| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00203/И |
| Дугаар | 227 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 227
2017 оны 04 сарын 11 өдөр Дугаар 156/ШШ2017/00227 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00203/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 25 дугаар байрны 18 тоотод оршин суух, Цэгмэдийн Галхүү /РД: СЮ57030230/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Галхүү, нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Галхүү нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1979 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургууль, 1982 оны 8 дугаар сарын 25 өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургуульд, 1984 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус тус математикийн багшаар тасралтгүй 6 жил ажилласан юм. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бөгөөд архиваас ажлаас гарсан тушаал ажилд орсон тушаал минь олдохгүй байна. Иймд намайг 1979 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 6-15, 16, 17, 18, 19, 28, 30/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Галхүү нь Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуульд 1979 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл, мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургуульд 1982 оны 8 дугаар сарын 25 өдрөөс 1984 оны оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус тус математикийн багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ц.Галхүү нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Ц.Галхүү нь Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуульд 1979 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургуульд 1982 оны 8 дугаар сарын 25 өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл, мөн Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуульд 1984 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус тус математикийн багшаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хэнтий аймгийн архивын тасгийн лавлагаа /хх 3/, гэрэл зураг /хх 4/, Хэнтий аймгийн ардын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 145, 156, 158, 123, 139, дугаартай тушаал, хавсралтууд /хх 6-15/, Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуулийн захирлын 1985 оны 06 сарын 20-ны өдрийн 38 дугаартай тушаал, хавсралт /хх 16, 17/ Хэнтий аймгийн ардын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 220 дугаартай тушаал /хх 18/, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 31 дугаартай тушаал /хх 19/, гэрч Х.Одсайханы мэдүүлэг /хх 27/, гэрч Р.Навчаагийн мэдүүлэг /хх 28/, гэрч Г.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх 30/, гэрэл зураг /хх 31/ зэрэг болно.
Ц.Галхүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуульд 1979 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл, мөн 1984 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургуульд 1982 оны 8 дугаар сарын 25 өдрөөс 1984 оны оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус тус математикийн багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Цэгмэдийн Галхүүг 1979 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл, мөн 1984 оны 08 дугаар сарын 25 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн сургуульд, 1982 оны 8 дугаар сарын 25 өдрөөс 1984 оны оны 08 дугаар сарын 25 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургуульд тус тус математикийн багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ц.Галхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан шийдвэр ёсчлогдох 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Ц.Галхүүд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА