| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/0753/З |
| Дугаар | 735 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 735
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, Ц.Х, Я.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Д.Н, нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: “В.А.Т” ХХК
Хариуцагч: гег газар .
Нэхэмжлэлийн шаардлага:
“нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа гег -ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх талаар зохих шийдвэр гаргахыг гег газарт даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “В.А.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/18 тоот ГЕГ-ын даргын баталсан Гаалийн төлөвлөгөөт хяналт, шалгалтын удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ч.О.г, Д.Ня, Д.Э, Г.Өцэцэг нар төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, торгууль ногдуулсаныг манай компани 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүрэн барагдуулсан.
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсгийг удирдлага болгож сайн дураар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ГЕГ-ын даргад хандсан боловч 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 01/29тоот албан бичгээр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.О нь “нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй“ гэсэн хариу өгсөн.
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт “Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно.” Мөн ГЕГ-ын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар баталсан Гаалийн бүрдүүлэлтийн дараах журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт заасан “Хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан бол гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж болно” гэснийг Р газар зөрчиж байна гэж “В.А.Т” ХХК үзэж байна.
ГЕГ-ын нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа эс үйлдэхүй болон татгалзсан албан бичиг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.14 дэх заалтанд заасан тодорхой зардлыг хасч тооцох боломжгүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төсөвт төлөх албан татвараас хасаж тооцоход зохих баримтаар нотлох боломжгүй болгож байна.
Гаалийн тухай хуулийн 2.1-д зааснаар Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Гаалийн тухай хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсгийн дагуу гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх үүрэгтэй.
Татварын ерөнхий хуулийн 17.1.4 дэх заалтын дагуу татвар төлөгч илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй. Татвар төлөгчийн дурьдсан эрхийг нөхөн бүрдүүлэлт хийхээс үндэслэлгүйгээр татгалзаад байгаа эс үйлдэхүйгээр зөрчөөд байна.
Гаалийн тухай хуулийн 10.1 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэр, эс үйлдэхүй /цаашид “шийдвэр” гэх/-н шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй. Энэхүү “В.А.Т” ХХК- ийн эрх зөрчигдсөн байна. Гаалийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нь нэн даруй хэрэв ийнхүү өгөх боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан иргэн, хуулийн этгээдэд бичгээр өгөх үүрэгтэй. Хуульд заасан нөхцлийг гаалийн байгууллага хангаагүй.
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх нөхцөл боломжтой байтал, нөхөн бүрдүүлэлт хийлгэж болох талаар аж ахуйн нэгжийн эрхийг зөрчиж, нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй гээд байна. Гаалийн тухай хуулийн 249.3 дахь хэсгийн дагуу гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болох нөхцөл нь тодорхой байна.
Иймд нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа Р газар т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан “Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхийг Р газар даалгаж, зохих шийдвэрийг гаргуулж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/18 тоот ГЕГ-ын даргын гаргасан удирдамжийн дагуу гаалийн байцаагч нар “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д хяналт шалгалт явуулж торгууль ногдуулсан. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “В.А.Т” ХХК нь уг торгуулийн шийтгэх хуудасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл шийтгэх хуудсанд заасан зөрчлийг арилгаж, торгуулийг төлсөн. Нөгөө талаар акт тогтоосон зүйл байдаггүй. Харин энгийн журмаар тухайн хэрэг маргааны зөрчлийг шийдсэн. Шалган ажиллах ажиллагааны тэмдэглэл гэж байдаг бөгөөд уг тэмдэглэлийн дагуу манайд хариуцлага ногдуулсан.
Манай нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасан заалт юм. Үүнийг үндэслэж сайн дураар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр хүсэлт гаргаж, нэхэмжлэлд дурдсан албан бичгээр 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ГЕГ-ын даргад өгсөн ба 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 012/2945 дугаартай албан бичгээр Гаалийн хэрэг бүртгэх газрын даргаас нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй гэсэн хариу ирсэн. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасны дагуу бүрдүүлэлтийн дараах гаалийн шалгалт хийсэн албан тушаалтан баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж, төлбөрийн акт тогтоодог.
Энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэж болно гэдэг нөхцлөөр бид нар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэж болох юм байна гэсэн байр суурьтай байгаа. Мөн ГЕГ-ын даргын 2015 оны А/134 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмыг үндэслэсэн. Хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага сайн дураараа Гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэж болно гэсний дагуу манайх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл зөрчлийг хянан тогтоогоод хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлүүлэх ажиллагааны тэмдэглэл хөтөлж, манайд шийтгэх хуудсаар хариуцлага ногдуулсан учир хууль сахилтын түвшинд мөн өөрийн сайн дурын үнэлэлт дүгнэлтийн үндсэн дээр бид зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн. Үүнийхээ дагуу гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан.
Р газар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэхээс татгалзсан шалтгаан нөхцөл нь ямар үндэслэлээр, ямар хууль журамд зааснаар татгалзаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Дээр дурдсан хууль болон журмын заалтыг Р газар зөрчсөн гэж үзэж байна. Гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхээс татгалзаж байгаа үйл явдал нь “В.А.Т” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлын хувьд ямар байдлаар зөрчсөн бэ гэхээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан тодорхой зардлыг хасаж тооцох боломжгүй болгосон нөхцлийг үүсгэсэн.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төсөвт төлөх албан татвараас хасаж тооцох баримттай байх нөхцлийг бүрдүүлэхгүй байгаа. Уг хуулийн заалтыг бид хэрэгжүүлэх гэтэл нэгэнт нөхөн бүрдүүлэлт хийлгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хуулийн заалтуудыг манай байгууллага сахин мөрдөж, биелүүлж хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Манай компани энэ нөхцөл байдлын улмаас 90 гаруй сая төгрөгийн алдагдалд орсон. Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар нэгэнт хууль тогтоомж нь Татварын тухай хууль, Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэж үзэж байгаа бол мөн Гаалийн тухай хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсгийн дагуу “...гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ төр байгууллага, хувь хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх үүрэгтэй” гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Бид нарт гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэж болно гэсэн нөхцөл боломжоор буюу хууль ёсны ашиг сонирхлоор олгосоор байтал эс үйлдэхүйгээр гаалийн улсын байцаагч манай байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т “...илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авна” гэж заасан эрхийг эс үйлдэхүйгээр зөрчсөн гэж үзэж байна. Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “...Иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэр эс үйлдэхүйн шалтгаан үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй”. Уг мэдээлэл авах эрх нь “В.А.Т” ХХК- ийн хувьд зөрчигдсөн.
Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “...Гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нь нэн даруй эсхүл боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан хуулийн этгээдэд бичгээр өгөх үүрэгтэй”. Уг нөхцөл байдлыг Гаалийн байгууллага хангаагүй. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх боломжтой байсан атал нөхөн бүрдүүлэлт хийлгэх боломжгүй гэсэн өрөөсгөл буюу субъектив дүгнэлтийн үндсэн дээр манай байгууллагад хандсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ эс үйлдэхүйг хууль зөрчсөнд тооцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хүчингүйд тооцож, хууль бус болохыг тогтоож өгнө үү.
ГЕГ-ын хариу тайлбартай холбогдуулж хэд хэдэн тодорхой зүйл гарсан. Гаалийн нөхөн бүрдүүлэлт болон горимыг сонгох талаар бид хүсэлт явуулж уг нөхцлийг гаалийн улсын хяналтын байцаагч нар бүгдийг нь тухай бүрт нь хянаж явдаг. Тэгэхээр тухайд бүрт нь хянаж явж байгаа энэ нөхцлийн улмаас манай байгууллагын эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Манай байгууллагад давхар шийтгэл ногдуулж байгаа юм шиг тийм нөхцөл үүссэн. Бидэнд нэгэнт шийтгэх хуудсаар, бусад тэмдэглэл, хуульд заасан хазриуцлага ногдуулсан. Манай зүгээс төлбөрөө бүрэн барагдуулсан, хуулийн хариуцлага хүлээсэн байхад эс үйлдэхүйгээр бидэнд татварын тайлан тэнцэлтэй холбоотой эрх үүргээ биелүүлэх гэтэл уг нөхцлийг олгохгүй байгаа нь хуульд заагаагүй давхар шийтгэл гэж үзэж байна. Гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээ удаа дараа албан бичгээр өгсөн. Мөн үндэслэлгүйгээр, тайлбар мэдээлэл өгөхгүйгээр шууд татгалзсан. Тухайн үед гаалийн улсын байцаагч Д.Нягээс нөхөн бүрдүүлэлт хийхэд татгалзах зүйл байхгүй гэсэн тайлбар өгсөн байдаг.
ГЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгөөр заавал гаалийн нөхөн бүрдүүлэлт хийдэг гэсэн тайлбарыг өгсөн. Дараа нь тодруулж асуухад өмнө нь мэдүүлж болно гэхдээ сүлжээ болохгүй байна гэсэн тайлбар өгсөн байдаг. Тухайн үед гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэж болох юм байна гэсэн ойлголттойгоор явж байсан. ГЕГ-ын хариу тайлбар дээр манайхыг гүтгэсэн, бодит байдалд нийцээгүй тайлбарыг өгсөн байна. Жишээлбэл Татварын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн гэж байна. Харин бид хууль сахилтын түвшинд гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэж болно гэсэн журмын дагуу мөн Гаалийн тухай хуульд зааснаар нөхөн бүрдүүлэлт хийлгэнэ гэж байгаа. Манай зүгээс хууль болон тэмдэглэл, шийтгэх хуудсанд заасан хариуцлагаа хүлээсэн.
Хуулийн заалтын талаар манайх тайлбар гаргадаг, зөвлөмж гаргадаг эрх бүхий байгууллага биш юм. Харин хуульд заасан нөхцлөө эдлэх эрхтэй. Мөн шалгалтын дүгнэлтийн хувьд бүрэн хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар маргаагүй нэхэмжлэлд дурдсаны дагуу гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх боломжийг өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ня, Ч.Т нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... “Гаалийн тухай хуулийн 249 зүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж, төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно”. Мөн ГЕГ-ын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт заасан “Хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан бол гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж болно” гэснийг Р газар зөрчиж байна гэж “В.А.Т “ХХК үзэж байна гэжээ.
“Гаалийн тухай хуулийн 249 зүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт “Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно” гэж заасныг өөрсдийн эрх ашигт нийцүүлэх зорилгоор хуулийг буруугаар тайлбарлаж болохгүй. Энэ хуулийн заалт нь акт тогтоосон бол заавал нөхөн бүрдүүлэлт хийхийг шаардаагүй байна. Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар захиргааны арга хэмжээ авагдсан зөрчлийг гаалийн тухай хуулиар нөхөн бүрдүүлэлт хийж цайруулдаг хуулийн зүйл, заалт байхгүй. “В.А.Т ХХК-ийн санхүү албаны захирал ажилтай А.Нядорж гаргасан зөрчилд “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” явуулахгүйгээр “хялбаршуулсан журам”-аар зөрчлийг шалган шийдвэрлүүлэх боломжтой талаар хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон “Хялбаршуулсан журам”-аар 2 зөрчлийг “Шийтгэлийн хуудас”-аар шийдвэрлэснийг доорхи байдлаар нэгдүгээрт, энэ хуулийн дагуу 0240244 тоот шийтгэлийн хуудсаар 24 нэр төрлийн 232 600,00 ам.доллар буюу 500 632 655,00 төгрөгийн гадаадын барааг Монголын бараа гэж татваргүй гаалийн горим сонгон гаальд мэдүүлж холбогдох татвар төлөөгүй байсан зөрчилд 25 031 633.0 төгрөгийн гаалийн татвар, 52 566 429,00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 77 598 062,00 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр, мөн 30 хувийн торгуульд 23 279 418.0 төгрөг нийт 100 877 480,00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Хоёрдугаарт, мөн энэ хуулийн дагуу 0240245 тоот шийтгэлийн хуудсаар импортоор оруулсан барааны үнийг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс 330 нэр төрлийн 837.590,90 ам.доллар буюу 1.435.835.734,42 төгрөгийн импортын барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж холбогдох татвар төлөөгүй байсан зөрчилд 71.791.786,73 төгрөгийн гаалийн татвар, 150.762.752,11 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 222.554.539,00 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр, мөн 30 хувийн торгуульд 66.766.362,00 төгрөг нийт 289.320.901.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн юм.
Гуравдугаарт, дээрх 2 зөрчлийг нэхэмжлэгч аж ахуйн нэгж үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, зайлсхийсэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараа нөхөн төлж, торгуулиа бүрэн төлж барагдуулсан болно.
ГЕГ-ын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар баталсан “Гаалийн бүрдүүлэлтийн дараах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт заасныг Р газар зөрчиж байна гэж мөн гомдол гаргасан байдаг.
Гаалийн тухай хуулийн 249 зүгээр зүйлийн 249.4 дахь хэсэгт Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэсний дагуу ГЕГ-ын даргын 2015 оны А/134 дүгээр тушаалаар журмыг шинэчлэн баталж Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3543 дугаарт бүртгэв гэж Монгол Улсын Хууль зүйн яам нийтээр дагаж мөрдүүлэхээр хянан баталгаажуулсан байна.
Энэ журмын 8 дугаар зүйлд шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэгт заахдаа 8 дугаар зүйлийн 8.1.5.2 дахь хэсэгт гаалийн бүрдүүлэлттэй холбоотой алдаа гаргасан тохиолдолд гаалийн байгууллагад сайн дураар залруулах хүсэлт гаргах эсхүл бүрдүүлэлтийн дараах шалгалт эхлэхээс өмнө гаалийн байгууллагад мэдэгдэх гэж журамласан нь “В.А.Т” ХХК-нд шалгалт эхлэхээс өмнө нөхөн бүрдүүлэлт хийх боломж нь нээлттэй байсныг гэрчилж байна. Гэвч тус аж ахуйн нэгж нь 2015-2017 онуудад 9 удаагийн хүсэлтээр 10 төрлийн бараанд нөхөн бүрдүүлэлтийг хийж байсан мэдээлэл гаалийн СА13 мэдээллийн баазад бүртгэгдсэн байна. Иймээс бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийхээс өмнө гарсан зөрчилтэй холбогдолтой бараанд гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр гаргаж байсан нотлох баримт байхгүй байна. Шалгалтын дүгнэлт гарч өөрсдөө хүлээн зөвшөөрч Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан хэлбэрээр арга хэмжээг авч хэрэгжсэний дараа гомдол гаргаж байгаа нь хууль эрх зүйн хувьд нийцэхгүй байгаа юм. Шалгалтаар илэрсэн хоёр төрлийн зөрчилтэй холбоотой төлбөрийн татвар, торгууль нь нөхөн бүрдүүлэлттэй ямарч холбогдолгүй болох нь ойлгомжтой байна. Шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцож, торгууль ноогдуулсан барааны хувьд шалгалт эхлэхээс өмнө нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр хүсэлт гаргаж байсан албан бичиг гаалийн байгууллагад ирж байгаагүй болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.14 дэх заалтад заасан тодорхой зардлыг хасч тооцох боломжгүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төсөвт төлөх албан татвараас хасаж тооцоход зохих баримтаар нотлох боломжгүй болгож байна... гэсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудыг зөрчиж захиргааны арга хэмжээ авагдсан, зөрчлөө өөрсдийн эрх ашигт нийцүүлэн нөхөн бүрдүүлэлтээр халхавч хийж, татварын буцаалт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол Улсын хуулийг уландаа гишгэж доромжилсон асуудал болж байгаад харамсаж байна.
Манай компани 90,0 сая төгрөгийн алдагдалд ороод байна гэжээ. Зөрчлийн тухай хуулиар хялбаршуулсан хэлбэрээр арга хэмжээ тооцсон 0240244 тоот шийтгэлийн хуудасны 23279418 төгрөгийн торгууль, мөн 0240245 тоот хуудасны 66766362 төгрөгийн торгуулиуд нийт 90,045,780.00 төгрөгийн торгууль болж байгаа юм. Үүнийг нэхэмжлэж байгаа нь ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар өөрсдийнх нь хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр 2 зөрчлийг шийдвэрлэж, Нийслэлийн Прокурорын газрын Захиргааны зөрчил хариуцсан хяналтын прокурор Б.Мэндсайхан хянаж баталгаажуулан хууль эрх зүйн хувьд зөрчилгүй болохыг баталгаажуулан хянасан байна.
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсгийг удирдлага болгож сайн дураар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 6 өдөр ГЕГ-ын даргад хандсан боловч 2018 оны 6-р сарын 19-ны өдөр 01-2/2945 тоот албан бичгээр Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.О нь нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүй гэсэн хариу авлаа... гэсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй бас утга агуулгын хувьд ойлгогдохгүй нэхэмжлэл болсон байна. Тус аж ахуйн нэгжээс 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 18/06-040 тоот албан бичиг ирүүлсэнд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 01/29албан тоотоор хариуг өгсөн байна. Энэ нь ямар нэг хууль зөрчсөн асуудалгүй бөгөөд цаг хугацааны хувьд 13 хоногийн дараа хариуг өгсөн болох нь нотлогдож байгаа болно.
“В.А.Т” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ГЕГ-ын даргад хандсан албан бичиг ирээгүй болох нь манай газрын бичиг хэргийн бүртгэлээр нотлогдож байгаа тул танай гаргаад байгаа гомдол үндэслэлгүй байна. Иймээс хууль эрх зүйн хувьд ямарч зөрчилгүй шийтгэлийн хуудсаар тогтоосон торгуульд нөхөн бүрдүүлэлт хийлгэх гэж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ня шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“… “В.А.Т” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж ГЕГ-ын даргын удирдамжийн дагуу бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийгдсэн. Уг шалгалтад гаалийн улсын байцаагч миний бие, н.О.г, н.Ө, н.Ц, н.Э гэсэн байцаагч нар оролцож хяналт шалгалтыг явуулсан. Шалгалт явуулах хугацаанд Монгол Улсад импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүд тэдгээрийг улсын хилээр буцаан гаргасан. Үүнийг гаалийн 100 гэсэн горимоор бүрдүүлэлт хийж буцааж гаргадаг. Улсын хилээр гаргасан бараануудын оронд дахиад шинээр импортын бараа оруулж ирэхдээ гаалийн 600 гэсэн горимоор бүрдүүлэлт хийж татваргүйгээр оруулж ирсэн. Үүнийгээ “В.А.Т” ХХК хүлээн зөвшөөрсөн. Түүнд нь татвар, торгууль ногдуулсан. Өмнө нь “В.А.Т” ХХК гаальд 10 удаагийн үйлдлээр гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр хүсэлт гаргаж байсан. Өмнө нь гаальд бүрдүүлэлт хийгээгүй, татвар төлөгдөөгүй улсын хилээр нэвтрүүлсэн. Хууль сахилтын түвшинд нөхөн бүрдүүлэлт хийгдэж байсан. Зөрчил гарсан асуудал дээр нөхөн бүрдүүлэлт хийлгэе гэж байгааг нь манайх хүлээн авах боломжгүй. Монгол Улсын Гаалийн байгууллага бол Монгол Улсын гадаад худалдааны статистик мэдээг гаргадаг газар юм. Тийм учраас мэдүүлсэн байгаа бараагаа татвар төлөгдөөгүй, нөхөн торгууль, татвар ногдуулсны төлөө дахин гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй.
Хуулийн заалтыг сайн биелүүлж байгаа гэсэн асуудал ярьж, бид ийм журмаар асуудлыг зохицуулах ёстой гэж тайлбарлаж байна. Гаалийн тухай хуульд ГЕГ-ын дарга бүрдүүлэлтийн дараах шалгалтын журмыг баталж гаргана гэж заасан. Үүний дагуу 2015 оны 5 дугаар сарын 10-ны А/3 дүгээр тушаалаар бүрдүүлэлтийн дараах шалгалтын журмыг шинэчлэн баталсан. Хууль сахилтын түвшинд тухайн аж ахуйн нэгж байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийхээс өмнө нь өөрсдөө гаальд мэдүүлээгүй улсын хилээр бараа оруулж ирснээ мэдүүлээгүй тээврийн хэрэгслийг гаальд нөхөн бүрдүүлж байж татвараа төлнө гэсэн заалт байгаа болохоос биш мэдүүлсэн, бүрдүүлсэн бараагаа дахин мэдүүлэх гэсэн хуулийн заалт, журам байхгүй. Манайд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхээс өмнө нь хүсэлтээ гаргаж татвар, мэдүүлэг бичүүлж байсан тохиолдол байгаа. Энэ нь маргаан бүхий зүйлтэй хамаарал байхгүй. Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авагдсан.
Шинэчилсэн Зөрчлийн хуулиар акт бичихгүй, шийдвэрийн хуудсаар асуудал явагдана. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтуудаар хэрэгт бүртгэлт хийж прокурорт хянуулдаг. Прокурор хянаж хууль эрх зүйн хувьд бид нарын цуглуулсан нотлох баримт, бусад тайлбаруудаар хянасан. Харин прокуророос үүнийг зөв зүйтэй юм байна гэж үзэж Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Мэндсайхан гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймээс хууль эрх зүй зөрчсөн зүйл байхгүй.
Зөрчлийн хуулиар бид заавал хэрэг бүртгэж, тухайн аж ахуйн нэгж байгууллага нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар бүрдүүлэлт хийдэг. Харин хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хэрэг бүртгэлт хийж хэрэг үүсгэдэг” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “
“В.А.Т” ХХК-ийн өмнө нь гаргаж байсан хүсэлтүүдтэй гаалийн байгууллага танилцсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Гаалийн байгууллага бид нарт төлбөрийн акт тогтоосон мэтээр яриад байна манай дээр төлбөрийн акт тогтоогоогүй гэж хэлсэн. Гаалийн байгууллага “В.А.Т” ХХК-ийн үйлдсэн зөрчилтэй холбоотойгоор акт тавигдаагүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д “...Гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалт хийж, гаалийн албан тушаалтны баримтаар нотлогдож байгаа тэр зөрчил дээр төлбөрийн акт тогтоосон бол нөхөн бүрдүүлэлт хийж болно” гэж заасан. Гэтэл төлбөрийн акт тавих энэ зохицуулалт өмнө нь байсан. Өөрөөр хэлбэл шинээр үйлчилж байгаа Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиас өмнө нь төлбөрийн акт тавьдаг байсан. Тийм учраас өмнө нь төлбөрийн акт тавьж, тухайн акттай холбоотойгоор “В.А.Т” ХХК гаалийн нөхөн бүрдүүлэлт хийдэг байсан.
2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар төлбөрийн акт тогтоох тухай эрх зүйн зохицуулалт байхгүй болсон. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д төлбөрийн акт тогтоосон бол гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэж, гаалийн мэдүүлгийг нөхөн бичнэ гэсэн зүйл нь хуулийн хүрээнд хэрэгжих боломжгүй. “В.А.Т” ХХК-ийн зөрчлийг гаалийн байгууллага тогтоогоод тогтоосонтой холбоотойгоор танайх ийм зөрчил, хэдий хэмжээний татвар нөхөн төлөх болон торгууль төлөх юм байна гэж төлбөрийн акт тавигдаж, уг төлбөрийн актад дээр үндэслэж гаалийн мэдүүлэг нөхөн бичигдэнэ. “В.А.Т” ХХК-ийн хүсэж байгаа зүйл нь татварын буцаан авалттай холбоотой асуудлууд манайд хохирол болж ирэх гээд байна гэдэг. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудал яригдана. Төлбөрийн акт тавигдаагүй асуудал дээр гаалийн байгууллага өөрөө Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасныг зөрчиж, төлбөрийн акт тавигдсан мэтээр гаалийн мэдүүлэг бичиж болохгүй. Төлбөрийн акт байгаа бол гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасны дагуу гаалийн мэдүүлэг бичиж өгнө.
100, 600 гэсэн горимын тухай асуудал дурдсан. Горим нь улсын хилээр бараа нэвтэрч байгаа зохицуулалтыг хэлдэг. “В.А.Т” ХХК тодорхой төрлийн тоног төхөөрөмжүүдийг улсын хилээр оруулж ирсэн. Ингээд улсын хилээр оруулж ирсэн бараануудаа буцаагаад хилийн чанадад гаргасан. “В.А.Т” ХХК Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д заасны дагуу өөрөө горимоо сонгодог. “В.А.Т” ХХК нь 100 гэсэн горимоор бараагаа бүрмөсөн гаргая гээд Монгол Улсын өмчөөс хасуулж хилийн чанадаар гаргасан. “В.А.Т” ХХК нь бараагаа гаргасныхаа дараа өөр барааг оруулж ирсэн. Уг бараагаа улсын хилээр оруулж ирэхдээ Гаалийн тариф, Гаалийн тухай хуулийн дагуу 5 хувийн импортын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар 10 хувийн татвар нийт 15.5 хувийн татвар төлж оруулж ирэх ёстой байсан.
“В.А.Т” ХХК-ийн дахиад бараагаа оруулж ирэхдээ өмнө нь гарсан бараатайгаа хольж тайлбарласан. Өөрөөр хэлбэл өмнө нь гарсан бараанууд буцаад орж ирж байна гэсэн байдлаар тайлбарлаж татвар дутуу төлөгдсөн асуудал байсан. Үүнд манай зүгээс бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн бөгөөд Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хяналт шалгалт орсон. Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхэд “В.А.Т” ХХК өөрсдөө шалгалт хийлгэх хүсэлт гаргаагүй Гаалийн байгууллага санаачлагаараа шалгалт хийсэн бөгөөд зөрчил илэрсэн. Уг зөрчилд төлбөрийн акт тавьсан боловч “В.А.Т” ХХК уг зөрчлийг гаргасан гэдгээ зөвшөөрч торгуулиа төлсөн. Мөн “В.А.Т” ХХК нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Одоо “В.А.Т” ХХК нь гаалийн мэдүүлэг бичүүлж, нөхөн бүрдүүлэлт хийлгэнэ гэж байна. Гэтэл өмнө нь улсын хилээр орсон бараанд нь гаалийн мэдүүлэг бичигдсэн. Иймээс гаалийн мэдүүлэг бичигдсэн зүйл дээр дахиад гаалийн мэдүүлэг бичүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. “В.А.Т” ХХК нь өмнө нь оруулж ирсэн бараанууддаа бүгдэнд нь гаалийн бүрдүүлэлт хийлгэж, мэдүүлгээ хүлээж авч, үүнийхээ дагуу бараа авч улсын хилээр оруулсан. Уг мэдүүлгүүд нь “В.А.Т” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлд нь байгаа. Мэдүүлэг бичүүлсэн бараан дээрээ дахиад давхар мэдүүлэг бичүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй. Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д төлбөрийн акт тогтоочих, төлбөрийн акт тогтоогоод уг төлбөрийн актад нөхөн бүрдүүлэлт хийж болно гэсэн заалт юм. Гэтэл огт төлбөрийн акт хийгдээгүй.
2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/134 дүгээр ГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам гэж байгаа. Уг журам хууль тогтоомжид нийцэж байна гээд Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлд 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3543 дугаарт бүртгэгдсэн. Гаалийн харилцаанд оролцдог 80,000 аж ахуйн нэгж байгууллага байдаг бөгөөд уг бүрдүүлэлтийн дараах шалгалтын журмыг харж гаалийн харилцаанд оролцдог. “В.А.Т” ХХК нь гаалийн байгууллагатай байнга харилцдаг туршлагатай, сүүлийн 20 жилийн хугацаанд тасралтгүй үйл явуулж байгаа аж ахуйн нэгж юм. Зарим үед хууль сахилтын түвшин өндөр байна гэж үнэлүүлж байсан. Мөн зарим тохиолдолд зөрчил гарч байгаа бөгөөд үүнийг мэдээгүй, уншаагүй гэдэг боломжгүй. “В.А.Т” ХХК нь бүрдүүлэлтийн дараах шалгалтын журмын 8 дугаар зүйлийн 8.1.5.2-д гаалийн байгууллагаас бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхээс өмнө манайх ийм төрлийн бараа оруулж ирлээ нөхөн бүрдүүлэлт хийлгэе гэж өөрөө сайн дураараа хандахад нь гаалийн байгууллага саадгүй хийж өгдөг. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, энэ хүрээнд зөрчлөө өөрсдөө хүлээн зөвшөөрч торгууль төлсөн. Харин төлбөрийн акт тавигдаагүй байхад Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д заасныг баримталж бид нар сайн дураараа мэдүүлсэн учраас нөхөн бүрдүүлэлт хийлгэе гэж явж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
ГЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан 12/18 дугаартай удирдамжийн дагуу тус газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Ня нар нь “В.А.Т” ХХК-ийн 2013-2017 онд гаалийн хилээр импортлосон бараа, материал, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг холбогдох санхүүгийн болон гадаад худалдааны баримт бичиг, түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн баримтуудтай тулгалт хийж, бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийснээр шалгуулагч “В.А.Т” ХХК-ийг гадаадын барааг монголын бараа гэж татваргүй гаалийн горим сонгон гаальд мэдүүлж холбогдох татвар төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, гаалийн татвар 25.031.633 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 52.566.429 төгрөг нийт 77.598.062 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр, мөн 30 хувийн торгуульд 23.279.418 төгрөг нийт 100.877.480 төгрөгийн төлбөрийг, түүнчлэн импортоор оруулсан барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэж, 71.791.786.73 төгрөгийн гаалийн татвар, 150.762.752.11 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 222.554.539 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр, мөн 30 хувийн торгуульд 66.766.362.00 төгрөг нийт 289.320.901 төгрөгийн төлбөрийг тус тус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг холбогдогч “В.А.Т” ХХК үл марган хүлээн зөвшөөрч холбогдох төлбөрийг төлсөн үйл баримт хэрэгт авагдаж, энэ нь эрх бүхий албан тушаалтны бичсэн шийтгэлийн хуудсууд , хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлүүд , нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Улмаар хариуцагч ГЕГ-ын дарга Б.Асралтын нэр дээр 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт гомдол гаргах тухай” 18/06-040 дугаартай албан тоотоор “нөхөн бүрдүүлэлт хийлгэх боломж олгохыг, түүнчлэн нөхөн татвартай холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийж, харин 2015 оны 7 дугаар саырн 02-ноос өмнөх зөрчилд хамаарах 56767.488 төгрөгийг Өршөөлийн хуульд хамааруулж торгуулиас чөлөөлөхийг” тус тус нэхэмжлэгч хүсчээ.
ГЕГ-ын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01-2/2945 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгч “В.А.Т” ХХК-нд чиглэсэн ба тус газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Огийн гарын үсэгтэй, нэхэмжлэгчийн дээрх албан тоотоор хүссэн асуудалд хариу өгсөн утгатай албан тоот байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ГЕГ-ын дарга Б.Асралт албан бичгийн хариу өгөөгүй нь эс үйлдэхүй юм” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Яагаад гэвэл, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2 дугаар зүйлийн 2.4.4 дэх хэсгийн 2.4.4.7-д: “албан бичгийг байгууллагын нэрийн өмнөөс боловсруулж, явуулах бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дарга, зохион байгуулалтын нэгжийн дарга нар чиг үүргийнхээ хүрээнд гарын үсэг зурна” гэсэнтэй нийцэж, тухайлсан асуудлаар хаяглагдсан этгээдэд хүргүүлсэн байна.
Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т: “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” хэмээн заасан байдаг. Тэгэхээр маргаан бүхий асуудлаар холбогдох гомдлыг хүлээн авч татгалзсан хариу өгсөн байгаа нь захиргааны байгууллага өөрийн эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэж үзэхгүй, тэр дундаа гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл авах нэхэмжлэгчийн эрхийг тухайлбал, Гаалийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1: “иргэн, хуулийн этгээд нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэр, эс үйлдэхүйн шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй” болон мөн зүйлийн 10.2: “энэ хуулийн 10.1-д заасан гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нь нэн даруй хэрэв ийнхүү өгөх боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан иргэн, хуулийн этгээдэд бичгээр өгөх үүрэгтэй” гэх заалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.1-т: “гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах” гэж зааснаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчид хариу өгсөн нь хууль зөрчөөгүй, хариуцагч захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч “В.А.Т” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан Гаалийн тухай хууль зөрчиж зөрчил үйлдсэн гэж буруутгагдан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар холбогдогчоор тогтоогдсон, улмаар шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргах эрх нь мөн хуулиар нээлттэй байхад гомдол гаргах эрх бүхий байгууллагад /шүүхэд/ хандаагүй мөртлөө одоо Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т зааснаар нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр маргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т: “Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно”, мөн зүйлийн 249.4-т: “Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” хэмээн зохицуулсан. ГЕГ-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Журам батлах тухай” А/134 дүгээр тушаалын хавсралт ёсоор “Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ыг баталсан ба Гаалийн тухай хуулийн 235, 249.1-д заасны дагуу гаалийн байгууллагаас бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахаар журамлажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээрх журмын 6.2 дугаар зүйл: “Гаалийн мэдүүлгийг дараах тохиолдолд нөхөн бичиж болно”, 6.2.1: “хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан” гэх заалтыг Р газар зөрчсөн, ингэснээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан тодорхой зардлыг хасч тооцох боломжгүй нөхцлийг үүсгэсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан төсөвт төлөх албан татвараас хасч тооцох баримттай байх нөхцлийг бүрдүүлээгүй хэмээн үндэслэж, түүнчлэн энэ нөхцөл байдлын улмаас 90 гаруй сая төгрөгийн алдагдалд орсон гэж тайлбарлаж байна.
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д: “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” эрхийг хууль тогтоогч татвар төлөгчийн эрх байхаар заажээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь “гадаадын барааг монголын бараа гэж татваргүй гаалийн горим сонгон гаальд мэдүүлж холбогдох татвар төлөөгүй зөрчил”-д хамаарах 30 хувийн торгуульд 23.279.418 төгрөг, “импортоор оруулсан барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил”-д хамаарах 30 хувийн торгуульд 66.766.362 төгрөгийн нийлбэр дүн буюу 90.045.780 төгрөгийн торгуулийн мөнгөн дүнгээр алдагдалд орж байна гэж тайлбарлаж байгаа нь, түүнчлэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн хирнээ гаальд урьд нь мэдүүлсэн бараагаа нөхөн бүрдүүлэлтийн журмаар дахин мэдүүлнэ гэж байгаа нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нь уг журмын 8 дугаар зүйлийн 8.1.5.2-т: “гаалийн бүрдүүлэлттэй холбоотой алдаа гарсан тохиолдолд гаалийн байгууллагад сайн дураар залруулах хүсэлт гаргах эсхүл бүрдүүлэлтийн дараах шалгалт эхлэхээс өмнө гаалийн байгууллагад мэдэгдэх” гэж заасныг зөрчиж, нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээ Р газар т 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нь нарийвчлан зохицуулсан дээрх журамд нийцэхгүй байна. Зүй нь ГЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан 12/18 дугаартай “В.А.Т” ХХК-д гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх удирдамж гарахаас өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах байжээ.
Хамгийн гол нь Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1: “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх ...”, 57.2.3: “гаалийн мэдүүлэг ... хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх”, 57.2.6: “гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” гэхчлэн мэдүүлэгчийн хувьд хүлээх үүргийг нэхэмжлэгч “В.А.Т” ХХК зохих ёсоор биелүүлээгүйгээс энэ маргаан гарах үндэслэл болсон, гаалийн тухай хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох харилцааг зохицуулсан Зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээг зөрчсөнөөс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар уг зөрчлийг шийдвэрлэж шийтгэл оногдуулсан, ийнхүү оногдуулсан шийтгэлийг нэхэмжлэгч “В.А.Т” ХХК үл марган хүлээн зөвшөөрсөн байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй, хариуцагчаас гаалийн хяналтыг, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын хэлбэрээр хийж, Гаалийн тухай хуулийн 2691.1 дүгээр зүйлийн 2691.1.1: “гаалийн хууль тогтоомийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 2691.1.3: “... гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих”, 2691.1.7: “... хуульд заасан хариуцлага хүлээлгэх” гэхчлэн гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүргийн хүрээнд хариуцагчийн үйлдэл байна гэж шүүх үзсэнээс гадна Гаалийн тухай хуулийн 249.3-т “гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно” хэмээн хууль тогтоогчоос сонгох хувилбарыг эрх бүхий захиргааны байгууллагад олгосон, түүнчлэн гаалийн төв байгууллагын даргад гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг батлах эрхийг хуулиар олгосон нь зөвхөн нэхэмжлэгч компанид бус гаальд мэдүүлэгч бүх аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай журам байна, энэ утгаараа нэхэмжлэгч “В.А.Т” ХХК-д оногдуулсан торгуулийг нөхөн бүрдүүлэлт хийхийг хариуцагчид даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Ийм учраас эрх бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан гаалийн нөхөн татвар болон торгуулийн төлбөрийг барагдуулахдаа Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т заасныг төсөөтэйгээр хэрэглэх үндэслэл болохгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 249 дүгээр зүйлийн 249.3, 249.4, 2681 дүгээр зүйлийн 2681.1.1, 2691.1 дүгээр зүйлийн 2691.1.1, 2691.1.3 2691.1.7–д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В.А.Т” ХХК-ийн Р газар т холбогдуулан гаргасан “нөхөн бүрдүүлэлт хийхгүй байгаа ГЕГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх талаар зохих шийдвэр гаргахыг Р газар т даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН