Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/198

 

 

                                                           

           

 

 

 

2021          03          25                                   2021/ШЦТ/198

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч М.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эх оронч овогт М.Ад холбогдох эрүүгийн 2011 01990 0062 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч Эх оронч овогт М.А, Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 20ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол /16092/ 12-252 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............................/.

  /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч М.А нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 41-37 тоотод иргэн Ж.Баярбаясгалангийн нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний болорын цайралт, баруун нүдний хараа бууралт /0.2/, алимны салстад цус харвалт, баруун нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үүдэн баруун дээд 1, 2 зүүн дээд 1, 3, зүүн доод 1, 2-р шүднүүдийн эмтрэл ...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэгээд сэрээд шоконд ороод Баярбаясгалангийн нүүр лүү нь цохисон. Хэд цохисоноо бол сайн санахгүй байна нэг л цохисон байх ...” гэх мэдүүлэг /хх-42-43х/,

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Баярбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...архи уусан буйдан дээр хэвтэж байтал Амартайван ах бас миний хажуугаар рхж хэвтсэн. Тэгээд унтаж байхад гэнэт татаж босгож ирэхээр нь яасан бэ гэсэн чинь шууд миний баруун талын нүд, толгой нүүр хэсэг рүү гараараа цохиод эхэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Гэрч Н.Энхдөл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манайд 103-аар Баярбаясгалан гэх хүн бусдад зодуулсан гэж орж ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-22х/,

Гэрч Б.Энх-Үйлс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Том өрөөнд Амартайван нөгөө шар үстэй залуу болох Баясаа гэх залуутай үлдсэн. Ингээд өнөөдөр өглөө 09:00-10:00 цагийн үед босоход том өрөөнд шар үстэй залуу зодуулсан юм шиг баруун билүү зүүн талын нүд нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь яачихсан юм бэ гэтэл манай найз залуу нааш ир гээд намайг ариун цэврийн өрөөнд дагуулж ороод наад залуу чинь Амартайванг шөнө унтаж байхад нь юмыг нь хөхсөн гэж байна. Тэгээд зодуулчихсан юм шиг байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-23х/,

Гэрч О.Амартүвшин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Амартайван, Баясаа хоёр зочны өрөөнд унтсан. Үүрээр ариун цэврийн өрөө орох гээд бостол ариун цэврийн өрөөнд Амартайван Баясааг цохиод байж байсан. Би юу болсон талаар асуутал Амартайван ахыг оролдсон, унтаж байхад нь эрхтнийг нь хөхсөн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,

Гэрч Б.Мөнхзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Алтай хотхон явчихаад ирэхэд зодоон болсон байдалтай Амартайван Баясаа нар ариун цэврийн өрөөнд байсан. Баясаагийн нүүр нь улайж цохиулсан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 11ий өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №13409 тоот дүгнэлтэд: “Ж.Баярбаясгалангийн биед баруун нүдний болорын цайралт, баруун нүдний хараа бууралт /0.2/, алимны салстад цус харвалт, баруун нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үүдэн баруун дээд 1,2 зүүн дээд 1,3, зүүн доод 1, 2-р шүднүүдийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-34-35х/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-12х/,

Шүүгдэгч М.Аы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51х/,

Хохирогч Ж.Баярбаясгалангийн хүсэлт /хх-69х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.А нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 41-37 тоотод иргэн Ж.Баярбаясгалангийн нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний болорын цайралт, баруун нүдний хараа бууралт /0.2/, алимны салстад цус харвалт, баруун нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үүдэн баруун дээд 1, 2 зүүн дээд 1, 3, зүүн доод 1, 2-р шүднүүдийн эмтрэл ...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч М.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Баярбаясгалан нь “...М.А надаас уучлалт гуйснаас гадна эмчилгээний бодит хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг бүгдийг төлж намайг хохиролгүй болгосон ... Одоо надад М.Ад ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн хүсэлт /хх-69х/-ийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эх оронч овогт М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

          5. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН