Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01723

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/01732 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1556 дугаар магадлалтай

Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Нарт холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоогийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Д.Ариунболор, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32017/10401 дүгээр шийдвэрээр би “А” ББСБ-д 35 374 912 төгрөг төлөхөөр болсон. Уг төлбөрийг барагдуулахаар Нраас шинжээч томилж, миний өмчлөлийн эрхийн Ү-2204032121 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн гудамжны 21 дүгээр байрны 28 тоот нэг өрөө, 36.5 мкв талбайтай орон сууцыг 53 020 000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувиар буюу 37 114 000 төгрөгөөр тогтоон, дуудлага худалдаанд оруулах санал гаргасан талаар надад мэдэгдэх хуудас ирүүлсэн. Шинжээчийн гаргасан дүгнэлтээр миний байрыг 1м.кв-ийг нь 1 016 800 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулахаар санал болгож байгаа нь миний хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, зах зээлийн борлуулалтын үнээс доогуур үнэлсэн байна гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Иймд шинжээчийн гаргасан үнэлгээ болох 53 020 000 төгрөгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байх тул дахин шинжээч томилуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32017/10401 дүгээр захирамжаар Б.Бгаас 35 374 912 төгрөг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Бд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлбөрийг сайн дураар биелүүлэх 7 хоногийн хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхон 21 дүгээр байрны 28 тоот 1 өрөө орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжлэн, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад 100 000 000 төгрөгөөр төлбөр төлөгч Б.Бгаас үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч “А” ХХК-д танилцуулахад төлбөр төлөгчөөс өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилж үнэлгээ гаргаж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон Хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ тогтоосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Г.Чинбат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн гудамжны 21 дүгээр байрны 28 тоот хаягт байрлах 36.5 м.кв талбай бүхий нэг өрөө байрыг нь Нраас томилсон шинжээч 53 020 000 төгрөгөөр үнэлж, 1 м.кв-ыг нь 1 016 800 төгрөгөөр үнэлсэн гэжээ. Гэтэл Нраас томилогдсон шинжээч болох Хөрөнгийн үнэлгээний төв нэхэмжлэгчийн хөрөнгийг 53 020 000 төгрөгөөр үнэлсэн нь ойролцоогоор 1 м.кв-г нь 1 452 602.74 төгрөгөөр үнэлсэн харагдаж байна.  Хөрөнгийн  үнэлгээчний 53 020 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс анхны дуудлага худалдаанд түүний 70 хувь болох 37 114 000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцэж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангахгүйгээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/01732 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Бгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2018/06847 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр  үйлчилэхийг  мэдэгдэж  шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1556 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/01732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1556 дугаар магадлалд гомдол гаргах нь:

Иргэн Б.Бгийн нэхэмжлэлтэй, Нрыг хариуцагчаар татсан, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, үл хөдлөх хөрөнгөд хийгдсэн үнэлгээнд гаргасан гомдол”-ыг хянан хэлэлцэхтэй холбогдуулж, нэхэмжлэгч талаас хэрэгт ач холбогдолтой гэж үзэн, хэрэг хянан хэлэлцэх шүүхийн шатнаас өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн Ү-2204032121 дугаарын гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэх шаардлагатай байх тул шинжээч томилж өгнө үү гэх утгатай хүсэлт гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/Ш32018/07593 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж, шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид шүүхээс шинжээч томилох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Энэ 101/Ш32018/07593 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хэрэгт ач холбогдолтой баримт сэлт цуглуулах, хуулийн дагуу хүсэлт, гомдол гаргах эрхийг зөрчиж, үндэслэлгүй татгалзсан гэж үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч шүүхээс “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх нь нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэх, маргааныг тал бүрээс нь үнэн зөв хянан шийдвэрлэх гол баримт байсан гэж үзэж байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1556 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б нь Нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийн саналыг эс зөвшөөрч, орон сууцыг дахин үнэлүүлж, бодит үнийг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч Б.Б төлбөр авагч “А” ББСБ-д төлөх 35 374 912 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Б.Б нь тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж,  үнийн дүнгийн 70%-иар анхны албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг тогтоож, төлбөр төлөгчид мэдэгдсэнийг төлбөр төлөгч эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхон, 21/б байрны 28 тоот, 36.5мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 53 020 000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтийг “...зах зээлийн борлуулалтын үнээс хэт доогуур үнэлсэн...” гэх үндэслэлээ нэхэмжлэгч үндэслэл бүхий баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж, мөн тус үнийн дүнгийн 70%-иар албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцсэн байна.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн харилцааны талаар  үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд гомдол гаргасан байх ба барьцааны хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлт нь нэхэмжлэлийн энэ шаардлагад хамаарахгүй тул “...хүсэлтийг хангахаас татгалзсанд гомдолтой байна...”  гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/01732 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1556 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД