 төгрөг нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би Мини-кредитэд 1 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд өөрийн гэсэн 50-н харилцагчийн 250-300 орчим зээлийг ямар нэгэн эрсдэлгүй, дордуулсан зүйлгүйгээр олгож ажилласан. Надтай 4-н зээлийг хамаатуулсан байгаа бөгөөд үүнд би тайлбар өгнө. Манай байгууллагын зээлийн онцлог нь хүү ихтэй, хугацаа богино бөгөөд өдрийн зээлээр гаргадаг болохоор банк бус санхүүгийн мэдээлэл авдаггүй тул таньдаг, мэддэг хүмүүстээ санал болгож олгодог юм. Ган-Од, Чулуунчимэг, Анударь нарын зээлийг би аваагүй. Анударийн зээлийг Ё.О судалж гаргасан. Би өөрөө судалж тухайн зээлийг гаргаагүй. Миний ганц хийсэн буруу үйлдэл бол тухайн зээлийг өөрийн дансандаа шилжүүлээд авчихсан. Дансандаа шилжүүлж авсан даруйдаа данснаасаа буцаагаад Анударь охиндоо барааны мөнгийг шилжүүлсэн.  Өөрийн дансандаа авсан шалтгаан нь тухайн үед миний охин тээврийн хэрэгслийн гэмт хэрэгт  холбогдоод шүүхийн шийдвэрээр данс нь хаагдчихсан байсан тул би үүнийг охиныхоо данс руу шилжүүлээд, өөрийнхөө данс руу шилжүүлээд авчихсан. Анударийн зээлийг би өөрөө судлаагүй бөгөөд Цогтжаргалаас үүний тухай удаа дараа асууж байсан. Цогтжаргалаас болох юм уу гэж асуухад зөвшөөрсөн бөгөөд Оюунхүүгээр тус зээлийг Цогтжаргал судлуулсан. Тухайн зээлийг би зохих журмын дагуу гарсан зээл хэмээн бодож байна. Ган-Одын зээлийг би аваагүй. Тус 2 хүн бол эхнэр нөхрүүд бөгөөд тухайн зээлээ авч зарцуулаад хугацаандаа хүүтэй нь хамт төлсөн. Ямар нэгэн хохирсон зүйл байхгүй. Мини-Кредитээс Ган-Од, Чулуунчимэгийн зээлийг надтай хамаатуулж байгаа шалтгаан нь бид 3 нэг хаяг дээр оршин суудаг юм. Би хөдөөнөөс шилжиж ирээд хүүхдээ сургуульд өгөхийн тулд тогтсон хаягтай байх ёстой байсан бөгөөд 2017 онд хотод шилжиж орж ирэхдээ би дүүгийнхээ үл хөдлөхийн гэрчилгээг өөрийнх нь өргөдөлтэй авч очиж тухайн хаяг дээр бүртгүүлсэн. Би тухайн хаяг дээр одоогийн байдлаар амьдардаггүй ч бүртгэлтэй байдаг. Чулуунчимэгийн 3.000.000 төгрөгийн зээл нь сунгалттай зээл юм. Сунгалттай гэдэг нь Чулуунчимэг 3 сарын хугацаанд тухайн зээлийг аваад 540.000 төгрөгийг Мини-Кредитэд төлснийхөө дараа тухайн зээлийг сунгасан юм. Сунгалттай зээл нь зээлийн гэрээнийхээ ард “С” үсэгтэй болж ордог. Би гэрээгүй зээл огт гаргаж байгаагүй. Мини-Кредитээс намайг ажлаас халахдаа зээлийн гэрээгээ хүлээж авалгүй шууд программ хаагаад халсан бөгөөд одоо намайг гэрээгүй зээл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ган-Од мөн адил өөрийн нэр дээр зээл аваад зарцуулсан. Би тухайн зээлээс мөнгө завшсан зэрэг асуудал байхгүй. Цолмон гэх хүний нэр дээр зээл гаргасан. Тухайн хүн бол манай харилцагч байсан. Тухайн үед Оюунхүү надаас 1.500.000 төгрөгийг дүүгийн сургалтын төлбөр гэх шалтгаанаар гуйж байсан санагдаж байна. Иймд тухайн Цолмон гэх хүний нэр дээр 1.500.000 төгрөг гаргаж Ё.Огийн данс руу шилжүүлэх гэтэл Ё.О өөрийнхөө дансаар авахгүй гэхээр нь би дүүгийнхээ данс руу уг мөнгийг шилжүүлээд буцаад Ган-Одын данснаас Оюунхүүгийн данс руу мөнгө шилжсэн. Шалгалтын явцад Цолмонгийн нэр дээрх зээл Ган-Одын данс руу орсон байна гэхэд би Оюунхүүгээс урьд нь цалингийн зээл гарахаас өмнө 340.000 төгрөг, цагаан сарын үеэр бэлэн мөнгө зээлж нийт 600.000 төгрөгийн тооцоотой байсан. Цолмонгийн зээлийг гаргаж Оюунхүүд өгсөн нь миний буруу үүнээс 600.000 төгрөгийг нь би төлнө. Мини-Кредитийн захирал Солонгод энэ тухайгаа хэлсэн. Дараа нь би 600.000 төгрөгийг Цолмонгийн данс руу шилжүүлсэн. Гэхдээ би энэ зээлийг аваад төлчихлөө гэх зэргээр Мини-Кредит рүү яриагүй. Анударь гэдэг цуг ажиллаж байсан хороо салбарын  охиноос Цолмонгийн зээлийн дансны кодыг авсан. Мини-Кредитээс зарим зүйл дээр намайг гүтгэж байна. Анударийн нэр дээр сүүлд 1.000.000 төгрөгийн үлдэгдэл үлдчихсэн байсан. Мини-Кредит миний тушаалыг гаргаагүй, цалин мөнгөний тооцоо хийгээгүй байсан болохоор охиндоо тус зээлийг битгий төл, би авлагатай юм гэх зэргээр байгууллагын цалин хөлс зэрэгтэй андуурсны улмаас төлөөгүй байсан. Мини-Кредитээс нэхэмжилсэн 799.500 төгрөгийг төлчихсөн. Одоо надад тооцоо байхгүй” гэв.

Шүүгдэгч Ё.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ё.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сард өөр хүний нэрээр 2,5 сая төгрөгийн зээл гаргуулан дүү Пилмаагийн дансанд хийлгэн авч байсан бөгөөд авсан мөнгөө дэлгүүрийн өдрийн мөнгөний өрөнд өгч дуусгасан. Ямар учиртай өр вэ гэхээр миний бие өмнө нь дэлгүүрээ ажиллуулахаар хувь хүнээс 2,5 сая төгрөгийг зээлж байсан ба уг өрөө Мини кредитээс авсан зээлээрээ төлж байсан юм ...миний бие уг мөнгийг найзынхаа дансаар гаргуулан авч байсан бөгөөд Ү.Цэрэнбүжид найз маань ямар учиртай мөнгө болохыг мэддэггүй байсан бөгөөд түүнд би “...дансаар чинь түр мөнгө оруулаад гаргачихъя” гэж л хэлдэг байсан бөгөөд найз маань нэг их ач холбогдол өгөлгүй, дансандаа хийлгэдэг байсан бөгөөд буцаагаад авсан мөнгөө тэр чигээр нь миний 5114297054 дугаарын дансанд шилжүүлдэг байсан. Уг мөнгийг мөн л дэлгүүрийн өдрийн мөнгөндөө зарцуулдаг байсан. Үүний дараа 2018 оны 10 дугаар сард мөн найз Ү.Цэрэнбүжидийн дансаар 2,5 сая төгрөгийг Мини кредит ХХК-аас авч байсан бөгөөд мөн өөрийнхөө данс руу хийлгээд дэлгүүрийн өдрийн мөнгөндөө зарцуулдаг байсан. 2018 оны 11 дүгээр сард өөрийн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансаар 2,5 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авсан бөгөөд дүү маань ямар учиртай мөнгө орж ирж байгааг асуухад нь би түүнд “...ажлаас зээлж авч байгаа мөнгө юм аа” гэж хэлдэг байсан бөгөөд ямар аргаар гарган авсан талаар дүү маань мэдэхгүй. Уг мөнгийг би өөрийнхөө дүүгийн сургалтын төлбөрт зарцуулж байсан. Дүүдээ тус мөнгийг шилжүүлэхийн өмнө түүнд “...сургалтын төлбөрөө хийгээрэй” гэж хэлээд өгч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн аргаар зээлийн гэрээ хийж Мини кредитээс 3 сая төгрөгийг гаргуулан авсан бөгөөд тус 3 сая төгрөгийг мөн дүү Ё.Пилмаагийн дансаар гарган авч байсан бөгөөд дүүдээ тайлбарлахдаа “...эгч нь ажлаас түр мөнгө зээлж авч байгаа юм” гэж хэлж байсан бөгөөд уг мөнгийг мөн дэлгүүрийн өдрийн эргэлтийн мөнгөнд зарцуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн дүү Ё.Пилмаагийн дансаар 4 сая төгрөгийг гаргуулан авч байсан бөгөөд авсан мөнгөө дэлгүүрийн мөнгө, жижиг сажиг өр зээлэндээ зарцуулаад дуусгасан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний бие өөрийн 5114297054 дугаарын дансаар нийт 2 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг мөн өр ширэндээ зарцуулаад дуусгасан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүү Ё.Пилмаагийн дансаар 3 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг дэлгүүртээ болон өр ширэндээ зарцуулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн найз Цэрэнбүжидийн дансаар 3,5 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд уг мөнгийг дэлгүүртэй холбоотой өр зээлэнд зарцуулагдсан. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөн өөрийн дүү Ё.Пилмаагийн дансаар 3,5 сая төгрөгийг мөн аргаар Мини кредитээс гаргуулан авч байсан бөгөөд авсан мөнгөө хувь хүмүүсээс авсан өр зээлэндээ зарцуулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр надад мөнгөний ойр зуурын хэрэгцээ гараад С.Г эгчийг гуйж дүү Ё.Даариймаагийн дансаар 1 сая төгрөгийг авсан байдаг. Уг мөнгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөн аргаар өөрийнхөө хувийн данс руу Мини кредитээс 600,000 төгрөгийг зээл олгов хэмээн гаргуулан авч байсан бөгөөд үүнийг өр зээлэндээ зарцуулж байсан. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз Ү.Цэрэнбүжидийн дансаар мөн аргаар 3 сая төгрөгийг Мини кредитээс гаргуулан авсан бөгөөд мөн л дэлгүүрийн өр зээлэндээ зарцуулсан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр миний бие С.Г эгчийг гуйж “...дүүгийн сургалтын төлбөр нэхэгдээд байгаа юм, та дүүгийн маань нэр дээр зээл гаргаад өгөөч” гэж гуйсаны дагуу өөрийн дансаар 2 сая төгрөгийг шилжүүлэн авч,  дүүгийн сургалтын төлбөрийг хийж өгч байсан. Дүү маань ямар аргаар намайг мөнгө олсон талаар мэдээгүй бөгөөд дүүдээ би “...ажлын газраасаа зээл авчихлаа” гэж л хэлж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Мини кредит ХХК-аас мөн аргаар нийт 3,5 сая төгрөгийг өөрийн төрсөн эцэг Ш.Ёндонжамцын дансаар шилжүүлэн авсан бөгөөд уг мөнгийг мөн дүү Ё.Даариймаагийн сургалтын төлбөрт өгч байсан юм. Миний бие Мини кредит ХХК-д учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлж чадаагүй байгаа бөгөөд анх дотооддоо шалгалт хийх үед би өөрийн буруугаа хүлээж, хохирлоо бага багаар төлнө гэдгээ илэрхийлж бичгээр баталгаа гарган өгч байсан ...” гэх мэдүүлэг /1хх-16-18х/,   

Хохирогч “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.Отгонзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ё.О нь нийт 16 удаагийн үйлдлээр 42.600.000 төгрөгийг залилан авсан. Үүнээс 1.000.000 төгрөгийг нь өгөөд одоо 41.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул уг мөнгийг Ё.Огээс гаргуулж авах хүсэлтэй байна. С.Гийн хувьд Ё.Огийн гаргасан 16 зээлээс 3 зээлийг нь гаргасан. Уг зээл нь Ё.Огийн дүү нар болон эцгийнх нь данс руу орсон боловч ямар ч зээлийн гэрээ байхгүй, холбогдох бичиг баримтууд байхгүй байсан. Мөн С.Г нь Цолмон гэдэг хүний нэрээр танилцуулга хийгээд зээл авч байсан. Тэгээд тухайн мөнгийг Ган-Од гэх хүний данс руу хийсэн байсан. Ингээд Ган-Од, Чулуунчимэг гэх хоёр хүнд зээл олгосон боловч энэ хоёр нь нийт 5.500.000 төгрөгөө хамтад нь төлсөн. Тэгээд дансны хуулгыг нь харахад Чулуунчимэг 3.000.000 төгрөгийн зээл авсан боловч 3.500.000 төгрөг болгож төлсөн юм шиг харагддаг. Харин Ган-Од 2.500.000 төгрөг аваад 2.700.000 болгож төлсөн юм шиг харагддаг боловч дансны гүйлгээнийх нь төлсөн мөнгөнүүдийг харахад 10.000.000 төгрөг төлсөн байсан. Хэрвээ зээл гаргасан юм бол хүүтэйгээ нийлээд 12.000.000 төгрөг орж ирэх ёстой байсан. Зээлийн хүү орж ирээгүй байх тул С.Гийн хувьд дээрх зээлүүдэд хувийн ашиг сонирхолтой байсан нь харагдаж байна. Мөн зээлдэгчийн мэдээллийг ашиглаад өөр хүний данс руу зээл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. С.Гийн хувьд 10.000.000 төгрөгийн зээл гаргаад буцаан төлсөн тул хохирол төлбөр байхгүй. Иймд Ё.Огээс 41.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хохирогч С.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие Мини кредит ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2018 оны 07 дугаар сараас эхлэн ажиллах болсон бөгөөд манай компанид ажиллаж байсан зээлийн эдийн засагч Ё.О, С.Г нар нь манай компанид нийт 52,6 сая төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Ё.О болон С.Г нар нь манай компаний бүх зээлийн эдийн засагч нарын зээл олгох, бүхий л үйл ажиллагаа болох зээл олголтыг хянах, шийдвэрлэх, тайлан мэдээ өгөх зээлийн эдийн засагч нарт даалгавар өгөх, зээлийн гүйлгээ хийх зөвшөөрлийг эдийн засагч нарт даалгавар олгогдог гэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйл ажиллагаа хариуцан ажилладаг захирал Б.Цогтжаргал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн бөгөөд түүний гаргасан өргөдлийн дагуу миний бие өөрийн биеэр Б.Цогтжаргалын хариуцан ажилладаг байсан үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болж түүний ажлыг хүлээж авах явцад дотооддоо шалгалт явуулж эхэлсэн. Ингээд уг шалгалтын явцад Чингэлтэй салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Ё.Отэй холбоотой 16 зөрчил, С.Гтэй холбоотой зөрчил илэрсэн. Ямар учиртай зөрчил вэ гэхээр С.Г нь манай компанийн зээл олгох дотоод журмын хориглосон зүйл заалтыг зөрчиж, өөрийн төрсөн охин Г.Анударьтай 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн хэмээн байгууллагын дотоод системд бүртгэсэн байх боловч хийгдсэн гэрээ холбогдох материалууд биетээр байхгүй, бөгөөд манай байгууллагын Хаан банкны 5027785005 гэх дансны хуулгыг шүүлгэж үзэхэд С.Г нь өөрийн нэр дээрх Хаан банкны 5728051102 гэх дугаартай дансанд тус 3 сая төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Мөн С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,5 сая төгрөгийг З.Цолмон гэх хүнтэй зээлийн гэрээ хийсэн зээлийн гэрээ хийсэн мэт хуурамч гэрээ үйлдэж харин мөнгийг нь өөрийн хамаатан А.Ган-Од гэх хүний Хаан банкны 5728057841 гэх данс руу шилжүүлсэн байсан ба З.Цолмон гэх хүний мэдээллийг шүүгээд үзэхэд өмнө нь манай байгууллагаас зээл авч байсан зээлдэгч байсан бөгөөд түүний мэдээллийг ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж мөнгөө дүүгийнхээ данс руу шилжүүлж авсан, ба уг 1,5 сая төгрөгийг 600.000 төгрөгийг нь С.Г өөрөө авч харин 900.000 төгрөгийг нь Ё.О эдийн засагч авсан байсныг Ганцэцэгээс өөрийн нь зөрчил илрүүлсний дараагаар мэдсэн бөгөөд тухайн үед С.Г нь өөрийн буруугаа хүлээж байгууллагын дээрх данс руу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрөө авсан гэх 600.000 төгрөгийг “19/030020” гэх утгатайгаар буюу зээлийн гэрээний дугаарыг бичиж банкны салбараас бэлнээр буцаан шилжүүлж, энэ талаараа утсаар мэдэгдсэн ба тухайн үед “...үлдэгдэл 900.000 төгрөгийг нь Ё.Огээс аваарай хэмээн хэлж байсан. Мөн түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 19/040049 дугаартай зээлийг системд Ган-Од нэрээр бүртгэн оруулж өөрийн хамаатан Ган-Од гэх хүнтэй 2.5 сая төгрөгийн гэрээ байгуулсан байдаг ба уг гэрээ нь эх хувиараа байгаа бөгөөд уг 2,5 сая төгрөгийг Ган-Одын Хаан банкны 5728057841 дугаартай дансанд шилжүүлсэн байдаг. Энэ нь байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчиж, хуурамчаар бичиг баримт үйлдэж хамаатан садны хүндээ зээл гарган өгсөн юм. Гэхдээ Ган-Од нь уг зээлийн төлбөрөө төлөөд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ган-Од гэх хүний эхнэр Чулуунчимэгийн 5000697872 дугаарын дансаар төлж барагдуулсан байгаа. Мөн түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19/010015 дугаартай зээлийг системд зээлийн эдийн засагч Ё.О нь “Э.Чулуунчимэг” гэж бүртгэж Э.Чулуунчимэг гэх хүнд 3 сая төгрөгний зээл олгосон боловч зээлийн гэрээ байхгүй байгаа. Э.Чулуунчимэг гэх хүн нь өнөөх Ган-Од гэх хүний эхнэр бөгөөд одоогоор зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа ба одоогоор үлдэгдэл 990.000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. С.Г нь зээлийн эдийн засагчийн албан тушаалыг ашиглаж өөрийн охин болон төрөл садангийн хүмүүст давуу байдлыг үүсгэж, байгууллагын удирдлагыг буруу мэдээллээр хангаж зээлийн зөвшөөрлийг Цогтжаргалаас авахдаа 45 хоногийн хугацаатай хэмээн танилцуулж, зөвшөөрөл авмагцаа системд 90 хоног 120 хоног гэх мэтчилэнгээр бүртгэж төрөл садан болох охиндоо давуу байдлыг олгож ашиг сонирхлын зөрчил гаргасан. Харин Оюунхүүтэй холбоотой нийт 16 зөрчил илэрсэн бөгөөд Оюунхүү нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2,5 сая төгрөгийг Д.Сүхбат гэсэн зээлдэгчийн нэрээр 5065070986 дугаарын Ё.Пилмаа гэх хүний данс руу “18090021 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байсан ба уг хүн нь Оюунхүүгийн төрсөн дүү нь байх бөгөөд хийгдсэн зээлийн гэрээ гэх зүйл биетээр байхгүй ба уг зээлийн эргэн төлөлт өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Сүхбат гэх хүнд 2 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр данс руу 2 сая төгрөгийг “18/090039 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба харин системд Д.Оюунчимэг нэрээр 2,5 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5027532519 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийнхөө найзын данс руу 2,5 сая төгрөгийг “18/100024 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Сүхбат нэртэй хүнд 2,5 сая төгрөгийг “18/110006” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл огт байхгүй, мөн гэрээ нь биетээр байхгүй ба 5065070986 гэсэн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансанд 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл огт байхгүй, мөн гэрээ нь биетээр байхгүй ба 5065070986 гэсэн төрсөн дүү Ё.Пилмаагийн дансанд 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.Уранчимэг гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Уранчимэг гэх хүнд 4 сая төгрөгийг зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ биетээр байхгүй бөгөөд 5065070986 гэх Ё.Пилмаа гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 4 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/110036” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр В.Оюуннаран гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд В.Оюуннаран гэх хүнд 2 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5114297054 гэсэн Ёндонжамцын Оюунхүү гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 2 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/120003” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл хийгдээгүй. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж, Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Баасандулам гэх хүнд 3 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ёндонжамцын Пилмаа гэх өөрийн төрсөн дүүгийнхээ данс руу 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 18/120014 зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Д.Цацрал гэх хүнд 3,5 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5000833264 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010033” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Сүхбат гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд зээлийн бүртгэл байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ё.Пилмаа гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010039” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ё.Даариймаа гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Ё.Даариймаа хүнд 1 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх боловч гэрээ нь биетээр байхгүй бөгөөд 5114297054 гэсэн Ё.О гэх өөрийн найзын данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/010046” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлтийг Ё.О нь өөрийн дансаар 2 удаагийн давтамжтайгаар шилжүүлж төлсөн байдаг. Ё.О нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ч.Эрдэнэчулуун гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл байхгүй бөгөөд 5114297054 гэсэн өөрийн хувийн данс руу 600,000 төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/020003” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр М.Туяацэцэг гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд М.Туяацэцэг гэх хүнд 3 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэсэн байх бөгөөд 5000833264 гэсэн Үржинбатын Цэрэнбүжид гэх өөрийнхөө найзын данс руу 3 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/020016” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ё.Даариймаа гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Ё.Даариймаа хүнд 2 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэж зээлийн гэрээг С.Г хийсэн байх бөгөөд 5114297054 гэсэн Ё.Огийн данс руу 2 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/030005” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. Ё.О нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д.Цацрал гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд бүртгэл байхгүй бөгөөд 5065070986 гэсэн Ё.Пилмаа гэх өөрийн дүүгийн данс руу 4 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/040005” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. С.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхгомбо гэх хүний нэрээр зээлийн танилцуулга хийж Цогтжаргалаас гүйлгээний код авсан байдаг ба системд Сүхгомбо гэх хүнд 3,5 сая төгрөгийн зээл олгосон хэмээн бүртгэж, зээлийн гэрээ хийсэн бөгөөд 5024106640 гэсэн Ш.Ёндонжамц гэх өөрийнхөө Ё.Огийн төрсөн эцгийн данс руу 3,5 сая төгрөгийг “Мини кредит ХХК зээл олгов 19/040043 гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Мөн уг зээлийн эргэн төлөлт одоог хүртэл огт хийгдээгүй. Ингээд шалгалтын дараагаар буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Оюунхүүг дуудаж уулзаж, зөрчилтэй гүйлгээг танилцуулахад нийт 42,6 сая төгрөгийг хохирол манай байгууллагаас авсан гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичиг хийж өгсөн байдаг. Ганцэцэгийн хувьд манай байгууллагад 10 сая төгрөгийн хохирол учруулснаас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 2,619,500 төгрөгийн үлдэгдэлтэй, харин Ё.О нь мөн өдрийн байдлаар 42,6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд манай компанийн Чингэлтэй дүүргийн салбар үйл ажиллагаагаа зогсооход хүрч, хаагдсан байгаа. Иймд маш их гомдолтой байна ...мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр С.Г нь 2.725.000 төгрөгийн зээл олгосон гэж бичигдсэн ч хуулгаар 2,5 төгрөгийн зээл олгосон болох нь хуулгаар тогтоогддог. С.Гийн олгосон 10 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт нь өнөөдрийн байдлаар 9,205,500 төгрөг байна. Иймд ямар нэгэн хүү тооцохгүйгээр нийт 794.500 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Отгонзаяа ажиллаж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-47-49х/,

Гэрч Б.Цогтжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мини кредит ББСБ-д би зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаад 2018 оны 06-аас 07 дугаар сарын үед үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдоод ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сард өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Манай ерөнхий захирал Хаш-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Солонго нар манай байгууллагад үйл ажиллагаа эрхэлсэн захирал гэсэн орон тоо байхгүй болж байгаа тиймээс албан тушаал буураад зээлийн эдийн засагчаар ажиллах уу гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь албан тушаал буурч байхаар ажлаа хүлээлгэж өгье гэж хэлсэн. Ингээд ажлаасаа гарах болсон. Тэрнээс өөр ажлаасаа гарах шалтгаан байхгүй. Оюунхүү, Ганцэцэг нартай хамтран зээл авсан асуудал байхгүй. Оюунхүү нь Анударь гэх хүний зээл гээд оруулж ирж танилцуулахаар нь материалыг бүрдүүл гэж хэлсэн. Тэрний дараа Ганцэцэг нь Анударь манай охин байгаа юм зээл гаргаад өгөх боломж байна уу гэхээр нь би зээл гаргахад бүх зүйл чинь журмын дагуу явагдана гэж хэлээд тооцоолол юмыг нь гаргачихаарай гэж хэлсэн чинь Мини кредит гэсэн манай байгууллагын нэгдсэн групп чатанд гэрээний болон үйл ажиллагааныхаа зураг, зээлийн танилцуулгыг явуулсан байсан. Тэгээд харахад санхүүгийн тооцоолол нь боломжийн байсан учраас зээлийн саналыг ерөнхий захирал Хаш-Эрдэнэ захирал давхар харж байдаг. Тэгээд эцсийн шийдвэрийг ерөнхий захирал Хаш-Эрдэнэ гаргаж зээл олголт хийгддэг. Зээл олголт хэн гэдэг хүний ямар данс руу орж байгааг би харах боломжгүй. Тэгээд судалсан эдийн засагч өөрөө гүйлгээгээ хийдэг. Тийм учраас би энэ хоёр хүнтэй зээл авч байсан удаа байхгүй. Би энэ байгууллагад ажиллаж байхдаа зээл авах болон бусдад авч өгөх талаар нэг ч удаа бодож үзэж байгаагүй юм байна. Надад ажлаа сайн хийж байсан уу гэхээс бусдыг ашиглах, завших, залилах санаа бодол болон үйлдэл байхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-62-63х/,

Гэрч Ё.Даариймаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрөө зээл авч байсан удаа байхгүй ...Харин манай эгч Ё.О нь зээл аваад миний сургалтын төлбөрийг хийсэн байна лээ ...” гэх мэдүүлэг /1хх-64х, 2хх-14х/,

Гэрч Ё.Пилмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний хувьд Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан удаа байхгүй. Эгч маань зээл аваад миний данс руу хийсэн. Тэрнээс би өөрийн нэр дээр зээл аваагүй. Эгчийг зээл авсан гэхээр нь би эгчийг өөрийнхөө нэр дээр зээл авсан юм байна гэж бодсон. Тэрнээс бусад асуудлыг би хэлж мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1хх-65х/,

Гэрч Ү.Цэрэнбүжидээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний санахад Ё.О найз маань цалингаа авах гэсэн чинь өөрийнхөө дансаар авч болохооргүй байна, мөн хамаатных нь хүн зээл авч байгаа юм гэж хэлээд миний дансанд мөнгө хийгээд өөрийнхөө данс руу авч байсан санагдаж байна ... гэхдээ бүх ирсэн мөнгө тус бүрийг би буцаагаад Ё.Огийн данс руу шууд хийдэг байсан ...” гэх мэдүүлэг /2хх-11х/,

Гэрч Г.Анудариас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие Мини кредит ХХК-аас 2 удаа зээл авч байсан гэхдээ яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Хамгийн анх бизнесийн зээл авч байсан. Дараа нь яг хэзээ авснаа сайн санахгүй байна. Тухайн манай ээж Мини кредит ББСБ-д ажиллаж байсан юм ...” гэх мэдүүлэг /2хх-15х/,

Хаан банкны депозит дансны хуулга /1хх-66-77х/,

“ЦЭСБ-АУДИТ” ХХК-ны санхүүгийн шинжээчийн тайлан /1хх-88-93х/,

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх-99-102х, 104х-109х, 124-131х, 145-150х/,

Төрийн болон Хаан банкны орлогын мэдүүлэг /1хх-103х/,

Шүүгдэгч Ё.Огийн бичгээр гаргасан хүсэлт /1хх-119х/,

“Мини кредит” ХХК-ний шүүгдэгч Ё.О, С.Г нартай хамааралтай төлөгдөөгүй зээлийн мэдээлэл /1хх-120-123х, 105х/,

Хаан банкны харилцагчийн зээлийн хуулга /1хх-151-202х/,

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-204-209х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 153 дугаартай дүгнэлт /1хх-244-247х/,

Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29/806 дугаартай албан бичиг, дансны мэдээлэл /2хх-27-73х/,

Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-74х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-97,99х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-19, 23х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч С.Гийг прокуророос “2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Э.Чулуунчимэгийн Хаан банкны 5006937872 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн 5728051102 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А.Ган-Одын 5728057841 дугаартай дансаар 1.500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Чулуунчимэгийн 5006967872 дугаартай дансаар 2.500.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Гийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ёндонжамцын Оюунхүү 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Пилмаагийн Хаан банкны 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 09 дүгээр сарын 28-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 15-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 06-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 16-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 4.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 07-ны өдөр Ч.Оюунхүүгийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 13-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг нийт 21.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 3.500.000 төгрөгийг, 01 дүгээр сарын 24-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 3.500.000 төгрөгийг, 01 дүгээр сарын 31-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 1.000.000 төгрөгийг, 02 дугаар сарын 02-ны өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 600.000 төгрөгийг, 02 дугаар сарын 16-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 03 дугаар сарын 04-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 02-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 4.000.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Ёндонжамцын 5024106640 дугаар дансаар 3.500.000 төгрөг нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ё.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.О нь “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад учруулсан 42.600.000 төгрөгний хохирлоос 1.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан байх ба үлдэх 41.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Гээс 200.000 төгрөг, шүүгдэгч Ё.Огээс 760.000 төгрөгийг тус тус гаргуулан “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад олгох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ё.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ё.Огийн цагдан хоригдсон 7 хоног буюу (7*15=105.000) төгрөгийг хасаж, 9.895.000 (есөн сая найман зуун ерөн таван мянга) төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Од оногдуулсан 9.895.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн ба торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.О нь 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Отгонтэнгэр овогт С.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Боржигон овогт Ё.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ё.Ог 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ё.Огийн цагдан хоригдсон 7 хоног буюу (7*15=105.000) төгрөгийг хасаж, 9.895.000 (есөн сая найман зуун ерөн таван мянга) төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Од оногдуулсан 9.895.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ё.Огээс хохирлын 41.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Гээс 200.000 төгрөг, шүүгдэгч Ё.Огээс 760.000 төгрөгийг тус тус гаргуулан “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

9. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.О нь 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ё.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

          11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ё.О, С.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Ё.ЦОГТЗАНДАН