Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 80

 

“Дувайз” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00151/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 325 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч “Дувайз” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-д холбогдох

          “Ганмиксын  үнэ 48.652.800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

“Дувайз” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-д ганмикс нийлүүлэх талаар хүсэлт гаргаж, энэ тухай гэрээг 2013 ондоо “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хангамжийн хэлтсийн дарга байсан Уламбадрахтай 1 тонныг 800 доллараар тохирч, гэрээг байгуулсан. Тухайн үед Төмөрлөгийн үйлдвэрийн дарга байсан Эрдэнэцогт нь гадаад явсан байсан бөгөөд ирэхээр нь тамга даруулж, гарын үсэг зуруулаад өгнө гэж хэлээд Уламбадрах нь гэрээний нэг хувийг өгөөгүй. Энэ хугацаанд “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагууд солигдож, өөрчлөгдөж, одоог хүртэл төлөөгүй тул 25.340 кг ганмиксын үнэ 48.652.800 төгрөгийг “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатараас:

Тус компаниас ирүүлсэн галд тэсвэртэй магнезитан нунтаг болох ганмиксийг нийлүүлэх саналын дагуу манай үйлдвэрлэлд хэрэглэхээр чанар, стандартад нийцэж байгаа эсэх талаар шинжлүүлэх хүсэлтээр 4 удаагийн шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээнд хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг “Дувайз” ХХК-аас дээжээ өгч шинжилгээ хийсэн. Үйлдвэрлэлийн чанар, стандартад нийцэхгүй болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоосон учир тус компани албан ёсоор гэрээ хийгээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр:

   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “Дувайз” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д холбогдуулан гаргасан 48.652.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401.215 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Чанар стандартад нийцсэн гэрээ байгуулж, зохих шинжилгээг хийлгэж “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК нь пүүлж хүлээн авч, шинжилгээ хийлгэсэн тодорхой баримтууд хэрэгт авагдсан байхад гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг баримталж тодорхой үйл баримтыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол болох 48.652.800 төгрөгийг гаргуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Дувайз” ХХК нь хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д холбогдуулан, ганмиксийн үнэ 48.652.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар “Дувайз” компанийн хүсэлтээр тус бодисыг шинжилгээнд оруулж тэнцвэл худалдан авах боломжтой байсан боловч шинжилгээнд тэнцээгүй тул “Дувайз” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хооронд ганмикс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Мөн бодисын үнийг ч 1 тонныг 800 доллараар тохирсон зүйл байхгүй гэж маргасан.

Хэргийн баримтыг бүхэлд нь судлахад нэхэмжлэгч “Дувайз” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-д төмөрлөг хайлуулах зуухны доторлогоо ганмикс 1 тонныг худалдах гэрээний санал ирүүлж байжээ.

Худалдсан зүйлийн үнийг шаардах эрх нь гагцхүү талуудын дунд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үед хэрэглэх боломжтой бөгөөд хэрэгт гэрээ байгуулагдсан тухай нотлох баримт авагдаагүй байна.

 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гадаад тээврийн баримтаар “Дувайз”  ХХК-аас 25.340 кг ганмекс “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д жигнүүлж байсан тухай статистик мэдээний баримт хэрэгт авагдсан байгаа боловч энэхүү бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн гэж үзэх баримт биш байна.  

Худалдан авагч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлж авах үедээ нэн даруй шалгаж авах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зохицуулжээ.

Энэ үүргийн дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 2013 оны 12 дугаар сарын 25, 2014 оны 01 дүгээр сарын 07, 2014 оны 01 дүгээр сарын 14, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн материалын лабораторийн шинжилгээний дүнгийн баримтаар захиалагч “Дувайз” ХХК-аас нийлүүлсэн ганмиксаас дээж авч шинжлэн шатааж үзэхэд гадаргуу бэхэжсэн боловч барьцалдалт хангалтгүй, ачаалал өгөх үед бутарч байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын шүүх хуралдаанд гаргасан ганмиксийг нийлүүлснээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэх тайлбар бусад баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч “Дувайз” ХХК, хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай 1 тонн ганмексийн үнийг 800 доллараар тохирч талуудын хооронд бичгээр гэрээ байгуулснаа нэхэмжлэгч тал шүүхэд хуульд заасан үүргийнхээ дагуу нотлоогүй байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т  гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна, 195.3-т хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж тус тус заажээ.

Энэхүү хуульд заасны дагуу гэрээний гол нөхцөл болох нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ, гэрээний үнийг хэрхэн тохирсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, ганмикс бодисыг хариуцагч талыг хүлээн авсныг нэхэмжлэгч нотлоогүйгээс нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсэхгүй тул нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

Хариуцагчийн гаргасан баримтаар худалдах, худалдан авах гэрээний зүйл /ганмикс/ чанарын шаардлага хангаагүй тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэсэн тайлбарыг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401.215 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ 

                                     ШҮҮГЧИД                                                      Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ОЮУНЦЭЦЭГ