Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА/2022/0572

 

 

 

 

 

 

 

 

             Т.Г-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч П.О, Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Г

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч П.О, Т.У нар

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч П.О, Т.У нарын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн НА-24210000123 дугаар Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 513 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0276/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Г-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч П.О, Т.У нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч П.О, Т.У нарын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн НА-24210000123 дугаар Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр: 

“...Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 болон 4 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль /2020 оны/-ийн 1 дүгээр зүйлд  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн НА-24210000123 тоот актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 6.780.577,63 /зургаан сая долоон зуун наян мянга таван зуун далан долоон/ төгрөгийг багасгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, өмгөөлөгч Б.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвтгөж хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгч талтай ижил байр суурьтай байгаагаа шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5-д тодорхой дүгнэж хариуцагч нарыг хуулийг буруу хэрэглэсэн тухай дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд ямар шалтгааны улмаас хэрэгсэхгүй болгож байгаа талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул бид ямар үндэслэлээр шүүх уг маргаан бүхий актыг хууль ёсны гэж үзсэн болохыг мэдэхгүй байгаагаа үүгээр илэрхийлье.

Нэхэмжлэгч Т.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж үндэслэлгүйгээр буюу татвар ногдох орлогыг хуульд заасан арга, хэрэгслээр тодорхойлоогүйгээс их хэмжээний нөхөн татвар ногдуулсан болохыг шүүх хуралдааны туршид тайлбарласан боловч шүүх үүнийг огт анхаараагүй, харин ч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт ч хийлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Учир нь нэр бүхий татварын байцаагч нар нь татварын нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ гаалийн мэдээ, татварын бүртгэл мэдээллийн сангийн мэдээлэл, татвар төлөгчийн тайлбар болон 15 ширхэг машиныг тусад нь сонгон авч татварт тооцсон гэх мэт ойлгомжгүй, үндэслэлгүй байдлаар татвар ногдох орлогыг буруу тодорхойлж тайлбарласан байдаг.

Энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн, зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ”, 36.3-т “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу журмаар зохицуулагдах харилцаа бөгөөд үүний дагуу жишиг үнэ тогтоох комисс томилогдон ажиллаж үнэ тогтоосон шийдвэр гаргах зохицуулалттай юм.

Уг заалтыг татварын байцаагч нар хэрэглээгүй нь буруу гэж шүүх дүгнэж, улмаар Т.Г-ын татвар ногдох орлогыг үнэн, зөв, бодитой тогтоогоогүй байна гэж шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д дүгнэсэн, дараа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлт өгсөн байдаг.

Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх магадлалтай хэмээн илт үндэслэлгүй, хийсвэрээр төсөөлж “...нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж хуулийг буруу хэрэглэн тайлбарлажээ.

Нэгэнт татвар төлөгчийн татвар ногдох орлогыг хариуцагчаас буруу тодорхойлсон хэмээн үзэж байгаа бол нөхөн ногдуулалтын актад дурдсан нөхөн ногдуулах татвар, торгууль, алдангийн дүн нь бодит бус юм.

Гэтэл “...татвар төлөгч нь татвар ногдох орлогоо өөрөө тодорхойлж тайлагнах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэж хоорондоо хамааралгүй, хоёр өөр төрлийн зөрчлийг хооронд нь хольж алдаатай дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх учиртай ч энэхүү чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.2.Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримттай холбоотой нотлох баримтыг үнэлээгүй, үүнтэй холбоотой хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан тухайд:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Т.У нар нь татвар төлөгч Т.Г-ын татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтын ажил явуулж байх хугацаандаа албан тушаалын байдал, албаны эрх мэдлээ урвуулж, татварын хяналт, шалгалт явуулж байгаа эрх хэмжээгээрээ далайлган татварын улсын байцаагч Т.У нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ням гарагийн 12 цаг 20 минутад татвар төлөгч Т.Г-ын гэрийн гадаа хүүхдийн тоглоомын талбайн хажууд ирж уулзсан байдаг.

Тухайн уулзалтаар “...татварын улсын байцаагч П.О-гийн нэр дээр бүртгэлтэй тоëота краун маркын суудлын автомашиныг миний тогтоосон үнээр худалдаж ав, чи машины ченж хүн цааш нь зохицуулаад зарчихна биз, ямар ч асуудалгүй” гэх зэргээр зах зээлийн бодит ханшаас өндөр үнээр худалдаж авахыг шаардсан, улмаар “...худалдан авсан тохиолдолд татварын актаа бага дүнгээр тавихыг бодьë, хэдэн саяын акт тавиулах чинь чамаас л шалтгаалах болоод байна” гэж үүсээд буй асуудалд хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж хандсан болно.

“...Машин худалдан авахгүй бол татварын актыг чинь өндөр дүнгээр ногдуулна” хэмээн илтэд дарамталсан боловч нэхэмжлэгч Т.Г-ын хувьд машин авах саналыг хүлээн аваагүй байдаг. Үүнээс шалтгаалж өөрийн хувийн ашиг, сонирхлоо гүйцэлдүүлж чадаагүйдээ өширхөж хэт өндөр дүнтэй татварын акт ногдуулах байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон байна.

Уг асуудлаар Т.Г нь Татварын ерөнхий газарт татварын улсын байцаагчийн түүнтэй уулзсан дүрс бичлэг, зүй бус тавьсан шаардлагын талаар гомдол гаргасны дагуу Татварын ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02/647 дугаар хариу албан бичгээр “Татварын байцаагч Т.У нь ажил үүргээ гүйцэтгэхдээ тус газрын даргын 2019 оны А/264 дүгээр тушаалаар баталсан Татварын хяналт, шалгалтын ажиллагааны журмын 4.3.2, 4.3.6-д заасныг зөрчин ажлын бус байранд, ажлын бус цагаар уулзсан, хяналт, шалгалтын үйл ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил, дутагдал гаргасан тул зохих журмын дагуу шийдвэрлэх болно” гэх хариуг дуу дүрсний бичлэгийн хамт хэрэгт нотлох баримтаар хэрэгт авагдсан болно.

Түүнчлэн дээрх албан бичигт зааснаас үзвэл хяналт, шалгалтын үйл ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан болохыг дээд шатны байгууллага нь тогтоож, улмаар татварын байцаагч Т.Уг ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд татварын байцаагч нарын хууль бус үйлдлийг шүүх зөвтгөж, дуугүй өнгөрч байгаа мэт ойлгогдохоор байна. Энэ талаар дүгнэлт хийгээгүй шүүхийн байр суурийг энгийн үгээр илэрхийлбэл “Татварын байцаагч нар өөрт ашигтай, хувийн ашиг сонирхлоо татвар төлөгч нарт тулгаж, дарамталж, хяналт шалгалтын ажлаар далайлган өөрт давуу байдал бий болгож байгаа үйлдэл нь байх ёстой, хууль ёсны хэвийн зүйл” мэт нийгэмд сөрөг ойлголт төрүүлж байна.

Уг баримтаар Т.Г-ын нэр дээр өндөр дүнтэй нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл тогтоогдох бөгөөд энэ нь хэргийг үнэн, зөв шийдвэрлэх, маргааны үйл баримтыг зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой байсан юм.

Шүүх татварын улсын байцаагч нарын үйлдсэн маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 36 дугаар зүйлийн 36.1, 36.3, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3-т заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгох ёстой байсан.

Гэтэл шүүхийн дүгнэлт болон шийдэл нь хоорондоо эрс зөрүүтэй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч П.О, Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.“...Татварын улсын байцаагч П.О, Т.У нар нь иргэн Т.Г-ын 2017-2020 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2421501147 тоот татварын хяналт, шалгалт хийх томилолтын дагуу санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татвар төлөгчийн ярилцлага зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтаар 458.259.132,74 төгрөгийн зөрчил илрүүлж, 45.825.913,27 төгрөгийн нөхөн татвар, 15.116.481,62 төгрөгийн торгууль, 7.733.514,46 төгрөгийн алданги нийт 68.675.909,35 төгрөгийн төлбөр ногдуулан 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр НА-24210000123 дугаар “Нөхөн ногдуулалтын акт” үйлдсэн.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн, зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй, 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана,” гэж хуульчилсан. Т.Г нь татварын хяналт шалгалтад хамрагдах 2017-2020 онуудад татварын албанд татварын тайлангаа огт тайлагнаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогддог бөгөөд татвар төлөгч нь энэ асуудлаар ямар нэгэн маргаан гаргаагүй болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 513 дугаар шийдвэр нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасныг буруу хэрэглэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 513 дугаар шийдвэрийн 10 дахь хэсэгт заасан “...НА-24210000123 тоот актаар тогтоосон төлбөрөөс 6.780.577,63 төгрөгийг хасч багасгах нь зүйтэй” гэх хэсгийг хүчингүй болгож НА-24210000123 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүтэн тодруулаагүй, мөн шийдвэрт маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалтыг тоочих байдлаар дурдахаас илүүтэй маргааны гол үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Хэдийгээр нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийгдсэн байх боловч Т.Г-ын Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлоос үзэхэд актыг бүхэлд нь бус, харин борлуулалтын орлогыг 2017 онд 2.951.541.088,69 төгрөг, 2018 онд 2.839.172.061,84 төгрөг гэж тус тус тодорхойлохдоо ямар үндэслэлээр ийм орлого олсон гэж нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан нь баримтаар нотлогдохгүй байгаа тул эдгээр онуудын зөрчилд хамаарах 37.459.367,26 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгөхийг, 2019, 2020 оны тухайд зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн зөрчилд ногдуулсан алданги, торгуулиас чөлөөлж өгөхийг тус тус хүссэн, өөрөөр хэлбэл 2019, 2020 онд хамаарах зөрчилд ногдуулсан нөхөн татварын талаар огт маргаагүй атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа актыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулах, цаашлаад 2019, 2020 оны зөрчлийг эс зөвшөөрч маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй энэ тохиолдолд эдгээр онд ногдуулсан нөхөн татварыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

2.Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын хүрээнд 2017-2018 онд Япон улсаас Т.Г-ын нэрээр гаалийн мэдүүлэг гаргаж импортолсон нийт 279 ширхэг автомашинууд нэхэмжлэгчийнх мөн эсэх, эдгээр онд импортолсон автомашины гаалийн болон онцгой албан татварыг хэнээс төлсөн болох, мөн тэдгээр автомашиныг дотоодын зах зээлд борлуулсаны орлогыг хэн хүлээж авсан талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулах шаардлагатай.

Учир нь нэхэмжлэгчээс “…автомашин импортоор оруулж ирсэн хувиараа бизнес эрхлэгч нар нийлж чингэлэг ачуулах тохиолдол их. Иймд зөвхөн гаалийн мэдээг үндэслэн нэхэмжлэгчийн нэрээр импортоор оруулж ирсэн автомашин бүрийг түүний борлуулалтын орлого гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй, мөн тооцооллын илэрхий алдаатай…” гэх зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж маргасан байхад энэ талаарх нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулаагүй атлаа шүүхийн шийдвэрт:

“…өөр хүний импортолсон гэх автомашинуудын импортлогчийг тодруулж татварын ногдуулалт, төлөлтийг тооцсоны үндсэн дээр Т.Г-ын төлбөл зохих татварт хамаарах эсэхийг тодорхойлох шаардлагатай байжээ…

-Т.Г-ын дансаар мөнгө орж ирсэн гэх 15 автомашинтай холбоотой тооцооллоос үзвэл хариуцагч нар нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ түүний импортолсон 451 автомашиныг борлуулсаны орлогод ногдох татварыг машин бүрт 500.000-1.000.000 төгрөгөөр тооцсон нь бодитой бус тооцоолол болсон гэж үзэхээр байна…

-Т.Г-ын дансаар орж ирсэн гүйлгээнээс тооцсон дүнгээс үзвэл нэг машиныг борлуулах үйл ажиллагаанаас дунджаар 40.070.000 төгрөгийн ашиг олсон гэж үзэхээр байхад хариуцагч татварын улсын байцаагч нараас нэг машиныг борлуулаад олдог гэх түүний тайлбарт үндэслэж нэхэмжлэгчийн татвар ногдох орлогыг тооцсон нь зөрүүтэй байна…

-Т.Г нь татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах, төлөх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой байхад хариуцагч нараас Т.Г-ын татвар ногдох орлогыг үнэн зөв бодитой тогтоогоогүй байх ба энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул …захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна…

-маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэхийн зэрэгцээ Т.Г-ын үйл ажиллагааны орлогод нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдлийг буруутгахааргүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй… гэх зэргээр өөр хоорондоо уялдаагүй, өмнөхөө үгүйсгэсэн, зөрчилдсөн дүгнэлтүүд хийжээ. 

Гэвч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, мөн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй болохыг тогтоох боломжгүй байна.

3.“…Автомашины борлуулалтын үнийг тодорхойлохдоо тухайн иргэний 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн ярилцлага дээр үндэслэн жижиг суудлын тэргэн дээр 500.000 төгрөг, жип төрлийн автомашинд 1 сая төгрөг нэмж тооцооллыг хийсэн…” гэх тайлбарыг хариуцагчдаас шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа гаргасан, гэтэл мөн өдрийн ярилцлагын тэмдэглэлд жилд дунджаар хэдэн автомашин оруулж ирдэг вэ? гэсэн асуултад Т.Г “…30-40 автомашин оруулж ирдэг…” гэж хариулсан, харин гаалийн мэдээнд 2017-2018 онд 279 автомашиныг Т.Г өөрийн нэрээр мэдүүлж импортолсон, иймд үнэхээр эдгээр автомашинуудаас хэдийг нь Т.Г бусдын өмнөөс мэдүүлж байсан болохыг боломжит хэмжээнд тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

4.Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн тул хариуцагч татварын улсын байцаагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Учир нь шүүхийн шийдвэрээр актын 2020 оны зөрчилд ногдуулсан торгууль, алданги 6.780.577 төгрөгийг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хассаныг эс зөвшөөрсөн боловч нэгэнт хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх тохиолдолд энэхүү шийдэл үндэслэлтэй эсэхэд урьдчилан дүгнэлт өгөх боломжгүй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН