Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

   2021        03        23                                   2021/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

            улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Ц.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111 00000 0125 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хунууд овогт Ц.Т, 1999 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хятад улсын Шилийн гол аймгийн Эрээн хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тайван хотын Нанхуа их сургуулийн бизнесийн сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эцэгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар 2а байрны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................................        

         Шүүгдэгч Хунууд овогт Ц.Т /РД:................../ нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корперэйшн таур /Corporation tower/ байрны 1202 тоотод иргэн Б.Өнөмөнхийн нүүрэн тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

   Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэрт нь орсон чинь өөр хүнтэй хамт хэвтэж байсан. Би тэр өдөр юм яриагүй. Дараагийн өдөр нь интернэтээс харахад эрэгтэй хүмүүстэй согтууруулах ундааны зүйл ууж байхыг нь харсан. Би тухайн өдөр бага зэргийн согтолттой байсан бөгөөд хэдэн найзуудтайгаа очиж босгоод түлхэнгүүтээ хажууд байсан зүйлээр толгой руу нь цохисон” гэв.

Хохирогч Б.Өнөмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Мягмарнарангийн найз залуу гэх Тэргэл намайг газар унтаж байхад шаазан аяга аваад миний хацар дээр цохиж хагалсан. Тэгээд би сэрээд толинд хартал миний зүүн талын хацар хэсгээс цус гарч байсан болохоор би нөгөө залуу руу яаж байгаа юм бэ гээд хацраа дараад Тэргэл рүү ойртоход нөгөө залуутай хамт явж байсан залуу намайг түлхээд тэр 3 залуу гараад зугтаачихсан ...” гэх мэдүүлэг /хх-15х/,

Гэрч Ж.Мөнхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэргэл оронгуут нөгөө залуу руу “Чи юу хийж байгаа юм бэ” гээд маргалдаад улмаар Тэргэл гал тогооны өрөөний тавилга дээр байсан шаазан жижиг аягаар хацар луу нь 1 удаа цохисон. Улмаар нөгөө залуу Тэргэлтэй зууралдахаар нь би Тэргэлийг салгаад түлхсэн чинь Сайханбилэг түүнийг аваад гарсан. Нөгөө залуугийн хацар хэсгээс нь цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх-21х/, 

Гэрч М.Мягмарнарангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...04 цагийн үед Тэргэл хаалга тогшсон. Би шүдээ угааж байгаад хаалга онгойлгоход манай найз залуу Тэргэл, Сайханбилэг, Мөнхбат нарын хамт орж ирээд улмаар Тэргэл газар хэвтэж байсан Өнөмөнх рүү ойртохоор нь би сэрээхийг нь болиулсан. Тэргэл тухайн үед улам уурлаад байхаар нь би Өнөмөнхийг ажил нь ойрхон болохоор хоноод явах гэж байгаа юм гэж тайлбарлахад тэрээр Өнөмөнх рүү дайраад түүнийг сэрээсэн. Өнөмөнх босоод хувцсаа өмсөж байхад Тэргэл гал тогооны тавцан дээр байсан шаазан аягыг аваад Өнөмөнхийн хацар луу 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-17х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №887 тоот дүгнэлтэнд: “Б.Өнөмөнхийн биед зүүн хацрын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-30-31х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Хунууд овогт Цэцэнтийн Тэргэл /РД:УМ99021813/ нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корперэйшн таур /Corporation tower/ байрны 1202 тоотод иргэн Б.Өнөмөнхийн нүүрэн тус газарт аягаар цохиж зүүн хацрын шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Өнөмөнх нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 1.628.000 төгрөгийг хүлээн авсан, шүүгдэгчид гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс хохирлын 1.628.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй /хх-56х/ гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хунууд овогт Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хагархай шаазан аягыг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохиролд 1.628.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН