Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 156/2017/00051/И |
Дугаар | 225 |
Огноо | 2017-04-11 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 225
2017 оны 04 сарын 11 өдөр Дугаар 156/ШШ2017/00225 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00051/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байрны 83 тоотод оршин суух, Цогбадрахын Түмэнбаяр /РД: СЙ74112711/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, 1 дүгээр хороо 64-10 тоотод оршин суух, Халбакын Есөнбол /РД: СТ76042018/-д холбогдох,
“түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр, хариуцагч Х.Есөнбол, хариуцагчийн өмгөөлөгч Х.Биязхан, гэрч Л.Соёлт, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х.Есенбол нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас техникийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 15 сая төгрөг нэхэмжилж байна. Миний бие Есенболтой харилцан тохиролцсоны дагуу хувийн экскаватороо Батноров сумын жоншны уурхайд хөлсөөр хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн. Би гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн.
Гэрээн дээр экскаваторын ажиллах 1 цагийн төлбөрийг 100.000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд, Соёлт гэдэг хүний жоншны уурхай дээр нийт 310 цаг ажилласан. Мөн Чимэд гэдэг жоншны газар 4 хоног буюу 40 цаг ажилласан.
Төлбөрт 17 000 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 15 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Үүнийг гэрээний дагуу Есенболоос шаардаж байна” гэв.
Хариуцагч Х.Есөнбол, түүний өмгөөлөгч Х.Биязхан нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Түмэнбаяртай би нэг бус удаа жоншны нөхөрлөл дээр ажиллаж байсан, би зөвхөн хөрөнгө оруулалт хийдэг.
2014 оны 2 сарын 13-нд байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Ц.Түмэнбаяр нэг өдөр ирээд найз нь та нарын жоншны газар дээр ажилласан нь үнэн, эхнэр солонгос явах гээд мөнгөний хэрэг болоод банкнаас зээл авах гэтэл баталгаа хэрэгтэй байна, гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гуйхад нь Ц.Түмэнбаярт итгээд гэрээний төгсгөл дээр гарын үсэг зураад иргэний үнэмлэхээ өгөөд орхисон. Тэр үед гэрээ гэсэн зүйл байхгүй, бараг цулгай цаас байсан. Энэ хүн өөрөө авч яваад нотариатаар батлуулсан байсан. Тиймээс би энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ц.Түмэнбаяр тухайн нөхөрлөлийн газар дээр 310 цаг ажилласан гэж байгаа боловч тус нөхөрлөлийн газрын эзэн Соёлт үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Түмэнбаяр экскаватортойгоо хоёр хүүхэд аваачиж орхичихоод тэр хоёр нь бараг ажиллуулаагүй гэж хэлдэг” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 3, 4, 14, 15, 24/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Х.Есөнболд холбогдох нэхэмжлэгч Ц.Түмэнбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр нь хариуцагч Х.Есөнболоос гэрээний үүргийн биелэлт 15 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчид “техник түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулсан нь 02 дугаартай 2014 оны 02 дугаар сарын 13 өдрийн дээрх гэрээний хуулбараар /хх 3-4/ нотлогдож байна.
Уг гэрээнд зааснаар түрээслүүлэгч нь 77-95УБ улсын дугаартай хад хагалах молток тусгай тоногтой экскаватор техникээр түрээслэгчийн /гэрээний нэмэлт нөхцөлд заагдсан/ жоншны уурхайн нөхөрлөл нэгжүүдэд ил уурхайн хөрс хуулалт болон олборлолт ачилт хийх, түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба техник түрээсийн үнийг 1 цагийн 100 000 төгрөг, сарын 20 000 000 төгрөг байна гэж /хх 3-4/ гэж заажээ.
Шүүх хуралдаан дээр гаргасан зохигч, гэрчийн мэдүүлгээр Соёлт ахлагчтай “Жоншт Ухаа” нөхөрлөлийн эзэмшил газарт хөрс хуулалтын ажлыг Ц.Түмэнбаярын эксковатороор, түүний эксковаторчин гүйцэтгэсэн, энэ ажлын хөлсөнд 17 000 000 төгрөгийг Х.Есөнбол нь Ц.Түмэнбаярт төлсөн, мөн эксковаторын түлш, тосны зардлыг гаргаж байсан үйл баримт тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Зохигчдын хооронд байгуулагдсан техник түрээсийн гэрээ нэртэй гэрээний агуулга, зохигчдын тайлбараас харахад Ц.Түмэнбаяр өөрийн эксковатороор, өөрийн эксковаторчиноор хөрс хуулалтын ажил гүйцэтгэх, эксковаторын түлш, тосны зардлыг хариуцаж, ажлын хөлсийг Х.Есөнбол төлөхөөр тохирсон байх тул эдний хооронд түрээсийн гэрээ бус хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой байна.
Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр эксковаторын ажилласан /310 цаг+ 3 хоног/ хугацааны хөлс 32 000 000 төгрөгийг хариуцагч Х.Есөнболоос авах ёстой байснаас 17 000 000 төгрөгийг авсан, үлдэх 15 000 000 төгрөг авах ёстой гэж шааардаж байх боловч эксковатор 310 цаг, 3 хоног ажилласан тухай баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь энэ талаар шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
Хариуцагч Х.Есөнбол сайн уншиж танилцалгүй гэрээнд гарын үсэн зурсан, техник түрээсийн гэрээ байгуулаагүй, уг гэрээ хуурамч гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй боловч энэ татгалзлаа шүүхэд нотлож чадаагүй ба гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд тэрээр байгаагүй нь гэрээ байгуулаагүй, гэрээг хуурамч гэж үзэх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Х.Есөнболд холбогдох гэрээний үүргийн биелэлт 15 000 000 төгрөг гаргуулах тухай Ц.Түмэнбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 233 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан шийдвэр ёсчлогдох 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА