Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхмэнд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ы өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох 201701080195 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хх, эх, дүүгийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  

 

Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 1-2 тоотод 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд С.О-тай маргалдан түүнийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Д.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар  Д.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ын 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн дөрвөлжин шоотой пиджак, цэнхэр өнгийн жинсэн өмд /тэлээтэй/, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн дотоож, хар өнгийн ботинк гутал нэг хос, улаан эрээн өнгийн хос оймс, саарал өнгийн хос оймсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, 2 ширхэг приус мод, 0.75 литрийн хараа архины шилийг устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-аас оршуулгын зардалд 2,796,100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О- нь бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний амь хохироосондоо одоо ч харамсаад барахгүй байна. Шүүх хуралдаанаас өмнө оршуулгын зардлыг төлөх боломж олдож батлан даалтад гарсан 6 сарын хугацаанд өдөрт 4 цаг унтаж шөнө, өдөргүй уурхайд ажиллаж өөрийн чадах хэмжээгээр төлөхийг хичээсэн боловч чадалгүй шүүх хуралд орсон. Хэрэгт холбогдсоноос хойш ах дүү, хамаатан садан маань надаас нүүр буруулж, бусдаас тусламж гуйх боломжгүй болсон. Талийгаачийн эх ямар их гомдолтой байгааг ойлгож өөдөөс нь харах, уулзахаас ч айж байсныг хэлмээр байна. Эхнэр оршуулгын зардлыг бүрэн барагдуулахаар бүхий л арга хэрэглэж байгаа гэж сонссон. Надад оногдуулсан хорих ялыг багасгаж, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. Талийгаачийн ээжээс дахин дахин уучлалт гуйж байна. Миний бие хүний амь нас хохироосон гэмт үйлдэлдээ харамсаж, гэмшиж явдаг. Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 1-2 тоотод 72 настай ээж, 6 сартай жирэмсэн эхнэр болон бага насны дүү нарын хамт амьдардаг. Хар, бор ажил хийн ар гэрээ тэжээж ирсэн. Хохирогчийн ар гэрт учруулсан хохирлыг өөрийн чадлаар батлан даалтад байх хугацаандаа ажил хийж нөхөн барагдуулж, 2,796,100 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх бүрэн боломжтой нь үнэн болно. Өөрийн үйлдсэн гэмт үйлдлийг анх өөрөө илчилж, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж байцаан шийтгэх ажиллагаанд ямар хүндрэл учруулаагүй билээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн тухай огт авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Учир нь тухайн хэрэг гарах үед хохирогч С.О- нь манай гэр оронд агсам тавьж, миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, одоо больчих гэж дахин, дахин сануулсан боловч дахин дайрч довтлон намайг цохиж унагасан зэрэг нөхцөл байдал нь гэрчүүдийн мэдүүлэг, миний биед хийсэн үзлэг зэргээр нотлогддог. Энэ тухайн анхан шатны шүүх хуралдаанаар улсын яллагч энэ тухай санал гаргаж байсныг хэлэлцээгүйд гомдолтой байна. Иймд миний ар гэрийн байдал болон учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулж байгаа, хохирогчийн хууль бус үйлдэл, өөрийгөө илчилсэн зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн буруутай үйлдлээс болж хэрэг гарсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Д.Б-ын хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх боломжтой...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ы өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан, хохирогчийн буруугаас болсон гэсэн асуудал яригдаж байна. Тийм асуудал болсон талаар нотлох баримт байхгүй. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Д.Б-ын хувийн байдлыг харгалзан үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Энхмэнд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг анх цагдаагийн байгууллагад хэргээ хүлээж ирж дуудлага өгснөөс авахуулаад гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал, энэ хэргийн улмаас учирсан хор уршиг зэргийг харгалзан үзэж 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Д.Б-ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Д.Б- нь согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 1-2 тоотод 2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд С.О-тай маргалдан зодож түүнд “...гавал-тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, их тархины дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /250 мл 15x12 см/, их тархины дух, зулай, баруун зүүн чамархай хэсгийн хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн дагзны хуйханд цус хуралт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учруулан алсан болох нь:

 

            хохирогч Ж.О-ы “...Миний хүү ...2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед ажлаасаа бууж ирээд эгчдээ нэг зун мянган төгрөг өгөөд 15 орчим минут болоод би гараад ирье гээд л гараад явсан. Тэгээд тэр өдрөө ирээгүй ба би шөнө 01 цаг хүртэл хүүгээ хүлээгээд ирэхгүй болохоор нь унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш хүү С.О-ыгаа бусдын гарт амь насаа алдсан гэдгийг дүү нараасаа мэдсэн. ...Сайхан идэр залуу хүүгээ бусдын гарт амь насыг нь алдсан явдалд маш их гомдолтой байна...” /1-р хх-ийн 36-37, 166 тал/,

гэрч Н.Э-ын “...Ким Ду Хан кино бид нар үзээд сууж байтал зурагтын дуутай зэрэгцээд нэг чанга чимээ гараад байхаар нь зурагтынхаа дууг багасгатал хүмүүс маргалдаж зодолдоод байгаа чимээ гараад байхаар нь би хувцсаа өмсөөд гараад иртэл хажуу талын Баянзүрхийн 1-653 тоот айлд хүмүүс маргалдаж байсан ба би гэрээс гарч ирээд харах гэтэл хажуу талын айлын гэрийн хаалга онгойгоод хүн ороод чимээ шуугиан гарахаа больчихсон. Тэгэхээр нь би нойл орж бие засаад зогсож байтал хажуу талын айлаас дахиад нэг хүн гарч ирээд юм өшиглөж байгаа юм шиг 2, 3 удаа пид пид гээд чанга дуугарсан. Тэгтэл нэг эмэгтэй хүн боль боль, арай дэндэж байна гээд орилоод байсан ба нөгөө залуу нь чи арай хэтэрхий давраад байгаан биш үү гээд цаашаа өөр хүнд хандаж хэлээд байх шиг байсан. Тэгээд тэр эмэгтэй нь нөгөө хүнийг дагуулаад дахиад гэр лүүгээ орох шиг болсон ба би бие засч дуусчихаад асаагуурын гэрлээр хашааны завсраар хажуу талын айл руу тусгатал хажуу талын айлын гэр амбаар хоёрын хооронд нэг бараан юм хэвтэж байсан ба би нээх анзааралгүй хажуу талын айл зодолдохоо больчихлоо гэж бодоод гэртээ орсон. Тэгээд хажуу талын айл дахиж ямар нэг чимээ гаргаагүй. ...Нэг эрэгтэй хүн “пиздаа минь чи арай давраад байгаа юм биш үү” гээд л нэг хүнийг цохиж зодоод байх шиг пид пад гээд гадна дуугараад байсан. Тэгээд би гэрээс гараад иртэл гэр лүүгээ орсон. Намайг бие засаж байхад тэр эрэгтэй дахин гарч ирээд юм цохих шиг болсон 2, 3 удаа пид пад гээд дугарсан тэгтэл нэг эмэгтэй чи одоо болиочээ арай хэтэрлээ гээд нөгөө хүнийг дагуулаад гэр лүүгээ орох шиг болсон. Ямар ч байсан хүн зодоод байсан нэг эрэгтэй салгаад байсан нэг эмэгтэй тэгээд зодуулсан нэг хүн байсан байх өөр ямар нэг чимээ сонсогдоогүй...” /1-р хх-ийн 39 тал/,

гэрч Э.Б-ийн “...зурагтаар бөх үзээд сууж байхад 20 цагийн үед Б ганцаараа орж ирээд хажуу талд О-, Ц- нар архи ууж байна, ганц хоёр татаад О-тай гарч барилдаад 2-3 удаа ялсан чинь ална гээд хэлэхээр нь гараад ирлээ гэж хэлсэн. За за найз нь явлаа, эхнэр ирчихсэн байгаа гээд гарсан. 23 цагийн үед Ким Ду Хан кино үзэж байтал Б над руу өөрийнхөө утаснаас яриад О-тай зодолдсон чинь ухаан орохгүй байна гэсэн, хаана байгаа юм бэ гэхэд гэртээ байна гэсэн. Намайг хүрээд ирээч гэхээр нь би 2 хүүхдээ хараад гэртээ байна, очиж чадахгүй ээ гэсэн чинь утсаа салгасан. 4-5 минутын дараа дахин Б яриад О- сэрэхгүй байна гэхээр нь алив та нар эмнэлэг дуудаач ээ, эсвэл такси бариад гэрт нь хүргэж өг гэсэн. Би эхнэртэй чинь ярья гээд Бын эхнэртэй нь яриад яасан юу болсон юм бэ гэхэд Б, О- хоёр гэрт хэрэлдэж байгаад гадаа гараад зодолдсон. О- гэрийн гадаа хэвтэж байна, сэрэхгүй байна гэсэн. Би тэгэхээр нь наад хоёрыгоо өргөж гэр рүүгээ оруул гэж хэлээч гэж хэлээд утсаа салгасан. Дахиж би Б руу яриагүй, Б ч яриагүй...” /1-р хх-ийн 40, 167 тал/,

гэрч Д.Д-ийн “...21 цагийн үед Ц-, О- нарын хамтаар орж ирсэн, орж ирэхдээ тэр гурав 0,75 литрийн хараа архитай орж ирсэн. Уг архиа тэр гурав хувааж ууж байхад “Asian box” кино суваг дээр 22 цагаас Ким ду хан нэртэй кино гарсан тул Ц- кино үзнэ гээд хоймрын орон дээр хэвтсэн. Талийгаач О- компьютер тоглосон. Талийгаач О- Ц- руу хандаж  хөгшин нь барна, чадна шүү дээ гэсэн утгатай юм ярихад Ц- хөгшөөн хоёулаа тийм юм яриад хэрэггүй байхаа гэж байсан. Б О-т хандаж миний хөгшөөн одоо болсон байна гэхэд О- босч ирээд Быг 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь Б хоёулаа гаръя гэрт маргалдаад яахав гэсэн. Би тэгэхээр нь Бд хандаж чи одоо яах гээд байгаа юм бэ, зодолдох гээд байгаа юм биш биз дээ гэж хэлэхэд Б юу боллоо гэж зодолдох билээ гэсэн. О- түрүүлээд гарсны дараа Б араас нь гарахаар нь би тэр хоёрыг зодолдож магадгүй гээд араас нь гарсан. Гэрт Ц- кино үзээд үлдсэн. Б, О-т хандаж миний хөгшин одоо элдэв янзын ааш гаргаад яах уу, ороод унтчих гэж хэлсэн. Тэгсэн чинь О- нь би чамайг дийлнэ, май чи энэ гадуур хувцсыг ав гээд гадуур өмсөж байсан костюмаа тайлаад гэрийн үүдний унь дээр өлгөсөн. Б намайг орж бай зүгээр зүгээр гэж хэлэхээр нь гэр лүү ортол гадаа зодоон болох шиг чимээ гарахаар нь гартал Б гэрийн зүүн талд газар унасан харагдсан. Б босч ирээд аймар хүчтэй үсэрч ирээд О-ын нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохиход О- гэрийн баруун урд байх амбаарын өмнө чигээрээ хойшоо аймаар хүчтэй савж унасан. Б О- дээр очоод дахин нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Би тэгэхээр нь Бд хандаж болиоч ээ чи одоо болно шүү дээ гэж хэлээд гэр рүү орж Ц-г дуудсан. Ц- эргэж хараад тоохгүй  шинжтэй  байсан. Би тэгэхээр  нь дахиж гарахад Б талийгаач О-ыг сэрэхгүй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь Бд чи одоо ямар хаашаа юм бэ, зүгээр л унт гэж хэлж байгаад эвийг нь олоод унтуулчихгүй, хэрүүл маргаан хийгээд гэж загнаад гэр рүү орж Ц-д цаад хоёр чинь зодолдоод байна. Чи одоо босооч ээ гэж хэлсэн. Ц- чи одоо яаж байгаа юм бэ гээд Бд хандаж уурласан. Ц- газар хэвтэж байгаа талийгаач дээр очоод хөгшөөн босооч гэж хэлсэн тэгэхэд талийгаач босохгүй байсан...” /1-р хх-ийн 44-45 тал/,

гэрч Ч.Ц-ы “...О-, Боожоо хоёр хоорондоо маргалдаад хоёр биенийгээ пизда наахуугаар нь дуудаад байсан. Талийгаач гаръя, пизда минь гээд Боожоо тэр 2 гарсан. Би тухайн үед үзэх дуртай кино маань гарч байсан. Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Тэр хоёр гарч яваад удалгүй Боожоо орж ирээд талийгаачийг нэг цохисон чинь уначихлаа, хоёулаа өргөөд оруулъя гэхэд нь хамт гартал талийгаач гэрийн баруун урд хэсэгт амбаарын дэргэд амбаар руу толгойгоо харуулж нүүрээ хоёр гараараа дарсан, хоёр хөлөө атируулсан байдалтай газар шороон дээр хэвтэж байсан. Би талийгаачийн баруун гар талаас нь Боожоо зүүн гар талаас өргөхөд талийгаач ёо ёо гэж дуугарсан. Талийгаачийн хамарнаас цус гарч байсан. Биеийн аль хэсэгт өвдөж байгаа талаараа өргөхөд хэлээгүй Боожоо бид хоёр гэрийн баруун урд талд өргөж суулгаад цусыг нь гараараа арчихад Боожоогийн эхнэр цаас авчирч нүүрийг нь арчсан. Талийгаач би унтмаар байна ам цангаад байна гэхэд Боожоогийн эхнэр ус авчирч өгсөн. Талийгаач ус уучихаад сууж байсан газраа дээш хараад хэвтсэн. Талийгаачийг хэвтсэний дараа Боожоо эхнэрийхээ хажуугаар ороод хэвтсэн. Би босч ширээн дээр байсан архинаас нэг татчихаад унтахаар хэвтсэн, удалгүй би унтаад өгсөн. Өглөө 8 цагийн үед сэрэхэд Боожоо эхнэртэйгээ орон дээр хэвтэж байсан. Талийгаач өчигдөр оройн суулгасан газраа доош харсан байдалтай хэвтэж байсан. Би талийгаачийг унтаж байна гэж бодсон. Энэ үед над руу Бямбасүрэн залгаад хаана байна гэхээр нь Боожоогийнд байна гэхэд Бямбасүрэн би Одноогийнд байна гээд утсаа салгасан. Би босоод хойшоо гэрээрээ орчихоод гараад ирэхэд Одгэрэлтэй тааралдсан. Одгэрэл бид хоёр цааш яваад Бямбасүрэнтэй уулзсан. Одгэрэл надаас О-ыг хаана байна бид гурав өнөөдөр ажилтай гэхээр нь Боожоогийнд унтаж байгаа гэж хэлсэн. Бид гурав Боожоогийн гэрт ирсэн. Одгэрэл, Бямбасүрэн хоёр Боожоогийнд орсон. Удалгүй яараад гарч ирснээ Одгэрэл, О-ыг нас барсан байна гэж хэлсэн...” /1-р хх-ийн 48 тал/,

гэрч Ц.Б-ны “...9 цагийн үед 1 дүгээр хорооны улаан булангийн баруун талд Б гэх урд нь таньдаг залуу дэгүүрээ нүцгэн нэг эмэгтэйн хамтаар гар өргөөд зогсож байхаар нь зогсоод тэр хоёрыг машиндаа суулгасан. Машинд суугаад Б ахаа надад тамхи өгөөч би хүн зодоод алчихлаа цагдаа руу хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би шууд цагдаагийн хэлтсийн дэргэд ирэнгүүт Б манай эхнэрийг 1 дүгээр хороонд хүргээд өгөөрэй гэсэн. Тэгээд би эхнэр нь гэх эмэгтэйг нь 1 дүгээр хороонд хүргэж өгөх гээд 1 дүгээр хорооны голоор яваад нилээн хойд тал руу явж байхад нөгөө эмэгтэй энэ залуутай уулзана гээд машинаас буугаад гудамжинд явж байсан нэг бор царайтай залуутай уулзаад цаашаа яваад өгсөн. Би тэгээд шууд ажил руугаа явсан. Б машинд суугаад надад ярихдаа би өчигдөр өдөржингөө архидаад найзыгаа цохиод хаясан чинь найз минь өнгөрчихлөө одоо яах вэ гээд нилээн сандарсан, уйлсан байдалтай байсан ба надаас тамхи авч татаж байхдаа Бүдүүкаа гэх залуутай утсаар яриад би хүн алчихлаа, одоо яах вэ гээд байсан тэгээд би цагдаагийн гадаа ирж түүнийг буулгаад л явсан...” /1-р хх-ийн 51-52/,

шинжээч эмч С.Төгсбуянгийн “...Тухайн хүний биеийн онцлог, архи согтууруулах ундаа даах чадвар, тухайн үед идсэн хоол хүнс зэргээс шалтгаалан хүнд зэргийн согтолттой хүн биеэ аваад явах чадвар хүн болгонд харилцан адилгүй байдаг. Талийгаачид учирсан гавлын дагз ясны босоо байрлалтай шугаман хугарлаас харахад толгойн дагз хэсэгт хатуу мохоо зүйлийн буюу хүний хүчнээс давсан зүйлээр цохих цохигдох үед үүссэн байх боломжтой. Гараар болон модоор цохисон эсэхийг тогтоох боломжгүй байна. Хэрэв унасан байвал толгойн дагз хэсгээр хязгаарлагдмал гадаргуутай зүйл дээр унах үед үүсэх боломжтой өөрөөр хэлбэл товгор хэлбэртэй зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Талийгаачийн тархины эдийн цусан хураа, дагзны хугарал гэмтэл нь шууд амь насанд хүрч болохуйц том хэмжээний гэмтэл байсан. Гэтэл авсан хугацаанаас эхлээд хэдий хугацаанд амьсгал, зүрх судас зогсож нас барах нь тодорхойгүй, гэмтлийн шинж тэмдэг нь тод илрэх хүртэл оношлох боломжгүй. Оношилсон тохиолдолд маш яаралтай нэгдүгээр шатлалын эмнэлэгт хүргэж зохих шаардлагатай шинжилгээнүүдийг хийж оношийг баталсны дараа мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжтой байсан эсэхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд С.О- нь эмнэлгийн байгууллагад хандаагүй согтолтын хүнд зэрэгтэй байсан зэрэг нь тухайн гэмтлийн оношлох, эмчлэх зэрэгт хүндрэл учруулах магадлалтай учир хурдан хугацаанд гэмтлийг оношлох боломжгүй байсан байна...” /1-р хх-ийн 64, 168 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 08шэ/43 дугаартай “...Талийгаачийн биед гавал-тархины битүү гэмтэл дагз ясны шугаман хугарал, их тархины дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /250 мл 15x12 см/, их тархины дух, зулай, баруун зүүн чамархай хэсгийн хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн дагзны хуйханд цус хуралт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амьд байх үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврах боломжгүй байжээ. Талийгаачийн цус нь 0/I/ бүлгийн харъяалалтай байна. Талийгаачийн цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 56-59 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1286 дугаартай “...Шүүх эмнэлгийн үзлэг 08шэ/43 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2017.05.28-ны өдрийн 18 цаг 16 минутын цогцосны анхны үзлэгт талийгаач нь нас бараад 14-20 цаг болсон гэж дурдсан байна. Талийгаачийн биед дагз ясны шугаман хугарал, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, их тархины дух, зулай, баруун, зүүн чамархай хэсгийг хамарсан аалзан /зөөлөн/ бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, дагзны хуйханд цус хуралт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 171-172 тал/,

“...хэрэг учрал болсон гэх газар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрхийн 1-2 тоот хашаанд байв. ...Амбаарын хойд хэсэгт газар 1,40смх2,50см хэмжээтэй шороон дээр олон тооны зураасан мөрнүүд байх ба амбаарын хаалганы хойно 1,70см зайд 10х5см хэмжээтэй цус мэт зүйл гарч хатсан байдалтай байсныг С үсгээр тэмдэглэв. Амбаарны баруун хойд булангаас хойш 1с зайд 1метр урттай баруун хашааны доод булан дагуу 1,85см урттай 6х6см прус мод байх ба уг модны баруун талд мод байсан байж болох ором шороон дээр гарсан өвс налсан байдалтай байв, уг хэвтээ приусны хойд өнцөгөөс 20см зайд хашаа руу босгоно тавьсан дээд хэсэг нь ярны талаар цуурч хагарсан шинэ оромтой, 6х5см хэмжээтэй 60 см урттай урагш харсан үзүүр хэсэгтээ 10см шинэ хугарал бүхий оромтой модны хугархай байв. С үсгээр тэмдэглэсэн цуснаас баруун тийш 20см зайд газар 7х4см хэмжээтэй 58см урттай прус мод байв. Уг 2 ширхэг хугархай модыг үзлэгээр хураан авав. Уг моднууд ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байв. Үзлэгээр хашаанд өөр зүйл илрээгүй. Шүүрний хойд талд “Хараа” нэртэй архины шил байх ба дотор ямар нэгэн зүйлгүй байсныг үзлэгээр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад гэрийн баруун хэсэгт газарт дээшээ харсан байдалтай нүүр болон гар хэсгүүд нь нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон, цагаан өнгийн футволк өмссөн, энгэр хэсгээр урагдсан шинэхэн урагдалтай, гэдэс хэсгээр дээш сөхөгдсөн, ...эрэгтэй хүний цогцос байх ба цогцосны толгойноос зүүн тийш 30 см хэсэгт газар шалан дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байв. Уг цусны дээд хэсэгт саарал өнгийн пиджак байх ба цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсныг үзлэгээр хураан авав” гэх хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-12 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Д.Б-ын согтуурсан үедээ С.О-тай маргалдан түүнийг зодож, түүний биед “...гавал-тархины битүү гэмтэл дагз ясны шугаман хугарал, их тархины дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа /250 мл 15x12 см/, их тархины дух, зулай, баруун зүүн чамархай хэсгийн хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн дагзны хуйханд цус хуралт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэсэн гэмтлийг учруулсан, уг гэмтлийн улмаас С.О-ын амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг алсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон хэмжээгээр ял шийтгэл оногдуулж, ял эдлэх дэглэмийг тогтоосон байх тул шүүгдэгч Д.Б-ын “...оногдуулсан хорих ялыг багасгаж, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын хохирлын нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ