Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

Э.М , Б.С , О.О , С.Э ,

Э.Л, Г.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0142/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                     Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                      Б.С,О.О,                           

                                                                Э.М, Г.Н,

                                                                С.Э, Э.Л

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч        Э.Алтан-Уяа, П.Ган-Очир

           Шүүгдэгчийн хууль ёсны

           төлөөлөгч                                    Д.О

                        Нарийн бичгийн дарга                С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолтой Б.С, О.О, Э.М, Г.Н, С.Э, Э.Л нарт холбогдох 201706000090 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.М, С.Э нарын өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Т овогт Э-ын М.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...ял шийтгэлгүй,..., Жагар овогт Б-гийн С.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, Боржигон овогт О-гийн О.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... ял шийтгэлгүй, З овогт С-ын Э.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..., ял шийтгэлгүй, Б овогт Э-ын Л.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, ял шийтгэлгүй,  Ш овогт Г-ийн Н.

 

Шүүгдэгч Э.М, Б.С, О.О, С.Э, Э.Л, Г.Н нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Э-ын М, Б-ийн С, О-ийн О, С-ын Э, Э-ын Л, Г-ийн Н нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.М, Б.С, О.О, С.Э,  Э.Л, Г.Н нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн  5.6 дугаар зүйлийн  4-д   заасныг баримтлан шүүгдэгч  Э.М, Б.С, О.О, С.Э,   Э.Л, Г.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Б.С, О.О, Э.М, Г.Н, С.Э, Э.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй  болохыг тус тус дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.М-ээс 95333 /ерөн таван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч С.Э-аас 181333 /нэг зуун наян нэгэн мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Т-д олгож, хохирогч нь шууд бус хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 –т зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өндөр 9 см, өргөн 3 см хэмжээтэй доороо made in corea №70 гэсэн бичигтэй цагаан өнгөөр будсан төмөр цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.С, О.О, Г.Н, Э.Л нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн цагдаагийн газарт даалгаж,

Мөрдөн байцаагчийн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, ... улсын дугаартай HYUNDAI PORTER маркийн тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт түүний эзэмшигч Ч.О-т олгож,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, О.О, Г.Н, Э.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.М, С.Э нарыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Э.М, С.Э нарын өмгөөлөгч Э.Алтан-Уяа давж заалдах гомдолдоо:

            “... Миний үйлчлүүлэгч С.Э, Э.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа хохирогч Ч.Т-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөх гэж удаа дараа хөөцөлдсөн боловч хохирогч Ч.Т нь С.Э, Э.М нартай уулзахгүй, хохирол төлбөрөө авахгүй явсаар байгаад шүүх хуралд орсон. Тийм учраас С.Э, Э.М нар нь шүүх хурлын дараа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд  хохирлын мөнгөнд С.М 97.000 төгрөг, С.Э 182.000 төгрөг тус тус тушаан хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан.

             Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа гэх мэт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  12 дугаар сарын 15-ны өдрийн 178 тоот   шийтгэх тогтоолоор С.Э, Э.М нарт тус тус 2 жилийн  хугацаагаар  хорих  ял оногдуулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан хүнд ял оногдуулсан гэж үзэн гомдол гаргаж байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан С.Э, Э.М нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэн шүүгдэгч нарт шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр уг ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн материалд авагдсан нотлох баримтуудад үндэслэж хянаж үзвэл

 

Шүүгдэгч Э.М нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Г.Н-тэй бүлэглэж Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хуучин авто баазын агуулахад хууль бусаар нэвтэрч 1 шуудай буюу 40 кг хуш модны цайруулсан самар, мөн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э.Л , Б.С, С.Э, Г.Н, О.О нартай бүлэглэж 5 шуудай буюу 200 кг хуш модны цайруулсан самар, 2017 оны 2 дугаар сард Э.Л, Б.С, С.Э нартай бүлэглэж 4 шуудай буюу 160 кг хуш модны цайруулсан самар тус тус хулгайлж, нийт 3 удаагийн үйлдлээр иргэн Ч.Т-д 1.480.000 төгрөгний хохирол учруулсан,

 

шүүгдэгч О.О нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э.Л, Б.С, С.Э, Э.М, Г.Н нартай бүлэглэж 5 шуудай самар буюу 200 кг хуш модны цайруулсан самар хулгайлж иргэн Ч.Т-д 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгний хохирол учруулсан,

 

шүүгдэгч С.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С, Э.М, Э.Л, Г.Н, О.О нартай бүлэглэж 5 шуудай буюу 200 кг хуш модны цайруулсан самар, 2017 оны 2 дугаар сард Э.Л, Б.С, Э.М нартай бүлэглэж 4 шуудай буюу 160 кг самар тус тус хулгайлж, нийт 2 удаагийн үйлдлээр иргэн Ч.Т-д 1.332.000 төгрөгний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Э.Л нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.С, Э.М, Г.Н, О.О, С.Э нартай бүлэглэж 5 шуудай буюу 200 кг хуш модны цайруулсан самар, 2017 оны 2 дугаар сард Б.С, С.Э, Э.М нартай бүлэглэж 4 шуудай буюу 160 кг самар тус тус хулгайлж, нийт 2 удаагийн үйлдлээр иргэн Ч.Т-д 1.332.000 төгрөгний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.С нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э.Л, Э.М, Г.Н, О.О, С.Э нартай бүлэглэж 5 шуудай буюу 200 кг самар, мөн 2017 оны 2 дугаар сард Э.Л, С.Э, Э.М нартай бүлэглэж 4 шуудай буюу 160 кг самар, нийт 2 удаагийн үйлдлээр 9 шуудай буюу 360 кг самар хулгайлж, иргэн Ч.Т-д 1.332.000 төгрөгний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Г.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Э.М -тэй бүлэглэж 1 шуудай буюу 40 кг хуш модны цайруулсан самар, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.С, Э.М,   Э.Л,  О.О, С.Э нартай бүлэглэж 5 шуудай буюу 200 кг хуш модны цайруулсан самар тус тус хулгайлж, нийт 2 удаагийн үйлдлээр иргэн Ч.Т-д 888.000 төгрөгний хохирол учруулсан нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Э.М, Б.С, О.О, С.Э, Э.Л, Г.Н нарт холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон  Ч.Т нь “...нийт 2 тонн 360 кг самар алдагдсан...” гэсэн боловч Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/07 дугаартай тогтоолоор 1 тонн 960 кг самар хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрхи тогтоолын хувийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн мэйл хаягаар хүргүүлсэн боловч хохирогч Ч.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1.д заасан хугацааны дотор дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна.

 

Мөн хохирогч Ч.Т нь “хүндэтгэн үзэх шалтгаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хувийг гардан аваагүй, давж заалдах гомдол гаргана”  гэсэн тул 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түүний мэйл хаягаар шийтгэх тогтоолын хувийг хүргүүлсэн /хх 105/ боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүйг дурьдав.

 

 Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ч.Т-д нийт 1.480.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.М нь 345.333 төгрөгийн хохирол учруулснаас 250.000 төгрөг /2 дугаар хх-31/, шүүгдэгч Б.С нь 271.333 төгрөгийн хохирол учруулснаас 272.000 төгрөг /хх-32/, шүүгдэгч О.О нь 123.333 төгрөгийн хохирол учруулснаас 123.000 төгрөг /хх 30/, шүүгдэгч С.Э нь 271.333 төгрөгийн хохирол учруулснаас 90.000 төгрөг /хх 34/, шүүгдэгч Э.Л нь 271.333 төгрөгийн хохирол учруулснаас 271.500 төгрөг /хх 33/, шүүгдэгч Г.Н нь 197.333 төгрөгийн хохирол учруулснаас198.000 төгрөг /хх 35/-ийг тус тус анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад төлсөн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Б.С, О.О, Г.Н, Э.Л нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин дээрх хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэний дараа шүүгдэгч С.Э нь шийтгэх тогтоолд дурьдагдсан 181.333 төгрөг /182.000 төгрөг/, шүүгдэгч Э.М нь 95.333 /97.000 төгрөг/ төгрөгийг хохирогчид төлж барагдуулахаар Булган аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дансанд байршуулж, баримт /хх 73-75/-ыг давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлжээ.

 

Шүүгдэгч Э.М, С.Э нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн /Э.М нь ялгүй болсон/, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн хорих ялыг тэнссэн ялтанд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхээр шинэчлэн найруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгагдсан тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт  оруулах нь зүйтэй байна. Түүнчлэн хэлмэрч Д.Д нь хэлмэрчийн зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болно.

 

Харин прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.С-г /3 удаагийн үйлдлээр хохирогчид нийт 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан/ гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.т зааснаар шүүгдэгч Э.М, С.Э нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “...хохирогч нь шууд бус хохирлоо...” гэсний дараа “...хэлмэрч нь дуудагдаж ирсэнтэй холбогдож гарсан зардлаа...” гэж нэмж,

тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “... тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн цагдаагийн газарт даалгаж...” гэснийг “... тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Шүүгдэгч С.Э нь 182.000 төгрөг, Э.М нь 97.000 төгрөгийг хохирогчид төлөхөөр Булган аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дансанд байршуулсан болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Э.М, С.Э, Б.С, О.О, Г.Н, Э.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН                                                                                                            

 

        ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА                                                                          

                                                                                      С.УРАНЧИМЭГ