| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0169/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/197 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/197
2021 03 25 2021/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Д.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111 00000 0150 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Д.Г, 1976 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 39-777 тоотод оршин суух,
Урьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2019 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 79 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1145 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 217 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял оногдуулсан,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 376 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................................
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Далай гэх найзтайгаа маргалдаж зүүн гуянд нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Д.Далайдаваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би өнөөдөр гэрээс 08 цаг болж байхад гараад захаар явж байгаад 10 цагийн үед Ганболдын гэрт ганцаараа очсон. Намайг тэдний гэрт очиход Ганболд, түүний эхнэр Уянга, хөл муутай явж чаддаггүй залуу байдаг нэр нь Алтанбагана гэдэг тэр гурав архи уугаад сууж байсан. Тэгээд би гэрт ороод тэр гуравтай нийлээд ууж байсан архинаас нь уугаад дуусахаар нь би өөрт байсан 7000 гаран төгрөг байснаар тэднийхээс гарч ойролцоо байсан дэлгүүрээс 7000 төгрөгөөр Их Монгол” нэртэй 0,75 литрийн архи аваад үлдсэн задгай мөнгөөр ширхэгээр тамхи аваад эргээд Ганболдын гэрт орсон. Миний авсан архийг бүгдээрээ хувааж уугаад сууж байсан чинь Ганболд хүүхдүүдээ загнасан чинь эхнэр Уянга нь хүүхдүүдээ өмөөрсөн чинь эхнэрээ түлхэж унагаагаад өшиглөөд байхаар нь би Ганболдыг болиоч ээ гэж хэлсэн чинь гал тогооны шүүгээнээс хутга гаргаж ирээд миний зүүн талын гуя руу нэг удаа хутгалсан, тэгээд Уянга гадагшаа гүйж гараад эм, боолт зэргийг авчирч өгөөд миний хөлийг боосон. Тэгээд би Ганболдын гэрээс гарах үед Алтанбагана надад хандаж эр хүмүүст ийм зүйл байдаг ш дээ явж байгаад хүнд зодуулчихлаа гэж хэлээрэй гээд байсан. Тэгээд би гэртээ очоод ээждээ хүнд зодуулчихлаа гэж хэлсэн чинь ээж цагдаа дуудаад би эргүүлийн цагдаад намайг Ганболд хутгалсан талаар хэлсэн ...Д.Гоос нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-8х/,
Гэрч Б.Даариймаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би өглөө 08 цаг өнгөрч байхад боссон бөгөөд намайг босоод цайгаа чанаж байхад миний хүү Далайдаваа нь босоод гадагшаа гарах гэхээр нь би хүүгээ цайгаа уугаад гараач ээ хаашаа явах гээд байгаа юм бэ гэж асуусан чинь би зах орж грүшиг хийнэ, ажил хийлээ гээд 08 цаг өнгөрч байхад гараад явсан, явсаных нь дараа би дотроо Далайдаваа за нөгөө нийлдэг нөхдүүдтэйгээ нийлж архи уухаар л гарлаа даа гэж бодоод байж байтал орой 17 цаг өнгөрч байхад нэлээн халамцуу, хөлнөөс нь цус гоожсон байдалтай ирсэн” гэх мэдүүлэг /хх-13х/,
Гэрч Б.Уянгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Далай намайг өмөөрөөд манай нөхөрт чи эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн чинь Ганболд Далай руу чи дуугай бай, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шүү гэж хэлээд гал тогооны шүүгээн дотор халбага сэрээний саван дотор байсан хар иштэй хутгыг аваад шууд Далайгийн хөл рүү нь шууд нэг удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1613 тоот дүгнэлтэнд:
“1.В.Далайдаваагийн биед зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
7. Хатгагдсан шархны урт нь 2,5 см хэмжээтэй байна” гэжээ /хх-26-27х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г /яллах дүгнэлтэнд дурдснаар/ нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 39-777 тоот гэртээ В.Далайдаваатай маргалдан улмаар түүний зүүн гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Далайдаваа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, шүүгдэгчид гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-71х/ гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН